ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

“Гэр бүлээрээ йога хийх нь хосуудын харилцааг бэхжүүлж, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг”

Монголд анх удаа гэр бүлд зориулсан йога хөгжлийн хөтөлбөрийг нэвтрүүлж, стрессгүй, амар амгалан, хайраар бялхсан гэр бүлийг цогцлоохын төлөө ажиллаж буй “Самсара гэр бүлээрээ йога хийцгээе” йогын төвийг энэ удаа онцоллоо.

Бид тус төвийн үүсгэн байгуулагч, йогын багш Э.Эрдэнэцэцэгтэй төвийнх нь үйл ажиллагаа, онцлог, гишүүдийн гэр бүлийн амьдралд гарах өөрчлөлтийн тухай ярилцав.

-ЭМНЭЛГЭЭС ЭМНЭЛГИЙН ХООРОНД ЭМЧИЛГЭЭ, ТАРИА ХИЙЛГЭЭД АВРАЛ ИРЭЭД  ЯВДАГ БАЙСАН-

-Юуны өмнө йогын төвийн үүсгэн байгуулагдсаны хоёр жилийн ойн баярын мэндийг хүргэе.

-Баярлалаа. Йогын төв маань нээгдээд хэдийн хоёр жил өнгөрсөн байна. Маш хурдан өнгөрчээ. Дөнгөж саяхан л бид бүхэн йогын төвөө нээгээд, нээлттэй хичээлээ зарлаж байсан бол одоо хэдийн олон үйлчлүүлэгчтэй болчихсон, тэр дундаа гэр бүлээрээ хичээллэдэг гишүүдтэй маш сайхан энерги, эрчим дунд хоёр жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ зөвхөн “Самсара төв”-ийн багш, төвийн нэртэй холбоотой зүйл биш. Йогын замналаа эхлүүлсэн олон хүний амьдралтай холбоотой дурсамжтай өдрүүд байгаа болов уу гэж бодож байна. Танай хамт олонд ч мөн биднийг урьж оролцуулсанд баярлалаа.

-Самсара йогын төв нь бизнес гэхээсээ илүү өнөөдөр та бүхний амьдралын салшгүй нэг хэсэг болсон болов уу. Манай уншигчдад төвийнхөө бусдаас ялгарах давуу талыг хэлж өгөөч.

-Ерөөсөө анх маш санамсаргүй байдлаар йогын төвөө нээж байлаа. Бизнес гэдэг талаас нь бол эхлүүлээгүй. Гэр бүлээрээ йогаар хичээллэж, түүнийхээ үр шим, давуу талыг мэдэрч эхэлсэн учраас бусад нь ч мөн хамтдаа хичээллэж болдог йогын төвтэй болох юмсан хэмээх бодлоороо анх нээсэн. Энэ төвөө анхлан нээсэн түүх нь их сонирхолтой. Тухайн үед би төрийн албан хаагч байв. Дийлэнх төрийн албан хаагчдын адил ажиллах хугацаандаа нурууны өвчин, тархины цусан хангамж багасах өвчнөөр өвчилсөн. Эмнэлгээс эмнэлгийн хооронд эмчилгээ, тариа хийлгээд аврал ирээд л яваад байсан. Гэтэл азаар нэг туршлагатай эмчтэй учирсан.

Эмч маань надад “Энэ залуу бүсгүй ингээд эмнэлэг, эмчилгээний хооронд яваад насаараа эм тарианы хамааралтай байж болохгүй. Дасгал хөдөлгөөн, йогаар хичээллээд үзвэл ямар вэ” гэж зөвлөхөд нь их холын санагдаж байсан л даа. Монголчууд маань хөдөлбөл ядарна гэж боддог шүү дээ. Тухайн үед би өөртөө “Би угаасаа л хангалттай их ачаалал авч байгаа, дээрээс нь дасгал хөдөлгөөн хийх юм бол ядарна” гэсэн бодлоор хүлээн авсан.

