НийгмийнЯрилцлага

Ц.Энхжаргал: Амьдралын утга учир, аз жаргалыг чөлөөт бөхөөр л төсөөлдөг байсан нь миний алдаа

Аливаа зүйлийн анхдагч байх, бусдад амжилтын жимийг нь гаргаж өгөх сайхан. Ялангуяа спортын салбарт бүр ч илүү. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны тодотгол бүхий хамгийн олон амжилтын эзэн бол яахын аргагүй Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал. ДАШТ-ээс медаль хүртсэн, Азийн хошой аварга болсон, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан гээд анхны тодотгол бүхий олон бахдам амжилт түүнийх. Үүний сацуу олон улсын тэмцээнээс медаль хүртсэн, Азийн дэвжээнд үзүүрлэсэн нь мөн л анхных.

Монгол эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс медаль хүртэж чадахыг анх баталсан түүхэн амжилтын эзэн. Ц.Энхжаргал гавьяатыг булган сүүлтэй гэж спортынхон үнэлж, хүндэлдэг. Яах аргагүй түүнд тохирсон тодотгол мөнөөс мөн. Ц.Энхжаргал гавьяатын гаргасан жимээр алхан, түүнээс үлгэрлэсэн эмэгтэй бөхчүүд өнөө цагт ямар амжилт гарган, олимп, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг олонтаа дуурсгаад буйг энд онцлох илүүц биз ээ.

No description available.

Тэрбээр үрийн зулай үнэрлэн дэвжээндээ эргэж ирээд, 2016 онд “Mongolia open”-д түрүүлж, дараа жил нь УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь ясны тамирчных нь илрэл. ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, Монгол Улсын 10 удаагийн аварга Ц.Энхжаргалтай ярилцлаа.

НЭЛЭЭД ХОЖУУ, 18 НАСТАЙДАА ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН

-Та Монголын спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон ажилтын эзэн. Манай улсад чөлөөт бөхөөр барилддаг эмэгтэй хүн хуруу дарам, нийгэм төдийлөн ойлгодоггүй, дэмждэггүй байсан үед энэ спорттой амьдралаа хэрхэн холбож байв?

-Би 18 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Их спортод хожуу нас л даа. Ховдод байхдаа барилдах сонирхолгүй, чөлөөт бөхийн тухай төдийлөн мэддэггүй байв. Аравдугаар ангид сурч байхад манай аймагт “Бага олимп” болсон. Тэр тэмцээнд жүдо бөхийн төрлөөр оролцон, хүрэл медаль авсан. УАШТ-ээс медаль хүртсэн охинд дийлдсэн юм. Бөхийн төрлөөр гаргасан анхны амжилт минь тэр. Тамирчин болохоор шийдсэн минь тэндээс эхлэлтэй. Сургуулиа төгсөөд, намар нь “Шонхор” дээд сургуулийн чөлөөт бөхийн ангид орж билээ. Нутагтаа жүдогоор амжилт гаргасан болохоор бөхийн аль төрлөөр нь хичээллэх вэ гэж нэлээд эргэлзсэн. Буянхишиг найз маань чөлөөт бөхөөр хичээллэхийг надад зөвлөснөөр эл спорттой амьдралаа холбосон юм.

No description available.

Чөлөөт бөхөөр зургаан сар хичээллээд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэн, их урамшиж билээ. Тэр жилээ Туркэд болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэгж л Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олон улсын дэвжээнээс медаль авсан анхны эмэгтэй тамирчин болсон юм. Түүнээс хойш зургаан сарын дараа Монголд зохион байгуулагдсан Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Түрүүлэх боломж байсан ч туршлага дутсан тал бий. Азийн дэвжээнд үзүүрлэсэн маань Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын түүхэнд мөн анхных. Эл спорттой амьдралаа холбон, анхны тодотгол бүхий олон, олон амжилт гаргасан маань Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багштай салшгүй холбоотой.

