Ярилцлага

Г.Ундармаа: Хүнтэй эрт суух гэж яарах хэрэггүй. Сайн хүнтэй учиртлаа ганцаараа амьдар

Ирэх долоо хоногт нээлтээ хийх “Single ladies-4” кинотой холбогдуулан “U Film” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Г.Ундармааmай ярилцлаа.

-ХЭЧНЭЭН ЗАВГҮЙ БАЙСАН Ч ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ, ХӨГЖИЛДӨХ ЦАГ ЗААВАЛ ГАРГАДАГ-

-Та өнөө өглөөг хэрхэн эхлүүлсэн бэ?

-Өчигдөр жаахан оройтож унтсан. Уг нь орондоо 12:00 цаг гээд орсон. Гэвч сошиалд оруулсан постуудаа үзэж, заримд нь хариулт өгсөөр, бас нэг гоё подкаст сонсоод унтахад цаг 01.30 болж байсан.

-Унтахынхаа өмнө ихэвчлэн юу хийж, биеэ амраадаг вэ. Танд өөртөө бий болгосон дадал бий юү?

-Амралтын өдрүүдэд аль эсвэл унтаж амрахынхаа өмнө хэр баргийн зүйл хийхийг хүсдэггүй. Өдөр нь маш их ачаалалтай ажилладаг учраас орой гэртээ хариад нөхөр, охин, нохойндоо цаг гаргах, ярилцахыг илүүд үздэг. Тухайн өдөр болсон зүйлсийг хоорондоо ярилцангаа телевиз, сошиал орчноос хэсэг хөндийрдөг. Манай нөхөр сайн сонсогч. Охин бид хоёр бүх зүйлээ ярилцдаг. Тэгээд л стрессээ сайхан тайлчихаад унтаж амардаг даа.

-Охин тань оюутан юм билээ. Ээжийнхээ сайн найз нь бас сайн хамтрагч, зөвлөгч байдаг байх.

-Охин маань эрх танхи өссөн, их хүмүүжилтэй. Том болоод надад эрхлэхгүй байгаа юм шиг санагддаг. Би хааяа охиндоо “Аав, ээж хоёрынхоо өвөрт хамтдаа унтчих л даа” гэхээр “Өө, үгүй, үгүй” гэдэг /инээв/. Хүүхэд том болохоороо ялангуяа охин хүүхэд их тустай юм байна. Бид хамтдаа олон зүйлийн талаар ярилцдаг. Ажлын, хувцасны талаар гээд л охин бид хоёрын ярианы сэдэв зөндөө. Сая сүүлийн уран бүтээл дээр охин минь хоёр сар шахам ээжийнхээ туслахаар ажилласан.

Ингээд анзаарахад миний ажлыг их гоё цэгцэлж өгдөг, нямбай, хичээнгүй болсон байдаг шүү. Зөвхөн миний ажилд төдийгүй гэрээ цэвэрлэх, хоол хийхээс авхуулаад бүхий л зүйл дээр надад тусладаг, их нэмэртэй, дэмтэй байдаг. Би төрсөн эгч, эмэгтэй дүүгүй. Тийм болохоор надад дутагдаж байсан хоосон орон зайг охин маань дүүргэж өгсөн шүү. Өөрт нь таалагдахгүй зүйлс байвал их эвтэйхнээр хэлж ойлгуулдаг. Хааяа миний хувцас, гоёлыг хараад тоглоомоор “Тэгээд ингээд явах зүгээр үү, тээ” гээд л кинон дээр хэлдэг үгсийг маань ашигладаг.

-АЛИВАА АСУУДАЛ, ЗОВЛОНГИЙН ЭХ ҮҮСВЭР НЭГ ХҮНИЙ БУРУУ БАЙДАГГҮЙ-

-Охиндоо мэргэжлээ өвлүүлэх, урлагийн хүн болгох бодол бий юү?

-Охиноо кино урлагийн чиглэлээр сурах уу гэж асуухад “Та хоёр намайг ямар ч мэргэжилтэй бол гэсэн би чадна” гэсэн. Тэгээд гадаадад сургуульд явна гэж байснаа болиод нано технологийн инженерээр сурч байгаа.

-Г.Ундармаагийн ярианаас анзаарахад танайх их халуун дулаан уур амьсгалтай, дотно гэр бүл шиг санагдлаа. Танд тусгай жор бий юү?