Гэтэл тухайн үед хань маань надад “Тархи, толгойных нь өвчин намдаж л байвал, юу ч хийсэн хоёулаа яах вэ” гээд намайг йогын маш сайхан багш дээр бүртгүүлсэн. Явж эхэлсэн эхний өдрөөс л эхлээд үр дүн нь мэдрэгдээд, “Энэ л миний хийх ёстой зүйл байна” гэх мэдрэмжийг авсан. Түүнээс хойш йогын төвдөө явсаар “Ийм сайхан үйлсэд би яагаад өөрийн хувь нэмрийг оруулж болохгүй гэж, олон сайхан гэр бүл, эмэгтэйчүүддээ йогын мөн чанарын таниулж, гэр бүлд нь халуун дулаан уур амьсгалыг бэлэглэхийн тулд дусал ч болов нэмэр оруулах юм сан” гэж бодоод төвөө нээсэн. Тэгээд хань маань йогаар хичээллэж, бид хоёр багшлах болсон.

Үүнийгээ ч бид амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам, өөрчлөлт гэж боддог. Та бас гэр бүлээрээ йога хийх нь ямар тухай асууж байх шиг байна. Энэ нь хамгийн том дадал юм. Эхнэр нь ганцаараа йога хийгээд амар амгаланг аваад, гоо сайхан байдлаа хадгалаад цогцлоовол нөхөр түүнийг нь төдийлөн сайн ойлгохгүй шүү дээ. Түүнчлэн нөхөр нь эхнэртэйгээ хамт нэг йогад явах гэхээр танхим дүүрэн трико, бариу өмдтэй эмэгтэйчүүдийн дунд орох нь өөрт нь тухгүй мэдрэмж төрүүлдэг. Иймээс би энэ хандлагыг өөрчлөх, хүн бүрт тухтай мэдрэмж төрүүлэхийн тулд йогаа гэр бүлээрээ хичээллэх боломжийг бүрдүүлсэн. Манай нөхөр, бид хоёр йогын мундаг багш биш. Гэвч йогаар үйлчлүүлэх хүн бүрийг тухтай байж, сөрөг бодлоо хоослон, тайвшралыг авах талаас нь илүү анхаарч ажилладаг.

-ЙОГА НЬ ХҮҮХДЭД ХӨДӨЛГӨӨНӨӨР ДАМЖУУЛЖ ХҮМҮҮЖИЛ ОЛГОЖ БУЙ НЭГ ХЭЛБЭР-

-Гэр бүлийн хамт эхлүүлсэн ажил учраас хүүхэд тань ч мөн йогаар хичээллэдэг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Би нэг бондгор хүүтэй. Тэр маань хамгийн их нөлөөлнө. Өсвөр насны хүүхдийн бие махбод, шилжилтийн үеийн дааврын нөлөөгөөр зан харилцаанд нь ч мөн өөрчлөлт гардаг. Тиймээс йога нь хүүхдэд хөдөлгөөнөөр дамжуулж хүмүүжил олгож буй хэлбэр юм. Хүүгээ ингээд анзаарахад цаанаасаа заяагдсан дотортой байдаг. Энэ нь ганцхан миний хүүхэд ч бус, хүн бүрийн хүүхдэд байдаг чанар юм. Гэртээ хамт хийхээр хөгжилтэй зүйлс их олон тохиолддог. Харин йогийн төвдөө ирээд бусад гэр бүлтэй хамт хийхээр их сайхан мэдрэмж авдаг.

-Хүүхдэд йогын хичээл зааж, хөдөлгөөнийг төлөвшүүлэх нь насанд хүрэгчидтэй ажиллахаас хэр ялгаатай вэ?

-Гэр бүлийн йогын төвийн маань онцлог нь, хүн бүрийн, гишүүн бүрд тохирсон хөтөлбөрийг боловсруулах юм. Тиймээс түүний нэг том хэсэг бол хүүхэд шүү дээ. Тиймээс хөтөлбөрөө сэтгэл зүй, бясалгалтай хослуулах зэргээр олон зүйлийг туршсаар байна. Ер нь бол хүүхэд бясалгал, йогад дурлах нь цаашдын хүмүүжил, амьдралын хэв маяг, зан харилцаанд том өөрчлөлтийг авчирдаг.

Би өөрөө хүүхдийн номын зохиолч учир, йогын төвд ирж буй хүүхэд бүрийг зохиолынхоо нэг дүр мэт санаж, түүнийг хэрхэн хөгжүүлэх, нээх вэ гэдэгт чухал ач холбогдлыг өгдөг. Өөрийгөө олоогүй, таньж мэдээгүй хүүхэд гэж байхаас муу хүүхэд гэж үгүй. Иймд гэр бүл бүр хүүхдээ гэртэйгээ аль болох ойрхон йогад бүртгүүлж, явуулж үзээрэй л гэж зөвлөмөөр байна.