-Их спортод тэгж хожуу хөл тавин, зургаахан сар хичээллээд шууд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн хэр олон тамирчин байдаг бол?

-Ёстой мэдэхгүй. Ер нь цөөхөн байх. 18-тайдаа чөлөөт бөхөөр хичээллэнэ гэдэг оройтсон нас. Үнэхээр авьяастай, хичээл зүтгэлтэй байж л амжилтад хүрнэ. Тийм болохоор бусдаас хоёр, гурав дахин илүү хичээх, хөдөлмөрлөхөөс өөр сонголт надад байгаагүй. Цаг хугацаа намайг хүлээхгүй. Тиймээс бүхнээ дайчлаад урагшаа зүтгэсэн.

ЭРЭГТЭЙ ТАМИРЧИДТАЙ ХАМТ БЭЛТГЭЛ ХИЙХЭЭР ХИЙМОРЬ ДОРОЙТНО ГЭЭД ДУРГҮЙЦДЭГ БАЙЛАА

-Тухайн үед эмэгтэй хүн чөлөөт бөхөөр барилдана гэхээр хүмүүс хэрхэн хүлээж авдаг байв. Магад төсөөлөхөд ч зарим хүнд бэрх байсан болов уу?

-Ёстой үнэн шүү. Тийм байсан нь үнэн. Бусад хүн битгий хэл гэр бүлийнхэн маань гайхаж, багагүй эсэргүүцсэн. Анх намайг эл спортоор хичээллэж эхлэхэд эмэгтэйчүүд бэлтгэл хийдэг заал байгаагүй. Эмэгтэй хүн чөлөөт бөхөөр барилдана гэхээр хүмүүс их гайхдаг байсан. За, тэгээд бэлтгэл хийхээр эрэгтэй бөхчүүд дургүйцнэ. Эмэгтэй хүнтэй хамт бэлтгэл хийхгүй, хийморь, сүлд доройтно гэх хандлага гаргана. Бэлтгэл хийхийн тулд хүн, хүнийг царайчилна, адлуулна. Тэглээ гээд бууж өгөөгүй. Заалны жижигхэн буланд Т.Сүхбаатар багшийнхаа удирдлагад, Буянхишиг найзынхаа хамт бэлтгэл хийдэг байлаа.

No description available.

Хэцүү байсан бас нэг зүйл нь барилдааны бэлтгэл. Томоохон амжилт гаргахын тулд тэр хэрээр бэлтгэлээ чанартай хийх учиртай. Барилдааны бэлтгэл сайн хийж байж л амжилт сайжирна, ур чадвар ахина. Сайн өрсөлдөгч, бэлтгэл хангагчгүй байсан болохоор бэлтгэлээ эрэгтэй бөхчүүдтэй, Сүхээ багштай хамт хийдэг байлаа. Хааяа нэг Буянхишигтэй, ганц нэг эмэгтэй тамирчинтай барилдана. Ихэвчлэн эрэгтэй бөхчүүдтэй барилддаг байсан маань миний амжилтад их нөлөөлсөн. Эрчүүдтэй барилдахаар эмэгтэй бөхчүүдтэй зодоглосноос хэд дахин илүү ачаалал авна, ядарна. Хэрэндээ ялагдахгүйг хичээнэ. Тэр хэрээр миний амжилт, ур чадвар хурдан ахисан. Магад хожуу хичээллэсэн дутуугаа тэгж нөхсөн байх. Тийм нөхцөлд л бэлтгэл хийн, амжилтад хүрсэн юм шүү дээ.

Тэгж явсны өгөөжөөр өдгөө эмэгтэй шигшээ баг байгуулагдан, олимп, дэлхийн медальтнууд, олон гавьяат төрсөнд баярлаж явдаг. Энэ бүхний эхлэлийг тавьсан, олон тамирчинд урам зориг өгсөн гэж бодохоор өөрөөрөө бахархдаг. “Энхжаргал эгч чадсан юм чинь би чадна. Эмэгтэй хүн чаддаг юм байна лээ” гээд олон тамирчин надаас үлгэрлэж, амжилтад хүрсэн.

