УЛС ТӨР

Ж.Сүхбаатар: Чингэлтэйчүүддээ “Ажлаа автобусны буудлын тохижилтоос эхлүүлнэ” гэж амласандаа заавал хүрнэ

Нийслэлчүүдийн “шүдний өвчин” болоод удаж, угжирч буй асуудлын нэг нь нийтийн тээвэр. Автобусны буудлын сүүдрэвчийн стандарт л гэхэд зар сурталчилгааны самбар мэтхэнээс хэтрэхгүй байгаа нь гашуун үнэн. За, тэгээд автобусны жолооч шугамд явж байхад бие засах хэрэг гарвал тэсэхээс өөр аргагүй. Эцсийн буудал дээр очиж байж л нойлын бараа харна. Түүнээс өмнө тэсгэл алдарвал ёстой яах нь бүрхэг. Зорчигчдоо, автобусаа хаячихаад нойл хайгаад гүйлтэй нь биш. Тэгээд явбал жолоочийн зовлонг иргэд ойлгохгүй бөөн бухимдал үүснэ.

Гэр хорооллын, хотын захын автобусны буудлын тухайд бие засах газрын тухай ярих нь битгий хэл дурсаад ч нэмэргүй. Жолооч нар эцсийн буудалд зогсонгуутаа жалга руу гүйдэг, ойр хавийнхаа үйлчилгээний газруудын нойлыг царайчилдаг. Автобусны буудалд байрлуулсан зориулалтын нойлгүй юм чинь аргагүй шүү дээ. Ёстой нөгөө С.Жавхлан гавьяатын хэлсэнчлэн тавилан л юм даа гэхээс өөр яалтай.

Гадаадын хөгжингүй орнуудын нийтийн тээвэр, автобусны үйлчилгээ, буудлууд нь ямар байдаг билээ. Гэтэл Монголын нийтийн тээвэр хэдэн арван жилээр хоцорч явааг үгүйсгэх хүн үгүй болов уу. Зорчигчид суулгангуутаа мал аччихсан юм шиг давхина, гэнэт тормослон хэдэн тийш нь савчуулах энгийн үзэгдэл. Шаардлага тавьсан хэн нэгнийг “Юун сүртэй юм бэ. Тийм сүрхий юм бол таксидаад яваач. Яасан ямбатай юм бэ” гэж уурсах нь энүүхэнд. Тэглээ гээд өдөр бүр ажилдаа таксидаад явах боломжтой, хувийн унаатай хүн хэд билээ. Бухимдаад, аашлуулаад нийтийн тээврээр зорчихоос өөр сонголт үгүй. Монгол Улсын нийтийн тээврийн салбар иймэрхүү дүр төрхтэй олон арваныг илээж буй. Тэгсэн ч дөмөгхөн өөрчлөлт, дорвитойхон шинэчлэл хийхгүй явсаар өдий хүрсэн нь харамсалтай.

Нийтийн тээврээ шинэчилье, орчин нөхцлийг нь сайжруулъя гээд иргэдийнхээ эрх ашгийн төлөө дуугаран, зүгээр нэг хоосон амлаад бус ажил хэрэг болгохоор цөөнгүй ажил хийгээд буй эрхэм бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар. Өнөө жил УИХ-ын сонгуульд МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд сонгогдсон тэрбээр нийтийн тээврийн шинэчлэл, иргэдийн зорчих орчин нөхцлийг сайжруулахын төлөө шат дараатай олон ажил хийхээр төлөвлөжээ. Ж.Сүхбаатар гишүүн энэ зорилгодоо хүрэхийн тулд өчигдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяртай уулзаж, санал бодлоо солилцон, гарц, шийдэл эрэлхийлэв.

Тэдний уулзалтыг тоймлон хүргэе.