-Бид их хөдөлгөөнтэй байдаг. Хэчнээн ачаалалтай завгүй байсан ч, салхинд гарах зэргээр хөгжилтэй, идэвхтэй амьдрахыг хичээдэг. Сүүлийн үед хамтдаа хөзөр тоглож байгаа. Тэгээд тухайн өдрийнхөө зүйлийг ярилцангаа хөгжилддөг.

Манай нөхөр тамирчин, охин бүжгийн эвсэлтэй. Бид гурав бас заримдаа зааланд сайхан бүжиглэнэ ээ. Спорт манай гэр бүлийн салшгүй нэг хэсэг. Нөхөр волейбол, сагсан бөмбөг тоглоно. Охин маань ч мөн спортод дуртай. Харин би сайн тоглохгүй ч, хамгийн сайн дэмжигч нь. Гэр бүлийн гишүүд хоорондоо сайн ярилцаж байх хэрэгтэй. Ямарваа үл ойлголцол, асуудал зөвхөн нэг хүний буруу байдаггүй гэж боддог.

-Энэ бүх завгүй ажлын хажуугаар гэрийн эзэгтэйн ажил, хүүхдээ асрахыг хэрхэн зохицуулж байв. Хань нь магадгүй их тусалдаг байсан байх?

-Манай хүн охиныхоо хичээлийг хийлгэнэ, өглөө хүргэж орой авдаг байсан. Би сайндаа ч биш, хичээлийг нь хийлгэх гэхээр сайн ойлгохгүй, монгол бичиг дээр нь л тусалдаг байлаа. Ихэвчлэн өглөө, орой эзгүй ажилтай байж таардаг. Тиймээс бид хоёр хүүхдээ сургуульд ороход нь үүрэг, роль хувааж авч байсан. Би охиныхоо урлаг, уран сайханд анхаарч, манай хүн сурлага, зан төлөвт анхаарч эхэлсэн. Ингээд би төгөлдөр хуур, бүжгийн багш авч өгөөд охин маш хөөрхөн бүжиглэдэг болоод урлагийн үзлэг бүрдээ шилдгээр шалгардаг байсан.

Би кино хийж эхлээд олон сар, хоногоор зурганд явах зэргээр охиныг анхаарах нь багасаад эхэлсэн л дээ. Тэгсэн охин маань бүжгээ орхиод тамирчин болчихсон байсан. Яасан гэсэн аав нь намайг байхгүйд охиноо сагс тоглуулж, бөмбөг шидүүлсээр байгаад бүр мэргэжлийн тамирчин болгочихсон байгаа байхгүй юу. Ерөөсөө л надаас үлдсэн зүйлгүй, аавын бүтээгдэхүүн болчихсон.

-АЖЛЫНХАА ХАЖУУГААР БОКСООР ХИЧЭЭЛЛЭЖ, ЗӨВ ХООЛЛОЛТОД АНХААРЧ ЭХЭЛСЭН-

-Таныг боксын спортоор хичээллэдэг гэж сонссон. Магадгүй жингээ хасаж, улам үзэсгэлэнтэй болсоор буй нууц тань спорттой холбоотой юу?

-Би спортоор нэг их удаан, тууштай хичээллэж байгаагүй. Анх ахлах сургуульд байхдаа волеболын дамжаанд бүртгүүлсэн. Тэр үед хоёр удаагийн хичээлд л суугаад байхад багш дуудаад “Ундармаа чи ер нь бүжгээ л хийгээд яв дөө. Чиний бие, гарыг эвдчихэж магадгүй. Зүгээр урлагаараа яв” гэж хэлсэн. Тэгээд би волейболын дамжаанаас гарсан юм. Тухайн үед багшийнхаа үгэнд ороод гарсандаа зарим зүйлд нь харамсдаг. Боксын хувьд гэвэл манай ажлынхан боксоор хичээллэдэг байсан болохоор заримдаа нэг нэгэндээ зааж өгөх маягаар биеийнхээ чилээг гаргаж байгаа.

