ЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

Ж.Золжаргал: Умайн хүзүүний хавдар үүсгэгч вирусийг эрчүүд бэлгийн замаар тараадаг

Хавдар Судлалын Үндэсний төвийн эмэгтэйчүүдийн хавдар судлаач, Их эмч Ж.Золжаргалтай эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хавдар өвчин, түүний урьдчилан сэргийлэлтийн тухай ярилцлаа.

-УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАР ҮҮСГЭГЧ ВИРУС НЬ БЭЛГИЙН ЗАМААР ХАЛДВАРЛАНА-

-Сайн байна уу. Ярилцлагаа умайн хүзүүний хавдар, түүний шалтгаан, иргэдийн дунд байдаг түгээмэл ойлголтуудын тухай эхлэе гэж бодлоо.

-Юуны өмнө хавдар хэрхэн үүсгэгддэг тухай хэлж өгье. Умайн хүзүүний хавдар нь папиллом” вирусээр үүсгэгддэг болох нь тогтоогдсон. Тухайн вирус нь умайн хүзүүнд эсийн өөрчлөлт оруулдаг тул халдвар авсан хүнд ямар нэг зовуурь  илэрдэггүй. Иймд хавдартай эсэхийг эсийн шинжилгээгээр оношлохоос өөр найдвартай, хурдан арга гэж үгүй. Уг вирус нь 200 гаруй төрөл байдаг. Гэвч умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэлтэй вирус нь цөөхөн. Тухайн хүн уг эрсдэлтэй вирусээр халдварлавал, эрүүл хүнээс илүү умайн хүзүүний хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Умайн хүзүүний хавдар үүсгэгч вирус нь бэлгийн замаар халдварлана. Хэдийгээр  вирусийн гаралтай гэж үздэг оловч эрэгтэй хүн уг хавдраар вирус тараадаг.

-Тэгэхээр эрэгтэй хүнээс бэлгийн замаар хавдар үүсгэгч папиллом вирусийг авч болно гэсэн үг үү?

Тийм. Энэ нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрэгтэйчүүд гэр бүлийн гадуурх болон тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзаж, бэлгийн ариун цэврийг сахиж, эмэгтэйчүүдээ хайрлаж, гэр бүлдээ үнэнч байх ёстой. Ингэснээр гэр бүлээ уг өвчний эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой. 

Эмэгтэйчүүдийн хувьд үзлэгт тогтмол орж, умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх үзлэг хийлгэх, тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч заавал хэрэглэж, хорт зуршлаас татгалзсанаар умайн хүзүүний хорт хавдар хэмээх таагүй өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна.

-Охид эмэгтэйчүүд 72 цагийн эм уух, хорт зуршил хэрэглэх, умайн хүзүүний шархлаа, меом зэргийг эмчлэхгүй удах зэрэг бусад хүчин зүйлсээс болж хавдар хэмээх оношоор оношлогдох боломжтой гэж боддог. Эдгээр нь хэр үнэний ортой вэ?

-Меом гэдэг нь өөр өвчин. Умайн хүзүүний хавдартай ямар ч хамааралгүй. Тиймээс хавдрын урьтал өвчинтэй холбож тайлбарлах боломжгүй. Хэрэв папиллом” вирусээр үүсгэгдсэн бол тухайн өвчнийг вирусийн шинжилгээгээр оношлох, ямар шатанд явж буйг тодорхойлох боломжтой. Тэгэхээр умайн хүзүүний шархлаа, хэр улаан байгаагаас хамаарч хавдартай болно гэж тодорхойлох боломжгүй. Харин олон төрсөн, умайн хүзүү урагдал өгч байсан, дааврын өөрчлөлтөд орсон бол умайн хүзүүний хавдраар өвчлөх магадлал нэмэгдэж болно л гэж үздэг.

Түүнээс биш төрснөөр, жирэмсэлснээс, даавартай холбоотойгоор умайн хүзүүний хавдар тусна гэсэн үг биш л дээ. Дээр ярьсан вирусээр үүсгэгддэг гэдэг бол 90 хувь хүртэл батлагдсан, нотлогдсон зүйл юм. Эрт үеийн өвчний тухай дам яриа, эмчилгээ оношилгооны баримтлал өөрчлөгдсөн.

-ХАВДАР ХЭДЭН ҮЕ ШАТ ДАМЖИЖ ҮҮСДЭГ ТУЛ ЭРТ ОНОШЛУУЛЖ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭВЭЛ БҮРЭН ЭДГЭРЭХ БОЛОМЖТОЙ-

-Нэгэнт хавдраар өвчилсөн, оношлогдсон бол эдгэрэх магадлал хэр өндөр вэ?

