Сурвалжилга, НийтлэлЭнтертайнмент

СУРВАЛЖИЛГА: Улаанхуарангийн эцэст шинээр нээгдэж буй “Cinema Next” кино театраар зочиллоо

Нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргээс хамгийн их  буюу 360.000 гаруй хүн амтай, томоохон дүүрэгт тооцогдох Баянзүрхт будаг нь ханхалсан шинэхэн кино театр нээгдсэнийг дуулаад зочлохоор очлоо. Тус кино театрыг сонсоод “Яагаад заавал Баянзүрх дүүрэг, тэр дундаа Улаанхуарангийн эцэст гэж” хэмээн гайхсанаа ч нуухгүй.

Өнөөдөр Ковид-19 гэж хүн бүр л хаана, хаанаа сандралдаж байхад, санхүүгийн эрсдэл гаргаж нээсэн газар нь манайхны хэлж заншсанаар гэр хороолол дунд, мөнгөний эргэлт багатай орчинд буй нь хүн бүрийн анхаарлыг татсан нь лавтай. Гэвч кино театрт очоод төрсөн сэтгэгдэл маань эхний бодлыг бүхэлд нь няцааж, хөнгөн бодож байсныг минь ухааруулж дөнгөв.

-ХУУЧНЫ ХОВОР НОМЫН ЦУГЛУУЛГА БҮХИЙ “THE BOOK CAFE”-Д КОФЕ, ЦАЙ УУНГАА ХИЧЭЭЛЭЭ ХИЙЖ БОЛНО-

Үүдээр нь ороход л ховстуулсан мэт ер бусын гэгээлэг, тухтай орчин угтаж, сонирхлыг минь татлаа. Учир нь ирсэн зочид хамгийн түрүүнд “The book cafe”-г анзаарах бөгөөд хуучны ховор гэмээр боть номуудыг ерийтэл нь өрсөн харагдав. Тус кафегаар үйлчлүүлэх иргэд хүссэн зүйлээ захиалж уунгаа тавиур дээрх номыг уншиж, басхүү ажил, хичээлээ хийх боломжтой. Ер нь цагт баригдахгүй учраас хүссэн цагаараа саатаж, чөлөөт цагаа өнгөрүүлж болох аж.

Өрөөтэй номын хажууханд музейд л байвал тохирохоор эртний гэмээр пянз тоглуулагчийг тавьсан нь тун ч донжтой харагдав. Ихэвчлэн оюутан залуус, сурагчид номын кафед саатаж дуртай кофе, цайгаа уунгаа намуухан хөгжмийн аянд хичээлээ хийх, чөлөөт цагаа тун бүтээмжтэй өнгөрүүлж байгаа нь сайхан санагдав. Хэрэв үйлчлүүлэгч хүсвэл дэргэдэх шатаар хоёрдугаар давхарт гарч болох бөгөөд дээд давхарт ч мөн өрөөтэй ном, тухтай ширээнүүдийг байрлуулжээ.

Ийнхүү бид хичээлээ давтан суух ахлах ангийн гэмээр нэгэн хүүгээс зарим зүйлийг асуув.

-Миний дүүгийн гэр хаана байдаг вэ?

-Офицерт байдаг. Сургууль ч гэсэн.

-Энэ газраар хэзээнээс эхлэн үйлчлүүлж байгаа вэ?

-Дөрөв хоногийн өмнө найзуудтайгаа хамт ирсэн. Түүнээс хойш гурав дахь удаагаа ирж байна. Хичээлээ тараад даалгавраа хийж, хэсэг суудаг болсон. Их тухтай юм билээ. Манай гэртэй ойрхон болохоор бараг л номын сан гэсэн үг.

-Өрөөтэй номуудаас уншиж үзсэн үү?

-Хуучны орос номууд их олон харагдсан. Мөн хуучны монгол зохиолч гэсэн харагдсан. Одоогоор уншиж үзээгүй байгаа.

-Кино театраар нь үйлчлүүлж үзэв үү?