Ингээд тууштай, тасралтгүй хийгээд эхэлсэн чинь бие маань дасаад, хөнгөрөөд их сайхан болж эхэлсэн л дээ. Миний хувьд спортын нарийн зүйлсийг сайн мэдэхгүй ч хийдэг хэдэн дасгал бий. Тиймээс удахгүй мэргэжлийн багш, дасгалжуулагч дээр цаг гарган очиж, бэлтгэл хийе гэж бодож байгаа. Мөн зөв хооллох талаар анхаарч байгаа. Оройн цагаар хоол идэхгүй байгаа. “Эрүүлмаа” анх надад санал тавиад, ноднин жил киноны зураг авалт эхлэхээс өмнө мөрдөж эхэлсэн. Тэгээд л яг хоол зүйн, сэтгэлзүйн, хөдөлгөөний багшаасаа зөвлөгөө аваад, хэрэгжүүлж байгаа.

-Г.Ундармаа хошин урлагийн жүжигчин байсныг, “Шинэ үе”-ээр овоглож явсныг хүмүүс сайн мэднэ. Эрсдлийг ганцаараа үүрч, “U film” продакшнаа байгуулах санаа хэрхэн төрөв?

-Анх “Single ladies” киноныхоо эхний ангийг хийгээд продакшнаа байгуулсан. Түүнээс хойш яг долоон жил болж байна. Манай компанийн толгой компани нь “U team” гээд байгууллага байдаг. Анх хүнсний борлуулалт хийдэг байсан. Харин одоо бичиг хэргийн бараа худалдаалж, байгууллагуудад нийлүүлдэг. Бас хүнсний дэлгүүрүүд ажиллуулдаг байснаа болиод кино руугаа анхаарч эхэлсэн. Учир нь хүнсний бизнесийг кино, уран бүтээлийн хажуугаар хийх нь маш хүндрэлтэй байсан. Тиймээс болиод, яг л кинондоо анхаарч эхэлсэн гэхэд болно.

Манай продакшн одоогоор 10 хүний бүрэлдэхүүнтэй, цалинжаад явдаг. Яг киноны төсөл ороод ирвэл бид бараг 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Зураг авалтын турш тухайн бүрэлдэхүүнээрээ гэрээгээр ажилладаг гэхэд болно. Үнэнийг хэлэхэд би анх яг ганцаараа эхлүүлсэн, санхүүгээ ч ганцаараа зохицуулсан. Нөхөр минь мэдээж надад тусална. Сүүлд манай менежер орж ирээд, манай одоогийн баг бүрдсэн. Бид маш гоё гар нийлж ажилладаг. Бүгд йога хийнэ, бүжиглэнэ, спортоор хичээллэнэ. Одоо ингээд бүгд л их сайхан эрх чөлөөтэй, хариуцлагатай, сэтгэлтэй ажилладаг. Их ачаалалтай ядарсан үед тухайн хүнээс ажлын бүтээмж, эрч хүч гарахгүй учраас ядарсан чилсэн үедээ заал руугаа ороод ч сайхан бүжиглэх, эсвэл йога дасгал хийдэг. Энэ нь ч үр дүнгээ сайн өгдөг.

-МИНИЙ ОДООГИЙН СУУРЬ, ЧАДВАРЫГ MCS ГРУПП ТАВЬЖ ӨГСӨН-

-Та өөрийгөө хэр сайн удирдагч, манлайлагч гэж боддог вэ?

-Би одоо л суралцаж байна. Өмнө нь ажилчидтайгаа зэрэгцэж ажиллаад байсныгаа ойлгосон. Мэдээж энэ хугацаанд алдаж, онох олон зүйлстэй л учирлаа. Би өөрөө номын дууг нь сонсоогүй, яг л өөрийн мэдрэмжээр ажилласан л даа. Мөн MCS компанид худалдагчаас эхлүүлээд борлуулагч, маркетинг гэж ахисаар 13 жил ажилласан учир, бас тухайн компаниас сурсан, үлдсэн зүйлс олон бий.

-Тэгэхээр та урлагийн хажуугаар хэдийд MCS группт ажиллаж байсан юм бэ?

-Би Эрдэнэт хотын хүүхэлдэйн театрт гурван жил ажилласан. Тэгээд хотод ирээд, MCS компанид ороод 13 жил ажилласан байдаг юм. MCS-д ажиллаж байхдаа хошин урлагийн театрт ороод 17 жил хөдөлмөрлөсөн. “U film”-д долоон жил ажилласан гэхээр тасралтгүй 20 гаруй жил завгүй ажилласан юм байна.

-Тэгэхээр таныг зөвхөн жүжигчин гэж тодорхойлох зохимжгүй. Г.Ундармаа олон талаар өөрийгөө хөгжүүлж яваа юм байна шүү дээ.

