Нийгмийн

Хятад вирус судлаач: БНХАУ-ын Засгийн газар коронавирусийг санаатайгаар гаргаж, тараасан

Дэлхий даяар аюулын харанга дэлдэн, олон сая хүнд халдаад буй коронавирусийн халдвар анх гарсан шалтгаан олны анхаарлыг татсаар ирсэн. БНХАУ-ын Ухань хотод анх сарьсан багваахайнаас хүнд халдсан гэх ерөнхий мэдээлэл хүмүүст бий. Үүний сацуу “Ковид-19”-ийг хятадууд албаар “үйлдвэрлэн”, бусад орнуудад халдаасан гэж хардах хүн цөөнгүй.

Хятадын вирус судлаач Ли-Мэн Ян “Fox news”-д өгсөн ярилцлагадаа “Коронавирусийг Хятадын Засгийн газар санаатайгаар гаргасан” гэж хэлсэн нь дуулиан тариад байна. Түүний хэлснийг үндэслээд шууд урд хөршийг буруутгах нь өрөөсгөл. Гэхдээ хятад эрдэмтэн өөрийн эх орныхоо талаар ингэж мэдэгдсэн нь асуудлыг улам хурцатгасан юм.

Вирус судлаач Ли Мэн Ян “Fox news”-д өгсөн ярилцлагыг тоймлон хүргэе.

БНХАУ БУСАД УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛАХЫН ТУЛД КОРОНАВИРУСИЙГ ҮЙЛДВЭРЛЭСЭН

-Хятадын засгийн газар коронавирусийг санаатайгаар гаргасан гэж та бодож байна уу?

-Тийм ээ. Мэдээж санаатайгаар тараасан. Би ДЭМБ-ын харьяа Хонконгийн их сургуулийн лабораторид ажилладаг байсан. Би Хятадын эмнэлгийн байгууллагын ажилчидтай холбоотой байж, мэдээлэл авдаг байсан юм. Бас коронавирусийн тэргүүлэх зэрэгтэй судлаачидтай ажилладаг. Тийм учраас өөрийнхөө туршлагаас хэлэхэд, хятадууд бусад улсад хохирол учруулахын тулд коронавирусийг үйлдвэрлэсэн.

-Та үүнийгээ яаж батлах вэ. Уханийн лабораториас халдвар тараасан гэж бодож байгаагаа багцлан хэлнэ үү?

-За, тэгэхээр Хятадын цэргийн хүчний нээсэн сарьсан багваахайны вирус байсан. Энэ вирус анхандаа хүний биед гаж нөлөөгүй ч лабораторид шинжлэх явцад албаар өөрчилж, хувиргасан. Хятад улс коронавирусийг санаатайгаар гаргасныг батлах баримт надад бий.

“КОВИД-19”-ИЙН ГЕНОМ УХАНИЙН ЛАБОРАТОРИЙН САРЬСАН БАГВААХАЙН ГЕНОМТОЙ ТААРСАН

-Таны хэлж буйгаар Хятадын Засгийн газар коронавирусийг албаар үйлдвэрлэсэн байх нь, тийм үү?

-Тийм ээ, яг тийм. “Ковид-19”-ийн геномд ердийн бус өөрчлөлтүүд орсон байсан. Геном гэдэг нь бидний хурууны хээ шиг зүйл. Хятадын эрдэмтдийн гаргасан баримттай тулгахад коронавирусийн геном Уханийн лабораторийн сарьсан багваахайны геномтой таарч байсан.

-“Ковид-19”-ийн геном бусад олон эрдэмтэнд байгаа шүү дээ. Хэрвээ таны хэлсэн үнэн бол тэд энэ талаар яагаад дуугарахгүй байна вэ?

-Учир нь эрдэмтэд БНХАУ-ын коммунист намаас айгаад дуугарахгүй байгаа юм. Энэ талаар дуугарсан эрдэмтдийг хавчиж, дарамталдаг. Хятадын коммунист намынхан юу бодож байгааг хэн ч мэдэхгүй. Гэхдээ би цуглуулсан баримтуудаасаа харахад хятадууд коронавирусийг санаатайгаар тараасан нь илт байна. Би тун удахгүй дахин мэдэгдэл хийх болно. Тэр цагт миний юу яриад байгааг та бүхэн илүү сайн ойлгоно.

ХОНКОНГИЙН ИХ СУРГУУЛЬ ТҮҮНИЙГ НЯЦААСАН

Вирус судлаач Ян “Fox news”-д өмнө нь ярилцлага өгөхдөө Хятад улс халдварын тархалтыг барьж, зохицуулж буйгаа нууж байна гэж мэдэгдсэн. Хонконгийн их сургууль үүний хариуд “Түүний хэлсэн зүйлс бидний мэдэж буй баримт, нотолгоотой дүйцэхгүй байна. Ян ярилцлагадаа хэлсэн шигээ өнгөрсөн жилийн хоёрдугаар сар болон энэ оны нэгдүгээр сард коронавирус хүнээс хүнд халдварладаг эсэх дээр огт судалгааны ажил хийж байгаагүй” гэж мэдэгдэн, түүнийг няцаасан юм.

Хятадын Засгийн газар коронавирусийг санаатайгаар тараасан, дэлхий дахинд шуурхай мэдэгдээгүй гэж харддаг хүмүүсийн бодлыг судлаач Яны хэлсэн зүйлс улам дэвэргэсэн юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button