Нийгмийн

ХААН банканд хуурамч валют солиулах гэж байсан иргэнийг илрүүлжээ

Хаан банкны салбарт хуурамч валютаар гүйлгээ хийх гэсэн үйлдлийг илрүүлжээ. Тодруулбал,  Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сувдан төвд байрлах Хаан банкны салбарт валют солиулахаар ирсэн иргэний мөнгөн тэмдэгт хуурамч байсныг банкны ажилтан илрүүлж, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд оршин суух хаягтай, О гэгч байсан гэнэ. Тэрбээр 100 юань солиулахаар ирсэн боловч тус мөнгөн тэмдэгт нь хуурамч байсныг хуулийн байгууллага тогтоожээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Цагдаагийн байгууллагад 2019 онд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 зүйл “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” нийт 165 хэрэг бүртгэгджээ. 2019 онд бүргэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт судалгаа хийхэд 158  ширхэг хуурамч үндэсний мөнгөн дэвсгэрт бүргэгдсэнээс гадаад валют 90 ширхэг бүргэгдсэн байна. 

Энэ төрлийн гэмт хэрэг нь иргэдийн хайхрамжгүй байдал болон гар дээрээс их хэмжээний мөнгийг хүлээн авах, холбогдох техник хэрэгслээр шалгаагүйгээс иргэд уг гэмт хэргийн холбогдогч, хохирогч болгох эрсдэл өндөр байдаг. Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ.

Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

  • Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
  • Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдол илэрвэл шууд цагдаагийн байгууллагад хандан шалгуулах хэрэгтэй.

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button