-Тийм шүү. Би мэдлэг боловсролоо сайжруулахаар дахиж өөр сургуульд суралцаагүй. Санхүү эдийн засгийн дээд сургуульд нэг жил сурсан. Тэгээд яг л амьдралынхаа практик, идэвхээр л ажиллаж яваа. Би MCS компанид маш их баярлаж явдаг. Намайг оруулсан нь их юм л гэж боддог байлаа. Тиймээс бүхий л суурь, чадвараа би тэндээс сурсан.

-Та өнгөрсөн жилүүдэд жүжигчин, чөлөөт уран бүтээлч, продакшны захирал, бизнес эмэгтэй гээд бүхий л зүйлсийг хийж, амжуулсаар өдий хүрлээ. Энэ бүхнээс танд хамгийн их таашаал, аз жаргалыг өгдөг нь юу вэ?

-Надад бүгд л гоё санагддаг. Би хүнсний дэлгүүртээ байхдаа бараагаа өрөөд, гадагшаа амарч явахдаа ашиг олохгүй ч, гоё чамин зүйлсийг авч зарах дуртай байсан. Манай дэлгүүрээс хүмүүс гоё зүйл авах дуртай байсан. Бас анх БНСУ-аас жимс зөөдөг, түүндээ дуртай байлаа. Дэлхийн бизнесийн жишгийг Монгол Улсад оруулж ирсэн компани гэж MCS-ийг үнэлдэг. Би тус группийн захирлуудыг шүтэж, хүндэлж явдаг.

Компанийнхаа шинэ жил бүрийг зохион байгуулдаг. Өмнөх жилүүдийнхээ баярыг давуулж хийх гээд л хэрэндээ хичээдэг. Шинэ Үе продакшинд ч мөн гоё байлаа. Би өөрийгөө хамгийн гоё үед нь байсан гэж боддог. Үеийнхэнтэйгээ мөр зэрэгцээд урлагийн тайзан дээр гарах нь хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг байсан. Тайзнаас үзэгчидтэйгээ харилцах их гоё.

Харин киноны уран бүтээл дээр ажиллахад нөгөөтэйгүүр надад маш их хариуцлага ирсэн. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл надаас хамаарна, бүгд надад итгэж байгаа гэж бодохоор л өөрийгөө илүү сайн байх ёстойг ухамсарладаг. Нөгөөтэйгүүр би өөрөө хоёр ажил хийгээд 100 хувь ачаалалтай, зүтгэлтэй ажиллаад ирсэн учраас хамт олноо ч их ажлаар дардаг юм болов уу гэж хааяа сэтгэл өвдөнө.

Ингээд ирэхээр өмнө нь “Шинэ үе”-д байсан Бооёогийнхоо зовлонг ойлгож эхэлсэн. Өмнө нь удирдлагын ажил хэчнээн хийж байсан ч бүх зүйлийг компаниас бэлдээд өгчихдөг байсан. Ажилчдын цалин яах вэ гэх мэт зүйлд санаа зовдоггүй, зөвхөн л өмнөө байгаа ажлаа сайн хийхийг хичээдэг байлаа. Харин одоо бол ажилчдынхаа цалинг яах вэ, шинээр орсон охин маань ажилдаа дасаасай, ажилчид маань ядарч, өвдөх вий гэх мэт олон зүйлд анхаарлаа хандуулдаг болсон.

-ӨӨРИЙГӨӨ ЭВДЭЖ, “ХАЙРЦГААСАА ГАРЪЯ” ГЭЭД ПРОДАКШНААСАА ГАРЧ БАЙЛАА-

-Удирдагч, манлайлагч хүн бүхний арга барил ондоо. Хамт олноо хэрхэн удирдаж, чиглүүлдэг вэ?

-Мэдээж уурлах үедээ уурлана, баярлах үедээ баярлаад л явна. Би ажилчдаа орж ирэхээр нь эрхлүүлчихнэ, бүр эрхлээд ирвэл загнана. Одоо л үүний тунг нь тааруулж сурч байна даа.

-Таныг бизнесмэн эмэгтэй гэхээс илүү хошин урлагийн жүжигчин гэдгээр нь хүмүүс илүү сайн мэднэ. Яагаад продакшнаасаа гарав?