-Үзэж амжаагүй. Хэд хоногоос найзуудтайгаа хамт ирж тухална гэж бодож байгаа /инээв/

-ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, ТОГЛООМЫН ТӨВ, БАНК ГЭЭД БҮХИЙ Л ЗҮЙЛСИЙГ ЦОГЦООР НЬ ШИЙДСЭН-

Ингээд цааш явбал давхар хооронд зорчигчдыг саадгүй нэвтрүүлэх урсдаг шат харагдав. Харин цаад буланд нь хорин хүн хамтдаа орсон ч шахцалдхааргүй уужим цахилгаан шатыг хийж өгсөн нь, оргил ачааллын үеэр үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй байхаар бүтээжээ. Тухайн барилга нь 10 давхар өндөр бүтээн байгуулалт бөгөөд үйлчлүүлэгч хоёрдугаар давхраар орно. Ерөөс хоёр болон гуравдугаар давхрын гол зүйлс нь “The book cafe”, “Богд банк”, “Юнителийн салбар”, хоолны газрууд байх бөгөөд одоогоор засвар, тохижилтын ажил бүрэн дуусаагүй тул объект бүрэн дүүрээгүй байлаа.

Харин гуравдугаар давхарт кофе шоп, “The bubble tea”, “Candy shop”, гоёл чимэглэлийн дэлгүүр, гар утасны засвар үйлчилгээ, эмийн сан зэрэг бүхий л хэрэгцээтэй худалдаа, үйлчилгээний газруудыг байршуулжээ.

-ТЕХНОЛОГИЙН ӨНДӨР ДЭВШИЛ БҮХИЙ ДОЛООН ТАНХИМ КИНО ТЕАТРТАЙ-

Дөрөв болон тавдугаар давхарт “Cinema next” кино театр байрлана. Тус кино театр нь нийт долоон танхимтай. Одоогийн байдлаар таван танхимдаа үйлчлүүлэгч авч, хоёр танхимынхаа засвар үйлчилгээг хийж буй гэнэ. Кино театрын ажилчид бүгд өөрсдийн лого бүхий хар өнгийн цамцаар жигдэрч, үйлчлүүлэгч бүрдээ найрсаг харьцаж байлаа. Мөн биднийг танхимуудаар дагуулан явж, онцлог, давуу талыг нь хэлж өглөө. Ийнхүү би зарим зүйлсийг сониучхан асууж, хэсэг ярилцав.

-Кино театр хэзээ нээгдсэн бэ?

-Нээгдээд долоо л хонож байна. Одоохондоо үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй учир, албан ёсоор нээлтээ хийгээгүй байгаа.

-Хүн их үйлчлүүлж байна уу?

-Өдрийн цагаар бол сийрэг талдаа. Харин оройн 18:00 цагаас оройн 24:00 цаг хүртэл хүмүүс бужигнаж эхэлнэ.

-Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл ямар байгаа ажиглагдсан бэ?

-“Гэртээ ойрхон кино театр нээгдчихсэн байна. Ямар гоё вэ” гээд л байгаа.

-Сүүлийн үзвэр нь хэдэн цагт дуусаж, хаадаг вэ?

-Хуучин шөнийн нэг цаг хүртэл гардаг байсныг болиулаад сүүлийн үзвэрийг 12.10 болгосон. Тэгээд ерөнхийдөө танхимаа цэвэрлээд хаадаг.

-17.00 ЦАГААС ӨМНӨ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛНЭ-

Бид иймэрхүү зүйлсийг ярилцсаар дараагийн танхим руу нь явсан юм. Үзвэрийн цагаар очсонтой холбогдуулаад кино эхэлсэн болон засвар үйлчилгээ хийгдэж байгаа танхимаар орох боломжгүй байв. Дөрөвдүгээр давхарт нэгээс дөрөв хүртэлх танхимууд байрлана. Нэгдүгээр танхимд үзвэр эхэлсэн бол, гурав болон дөрөвдүгээр танхимд засвар хийж байсан тул цоожтой байлаа. Хоёрдугаар танхим руу ороход “Cinema next” хэмээх лого бүхий үзмэн ягаан өнгийн жирийсэн сандлууд харагдах бөгөөд заалны гэрэлтүүлэг нь нүдэнд тусав. Эгнээ болон суудлын тоог гэрэлтүүлсэн, шат нь намхан тул үйлчлүүлэгч харанхуйд ч бүдэрмээргүй харагдлаа.

Ингээд дээш тавдугаар давхарт гарахад биднийг хүүхдийн автомат тоглоомын төв болон гоёмсог чимэглэлтэй зайрмагны мухлаг, мөн ариун цэврийн өрөө угтсан юм. Тоглоомын хувьд хоёр настнаас насанд хүрсэн хүн хүртэл тоглож болохоор харагдлаа.

Харин үзвэрийн танхимын хувьд тав болон зургаа мөн VIP танхим байрлана. Тав болон зургаадугаар танхимд үзвэртэй байсан учир бид VIP танхим руу нь орсон юм. Сандал бүр өөрөөсөө эвхэгддэг авсаархан ширээ болон аяга, ундааны тавиуртай. Мөн зөөлөн арьсан бүрээстэй тул үйлчлүүлэгчийг чилээж, ядраамааргүй харагдана.