Энэ үеэр бидний ярилцаж байсан өрөөнд нэгэн охин орж ирэв. Түүнийг Энхдагина гэдэг. Тэрбээр Ц.Энхжаргал гавьяатыг оюутны дэлхийн аварга болсон өдөр буюу 2006 оны зургаадугаар сарын 16-нд мэндэлжээ. Охиноо амлуулж суусан ээж нь зурагтаар гавьяатын барилдааныг үзсэн байна. Улмаар бэлгэшээн охиндоо Энхдангина гэдэг нэр хайрлажээ. Энхдангина Ц.Энхжаргал гавьяатаас үлгэрлэн, түүн шиг сайн бөх болохын төлөө чөлөөт бөхөөр хичээллэж байгаа гэнэ. Гавьяаттай уулзсандаа их догдолсон тэрбээр ярилцлагаа дуусгахыг нь хүлээж байя гээд өрөөнөөс гарав.

-За, хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас олимпын медальтан, дэлхийн олон аварга төрлөө. Тэр бүхэнд би өөрөө амжилт гаргасан юм шиг баярладаг. Миний амжилт булган сүүлтэй байгаа нь аштай юу даа.

Чөлөөт бөхийн спортоор хичээллэснээр олон сайхан амжилт гаргалаа. Дурсамжтай олон тэмцээн бий. Монголд болсон Азийн АШТ-д анх удаа оролцоод үзүүрлэхдээ их баярлаж билээ. За, тэгээд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийхээ талаар ярихаар сэтгэл сэргэдэг. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд дэлхийн дэвжээнээс медаль авсан анхны эмэгтэй тамирчин боллоо гээд бөөн баяр болсон. Сар гаруй сэтгэл догдолж явсан шүү.  “Би чадлаа. ДАШТ-ээс медаль авч болдог юм байна” гэж бодохоор зүүдэлж байгаа юм шиг. Зүүд биш байгаа даа гэж бодогдож явлаа.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-ээс МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ БӨХ

-Тэр жил ДАШТ-ий хүрэл медалийнхаа өнгийг хувиргах, түрүүлэх боломж хэр байв?

-Түрүүлэх боломж надад байсан. Удаах өрсөлдөгчөө ялчихаад гадаа зогсож байтал гэнэт намайг зарладаг юм байна. Гүйгээд очтол хэсгийн аваргын төлөөх барилдаан эхлэх гээд, өрсөлдөгч Францын бөх намайг хүлээж байв. Би яарч очоод л дэвжээн дээр гарлаа. Өмнөх өрсөлдөгчөө ялаад удаагүй байсан болохоор хувцсаа ч солиогүй байв. Удаж очоод хасагдчих вий гэсэндээ дэвжээн дээр амжиж гарах талаар л бодсон. Тэгж сандарч гарснаасаа болоод барилдаандаа ер төвлөрч амжаагүй. Францын бөх намайг давхар хамаад ялсан. Дараа нь хүрэл медалийн төлөөх барилдаанд Украины бөхийг ялав. “Би чадлаа. Би ДАШТ-ий медальт бөх боллоо” гээд бөөн баяр. Тухайн үед дэлхийн дэвжээнд түрүүлэх, үзүүрлэх боломжоо ашиглаж чадсангүй гэж үнэндээ бодоогүй.

No description available.

