Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Толгойт дахь зөвхөн эрчүүд эрчүүдийнхээ үсийг засдаг 19 жилийн түүхтэй “Mini Barber Shop”

Толгойтын эцэст 2001 оноос хойш буюу 19 дэх жилдээ “Mini Barber Shop” үсчин ажиллуулж, барбершоп хэмээх чиглэлийг Монголд таниулахаар зорьж буй нэгэн өвөрмөц газрыг бид энэ удаагийн сурвалжилгаараа онцолж байна.

Гэр хорооллын дүнсгэр гудамжинд Эрчүүдийн гэх тодотголтой мэргэжлийн үсчинг нээгээд зогсохгүй үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлэн, өдгөө хэдийн үнэнч үйлчлүүлэгчидтэй болоод уджээ. Толгойтын эцэст “Өрнөх хас” улаан тоосгон барилгын хоёрдугаар давхарт “Mini Barber Shop” байрлана.

-ЖИЖИГХЭН МЭТ БОЛОВЧ, ТУН ӨВӨРМӨЦ ТОХИЖИЛТТОЙ ЭНЭ ГАЗАРТ АМЬДРАЛ БУЦАЛНА-

https://www.facebook.com/eguur.mn2/videos/784973359022920/

Гадаах лого, хаяг нь содон тул эрхгүй харц булааж, нэг их төөрөлгүй олоод ирлээ. Барилгын шатаар дээш өгсөх замд чихнээ сонсголонтой хөгжим дуулдаж, залуусын хөгжилтэйгээр инээх дуу сонсогдлоо. Үүдээр ороход хүдэр биетэй цэвэрхэн залуусаас эхлээд хөөрхөн бор жаалууд үсээ засуулах ээлжээ хүлээгээд телевиз ширтэн, буйдан дээр тухалсан харагдсаныг онцлоё. Харахад хэдийгээр жижигхэн мэт боловч, тун өвөрмөц тохижилттой энэ газарт амьдрал буцална.

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ҮСИЙГ 5000-8000 ТӨГРӨГӨӨР ЗАСДАГ БӨГӨӨД Е БАРИМТ ӨГДӨГ-

Биднийг ороход тус газрын эзэн болох Н.Эрдэнэбаатар үйлчлүүлэгчийнхээ үсийг засаад тун завгүй байсан тул бид энэ хооронд орчны тохижилттой танилцлаа.

Үүдний хэсэгт ажилчдын мини гал тогоо, хөргөгч, кофе чанагч болон үйлчлүүлэгчийн төлбөрийг хийх кассын хэсэг харагдана. Тус үсчнээр үйлчлүүлж буй залуус касс дээр карт, бэлэн мөнгө, шилжүүлэг гэх мэт төлбөрийн олон хувилбараар тооцоо хийх бөгөөд “е баримт” аваад гарч буй нь нүдэнд туслаа. Үйлчлүүлэгчийн үсийг 5000-8000 төгрөгөөр засдаг байна.

Харин үүдний хананд Мексик маягийн эрээн өнгийн гавал бүхий зураг, тавиур дээр ч мөн гавал хэлбэрийн сувинер, харин ханандаа үсчний нэр бүхий логог байршуулжээ. Хажууд нь тун эртний классик хэв маягийн утасны аппаратыг тогтоосон байв. Дуудлага ирж, түүнд нь хариулж байсан тул үзүүлэн биш болох нь харагдав.

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ ТАВ ТУХТАЙ БАЙЛГАХ PLAYSTATION 4, ПЯНЗ ТОГЛУУЛАГЧ, ҮНЭГҮЙ WIFI ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖЭЭ-

Кассын баруун хэсэгт “Avengers” баатрын тохижилт бүхий үсчний хэсэг байв. Анзаарвал, тус газрын барбер бүр өөрсдийн сонирхол, онцлогт тохирсон хэв маягаар орон зайгаа тохижуулсан байна. Толь, шүүгээ бүрийг сонирхолтой зураг, лого бүхий стикеруудээр чимэглэсэн байх бөгөөд дарааллаа хүлээж буй үйлчлүүлэгчид тав тухтай байх Playstation 4, пянз тоглуулагч, үнэгүй Wifi зэргийг бүрдүүлжээ. Энэ нь үнэхээр нүдээ олсон өвөрмөц шийдэл байв.

Дотоод уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор хананд төрөл бүрийн сонирхолтой зураг, сертификат бүхий жаазуудыг байрлуулсан нь гоёмсог бөгөөд интерьерт нийцжээ. Ингээд ярилцахаар зорьж ирсэн зочин болох “Mini Barber Shop” –ийн үүсгэн байгуулагч, “Монголын барбер үсчдийн холбоо”-ны тэргүүн Н.Эрдэнэбаатартай бид завгүй ажлынх нь хажуугаар хэсэг хором ярилцаж амжив.

-БАРБЕРШОП НЬ ДАН ЭРЭГТЭЙ ГОО САЙХАН, ҮС, ХӨМСӨГ ЗАСДАГ-

-Энэ олон мэргэжлээс яагаад үсчин болохыг хүссэн юм бэ. Энэ салбартай хэрхэн холбогдсон тань сонирхол татаж байна?