-Ямар ямар йогын төрөл, жанруудаар хичээлээ ордог вэ?

-Йога нь өөрөө 5000 жилийн настай, баян, ядуу бүхий л хүмүүсийг холбосон гайхалтай нэг урлаг юм. Манай төвд бусад йогын төвүүдэд байдаг бүхий л йогууд байдаг. Гол нь тухайн төрөл, арга жанрыг хүмүүст ойлгуулж, өөрсдийг нь илүү нээхийг хичээдэг. Хэрэв та надаас “Танай йогын төвийн онцлог юу вэ” гэж асуувал би хандлага л гэж хариулна. Би тэр хүнийг дасгал хөдөлгөөн хийлгэхээс илүү сэтгэлд нь гэрэл тусгах юмсан хэмээх хандлагаар манай багш нар заадаг. Яах вэ йога хийхээр турна, эрүүлжинэ гэдэг.

Мэдээж энэ нь өөрөө йогын үр дүн болов ч, гишүүн бүрд зориулсан хөтөлбөрийг амьдралд нь илүү ойрхон байлгаж, йогаар хайрлаж, бөмбөрүүлэх юмсан. Ялангуяа эрчүүд илүү идэвхтэй байгаасай гэж хүсдэг. Манай эмэгтэйчүүд угаасаа арчаатай шүү дээ. Би боддог юм. Эрчүүд йогаар хичээллээд эхэлбэл нийгэмд гэмт хэрэг буурч, гэр бүлдээ гаргах хандлага, хайр халамж нь нэмэгдэн, цаашлаад улс орон ч илүү тайван, хөгжих болно. Яг манай йогын төвийн онцлог зорилт гэвэл ийм л байна. Түүнээс биш бүх йогын төвүүд мундаг, тэд ч гэсэн өөр өөрийн онцлогтой.

-ГАНЦААРАА ЙОГАД ЯВАХААСАА ИЛҮҮ ХАНЬТАЙГАА, ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХАМТДАА ЯВАХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ-

-Гэр бүлийн гишүүд ихэвчлэн үйлчлүүлдэг болохоор йогын төвд олон хөгжилтэй зүйлс болдог уу?

-Тэгэлгүй яах вэ. Хосууд гэр бүлээрээ йогаар хичээллээд эхлэхээр хайр, халамж нь цаанаасаа л ундраад эхэлдэг. Төв дээр маань ойр ойрхон гэр бүлийн гоё өдөрлөгүүд зохион байгуулагддаг л даа. Тэгэхээр хань ижил нь эхнэрүүддээ сарнайн дэлбээ дэвсэх, гэнэтийн бэлэг барих гэх мэт романтик зүйлс болдог.

Үүнийгээ дагаад гэр бүлийн харилцаа, хандлага нь өөрчлөгдөж байгаа нь харагддаг. Энгийн ангиудад хичээллэж буй хосуудад ч мөн өөрчлөлт гардаг. Муудалцахаа больдог, илүү сайн ярилцдаг болно гэх мэт сайхан зүйлс гарна. Иймд ганцаараа йогад явахаасаа илүү ханьтайгаа, хүүхдүүдтэйгээ хамтдаа йогад явах нь илүү үр дүнтэй гэж хэлмээр байна.

-Анх та ханийнхаа хамт эхэлсэн йогын төв нь одоо хэдэн ажилтан, бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Хоёр жилийн өмнө энэ ажлаа эхлүүлэхдээ нөхөртэйгөө хамт эхлүүлсэн. Одоо ингээд бодохоор “энэ л зөв юм байна, бид үүнийг хийх ёстой юм байна” гэж бодсоноос ганц хадаас хадаж үзээгүй хоёр их зүйлийг сурсан. Төвийнхөө үйл ажиллагаа эхлүүлэхдээ олон ч шөнө хонож, их зүйлийг хамтдаа хийсэн. 

Шүүгээ саваа хийхдээ хүртэл өөрсдөө хийсэн нь илүү хямд юм байна гээд эхнээс нь хийж сурч байлаа. Энэ нь өөрөө хамгийн сайхан, нандин дурсамж гэдгийг одоо бодохоороо ойлгодог. Төв маань одоо шижигнэсэн найман сайхан багштай болсон. Тэд бүгд өөрсдийн хүчтэй, ур чадвартай, шавь нарынхаа хамт хөгжөөд дэлгэрээд явж байна. Магадгүй ирээдүйд үйл ажиллагаа маань илүү өргөжөөд олон салбартай, багштай болсон байна гэж боддог.