Ч.САЙХАНБАЯР: НИЙСЛЭЛИЙН 931 АВТОБУСНЫ БУУДЛЫГ 212-ЫГ НЬ ТОХИЖУУЛСАН

Ж.Сүхбаатар: Улаанбаатарчуудын амьдралд тулгамдаж буй гол асуудлын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээний орчин нөхцөл. Автобусны хэчнээн буудал нойлтой вэ. Үнэхээр байдаг юм бол яагаад ажиллуулахгүй байгаа юм бэ. Мэдээж бүх буудалд нойл байрлуулах боломжгүй. Автобусны тохижилтын талаар цаашид юу хийх вэ. Би ирэх дөрвөн жилийн хугацаанд хийх ажлаа төлөвлөсөн. Нийслэлийн нийтийн тээврийн асуудал төдийгүй Чингэлтэй дүүргийн автобусны буудлуудын орчин нөхцөл, тохижилтыг сайжруулах асуудлуудад анхаарлаа хандуулж, шат дараатай ажил хийхийг хүсэж байна. Тиймээс энэ асуудлаар тантай санал бодлоо солилцохын тулд уулзахаар ирлээ.

Ч.Сайханбаяр: Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй маш чухал асуудлыг хөндөн, тодорхой шийдэл, үр дүнд хүрэхээр хөөцөлдөж буйд тань талархаж  байна. УИХ-ын гишүүн хүн нийтийн тээврийн тохижилт, шинэчлэлийг хөндсөн нь их чухал. Хаана хаанаа асуудал байгаа нь үнэн. Өнөөгийн нийтийн тээврийн салбар хүндрэлтэй байгаа нь ч үнэн. Тэглээ гээд яаж ийгээд ажлаа үргэлжүүлэх, иргэдээ тээвэрлэх нь манай байгууллагын үүрэг. Таны яриад буй автобусны буудал, нойл, тохижилтын асуудал олон жил яригдаж байгаа. Улаанбаатарын хэмжээнд автобусны 931 зогсоол бий. Автобусны тохижилт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд харьяалагддаг байхад буюу 2014 онд гурван талт гэрээ байгуулагдан, нийслэлийн автобусны 212 зогсоолыг тохижуулсан. Үлдсэн буудлуудад нь тохижилт хийгдээгүй өдий хүрсэн. Улаанбаатарын төвийн бус буудлууд гээд тохижуулах сонирхолгүй, санхүү мөнгөгүй гэх мэт олон шалтгаан үүнд нөлөөлсөн байх. Автобусны буудал тохижуулах нь бизнес болчихсон, сурталчилгааны мөнгөөр л юм, юмаа зохицуулаад байх шиг.

Ж.Сүхбаатар: Автобусны буудлын тохижилтонд зориулж нийслэлийн төсвөөс мөнгө өгдөг үү?

Ч.Сайханбаяр: Жилийн жилд 300 сая төсөвлөж өгдөг, Авто замын хөгжлийн сангаас. Түүгээр нь юу хийдэг гэхээр автобусны зогсоолд халаас гаргах ажилд зориулагддаг. Саяхан буудлын тохижилтод зориулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ойролцоогоор 300 сая төгрөг төсөвлөсөн. Энэ жилийн төсөвт нэмж суулгасан энэ мөнгөөр хальтиргаа гулгаанаас хамгаалсан юм барьж байгаа.

Ж.Сүхбаатар: Хаана, хаана байрлуулсан бэ. Манай Чингэлтэй дүүрэгт бий юү?

Ч.Сайханбаяр: Байгаа. Шаардлагатай гэж үзсэн 212 зогсоолд хийж байгаа. Өвөлжилттэй холбогдуулан ийм ажил хийнэ. За, тэгээд автобусны зогсоолын нойлын асуудал үнэхээр хүнд. Өмнө нь энэ асуудал манай байгууллагад харьяалагддаг байсан. Жил жилийн төсөвт 600 сая төгрөг суулгаад, эцсийн буудлуудыг нойлтой, үйлчилгээний жижиг цэгтэй болгосон. Нийтийн тээврийн жолооч, кондуктаруудын ая тухтай байдлыг хангахын тулд тэгж тохижуулсан юм. Одоо манай харьяалалд байхаа больсон.

