ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

БЕЙРУТЫН ДЭЛБЭРЭЛТ: Хорьж, цагдуулж явсан уран бүтээлч ИТГЭЛ НАЙДВАРЫН бамбай болсон нь

Өнгөрөгч наймдугаар сарын 4-ний өдөр Ливан улсын нийслэл Бейрутэд аймшигтай дэлбэрэлт болсон. Буруу хадгалсан маш их хэмжээний аммоны нитрат агуулсан бордоо галд автсанаас уг дэлбэрэлт болсон хэмээн судлаачид үзээд буй.

Үүдсэн гарз хохирол тоолж баршгүй их байв. 200 гаруй хүн амь насаа алдаж, 300 мянга гаруй хүн орон гэргүй үлдэн хоцорсон. Эрдэмтдийн тооцоогоор уг дэлбэрэлт Дэлхийн хоёрдугаар дайны үед Хирошимад хаясан атомын бөмбөгийн 10 хувьтай тэнцэхүйц хүчтэй байсан гэх.

Тэгвэл Хаяат Назер гэх ливан уран бүтээлч Бейрутын дэлбэрэлтэд амь нас, орон гэрээ алдсан хүмүүсд зориулж дурсгалын хөшөө урлажээ. Тэрбээр хөшөөгөө дэлбэрэлтээс үлдсэн шил, төмөр гэх мэт хаягдал, тармал материал ашиглаж бүтээсэн байна. Яг дэлбэрэлт болсон цаг, минут дээр гацсан эвдэрхий цагийг хөшөөндөө шигтгэж өгсөн нь олны анхаарлыг татаж буй.

Хаяат Назар хөшөөнийхөө талаар хэлэхдээ “Дэлбэрэлт миний сэтгэл зүрхийг эмтэлсэн. Би хачин их балмагдсан. Ливаны бүх хүн балмагдсан . Би урлагаар дамжуулан бусдад дэм болохыг оролддог. Дэлбэрэлтээр гэр нь сүйдсэн хүмүүсийг олж, “Босгох хөшөөнд маань орох ямар ч хамаагүй эд зүйл, хуучин байшингийнхаа хэлтэрхийнээс өгөөч” хэмээн гуйж явлаа. Иймээс энэ хөшөөнд маш их сэтгэл шингэсэн юм” гэжээ.

Түүний хөшөө өдгөө Ливан төдийгүй дэлхий дахины анхаарлыг татаж байна. Ялангуяа сошиал орчин дахь зураг нь олон сая удаа хуваалцагдаад буй юм.

Сонирхолтой нь, Ливаны төр засаг Назерын өмнөх урлагийн бүтээлүүдэд хориг тавьдаг байжээ. Харин уг үзмэрийг нь олон нийтийн хүртээл болгохыг зөвшөөрсөн байна.

Дэлбэрэлт болсны дараа Ливаны засгийн газар өөрөө хүчтэй шүүмж хүртсэн юм. Нэг бодлын тус дэлбэрэлт байж болох хамгийн муу цагтаа тохиолдсон. Тодруулбал, Ливанд цар тахлын улмаас нөхцөл байдал хүндэрч, иргэний дайнаас хойш үзэгдээгүй хүнд эдийн засгийн уналтад ороод байсан аж. Уг хоёр явдал давхцаж Ливан улсыг маш их өрөнд унагасан гэж болно.

Хар бараан цаг үеийн туулж буй Ливанчуудад итгэл найдварын бамбар болсон хөшөө одоо Бейрутэд сүндэрлэн байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button