УЛС ТӨР

МАН зүүний нялхсын өвчин тусч, АН хөрөнгөтний үзэл шүтэх болжээ

Орон нутгийн сонгууль дөхсөн эгзэгтэй энэ үед хоёр том намын дотоод асуудал тун эгзэгтэй, ширүүн нөхцөл байдалд байна. Тухайлбал, Ардчилсан нам дотооддоо “шинэчлэл” хийх хүрээнд сонгуулийн дараа Нийслэлийн Ардчилсан намыг татан буулгах яриа, хэлцэл өрнөж байгаа. Харин нийслэлийн МАН татан буугдчихгүй ч НИТХ-ын сонгуульд өөрийн хүмүүсээ “чихэх” асуудлаас болоод Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын хооронд эрх мэдлийн тулаан, өрсөлдөөн явагдаж буй.

Төр засгийн эрхийг ээлжлэн болон хамтран барьсаар ирсэн Монголын улс төрийн хоёр нам нас сүүдрийн том ялгаатай ч институцийн хувьд өсөн бойжиж чадахгүй, “нялхсын өвчинд” баригдан, улс орны үсрэнгүй хөгжлийн огцом өөрчлөлтийн эрч хурдыг гүйцэж чадахгүй байгааг улстөрчид шүүмжилдэг.  

Сүүлийн үед МАН зүүний нялхсын өвчин тусч, АН хөрөнгөтний үзэл шүтэх болов.

МАН есдүгээр сарын 22-нд болсон Удирдах зөвлөлийн хурлаараа дотоод зохион байгуулалтын хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингэхдээ намынхаа удирдах албан тушаалуудад 90 оны хөвгүүдийг томилсон, томилгоонууд хийгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, Гадаад харилцааны хэлтсийн даргаар 1991 онд төрсөн Манлайжавын Цэлмүүнийг, Улс төрийн бодлогын газрын даргаар 1990 онд төрсөн М.Ганхүлэгийг тус тус томилсон байна. Эрх баригч МАН 1990 оны хорин хэдтэй залуучуудыг улстөр, тэр дундаа намынхаа удирдах албан тушаалд оруулж ирж буй нь энэ. Нэг талаараа цус сэлгэж буй сайн жишиг мэт боловч, нөгөө талаараа гучин хэдхэн настайдаа гишүүн болж намаас сонгогдсон Д.Гантулга хэрхэн сагасныг мартаагүй баймаар.

Харин Ардчилсан намын гишүүн байхын тулд хөрөнгөтэй байх шаардлагатай болчихсон. Тус намын ҮБХ-ны гишүүн байхын тулд жилийн 6 сая төгрөгийн татвар төлдөг. 2020 оны УИХ-ын сонгуулиар гэхэд л нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин татсан. Энэхүү олон сая төгрөгийн татаас намын дотоодод нилээдгүй задрал хагарал үүсгэж, эцэст нь сонгуульд өвдөг шороодох дөнгө болсон. 100 сая гэдэг бага мөнгө биш. Хөрөнгөтний үзлийг шүтсэнийхээ горыг ёстой л нэг амссан. Нэг ёсондоо ардчилал гэх үнэт зүйлтэй эл намын хаалга хөрөнгөтэй хүнд ээлтэй, хөрөнгөгүй хүнд хаалттай болсон нь үнэн билээ. Одоо орон нутгийн сонгуульд Ц.Туваан, Д.Пүрэвдаваа гэсэн дарга нараар удирдуулан оролцоно. Тэд ямартай ч нэр дэвшигчдээсээ ямар нэгэн хандив татаас авах тухай ярихгүй, дурдахгүй байгаа. Улмаар сонгуулийн зардлаа нэр дэвшигчид хувааж гаргана гэж даруухнаар мэдэгдэж буй.

Төрийн сэнтийдээ залж ирсэн хоёр намын дүр төрх нэг иймэрхүү. Монголын иргэд улс төрийн намуудыг нялхсын өвчнөөсөө салж, улс төрийн соёлоо дээшлүүлж, үлгэр жишээ даруухан байж, нийтийн хөрөнгө завшигчидаа том албан тушаалаас нь буулгаж, хүндэт сэнтийд залахаасаа өмнө хариуцлага тооцох чадвартай болж эрийн цээнд хүрэхийг нь хүлээсээр хэдий хүрэх юм бол доо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-24 14:14

МАН төлөвшөөгүй баньд нар, биeэ үнэлэгч бүсгүйчүүдээ дүүрсэн. Хайран сайхан намыг Хүрэлсүх будаа болгов. Ямар ч боловсролгүй нэг муу цэргийн даргатай нам . Яг Хойд Солонгос шиг боллоо

Зочин
Зочин
2020-09-24 18:34

Өвчин, үзэл яах вэ? Засаршгүй хулгайч нар энэ 2 намд элсдэг.

Холбоотой мэдээ

Back to top button