Нийгмийн

ХҮННҮ ЭЙР: Манай онгоц Хандгай хөөж, бичлэг хийгээгүй

Одоогоос хоёр өдрийн өмнө буюу энэ сарын 5-ны өдөр олон нийтийн цахим сүлжээгээр нэгэн иргэн “Хүннү Эйр” компанитай холбоотой баримтыг дэлгэж, олны анхаарлыг татаад буй. Уг мэдээлэлд бичсэнээр:

“Тусгай хамгаалалттай газарт дураараа авирлагч нисдэг тэрэг гарч ирлээ. Хүннү эйр компанийн JU-6601 дугаартай нисдэг тэрэг Монгол улсын хууль, бусад журмыг ноцтой зөрчиж ямар ч зөвшөөрөлгүйгээр Дархан хамгаалалттай газруудыг нэгжин дуртай газраа бууж, нам нислэг үйлдэж, зэрлэг амьтдыг айлган үргээж, загас барьж Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг 2020 оны 9 дүгээр сараас эхлэн удаа дараа гаргаж байна.

Уг нь Монгол улсын ТХГН-ын тухай хуулийн 12 зүйлийн 12.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн 24 дугаар зүйлийн 24.5 дугаар заалтыг зөрчин зөвшөөрөлгүй загас барьж, агнасан баримтууд байна. Хүннү эйр компанийн JU-6601 дугаартай нисдэг тэрэг 9 сарын 12-ны өдрүүдэд 4 хоног Улсын тусгай хамгаалалттай газрын онцгой хамгаалалттай бүсэд дураараа бууж, морьтой байгаль хамгаалагч мориор нисдэг тэрэгний араас Тэнгэс голын эх рүү явж байхад нь буцаад Жошим нуур луу нисэж , байгаль хамгаалагч маань улмаар цасан даруулаад гүйцэж чадаагүй хоцорсон билээ.

Мөн 2020 оны 11 сарын 03 өдөр мөн зөвшөөрөлгүй нам нислэг үйлдэн ирээд буцлаа. Энэ жил 3 удаа ийм үйлдэл гаргаад байна. Цаашид хууль мөрддөггүй, хэл яриа мэддэггүй дураараа, мөнгө ихтэй, дээрэнгүй ийм хүмүүсийн үйлдлийг байгаль хамгаалагч хэрхэн яаж зогсоох вэ?” гэсэн байв.

Бид энэ асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэргэжилтэнтэй утсаар холбогдоход "Одоогоор “Хүннү Эйр” компанитай холбоотой ямар нэг асуудлаар гомдол мэдээлэл, санал хүсэлт ирээгүй” гэв. Түүнчлэн уг постыг анх оруулсан эрхэмтэй холбогдохоор оролдсон ч чадаагүй юм.

Иймд уг асуудлын гол бай болоод буй “Хүннү Эйр” компанийн нисгэгч Г.Ууганбаяр болон маркетингийн менежер О.Сарантуяа нартай уулзаж, тодруулга мэдээллийг бэлтгэлээ.

-Танай компанитай холбоотой ноцтой мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Та бүхэн тухайн мэдээлэл болон бичлэгт тайлбар өгнө үү?

-Энэ сарын 5-ны өдөр нэгэн хүн уг мэдээллийг цахим орчинд түгээсэн. Тухайн хүний хэлж буйгаар манай зураг, дугаар бүхий онгоц нь 11-р сарын 3-нд нислэг үйлдсэн, хандгайг хөөсөн гэгдэж байсан. Гэвч манай компаниас өнгөрөгч 10 сараас хойш ямар ч нислэг үйлдээгүй. Үүнийг зориулалтын аппликейшны тусламжтай хүссэн хүн бүр харах боломжтой.

Түүнчлэн онгоц нь зөвшөөрөгдсөн өндрөөс доош нам нислэг үйлдэх нь хориотой байдаг. Уг хүний яриад байгаа шиг тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй, хууль бусаар нислэг үйлдэх бүр ч боломжгүй. Агаарын замын урсгалд орох бол зайлшгүй зөвшөөрөл авсан байх ёстой.

-Цахимд түгсэн зураг, бичлэг хоёр цаг хугацааны хувьд хоёр өөр улиралд болсон гэмээр байсан?

-Тэгэхгүй яах вэ. Зурагнаас харахад л уг зураг, мэдээлэл худал болох нь илэрхий байгаа. Тухайн хүний тавьсан JU- 6601 дугаартай нисдэг тэрэг болон зураг нь бидний өөрсдийн албан ёсны цахим хуудаст байдаг зураг юм. Аялагчдын явуулсан зургийг нийтэлсэн. Хугацааны хувьд есдүгээр сарын зураг юм. Харин уг бичлэг дээрх онгоц нь өвлийн улиралд буюу маш их цастайд бичлэг хийгдсэн байсан. Гэтэл одоо хот болон орон нутгаар тийм их цас ороогүй. Дээр нь хэрэв манай онгоц мөн байгаад дотроос бичлэг хийсэн гэж үзвэл боломжгүй. Манай онгоц хэмжээгээр том, бас сэнс нь урт том тул бичлэгт орохоос гадна, дотор маш чанга дуу чимээ сонсогдоно. Тэгэхээр уг бичлэг дээрх онгоц нь хэмжээгээр хавьгүй жижиг онгоц байгаа юм. Дээр нь уг онгоцны цонх нь манай онгоцныхоос өөр байсан.

-Тэгэхээр эдгээр баримт, зургууд худал бол та бүхэн мэдээлэл оруулсан иргэнийг хуулийн байгууллагад шалгуулах уу?

-Мэдээж ор үндэслэлгүй зүйлээр байгууллагын нэр төрд халдаж, гүтгэсэн учраас дараа дараагийн шатны шаардлагатай арга хэмжээг авах болно.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button