Ийнхүү буухаар зэхэхтэй зэрэгцээд тус кино театрын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Хонгортой таарснаар, бид хэсэг ярилцсан юм.

-Кино театраа хэзээ албан ёсоор нээхээр төлөвлөв?

-Харж байгаачлан барилгын тохижилт, кино театрын зарим засвар үйлчилгээ дуусаагүй байгаа. Бид аравдугаар сарын дундуур үйлчлүүлэгчид мэдээлэл өгч, арванхоёрдугаар сард бүхий л үйл ажиллагаагаа жигдрээд ирэхээр албан ёсоор нээлтийн арга хэмжээгээ хийхээр төлөвлөсөн. Ковид-19 гарсантай холбоотойгоор бидний захиалсан зарим бараа ирэхгүй хил дээр саатсан болон багахан асуудал, бэрхшээл гарсан.

-Танайх бусад кино театрыг бодоход хотын захад байршилтай шүү дээ. Яагаад энэ байршлыг сонгох болсон бэ?

-Монголд нээгдсэн, үйл ажиллагаа явуулж байгаа кино театрууд бүгд баруун болон төвийн бүсүүдэд байрладаг. Зүүн жигүүрт амьдардаг хүмүүсийн хувьд кино үзэх, төвлөрсөн кофе шоп, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ зайлшгүй баруун болон төв рүү явах шаардлагатай болдог. Энэ нь тухайн хүмүүсийн цаг зав, унааны мөнгөнд ч алдагдалтай. Тиймээс энэ байршлыг онцгойлон сонгосон.

-“Cinema next” кино театрын хувьд бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

-Мэдээж хамгийн эхэнд байршил. Харин дараагийн давуу тал нь технологийн хувьд шинэлэг. Дэлхийд хоёрт ордог тоног төхөөрөмжүүдээр тоноглосон. Манай кино театр нь нийт 7 танхимтай. Тэдгээр танхимуудад “лазер проектор”-ыг байрлуулсан. Ихэнх кино театруудад лампан проектороор үйлчилдэг. Энэ хоёрын ялгаа гэвэл, лампан проектор цаг хугацаа өнгөрч, хэрэглэх тусам тухайн киноны зураглал, чанарыг бүдгэрүүлдэг. Харин лазерын хувьд дүрс анх хэрхэн авагдсан тэр хэвээрээ дүрсний чанар, нягтралыг үзэгчдэд түгээнэ. Түүнчлэн “Dolby Atmos” дуугаралттай гэдгээрээ онцлог. Танхимын бүх талаас дууг үзэгчид түгээснээр амьд мэдрэмжийг өгөх болно. Мөн яг нэг байгууламж дотор 7 танхимтай кино театр байхгүй. Мэдээж салбараа нэмбэл давах л байх л даа.

-Танай кино театрыг гадаадын сүлжээний Монгол дахь салбар гэж яригдаад байсан?

-Хүмүүсийн дунд андуурагдсан мэдээлэл яваад байх шиг байсан. Манай кино театрыг гадаадын нэг том сүлжээний Монгол улс дахь салбар гээд. Тэр ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Нэрний хувьд тоног төхөөрөмж нийлүүлдэг компанийн нэр. Түүнээс биш дэлхийд хаана ч ийм нэртэй кино театр байхгүй.

-Кино театрын хувьд нээлтийн урамшуулал, хөнгөлөлттэй тариф бий юү?

-Одоогоор албан ёсоор үйл ажиллагаагаа нээгээгүй учраас хөнгөлөлт урамшуулал зарлаагүй. Гэвч оройн 17.00 цаг хүртэл бүх кинондоо хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа. Бусад кино театр шиг монгол, эсвэл гадаад кино гэж ялгаагүй. Магадгүй албан ёсны нээлтээ хийсний дараа үйлчлүүлэгчдээ судалсны дараа оюутан, сурагчдын өдөр гэх мэт урамшуулал зарлах байх. Мөн үлдсэн 6-10 давхартаа үйлчилгээний газруудыг оруулж, үйл ажиллагаагаа жигдэлнэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ӨАМЫИ
ӨАМЫИ
2020-09-22 10:45

"АНХ УДАА ШИНЭЭР НЭЭГДЭНЭ" ГЭДЭГ ЧИНЬ ЧИ ГЭСЭН ҮГ ВЭ?

Ганаа
Ганаа
2020-10-19 22:46

Ашгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button