-Би өөрөө Толгойтын унаган хүүхэд л дээ. Энэ газартаа байх маш дуртай. Учир нь амьдарч буй газраа орон зайгаа бүтээж, бий болгож чадсан юм. Ээжийн маань дүү Толгойтын хуучин эцэст үсчнээр ажилладаг байлаа. Тиймээс би 10 жилд байхдаа туслахын үүрэг гүйцэтгэж үйлчлүүлэгчдийн үсийг нь угааж өгдөг байсан.

Нэг өдөр үсчин эгч маань надаас “Би чамайг үсчин болж байна гэж зүүдэллээ, чи үсчин болох уу” гэж асуусан. Тэр үед үсчин болохоор мөрөөдөж байсныг ч хэлэх үү шууд л “тэгье” гээд зөвшөөрч тухайн үед үсчин, гоо сайхны мэргэжлийн сургалтад сурч үнэмлэхээ гардаж авч байв. Тэр өдрөөс хойш өөрийн сонирхлоор мэргэжлийнхээ тухай судалж, өдгөө “барбер” хэмээх мэргэжлийг хөгжүүлэх, залуусыг чадавхижуулах чиглэлээр ажиллаж байна.

-Үсчин, барбер хоёр юугаараа ялгаатай вэ?

-Манай улсад үсчин гэх нэршил түгээмэл байдаг л даа. Үсчин хүн эрэгтэй, эмэгтэй хүйс хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Яаралтай үсээ гоёх, угаах гэх мэт энгийн зүйлүүдийг үсчинд хийлгэж болно.

Салон гэдэг нь 1996 оноос Монголд нэвтэрсэн бөгөөд ерөнхийдөө үйлчилгээ сайтай, ганцхан үс гэхгүйгээр гоо сайхан, маникюр, педикюр гээд бүх зүйлийг цогц байлгаснаар салон болдог.

Харин барбершопын хувьд дан эрэгтэй гоо сайхан, эрэгтэй үс, сахал, хөмсөг засалт гэж шууд ойлгож болно. Гэхдээ барбершопод эмэгтэй хүний үс засахгүй гэсэн хатуу дүрэм бол байхгүй. Жишээ нь сүүлийн үед зарим бүсгүйчүүд эрэгтэй халимаг тавих сонирхолтой болсон. Ерөнхийдөө бол эрчүүдэд л зориулагдсан. Монгол улсад энэ төрлөөр үйлчилгээ явуулдаг 17 барбер шоп байдаг.

-ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫГ ЗАДРУУЛАХГҮЙ БАЙХ, АРИУН ЦЭВРИЙГ САХИХ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХАД МЭРГЭШИЖ, ЧАДАВХИЖСАН-

-Танай “barber shop”-ийн хувьд ижил төрлийн үйлчилгээ явуулдаг газруудаас ялгарах онцлогийн тухай?

-Интерьер хэв маягийн өвөрмөц байдал, барберуудын харилцаа, үйлчилгээ гэж хэлнэ. Мөн манай “barber shop”-ийн хувьд ижил төрлийн үйлчилгээ эрхлэгч газруудын адил хувь хүний нууцыг задруулахгүй байх, ариун цэврийг сахих, багаж төхөөрөмжтэй харьцахдаа үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах зэргээр мэргэшиж, чадавхижсан. Түүнчлэн ISO 7001-2007 стандартыг баримталж, техник хэрэгслийг ч мөн стандарт байлгахыг хичээдэг.

-19 жилийн турш үйл ажиллагаагаа ганхуулахгүй, тогтвортой эрхэлж ирсэн нууцаасаа хуваалцаач?

-Удаан хугацаанд тогтвортой ажилласан нууц гэвэл харилцаа, хандлага л байх. Нэг жишээ татахад, өвөө, хүү, хүүгийн ач гээд л тууштай, үнэнч үйлчлүүлдэг хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр ирсэн нь тогтвортой ажиллах хүч юм болов уу. Нөгөөтэйгүүр би өнгөрсөн хугацаанд нийт 43 шавийг бэлдсэн байна. Тэд бүгд өдгөө ажлын байртай болсон. Харин манайд одоогоор дөрвөн барбер ажиллаж байгаа. Хоёр нь оюутан. Миний хувьд барбер болох сонирхолтой залуусыг 150 мянган төгрөгийн цалинтай сургаж, чадавхижуулдаг. Энэ нь бас манай үйл ажиллагааны онцлог юм.

-Нийт үйлчлүүлэгчдийн хэд орчим нь тогтмол буюу байнгын үйлчлүүлэгчид вэ?

-Ер нь бол Толгойтын дошны залуучууд манайхыг анддаггүй. Би үүнд их баяртай байдаг. Шинэ гэхээсээ илүү хуучин үйлчлүүлэгчидтэй илүү дотно байхыг хүсдэг. Шинэ үйлчлүүлэгчид ч гэсэн үйлчлүүлээд ирэхээрээ бидэнд итгэл хүлээлгээд эхэлдэг. Мөн хөдөө орон нутгаас манайхыг зорьж ирдэг тохиолдол бий. Манай хамгийн холын зочин Увс аймгаас ирдэг.