-Манай продакшин зундаа бараг гурван сар амарчихдаг. Тэгээд нэг их хийх ажил байхгүй. Бусад ажлаа амжуулдаг байсан. Амарч байхдаа нөхөртөө “Single ladies” гээд кино хийвэл гоё гээд л ярьдаг байлаа. Тэгээд амралт ч эхэллээ. Би нөхөртөө “За, хайраа амралт эхэллээ, яах вэ” гээд асуутал “Киногоо хийгээч” гэсэн. Би ч “Чадахгүй байх аа” л гэлээ. Тэгсэн намайг “Чи чадна аа” гээд зоригжуулсан. Тэгээд л тэр зунаа хийсэн юм.

Киногоо хийгээд “Шинэ үе”-ийнхээ тоглолтод бас оролцож байгаа юм. Эргээд харах нь ээ кино маань амжилтад хүрч, ажлынхаа хажуугаар эмнэлгээ тохижуулчихсан, өөр бусад ажлаа бас амжуулсан байсан л даа. Үнэнийг хэлэхэд тоглолтоос тоглолтын хооронд байхаас илүү өөр зүйл хийж, өөрийгөө шинэ түвшинд аваачихыг хүссэн юм. Өнгөрсөн арваад жил тайзнаас өөр хийсэн зүйлгүй, тоглолтоо л тоглодог байлаа. Хайрцгаасаа гаръя, өөрийгөө шинээр нээе, сорьё гэж бодоод л продакшнаасаа гарсан юм.

-Ийм зоримог шийдвэр гарган, цаашдын уран бүтээл, ажилдаа төвлөрөхөд хэн хамгийн их тусалж дэмжсэн бэ?

-Хань минь. Би нэг орсон газраа удаан ажилладаг. Хурдан, түргэн гараад байдаггүй, их тэвчээртэй гэж өөрийгөө үнэлдэг. Үүнд нөхөр маань их нөлөөлсөн л дөө. Заримдаа ажил дээрээ муудалцаад уйлаад гэртээ ороод ирнэ. Намайг залуу байхад нөхөр маань боддог байсан гэж байгаа юм. Намайг гэнэт залгахаар “Яана аа, хүнтэй муудалцаад уйлчихсан юм биш байгаа” гэж. Тэгтэл би утсаа аваад л аймаар эрч хүчтэй ярина. Тэгээд удалгүй нөхөр маань намайг жаргалтай байна гэж бодоод утсаа авахаар би уйлчихсан ярьдаг байсан гээд.

Тэр бүрт нөхөр маань намайг дэмжиж, урамшуулдаг. Бүхнийг маш зөв талаас нь тайлбарлаж, эерэгээр харж чаддаг. Би давхар, давхар олон ажил хийгээд ядраад, бие өвдөхөд нөхөр маань намайг нэг л ажлаа сонго гэж байсан. Тэгэхэд нь би “Анун”-д ажиллахыг сонгохоор болсон ч тухайн үед продакшин маань бутраад Хүрлээ, Амбий ах нар гарчихсан, Бооёо ганцаараа үлдсэн байлаа. Тэгээд би Бооёод “За найзаа, би явахгүй. Чамтай хамт үлдэнэ. Номер бүрдээ ёстой үзүүлээд өгнө” гэж хэлсэн. Тэгэхэд би “Анун”-аас гоё санал тавьсан, үлдэхээр шийдсэн байсан гэдгээ хэлээгүй. Түүндээ ч өөрийгөө их үнэлдэг. Одоо бодоход тэр үед үнэхээр л жинхэнэ эр хүн шиг зан гаргаж гэж боддог доо.

-КИНОНЫХОО ИХЭНХ ҮЙЛ ЯВДЛЫГ БОДИТ ЗҮЙЛСЭЭС СЭДЭВЛЭСЭН-

 -“Single Ladies” киноныхоо санааг хэрхэн олж байсан бэ?

-Тухайн үед надад нас насны олон ганц бие найзууд байдаг байсан. Хамтдаа ярилцаад сууж байхад өөрсдөдөө тохиолдсон хөгжилтэй зүйлсийг ярьж, бид инээдээ барьж дийлдэггүй байлаа. Ерөөс киноны маань үйл явдлын ихэнх нь бодит, болсон зүйлсээс сэдэвлэгдсэн байдаг. Миний ч гэсэн ганц бие амьдралд маш олон инээдтэй, сургамжтай зүйлс олон тохиолдож байсан. Ер нь тэгээд бүсгүйчүүд хүнтэй эрт суух гэж яаралгүй, зөв хүнээ олтол ганцаараа байх нь зөв юм шиг.