Ж.Сүхбаатар: Одоо хаана харьяалагдаж байгаа вэ?

Ч.Сайханбаяр: Нийслэлийн өмчийн, ашиглалт удирдлагын газарт харьяалагдаж байгаа.

НОЙЛ НЬ АЖИЛЛАДАГ ДӨРӨВХӨН АВТОУСНЫ БУУДАЛ УЛААНБААТАРТ БИЙ

Ж.Сүхбаатар: Улаанбаатарт автобусны нойлтой зургаан буудал байдаг гэсэн. Одоо ажиллаж байгаа нь бий юү?

Ч.Сайханбаяр: Байлгүй яах вэ. Дөрөв нь ажиллаж байгаа.

Ж.Сүхбаатар: Би газар дээр нь очиж үзье гэж бодож байна.

Ч.Сайханбаяр: Одоо бид цаашид цаасан дээр ажиллах шаардлагатай болчихоод байна.

Ж.Сүхбаатар: Энэ асуудал ер хаанаа харьяалагдах нь хамгийн зөв гаргалгаа вэ?

Ч.Сайханбаяр: Ер нь зохион байгуулалт, эрх зүй талаасаа автобусны буудлууд манайд харьяалагддаг. Тэгсэн мөртлөө төсөв, хөрөнгө мөнгө нь Улаанбаатар хотын Захирагчийн албанд очдог. Тэндээс тохижилтод мөнгөө хуваарилдаг.

Ж.Сүхбаатар: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэн нь хариуцдаг вэ?

Ч.Сайханбаяр: Тус албаны дарга Т.Гантөмөр менежер.

Ж.Сүхбаатар: Би тантай уулзаж, асуудал, бэрхшээлийг чинь сонсчихоод шат шатны хүмүүстэй уулзах гээд байгаа байхгүй юу.

НТҮГ 10.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Ч.Сайханбаяр: Ёстой зөв шүү. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба асар олон ажил хариуцдаг. Олон ажил овоорохоор үр дүн нь ямар байх вэ. Тэгэхээр цаасан дээр хараар бичсэн тодорхой журамтай болох хэрэгтэй.

Энэ жил коронавирусийн халдварын улмаас манайх алдагдалд орж, байнга Төрийн сантай уулзаж байна. Манай байгууллага одоогоор 10.9 тэрбум төгрөгийн алдагдалд орчихоод байгаа. УОК-оос өгсөн журмын дагуу нийтийн тээврийн автобусныхаа тоог огт бууруулаагүй. Тэгсэн ч халдварын улмаас зорчигчдын “урсгал” буурсан нь санхүүгийн алдагдалд их нөлөөллөө. Ер нь 31 хувиар буурсан тооцоо бий.

Ж.Сүхбаатар: Одоогоор 940 автобус нийтийн тээвэрт явж байгаа гэл үү?

Ч.Сайханбаяр: Одоогоор 916 автобус шугаманд явж, иргэдээ тээвэрлэж байна. Санхүүгийн алдагдлыг төсвийн тодотголд оруулж өгөх хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Өнөөдөр л гэхэд Нийсэлэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уулзчихаад ирлээ.

Ж.СҮХБААТАР: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АВТОБУСНЫ ТОХИЖИЛТЫГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЬЕ

Ж.Сүхбаатар: Тэгэхээр надад нэг санал байна. Болж өгвөл ирэх долоо хоногт харьяа байгууллагуудын удирдлага, надтай хамт та манай дүүрэгт ажиллах хэрэгтэй байна. Тэгээд Чингэлтэй дүүргийн автобусны буудлын тохижилтын асуудалтай газар дээр нь танилцъя, боломжтойг нь шийдэж өгөхийг хүсье. Энэ хүсэлтээ би Ж.Батбаясгалан дарга, Т.Гантөмөр даргад уламжилна. Манай дүүрэгт ажилладаг нойлтой буудал байна уу. Цаашдаа би Чингэлтэй дүүрэгт автобусны буудлын нойл, тохижилтын асуудлыг нь шийдвэрлүүлэхийн тулд юу хийх вэ. Дүүргийнхээ гол асуудлуудыг хэн, хэнд тавих вэ. Манай дүүрэг зургаан эцсийн буудалтай. Ядахдаа эдгээр зургаан буудлыг нойлтой болгомоор байна. Тэгээд хариуцдаг хүн нь тодорхой байх хэрэгтэй.

