Сурвалжилга, Нийтлэл

БНСУ-ын “Takhi” брэнд Монголд байдаггүй “Тахь хамгаалах сан”-д хууртаж, хандив өгсөн үү

Монголд “Тахь хамгаалах сан” нэртэй байгууллага байдаггүй. Гэтэл “АНУ-ын алдарт The North Face брэнд Takhi нэртэй куртка үйлдвэрлэж, орлогоосоо Монголын Тахь хамгаалах санд хандивладаг” гэсэн мэдээлэл түглээ. Үүнийг сошиал орчинд олон хүн эерэг агуулгаар хуваалцжээ. Угтаа “The North Face” брэнд ч түүхэндээ “Takhi” нэртэй куртка үйлдвэрлэж байсан удаагүй аж.

https://www.facebook.com/TimeToBeArt/posts/1693513004149905

-“THE NORTH FACE” БИШ “TAKHI”-

Уг мэдээлэл анхлан Твиттер орчинд байршиж, дараа нь Фэйсбүүк сүлжээгээр идэвхийлэн хуваалцагдсан юм. Зурагт харагдаж буй куртканы “Takhi” гэсэн бичиг, мөн Монголд, хөдөө орон нутагт өргөн хэрэглэдэг УАЗ Фургон автомашины зураг бүхий шошго нь анхаарал татна. Эндээс мэдээлэлд эхний тодруулгыг хийж болно.

Эгнээний хамгийн ард “The North Face” брэндийн куртка харагдаж байна. Харин түүний урд өлгөгдсөн куртканууд нь өөр брэндийн, тодруулбал “Takhi” нэрийнх байгаа юм. Тэгэхээр мэдээллийг анхлан байршуулсан иргэн энэ эгнээний бүх курткийг “The North Face” брэндийнх гэж андуурчээ.

“The Takhi” нь БНСУ-ын нэлээд алдартай хувцасны брэнд юм. Энэ талаар сүүлд дэлгэрэнгүй дурдана.

Тэгвэл “Тахь хамгаалах санд хандив өгдөг” гэх мэдээлэл ямар учиртай вэ.

-ХАНДИВ АВЧ БАЙГААГҮЙ-

Монгол Улсад тахь хамгаалах, нутагшуулах чиглэл бүхий дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт,

  • “Хустайн цогцолборт газар төв” ТББ
  • “Хомын талын тахь” ТББ
  • БОАЖЯ-ны харьяа, Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг , “Тахийн тал”-ыг хамгаалах нэгж байгууллага
  • Олон улсын тахь групп гэсэн байгууллагууд багтана.

Дээрх байгууллагуудаас тодруулахад аль нь ч куртка үйлдвэрлэдэг гаднын компаниас хандив, санхүүжилт авч байгаагүй гэсэн хариу өглөө. Тухайлбал “Хомын талын тахь” ТББ-ын ажилтан “Ийм мэдээлэл түгсэн. Манайх тийм хандив авч байгаагүй. Тахь хамгаалдаг гурав, дөрвөн л байгууллага бий. Тэд ч мөн ийм хандив авч байгаагүй гэж байсан. Энэ тухай БОАЖЯ-наас шалгаж байгаа гэж сонссон” гэлээ.

Харин Олон улсын тахь группээс тодруулахад “Манайд тийм утга бүхий хандив ирж байгаагүй. Мэдээлэлд дурдагдсан Тахь хамгаалах сан гэж байдаггүй” гэсэн юм.

-БОАЖЯ: ЯМАР НЭГ КОМПАНИ ТАХИЙН НЭР БАРЬЖ, ХАНДИВ АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Энэ тухай БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас тодруулахад,

“Сошиал орчинд ийм мэдээлэл түгсэн. Баттай эх сурвалж биш. The North Face компанийн вэб хуудас руу орж үзэхэд ийм Takhi нэртэй куркта үйлдвэрлэдэг гэж харагдаагүй.

Түүнчлэн Монголд Тахь хамгаалах сан гэж байгууллага байдаггүй. Тахь хамгааллын чиглэлээр ажилладаг бүх ТББ-ууд гаднын хувцас брэнд бүтээгч компаниас хандив авч байгаагүй гэдэг мэдээлэл өгсөн. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компани, тахь хамгаалдаг нэрээр гаднын компаниас хандив, санхүүжилт авсан байж болзошгүй” гэв.

-“TAKHI” МОНГОЛД ХАНДИВ ӨГЧ БАЙЖЭЭ-

“The North Face” брэндтэй андуурагдсан “The Takhi” нь БНСУ-ын алдартай хувцасны брэнд. Бүх төрлийн хувцас үйлдвэрлэдэг. Ингэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд буурай хөгжилтэй орнуудад хандив, тусламж үзүүлж байжээ.

Онцлоход, тэд 2009 онд Дэлхийн зөн байгууллагатай хамтарч, Вьетнам, Камбож, Монгол гурван улсад хүүхдийн куртка хандивлаж байсан удаатай аж. Үүнээс өөр Монгол улстай хандивын чиглэлээр хамтарч ажилласан мэдээлэл байхгүй байна.

Мөн 2016 онд Монголд ирж, бүтээгдэхүүний шошгон дээрээ хэвлэгдэх зургийг авч байжээ.

2016 онд Монголд авсан, Takhi брэндийн бүтээгдэхүүний шошгон дээр хэвлэгддэг зураг

“Takhi” монгол ахуйг харуулсан зургийг зарим куртканы шошго, футболкны нүүрэн дээр хэвлэдэг. Нэр нь ч монгол хэлний Тахь гэдэг үгтэй ойролцоо дуудагдана. Гэхдээ тус брэндийг эрхлэн гаргагч компанийн үүсгэн байгуулагч нь солонгос хүн байдаг бөгөөд өдгөө 70 нас гарчээ. Нээлттэй мэдээллийн сангаас хайлт хийхэд “Takhi” брэндийг монгол талтай холбох өөр сэжим олдсонгүй.

Дүгнэхэд, БОАЖЯ-ны ажилтны хэлснээр нэгэн компани тахь хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэрийдлээр тус брэнд бүтээгчдээс хандив, тусламж авч байсан байж болзошгүй байна. Эсвэл анхлан мэдээлэгч нь иш үндэсгүй мэдээлэл түгээсэн болох нь. Хамгийн гол нь энэ мэдээллийг сошиал орчинд маш олон хүн эерэг сэтгэгдэлтэйгээр хуваалцсан байгаа юм. Харин мэдээлэлд шүүлтүүр хийж, хэрсүү уншигчдыг төлөвшүүлэх нь хэвлэлийн үүрэг билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-17 10:49

Би та нарт хэдэн чух�##� үгнүүдээ хэдэн баян оронд патеентлаад ав гэж 5 орчим жилийн өмнө бичиж байсан. Энэ ямар ч буруу �##�га. Нэг гадаад хүний л бизнес байна. Гадаадад Чингис нэртэй баар ресторан байдагтай ижил зүйл л байна.

Зочин
Зочин
2020-10-17 10:50
Reply to  Зочин

ч у х а л үгсээ

Холбоотой мэдээ

Back to top button