НИЙГЭМ

Машинтай хүн ХОЖДОГ БИШ ХОХИРДОГ хотод АЛХЪЯ, нийтийн тээврээ сонгоё

Манай улсын нийт иргэдийн талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрдөг. Зун цагт цөөнгүй хэсэг нь хотоос гарчихдаг бол намар ирэхээр хөдөө орон нутгаас оюутнуудын цуваа цувж, хичээл сургууль ч эхэлдэг. Жил бүрийн ес, аравдугаар сард ерөөс амьдрал буцалж, түм түчигнэн, бум бужигнаж гардаг билээ.

Үүнийг салшгүй дагадаг нэг зүйл бол хотын их түгжрэл. Гэхдээ түгжрэлийн асуудлыг бид өөр, зуураа ярьдаг ч байдаг л зүйл шиг санаж явсаар даджээ. Харин өчигдөр /2020.09.30/ нийслэлчүүд 0 зогсолт хийж, 3-5 цаг зам дээр зогссон жолооч нарын стресс бухимдал дээд цэгтээ хүрэв. Сүүлдээ хүлээн зөвшөөрч, “анир бясалгалын” байдалд орж, тоглоом шолгоомч байдлаар хандаж эхлэв үү гэмээр харагдлаа.

Ерөөс сошиал ертөнцийн тренд сэдэв түгжрэл болов. Зайлшгүй асуудал болгон дэвшүүлэх ёстой, эрх баригчдаас шаардах учиртай болжээ гэдэг мессежийг хэн хүнгүй авах шиг боллоо.

Хүн ажил амьдралаа хялбарчилж, цаг хугацааг хэмнэхийн тулд хувьдаа машин авч, замын хөдөлгөөнд оролцдог. Гэтэл энэ нь урвуугаар эргэж, хэн завтай, хэн тайван нь машины руль атгаж, түгжрэлийн анир гүмд нозоорч суухыг хүсдэг гэмээр дүр зураг нэгэнт бий болжээ.

Арай ч 0 зогсолт хийлгүй ямх, ямхаар урагшилж, ажлаа хоёр, гурван цагийн өмнө төлөвлөн амьдарч сурсан, дадсан тулдаа нийслэлчүүд “Түгжрэл” гэж амь тавин орилчхолгүй амьдардаг байх. Харин өчигдөр урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй нэг газраа цаг, цагаас илүү зогссон жолооч нар үнэнхүү “гайхлаа”.

Бидний хувьд ч, эрх баригчдын хувьд ч түгжрэл гэдэг мэдээжийн сэдэв. Түгжрэлийг бууруулъя гэж ярьдаг улс төрийн зүтгэлтнүүд төдийгөөс өдий хүртэл цөөнгүй байсан. Метро, цахилгаан автобус, дүүжин тээвэр барина гэхчлэн санал санаачилгуудыг ярьсаар байдаг ч ажил хэрэг болдоггүй, харин өрийг өрөөр дарж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр таардаг.

Нэгэнт улсаас дэд бүтцийн томоохон өөрчлөлт хийтлээ хэд гурван жилийг үдэх нь тодорхой учир иргэд өөрсдийнхөө амьдралын хэв маягт өөрчлөлт хийх нь чухал байх шиг. Өөрөөр хэлбэл юу юугүй машин унана гэж зүтгэхээс илүү 1-2 км газарт алхчихдаг, эсвэл дугуй унадаг, адаглаад нийтийн тээврээ сонгодог байх хэрэгтэй болжээ. Энэ нь таны эрүүл мэндэд ч хэрэгтэй. Ер дэлхийн хөгжингүй орнуудын иргэдийн сэтгэхүйд “Машин унах хэрэггүй” гэсэн хандлага суусан байдаг. Машин барьдаг бол өндөр ч татвар төлдөг. Бидний хувьд машин бол хангалуун, дориун амьдралтайн баталгаа гэж хэлбэр талаас нь үздэг харах өнцгөө л өөрчилчихмөөр.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bayar
Bayar
2020-10-01 10:57

Tegsh sondgoigoor yavuulah heregtei sh de teevriin tsagdaa ajilaa hii yunaas aigaad bgaa

Холбоотой мэдээ

Back to top button