- Умайн хүзүүний хавдар өвчин бэлгийн харьцаанд орсон аль ч насны хүнд тохиолдож болно. Гэвч 30-45 насны эмэгтэйчүүдэд голдуу зонхилдог. Хавдрыг эрт үед илрүүлж, оношилж эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсронгуй болсон.

Хавдар гэнэт хэзээ ч үүсдэггүй. Заавал тодорхой үе шат дамждаг. Өвчний урьтал үед эмчлүүлэхгүй даамжруулснаас хожуу хэлбэрт шилжиж хорт хавдар үүсдэг. Эрт оношлуулж, эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой. Тэгэхээр эдгэрэх боломж нь 80 хувь юм. Харин гурав, дөрөвдүгээр үед орвол хүндэрсэн гэсэн үг. Хавдрыг өвчний үе шат, тархацаас шалтгаалж мэс засал хийх эсвэл химийн эмчилгээ хийх замаар эмчилдэг.

-Хүмүүс эмэгтэйчүүдийн өвчин, хорт хавдрыг дүлий эрхтэн гэж ярьдаг. Умайн хүзүүний хорт хавдар нь ямар нэг шинж тэмдэг, зовуураар илэрдэг үү?

-Умайн хүзүү нь дүлий эрхтэнд ордог. Хавдрын урьтал өвчин болоод эхэн үед биед ямар ч зовуур илэрдэггүй. Өөрт дээрх шинж тэмдэг бараг мэдэгдэхгүй  болохоор эмэгтэйчүүд алгуурлаж цаг алддаг тал бий. Харин хүндэрсэн тохиолдолд энгийн үед ч цус алдана. Хажуу эрхтнүүддээ нөлөөлсөн бол үйл ажиллагаа нь өөрчлөгдөж хямарна. Хавдрын урьтал өвчин нь хөнгөн, дунд, хүнд хэлбэр гэсэн гурван үе шаттай. Дараагийн шат нь хорт хавдарт шилждэг.

-Умайн хүзүүний хавдартай эмэгтэй хүүхэд төрүүлэх боломжтой юу?

Хэрвээ урьдал шатанд эмчлүүлвэл үр хүүхэдтэй болж болно. Харин умайн хүзүүний хавдраар өвчилсөн тохиолдолд хүүхэд төрүүлэх асуудал дэндүү оройтсон байдаг. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор заавал PAP буюу эсийн шинжилгээ, умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хамгийн гол нь хавдар болохоос нь өмнө эрт илрүүлэх нь чухал. Уг өвчнийг эрт илрүүлвэл олон эмэгтэйн амь насыг авраад зогсохгүй олон гэр бүл, үр хүүхэд элэг бүтэн үлдэнэ.

-БЭЛГЭВЧ БАЙНГА ХЭРЭГЛЭХ НЬ ОЛОН ӨВЧНӨӨС ХАМГААЛДАГ ГЭДГИЙГ САНАХАД ИЛҮҮДЭХГҮЙ-

-Умайн хүзүүний хорт хавдрын урьдчилсан сэргийлэлтээр яриагаа өндөрлөе.

Бэлгийн олон хавьтагчгүй байх, үр хөндүүлэлт удаа дараа хийлгэхгүй, жирэмслэлтээс хамгаалах ерөндөг удаан тавиулахгүй байх зэрэг олон арга бий. Уг өвчин нь бэлгийн харилцаанаас үүдэн өвчилдөг учраас эмэгтэйчүүд өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. Бас бэлгэвч байнга хэрэглэх нь олон өвчнөөс хамгаалдаг гэдгийг санахад илүүдэхгүй.  

Гэр бүлд нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол гарч байсан бол энэ эмгэг үүсэх эрсдэл мөн л нэмэгдэнэ гэсэн үг. Ээж, эсвэл эгч, эмэгтэй дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байсан эмэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл өндөр байдаг.

Умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь урьдал үеийн өвчнөөс үүсдэг болохоор урьдчилан сэргийлэх хоёр арга бий. Эхнийх нь хавдрын өмнөх байдал үүсэхээс сэргийлэх. Хоёр дахь нь хорт хавдар болохоос нь өмнө илрүүлэн эмчлэх эмчилгээ юм.

Өвчтөн хэдийчинээ хожуу эмнэлэгт хандана төдий чинээ эмчлэгдэх боломж буурна. Тиймээс эмэгтэйчүүд энэ талаарх боловсролоо дээшлүүлж, өөрийгөө эрүүл, зөв амьдрах мэдээллээр хангасан байх ёстой юм.     

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: В.ЛХАГВАСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Guzee
Guzee
2020-09-17 14:51

Hen d ch hamaagui sh aa l gadag aa bolichih haha

Холбоотой мэдээ

Back to top button