-Та бүхний ирээдүйн зорилтын тухай асуумаар байна?

-Ирээдүйд гэр бүл бүрийг дасгал хөдөлгөөнд дурлаж, стрессгүй болсон байгаасай гэж хүсэж байна. Нөгөөтээгүүр төвийнхөө хувьд бүсгүйчүүд гэхээсээ илүү эрчүүд голчлон йогад явдаг болоосой, стресс бухимдлаа тайлаад, гэр бүлдээ гаргах хайр, халамжаа нэмэгдүүлээсэй гэж хүсдэг. Мөн төвөө Йога клиник чиглэлээр эрүүл мэндийн талаас нь хөгжүүлэхийг зорьж байгаа. Би өөрөө сэтгүүлч, зохиолч учраас йогын чиглэлээр хэд хэдэн сайхан орчуулгын мөн өөрийн сурч мэдсэн зүйлээрээ ном бичих зорилттой байгаа.

-Йогаар хичээллэх цагуудын тухайд аль нь илүү тохиромжтой вэ?

-Түрүүн хэлсэнчлэн манай төвийн багш нарын маань хичээл бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тухайн хүний зорилгоос хамаараад хичээллэх цаг нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь эрүүлжье, жингээ хасъя хэмээн бодвол, өглөөгүүр йога хийх нь тохиромжтой. Харин эрч хүчээ нэмэгдүүлэхийг хүсвэл өдрийн ангид явах нь зөв. Илүү амгалан тайван болж, стресс ядаргаагаа тайлъя, тайван сайхан амардаг болохыг хүсвэл оройн анги тохиромжтой гэх мэт хүн бүр өөрсдийн хүсэл сонирхол, цаг заваас шалтгаалан цагаа сонгох боломжтой. Йогаг хийх зөв цаг, буруу цаг гэж байдаггүй.

-ЙОГААР ХИЧЭЭЛЛЭЖ БУЙ ЭХИЙН ХЭВЛИЙД БУЙ ХҮҮХЭД Ч МӨН ДАВХАР БЯСАЛГАЖ, ТАЙВШРАЛЫГ АВЧ БАЙДАГ-

-Их тайван хүн л йога, түргэн ааш зантай хүн фитнессээр хичээллэх нь оновчтой гэж зарим хүмүүс боддог шүү дээ. Йога хийхэд тохиромжгүй хүн гэж байдаг уу?

-Ёстой тийм зүйл байхгүй. Нас, хүйс, шашин шүтлэг, баян, ядуугаас үл хамааран бүх хүн хийж болно. Миний хувьд спорт, хөдөлгөөний бүхий л төрөлд дуртай. Түүн дотроос йога гээд ярих бол нэн ялангуяа тайван бус, уур, стресс ихтэй хүнд нэн тохиромжтой. Тайван хүмүүст зохихгүй юу гэвэл худлаа. Эсрэгээрээ залхуу, хойрог, хэт тайван чанарыг нь тэнцвэржүүлж өгдөг.

-Йогаар хичээллэж байхад хориглох зүйл байдаг уу?

-Яах вэ йога хийсний дараа шууд усанд орж болохгүй, кофе, хорт зуршлаас татгалзах ёстой гээд олон зүйл байдаг л даа. Гэхдээ хичээллэж буй хүн маань цаанаасаа л эрүүлжээд, хорт зуршлаасаа өөрөө өөрийгөө татаад авчихдаг. Тиймээс яг нэг тийм зүйлд баригдаад, түүндээ стресстээд байдаггүй гэх үү дээ.

-Йога хосуудын бэлгийн амьдрал, сексийн амьдралд эерэгээр нөлөөлдөг болохыг таны лайв бичлэгээс харсан?

-Хосууд маань бэлгийн амьдралынхаа асуудал, бэрхшээлийг нэг их яриад, мэргэжлийн хүн дээр очоод зөвлөгөө аваад байж чаддаггүй л дээ. Харин ч энэ асуудлыг илүү их ярьж, зөвлөгөө авах хэрэгтэй гэж боддог. Йога нь хосуудын харилцааг илүү шинэ төвшинд авчирч, эрүүлжүүлдэг. Үүнийг би өөрийнхөө амьдрал дээр их анзаарсан л даа. Хүн өөрөө сэтгэлийн хүчээр амьдардаг. Тиймдээ ч сэтгэл хүчгүйдээд, сэвтээд ирэхээрээ сэтгэл ханамж буурдаг.