Би тойргийнхоо жижиг, сажиг асуудалд төдийлөн орохгүй гэдэг зарчимтай. Гэхдээ би сонгогдохдоо Чингэлтэй дүүргийн иргэдэд “Ажлаа автобусны буудлын тохижилтоос эхлүүлнэ” гэж амласан. Үүндээ хүрэхийг хүсэж байна. Тэгэхийн тулд боломжтой бүхнийг хийнэ. Нийтийн тээврийн асуудлаар дуугарч, дуу хоолойгоо хүргэж буй цорын ганц гишүүн нь би. Саяхан УИХ-ын гишүүн Б.Адьяасүрэн намайг дэмжихээ, хамтрах боломжтойгоо илэрхийлсэн. Нэгэнт дүүргийн иргэддээ амласан болохоор түүндээ хүрэхийн төлөө зүтгэнэ, заавал хүрнэ. Чингэлтэй дүүргийн нийтийн тээврийн тохижилтыг сайжруулахад дэмжихийг танаас хүсье.

Ч.Сайханбаяр: Тэгье ээ, бололгүй яах вэ. Нийтийн тээврийг хөгжүүлэх, орчин нөхцлийг сайжруулах нь бидний үүрэг. Бидний ажлын төлөө Ж.Сүхбаатар гишүүн дуугарч, шат дараатай ажил хийхээр төлөвлөж буйг нь дэмжинэ ээ.

Ж.Сүхбаатар: Ирэх баасан гаригт би Ерөнхий менежер Т.Гантөмөртэй уулзана. Ирэх долоо хоногт манай дүүрэгт хамт ажиллах саналаа тавина. Ерөөсөө ингээд шат шатны хүмүүстэй уулзаад, тодорхой шийдэлд хүрээд явах их чухал. Тэгж байж л тодорхой үр дүнд хүрнэ.

Ж.Сүхбаатар: Улаанбаатар хотоо хөгжүүлье гэвэл нийтийн тээврийн орчин нөхцлийг сайжруулах асуудал зайлшгүй хөндөгдөнө.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-17 08:48

Автобусны жолоочийг ажилд анх авахдаа ажлын шаардлагаа сург�##�таар дамжуулж зааж дадлагажуулах хэрэгтэй. Дараа нь �##�даа гаргаад байв�##� х�##�ах хэрэгтэй. Сүртэй юм гэдэг яг үнэн.

Чингэлтэйн иргэн
Чингэлтэйн иргэн
2020-09-17 08:48

с�##�хитай, бороотой, цастай гээд байг�##�ийн хэцүү цаг агаартай үед ойролцоох нөмөр газар очиж автобусаа хүлээдэг ш дээ. гэр хорооллын иргэд гэхээр санд�##� саравч ч байхгүй автобусны бууд�##�тай, хотын төвийн иргэд болохоор санд�##�тай саравчтай автобусны бууд�##�тай байгаа нь хотыг удирдаж байгаа хүмүүсийн иргэдээ ялгаж ханддаг нь шууд харагдана

Зочин
Зочин
2020-09-17 10:10

Замын түгжрэлийг бууруулая гэвэл Автобусныхаа тоог нэмэж, зөв маршрутаар явуулах хэрэгтэй. Автобусны тоогоо нэмэхээр автобусны буудлын тохижилт маш чух�##� болно.
Автобусны буудлын асуудлыг манайхан тоохгүй хаяад байдаг. Сүхбаатар гишүүн зөв асууд�##� хөндөжээ. Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button