НИЙГЭМ

ЭМГЭНЭЛ

ЖАНЧИВЫН ОЮУНГЭРЭЛ

(1955-2020)

Петровис группийг үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Худалдааны гавьяат ажилтан Жанчивын Оюунгэрэл 2020 оны аравдугаар сарын 29-нд таалал төгсч, Монгол Улсад нөхөх аргагүй хүнд гарз учирлаа.

Ж.Оюунгэрэл бол Монголын чөлөөт эдийн засгийн хүчирхэг багана болсон манлайлагч эмэгтэйчүүдийн нэг байлаа. Тэрээр 1997 онд Петровис компанийг үүсгэн байгуулалцаж, амжилттай удирдан, өнөөгийн газрын тосны бүтээгдэхүүний 40 хувийг хангадаг үндэсний хэмжээний групп болгон хөгжүүлж чадсан. Улсын хэмжээнд 400 гаруй салбартай, 2400-аад ажилтантай брэндийг бойжуулсан амжилт түүнийх.

Түүний хөдөлмөрч, аливаад тууштай, шударга чанар, зөв хандлага, бүтээлч сэтгэлгээнээс суралцах зүйл их байв. Ж.Оюунгэрэл захирал Улаанбаатар худалдааны танхимыг үүсгэн байгуулалцаж, ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж байлаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн тээвэрт шинэ стандартыг нэвтрүүлэх хөтөлбөр, ногоон зээл олгох ажлыг тэр эхлүүлсэн.

НИК-ийн хувьчлалд оролцон өнөөгийн Петровисийг босгосон шигээ Ж.Оюунгэрэл захирал олон төслийг санаачилж, амжилттай удирдаж, хөрөнгө оруулж, бүтээж чадсан. Прайм даатгал, Петро-Матад, Юнигаз, Британи сургууль, Ленд платформ, Энержи ресурс, Ард санхүүгийн нэгдэл, Монгол шуудангийн ажлыг дурдаж болно. Монгол Улсын газрын тосны салбарыг хөгжүүлэх, геологийн судалгааг шинэ түвшинд гаргах, Монгол Улс өөрийн нефть боловсруулах үйлдвэртэй болох чиглэлд Ж.Оюунгэрэл захирлын гаргасан хөдөлмөр мартагдахгүй.

Тэр зогсолтгүй хөдөлмөрлөдөг, шинийг эрэлхийлдэг, залууст зөвлөдөг, алдаа онооны туршлагаа харамгүй хуваалцдаг, гарааны бизнесийг дэмждэг ментор байлаа.

Түүний хөрөнгийн зах зээл, чөлөөт эдийн засаг, бизнесийн эрх зүйн хөгжилд оруулсан хувь нэмэр, уйгагүй хөдөлмөрч, чин шударга зан чанарыг нэг салбарт мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан бид бүхэн үүрд үүрд санаж, дурсаж байх болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.


Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайхан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2020-10-31 17:09

ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Холбоотой мэдээ

Back to top button