-Та ДАШТ-д 10 удаа барилдсан. Зодоглох бүрдээ хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж, ахиулахын төлөө барилддаг байсан нь мэдээж. Хамгийн ойрхон очсон нь аль дэлхийн аварга вэ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Жил бүхэн дэлхийн аварга болох зорилготой барилддаг байв. Даанч санаснаар болоогүй. Үеийн ялалт, сүүлийн оноо авсан бөхийг ялуулдаг дүрэм намайг олон удаа хохироосон. 2006 онд бэлтгэл сайтай байсан ч ДАШТ-ээс сарын өмнө мэс засалд ороод тамир муутай барилдсан. 2008 онд үнэхээр сайн байсан ч ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаад, V байрт шалгарсан. Дараа нь 2013 оны ДАШТ-д ганзага хоосон ирсэн маань үнэхээр харамсалтай. Хагас шигшээд өрсөлдөгчөө 9:2-оор ялж яваад дийлдсэн шүү дээ. Сэтгэл зүрхээ дагаагүй нь миний алдаа.

-Үүнийгээ тодруулахгүй юу. Таны барилдаанд яаж нөлөөлсөн гэсэн үг вэ?

-Барилдааны үеэр надад нэг бодол орж ирнэ ээ дээ. Тийм мэх хийе, ингэж хамгаалъя гэдэг ч юм уу. Дайраад ганцхан оноо авахад би өрсөлдөгчөө ялаад, дэлхийн аваргын төлөө барилдах байв. Мөнгөн медалийн болзол хангах хариуцлагатай барилдаан. Цаг дуусахад 57 секунд дутуу. Тийм чухал үед бодлоо, сэтгэл, зүрхээ дагаагүй нь миний буруу. Сүхээ багш “Наадах чинь ядарчхаж. Нэг ч мэх битгий хий. Хамгаалаад зогс” гэж зөвлөсөн. Би багшийнхаа үгийг дагахгүй юу. Гэтэл өрсөлдөгч маань барилдааны төгсгөлд эцсийн дайралтаа хийгээд намайг дийлсэн. Хүрэл медалийн төлөө барилдахаасаа өмнө 9:2-оор ялж байгаад эцсийн мөчид ялагдсан шокноосоо гарч амжаагүй. Тэгээд л ялагдсан. 9:2 гэдэг тоо нүдэнд харагдаад байв. Тэр барилдаан одоо ч миний санаанаас гардаггүй, үнэхээр харамсалтай.

ДАХИЖ БАРИЛДАХГҮЙ ГЭЖ БОДОХООР ХООЛОЙ ЗАНГИРЧ, НУЛИМС ЦИЙЛГЭНЭЖ БИЛЭЭ

-Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын нүүрийг нэлээд хэдэн жил Та тахалсан. Хүн бүхэн дэмжиж, хүндлэхийн зэрэгцээ амжилт нэхэх нь заримдаа дарамт болдог байв уу?

-Мэдээж хэцүү шүү дээ. Алдар нэр, гавьяат шагналыг хариуцлага дагаж ирдэг. 48 кг-д зодоглодог тул бусад бөхчүүдээс хамгийн түрүүнд барилдана. Би сайн барилдаад, амжилт гаргавал бусад бөхчүүддээ урам өгнө. Тэр хэрээр хариуцлага өндөр. Их хичээх заримдаа амжилтад сөргөөр нөлөөлдөг.

Олны итгэлийг хүлээж явчхаад эх орондоо ганзага хоосон ирэх их хэцүү. Хүмүүс шүүмжилнэ, хэвлэлийнхэн хүрээлнэ. Ярилцлага авъя гэхээр би юугаа ярих вэ дээ. Ялагдлаа бодоод хэдэн өдөр шоконд орно. Гадуур явахад хүмүүс элдэв үг хэлнэ, чулуу шидсэн удаа ч бий. Намайг ялагдчихлаа, амжилт гаргасангүй гэж бухимдсандаа тэр. Хаашдаа надад ямар хэцүү байгаа билээ. Хамгийн их шаналж, харамсаж байгаа хүн нь би шүү дээ. Тийм байхад олны шүүмжлэл, элдэв цуу яриа улам хямраадаг. Ийм хүнд спортоор яах гэж хичээллэв ээ гэж шантарсан удаа надад олон бий. Хичээллэхээ больё гээд шийдсэн ч тэгж чадахгүй. Удлаа гэхэд хоёр сар гүрийгээд л үргэлжлүүлэн барилдана. Зааландаа орж иртлээ халгаж явдаг.