Харин йогаар хичээллэж сэтгэлээ цэгцэлж, бодлоо хүчирхэг болгоод ирэхээр ханийнхаа, хайртынхаа сайн сайхан зүйлсийг нь олж харах мэлмий нь тунгалаг болж эхэлдэг. Үүнийгээ дагаад бэлгийн амьдрал нь идэвхтэй болж, илүү их таашаалыг авдаг. Мөн хөдөлгөөний хувьд ч илүү уян хатан болж, бага аарцгийн булчингаа мэдэрч, хянаж чаддаг болно. Ингэснээрээ бэлгийн дур хүсэл, таашаал ч мөн төдий хэмжээгээр нэмэгдэнэ.

-Эмэгтэйчүүдийн хувьд кегелийн дасгал гэж их ярьдаг болсон. Энэ нь йогатай хэрхэн холбогддог вэ?

-Бүсгүйчүүдийн хувьд “Үтрээний фитнес” гээд төрөл байдаг юм билээ л дээ. Миний хувьд бие давхар эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэнд талдаа түлхүү багшилдаг л даа. Үүнийг анзаараад байхад Монголд энэ төрлийн йогаг хөгжүүлэх, масст нөлөөлөх нь чухал юм шиг санагддаг. Йогын тухайд зөвхөн тэр хэсгийн булчинг хөгжүүлж, дотно харилцаанд таашаал авчирна гэвэл хэт өрөөсгөл гэж боддог. Үүнээс илүү сэтгэлийн асар их таашаалыг авчирч, тайтгарлыг бэлэглэдэг учраас үүнийг дагаад амьдралын сэтгэл ханамж ч мөн дагаад нэмэгддэг. Бага аарцгийн булчинд зөвхөн булчин бус, давхар энерги ч мөн байдаг. Тиймээс ч хичээллэж эхэлсэн бүсгүйчүүд бие давхар болох тохиолдлууд бий.

-Таны хувьд жирэмсний йогаар багшилдаг шүү дээ. Хичээллэж буй жирэмсэн эхийн хэвлийд байгаа хүүхэд ч мөн йогын байдал руу шилждэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Их гоё асуулт байна. Энэ асуултыг бас асуугаасай гэж хүсэж байлаа. Йогаар хичээллэж буй эхийн, хэвлийд буй хүүхэд ч мөн давхар бясалгаж, тайвшралыг авч байдаг. Тиймээс ч төрснийхөө дараа уур уцааргүй, уйлдаггүй маш тайван хүүхэд болж төлөвших магадлал өндөр. Хэвлийд буй хүүхдийн 50 хувь нь эцэг эхийн гень гэж үзвэл, үлдсэн хувь нь хэвлийдээ хэрхэн бүрэлдэх, цаашлаад эхийнх нь зан байдал, стрессээс хамгийн их шалтгаалдаг. Жишээ нь 10 жирэмсэн эхтэй йога хийлээ гэж бодоход тэр зааланд 20 хүн амар амгалан авч байдаг. Йога хийснээр жирэмсэн эхийн төрөх үеийн хүндрэл буурч, өвдөлт ч мөн тодорхой хэмжээнд буурдаг.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Яриагүй, асуугаагүй үлдсэн зүйл гэвэл би бидний ярилцлагыг уншиж буй хүмүүстээ йогаар хичээллээрэй л гэж уриалмаар байна. Мөн бие давхар эхчүүд бүр йога хийдэг байгаасай, байгууллага удирдлагын дарга нар нь л зөвхөн өөрсдөө хичээллээд байлгүй, ажилчдаа ч мөн хамруулдаг бүгд л хөдөлгөөний, сэтгэлийн амар амгаланг авдаг байгаасай гэж хүсэж байна.

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

ВИДЕО ЭВЛҮҮЛЭГ, МОНТАЖ: С.БОРГИЛ

ХАЯГ: Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Тэнгис кино театрын зүүн урд залгаа байрлах MN TOWER 7 давхар 709 тоот

УТАС: 99123128

ФЭЙСБҮҮК ХАЯГ: “Самсара гэр бүлээрээ йога хийцгээе”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button