Тэгээд л “Энэ бол кино болох юм байна, гэхдээ киногоо сонирхолтой болгохын тулд бүх насны ганц бие эмэгтэйчүүд байх ёстой” гэж бодсон. Кино бүтээхэд тооцоолол маш чухал. Хэнийг ямар дүрд тоглуулж байж тэр киног хүн үзэх вэ гэдэг чинь маш их ухаан юм уу даа.

-Жүжигчдийнхээ сонгон шалгаруулалтыг хэрхэн хийв. Эсвэл санаагаа олохдоо л хэнийг ямар дүрд тоглуулахаа төлөвлөчисхөн байсан уу?

-Хэдийн тоочиглочихсон байсан. Өөр нас, зан, гадаад байдалтай байх нь чухал байсан.

- “Single Ladies” кино үзэгчдэд хүрэхийн сацуу зарим талаар шүүмжлэл дагуулсан. Эрийн хүслэн болсон гурван эмэгтэй юу ч хийхээс буцахгүй байна гэх мэтээр зарим хүн шүүмжилдэг.

-Киноны маань үг, хэсэг бүрийг бодож, зорилготой бүтээсэн. Жишээ нь, жүжигчин М.Баярмагнайгийн хэсгийг бодит явдлаас сэдэвлэсэн. Бааранд сууж байсан хоёр охиныг хоёр залуу ирж танилцаад, Баянхошууны уулын орой дээр аваачиж хөнөөсөн байдаг шүү дээ. Тэр хэргийг сонсоод би маш их эмзэглэж, хүндээр тусгаж авсан. Тиймээс танихгүй хүнтэй юм ярих, дагаж явах нь ийм эрсдэлтэй шүү гэдгийг л киногоороо дамжуулан хөгжилтэй басхүү ухаарал хайрласан байдлаар охид бүсгүйчүүдэд ойлгуулах зорьсон юм.

-МОРЬ УНААД ДАВХИДАГ ХЭСЭГТЭЭ ОРЛОН ТОГЛОГЧ ТОГЛУУЛААГҮЙ

-Дөрөвдүгээр ангиа түүхэн сэдвээр бүтээсэн мөн манлайлагч эмэгтэйн дүрийг бий болгосон тань сонирхол татаж байна. Өмнөх гурваасаа тэс өөр үйл явдалтай анги үзэгчдийн хүртээл болох нь гэж би таамаглаж сууна.

-Санаа гэхээсээ илүү дараагийн уран бүтээлээ түүхэн сэдвээр бүтээнэ, ямар ч байсан зураг авалтаа хөдөө хийнэ гэдгээ төлөвлөчихсөн байсан л даа. Ерөнхийдөө нэг хатны түүхээс сэдэвлэж хийсэн.

-Хүн үргэлж суралцдаг гэдэг. Энэ ангиийг хийх явцад та юу сурч, өөрийгөө хөгжүүлэв?

-Би морь унаж сурсан. Морин дээр мордчихоод юм ярьж чадахгүй чичрээд байдаг байсан юм л даа. Одоо тэгэхээ больсон. Ядарч, стресстсэн үедээ морь унаад давхихаар сэтгэл сэргээд гоё болчихдог. Морьтой давхидаг хэсэг дээрээ орлон тоглогч тоглуулаагүй. Мөн зураг авалтынхаа багийг маш гоё бүрдүүлж чадсан. Би хүн танихдаа, сонгохдоо өөрийгөө их сайн гэж боддог. Энэ маань ч магадгүй их нөлөөлсөн байх.

-Та уран бүтээлийнхээ хажуугаар “Итгэлийн танхим”-аа тохижуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Магадгүй олон хүнээс улс төрд орооч гэдэг үгийг сонссон болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Олон хүрээллийн хүмүүстэй хурал, уулзалтад оролцож явлаа. Ингээд харахад тэр дундаас би л ганцаараа улс төрд ороогүй үлдсэн нь юм билээ. Миний тогтоож өгсөн жишгээр бусад эмнэлэг ч гэсэн гоё сайхан болоосой, хүүхдүүд тухтай үйлчлүүлдэг байгаасай гэж хүссэн болохоор энэ ажлаа үргэлжлүүлсэн. Эмнэлгээ тохижуулаад хүлээлгэж өгөхөд хүмүүсийн хандлага их гоё байдаг. Энэ нь маш их урмыг хайрладаг даа.