Дэлхийд данстай тамирчин гэр бүл

Барилдахаа больё гэж шийдсэн маань нэг бус. 2008 онд олимп, ДАШТ-д ялагдчихаад спортоо орхихоор шийдсэн удаатай. Хэцүү үед ханиасаа их урам авдаг. Бэлтгэлээ хийхгүй, зааландаа очихгүй, гадуур гарахгүй өөрийгөө олноос нам тусгаарладаг. Тийм үедээ харилцдаг, дэргэд байдаг ганц хүн маань миний хань. Бүхий л амьдралаа зориулсан спортоо гэнэт орхих, болих амаргүй шүү дээ. Тийм болохоор халгаж, халгасаар спортдоо эргэж ирсэн. Бүхнийг шинээр эхлүүлэн, амжилтаа ахиулахын төлөө зүтгэсээр 2013 оны ДАШТ-д харамсалтайгаар ялагдаад жинхнээсээ болихоор шийдсэн. Дахиж барилдахгүй гэж бодоход хоолой зангираад, нулимс цийлгэнэж билээ. Амьдралынхаа хамаг утга учрыг, сайн сайхныг чөлөөт бөхөөр л төсөөлдөг байв. 2013 онд шийдвэртээ бат зогсоод, охиноо төрүүлсэн.

ХАНЬ МИНЬ НАМАЙГ ҮНЭХЭЭР САЙН ОЙЛГОЖ, ДЭМЖДЭГИЙНХ НЬ ХҮЧИНД Л ӨНӨӨГИЙН АМЖИЛТАД ХҮРСЭН

-Та ханьтайгаа 2003 онд танилцсан юм билээ. 11 жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авсан юм байна. Мэдээж хүн л болсон хойно хүүхэдтэй болохыг хүсдэг байсан нь мэдээж. Ц.Энхжаргал гавьяатыг амжилтад хүргэхийн төлөө хувийн амьдралаа хойш нь тавиад дэмжсэн ханиар нь бахархаж байна.

-Ёстой тийм шүү. Ханийг минь Г.Ерөөлбат гэдэг. Монголд гимнастикийн спортыг хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулж яваа хүн бий. Залуудаа тамирчин байсан, одоо Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Хань минь намайг үргэлж дэмжиж, урам өгдгийнх нь хүчинд л би өнөөгийн амжилтад хүрсэн. Намайг амжилтад хүргэхийн төлөө хүүхэдтэй болох хүслээ 11 жил хойш нь тавина гэдэг их тэвчээр. “Амжилт яах вэ, хүүхэдтэй больё” гээд намайг ойлгодоггүй байсан бол би ийм амжилтад хүрэхгүй байсан шүү дээ. 2013 оны ДАШТ-ий дараа хувийн амьдралдаа анхааръя гэхэд “Миний хань дараа нь харамсахгүй гэвэл дэмжилгүй яах вэ” гэсэн.

This image has an empty alt attribute; its file name is 1site_pvpbtQp.jpg

Үнэнийг хэлэхэд хожуу хүүхэдтэй болоход нөлөөлсөн нэг зүйл бий. Хүүхэдтэй болсныхоо дараа барилдаад амжилт гаргана гэдэгтээ итгээгүй нь миний алдаа. Нөгөө талаар намайг барилдаж эхлэхэд “Өө, энэ нэг хүүхэдтэй авгай дийлэхгүй” гэж тамирчдыг шахдаг байв. За, би хүүхэдтэй болвол ингэж хэмлүүлэх юм байна гэж бодсон. Тэгээд нэг мөсөн барилдахаа болиод л үрийн зулай үнэрлэе гэж шийдсэн юм. Тэгж явсаар хамаг цаг хугацаагаа алдсан. Охинтой болоод бид хоёр үнэхээр баярласан. Эхний шөнө ер унтаагүй. Хүүхдээ өхөөрдөөд, нойр хүрээгүй.