-“ӨВЛИЙН ӨВГӨН АЖИЛЛАГАА”, “ЗУРГААДУГААР САРЫН 1” ГЭХ МЭТ САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАМТ ОЛНООРОО ЯВУУЛДАГ-

-Үсчний тохижилт, интерьер эрхгүй анхаарал татаж байна. Санааг нь та гаргасан уу?

-Интерьерийн хувьд жишиг стандарт гэж болно. Стикер, жаазтай зураг, гэрэлтүүлэг, стандарт өндөртэй сандал зэрэг нь жишиг юм. Манай ажил 20 м2 талбайтай л даа. Талбайн хэмжээндээ тааруулаад, ажилчидтайгаа ярилцаж байгаад загвараа гаргасан. Жишээ нь миний арын хэсэг бол цэвэр миний хобби.

Би киноны DVD цуглуулах, гэрэл зураг авах сонирхолтой л доо.Тиймээс гэрэл зургийн чадвараа цаашид хөгжүүлэх сонирхолтой. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Өвлийн өвгөн ажиллагаа”, “Зургаадугаар сарын 1” гэх мэт сайн дурын үйл ажиллагааг хамт олноороо явуулдаг.

-Сайн дурын ажиллагааныхаа тухай дэлгэрүүлээч?

-“Өвлийн өвгөн ажиллагаа”-2010 оноос хойш зохион байгуулж байна. Энэ жил 10 дахь жилээ зохион байгуулах юм. Үйлчлүүлэгчдийнхээ дэмжлэгтэйгээр ойр орчмын айлын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тараадаг. Харин “зургаадугаар сарын 1” ажиллагааны хувьд ажлын байран дээрээ хүүхдүүдийн зургийг мэргэжлийн түвшинд үнэ төлбөргүй авч өгдөг.

-Үүдээр ороод ирэхэд өлгөөтэй малгайнууд эрхгүй анхаарал татлаа?

“Mini Barber Shop”-ын уриа “Малгайгаа марттал” гэдэг л дээ. Таны харсан хэсэг бол үйлчлүүлэгчдийн мартсан малгайг сануулах зорилгоор ханан дээр өлгөсөн. Үйлчлүүлэгч өөрийн мартсан малгайг хараад тэндээс авдаг. Хэрэв авахгүй бол үзүүлэн хэвээр өлгөөтэй байдаг. Сануулга болдог гэх үү дээ.

-ЧИНГИС ХААНЫ ҮСИЙГ ЗАСВАЛ ЯМАР ХАРАГДАХ БОЛ ГЭСЭН ТӨСӨӨЛЛӨӨ ЛОГОНДОО ШИНГЭЭЖ ӨГСӨН-

-Танай логоны зураг их сонирхолтой байна. Ямар утгатай вэ?

-“Монголын барбер үсчдийн холбоо”, “The Mongolian Barbershop клуб” гэж байгууллага бий. Клуб бол 2016 оны өвөл, холбоо нь 2018 оны өвөл байгуулагдсан. Манай клуб, холбоо хоёр хамтдаа хөгжицгөөе гэсэн уриатай бөгөөд ижил логотой. Лого маань утга учиртай. 2018 оны зун би Цонжин Болдог-ийн хөшөөнд зургаа авахуулж байхдаа хэрвээ Чингис хааны үсийг засвал ямар байх байсан бол гэж төсөөлөөд үүнийгээ бид логондоо шингээж өгсөн юм.

Ийнхүү тэрбээр, өөрийг нь хүлээж үйлчлүүлэгчдээ цаг гаргах шаардлагатай болж, бид үйлчилгээ авахаар хүлээж буй залуусаас тус үсчний газрын үйлчилгээний тухай асуухад, бүгд дуу нэгтэйгээр “Манай Эрка үнэхээр хөдөлмөрч, мундаг залуу. Энэ газраар үйлчлүүлдэг болоод 10 жил өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд уран хугарч байсангүй. Зөвхөн үс засаад дуусахгүй үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл зүйг мэдэрч, сэтгэлийг нь хүртэл засаж өгдөг гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2020-10-22 08:20

Ямар гоё эерэг газар вэ

Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-22 08:59

ХҮН ТОДОРХОЙ ЗОРИЛГОТОЙ БАЙХ ИЙМ САЙХАН.
АМЖИЛТ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ ЗАЛУУСАА.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-10-22 15:34

ҮНЭХЭЭР МУНДАГ ЗАЛУУС БАЙНА. АЖИЛ, АМЬДРАЛД НЬ ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ!

Зочин
Зочин
2020-10-26 22:50

uneheer setgeltei yumaa buh yumand n setgel shingejee

soyolerdene
soyolerdene
2020-11-03 23:04

mundag ymbe amjilt

Холбоотой мэдээ

Back to top button