Зарим нэг улс төрчид сонгууль дөхөхөөр л ганган хувцаслаад гэр хорооллын айлуудаар явж өөрсдийгөө сурталчлахаас илүү бодитоор тусалж, тэр мөнгөөрөө даацтай зүйлд хөрөнгө оруулж чадахгүй байгаа нь өрөвдмөөр л санагддаг. Ерөнхийдөө системдээ байгаа юм болов уу гэж бодсон. Нэг улс төрч гарч ирэхээр түүнийгээ дагаад доод тушаалтнууд бүгд солигдоно.

Нэгнийхээ хийсэн ажлыг үнэлээд үргэлжлүүлэх бус эсрэгээрээ үгүйсгээд сүйтгээд байхаар бүх зүйлийг дахиад л эхлүүлэх болдог. Гэхдээ энэ маань эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийг чадваргүй гэж хэлж байгаа юм биш шүү. Би саяхан хүнд өвдөөд мэс засалд ороход хавдрын эмч нар маань үнэхээр мундаг болсныг бүр ч их мэдэрсэн.

-Тохижуулж буй эмнэлгийн зардлыг өөрийнхөө хөрөнгөөр гаргадаг уу. Эсвэл тухайн байгууллагуудтай хамтарч ажилладаг уу?

-Надад тусалдаг, хамтарч ажилладаг олон байгууллага бий. Нэг төсөл дээр л гэхэд 40, 50 аж ахуй нэгжүүдийг нэгтгэж байна шүү дээ. Тэгэхээр дараа дараагийн төсөл дээр хөнгөлөлттэй үнээр үйлчлэх зэргээр хамтарч ажилладаг. Түүнээс биш өөрөө боломж, бололцоотойдоо тэгж тохижуулдаг юм биш шүү.

-Санаачлан хэрэгжүүлж буй “Итгэлийн танхим”-ын үргэлжлэл, магадгүй үүнийг л хийгээд, ажил хэрэг болгочих юм сан хэмээн боддог зүйл бий юу?

-Уран бүтээлчид нэгдээд гэр бүлийн хүчирхийлэл, охидын эсрэг үйлдэгдэж буй энэ харгислалыг зогсоох, үүнд хүчтэй дуу хоолойгоо өргөхийг хүсэж байна. Сошиалаар сүржигнээд өнгөрөх биш, үүнийг ажил хэрэг болгоод гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулахад бодит дэмжлэг үзүүлэхийг л зорьж явна.

 -Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-25 16:09

Үнэн шүү, хамгийн гол нь хүн чанартай хань үр хүүхдээ хуурч мэхэлдэггүй ер нь хүүхэн харахаар л мэдрэл нь өөрчлөгддөг хүн хэрэггүй

zochin
zochin
2020-09-26 07:16

teneg em

1
1
2020-09-26 20:19

таныг дэмждэг.УНДАРМАА бол үлгэр дуурайл�##�тай амьдр�##�тай ,хүүхдээ жинхэнэ хүн болгож жүмүүжүүлж чадсан хүн.хэрсүү ухаантай ,т�##�архаж чаддаг, бодол зорилго нь эрүүл хүн шиг санагддаг шүү. танд болон хайртай бүхэнд чинь сайн сайхныг хүсье

1
1
2020-09-26 20:23

хүүхэн харахаараа мэдрэл нь өөрчлөгддөг харчуул үнэхээр зөндөө байдаг.эхнэрүүд нь тэдний дотор нь орсон юм шиг мэддэг.

tuya
tuya
2020-09-28 12:33

Odoonii hvvhdvvdiin shiljiltn nas bvh yum ni uragshilsan bg a uchir tsewershilt vm bvh yum ni ert bolno tiimees ohidoo zuw usguud zuw hvntei yerhvvleh ni heregtei, surguuli tugsuud hvntei suu enetr gj hoishluulah ni buruu gj neg emch helsen shvv

Rainbow
Rainbow
2020-09-30 23:08

Зарим өвгөчүүл бүр гаж донтон, үр хүүхэддээ багаас нь бэлгийн боловсрол олгож хүн амьтанаас ялгаатайг, мөн гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулмаар л байх юм

Холбоотой мэдээ

Back to top button