-Та хэдэн настайдаа ээж болсон билээ?

-33 настайдаа.  

НАМАЙГ ДАХИАД УЙЛУУЛААД ҮЛДЭЭХ БАЙХ ГЭЖ БОДООД БАРИЛДААГҮЙ

-Та дэвжээндээ эргэн ирээд “Mongolia open-д түрүүлсэн. Өдий насандаа бүхнийг шинээр эхлэх эрч хүчийг юунаас авав?

-Ханиасаа, охиноосоо. Ээж болоод, үрийн зулай үнэрлээд амьдралын минь утга учир нэгээр нэмэгдсэн. Охиноо тэвэрч очоод “Алдар”-ын зааланд бэлтгэл хийсэн. Төрсний дараа спортоор хичээллэх, бүхнийг шинээр эхлүүлэх үнэхээр хэцүү юм билээ. Чөлөөт бөхөөр анх хичээллэсэн үеэс хэцүү санагдсан. Надад үнэндээ томоохон тэмцээнд дахин зодоглох боломж байсан. 2017 онд “Аса” циркийн гадна ДАШТ-д зодоглох бөхчүүдийг сонгон шалгаруулах тэмцээн болоход би барилдах гэж байсан юм. Бэлтгэлээ хийн, жиндээ орчихсон байсан ч тэмцээн болох өдөр гэнэт больсон.

-Яагаад гэнэт тийм шийдвэр гаргав?

-Үнэнийг хэлье, нуух ч шаардлагагүй. Би хэчнээн сайн байсан ч, түрүүлсэн ч намайг хөгшин бөх гээд хасчих байх гэж бодсон. Би сайн байсан жилээ тэгж хасагдаж байсан шүү дээ, 2012 онд. Намайг зунжингаа бэлтгэл хийлгэчихээд яг ДАШТ-д оролцохын өмнө уйлуулаад үлдээх байх, өөр тамирчинг гэнэт сонгочих вий гэж эмээсэн. Тэгж амжилтаараа хохирсон хүн чинь хаширчихдаг юм билээ.

No description available.

Юм гэдэг их сонин. Би үнэхээр залуу тамирчдаа дийлэхгүй байгаа бол ер тэгэхгүй. Тэгэх ч утгагүй. Би жиндээ шилдэг нь байхад зарим хүн “Энхжаргал хөгширчхөөд одоо болиосой. Залуу тамирчдад боломж олго” гэдэг. Гэтэл тэр залуу тамирчид нь намайг дийлэхгүй байсан шүү дээ. Энэ хүн төдийгөөс өдий хүртэл амжилтын төлөө бүхнээ зориулж байна гэж хэн ч хараагүй.

Намайг ялах хүн 48 кг-д гараад ирвэл би хүссэн ч хүсээгүй ч орон зайгаа тавьж өгөхөөс өөр аргагүй. Цаг хугацааны аясаар шахагдана. Үүгээрээ спорт шударга нөгөө талаар харгис шүү дээ. “Энэ хөгширчихөөд одоо болиосой” гэж хэн нэгэн шүүмжлэх надад сэтгэл зүйн том дарамт болдог байв. Би өдөр бүхэн бэлтгэлээ өндөр түвшинд хийхийн хажуугаар тийм сэтгэл зүйг ялах амаргүй. Тиймэрхүү зүйл амжилтад их сөргөөр нөлөөлдөг. 48 кг-д 15 жилийн турш жин хасан, формоо хадгалж дэлхийн хэмжээнд барилдах үнэхээр хэцүү. Би заримдаа есөн кг жин хасдаг байлаа.

-Та хамгийн сүүлд хэзээ тэмцээнд оролцов?

-За, байз юу билээ. 2017 онд юм байна. Одоо ерөөсөө бүх хайраа, цаг заваа гэр бүлдээ зориулж байна. Барилдахаа болих талаар бодохоор яагаад тэгж их шаналж, хорогдож байсан юм бол. Үр хүүхэдтэй болоогүй байсан болоод ч тэр үү аз жаргалыг зөвхөн чөлөөт бөхөөр л төсөөлдөг байж. Хүүхэдтэй болохоор хүний бодол өөрчлөгддөг юм билээ. Одоо бол тэгж байсныгаа үнэхээр гайхдаг. Хүсвэл би дасгалжуулагч хийгээд, чөлөөт бөхийн спорттой амьдралаа үргэлжлүүлэн холбоод явж болно шүү дээ.

НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙХЭЭ ҮЕЭР ЗОДОГ ТАЙЛНА

-Та нэрэмжит тэмцээнээ зохион байгуулж, зодог тайлах ёслол хийгээр төлөвлөжээ. Энэ тэмцээнийхээ талаар сонирхуулахгүй юу?

-Би барилдахаа болиод нэлээд хэдэн жил болж байна. Зодог тайлах ёслол хийх талаар бодоогүй явсан юм л даа. Чөлөөт бөхийн хүрээнийхэн “Чи олон амжилтын анхдагч. Зүгээр нэг ингээд больчихвол дэндүү харамсалтай. Нэрэмжит тэмцээнээ хий, албан ёсоор, ёс төртэйгөөр зодог тайл” гэж надад зөвлөлөө. Нээрэн ч тэгэх нь зүгээр санагдсан. Дараа дараагийн тамирчид маань надаас үлгэрлэх болов уу гэж бодож сууна. Анх удаа зохион байгуулах нэрэмжит тэмцээн маань эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 10 жинд болно. Тэмцээнээ аравдугаар сарын 19-20-нд Спортын төв ордонд зохион байгуулна.

Би уг нь энэ сарын 19-нд бага хүүгийнхээ даахийг авъя, дараа жилээс нэрэмжит тэмцээнээ хийхээр төлөвлөж байсан юм. Коронавирусийн халдварын улмаас тамирчид маань тэмцээнд оролцоогүй, форм муутай байгаа. Тиймээс нэрэмжит тэмцээнээ хийхээр гэнэт шийдлээ.

No description available.

Өнөө цагт тэмцээний зардал гээд эмэгтэй тамирчид ямар ч байгууллага дээр очиход дэмждэг, чөлөөт бөхөөр хичээллэхэд эцэг, эх нь дэмждэг болсон. Ийм боломжийг бусдад нээж өгсөндөө олзуурхаж байна. Надаас сурах юм байвал би хэзээ ч татгалзахгүй, дуртайяа заагаад өгнө. “Eguur.mn” сайтаар дамжуулан Монголын ард түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье. Нэрэмжит тэмцээнийг маань ирж үзээрэй гэж монголчуудаа урья.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-10-08 11:56

tanid ih spotod oruulsan ene ih huvii nemer tuunchlen Mongol ulsiin choloot byhiin ner hundiig delhiin tawtsand orgoj yavsand tani talarhaj bn.Tanid amidraliin hamgiin sain saihaniig husie.Onor otgon saihan ail, sain eej, sain hani bolj yawaarai

Зочин
Зочин
2020-10-13 15:04
Reply to  Zochin

Сайхан ярилцлага болжээ

Зочин
Зочин
2020-10-08 15:04

Сайхан ярилцлага уншлаа баярл�##�аа

НАСАА
НАСАА
2020-10-09 10:17

ХӨӨРХӨН ИНЭЭГЭЭД Л ЯРЬДАГ ХҮН ШҮҮ ККК

Хонгороо
Хонгороо
2020-10-09 22:35

Фб хаяг нь юу юм бол????

зочин
зочин
2020-10-24 10:51

Ухаанаар барилддаг юм шиг санагддаг байж билээ.Сайн сайхныг хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button