ДЭЛХИЙСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Байдены засаглал дараах ДОЛООН улсад хэрхэн нөлөөлж болох вэ

2016 оноос Дональд Трамп Цагаан Ордныг удирдсанаас хойш АНУ-ын гадаад харилцаанд томоохон өөрчлөлтүүд орсон билээ. Тэрээр БНХАУ-тай худалдааны дайн эхлүүлж, НАТО-д төлөх эдийн засгийнхаа 2 хувийг хураамжийг төлдөггүй Герман, Франц, Турк, Канад гэх мэт олон гишүүн оронд шаардлага тавьсан. Энэ мэт Трампын хийсэн зүйлүүд АНУ-ын гадаад харилцааг өөрчилж орхисон юм. Тэгвэл АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр Жо Байдэн сонгогдсоноор бусад улсуудад ямар нөлөөтэй байж болохыг харцгаая.

БНХАУ

Жо Байдэнг ерөнхийлөгч болсонд БНХАУ сэтгэл хангалуун байгаа гэж та бодож магадгүй. Учир нь Трамп Хятадтай худалдааны дайн үүсгэж зарим Хятад бүтээгдэхүүнд хориг тавьсан билээ. Гэхдээ зарим судлаачид БНХАУ-ын Засгийн Газар үнэндээ сэтгэл дундуур байгаа тухай бичиж байна. “The Wall Street Journal”-ын мэдээлснээр бол Байдэн холбоотон улсуудтайгаа хамтран БНХАУ-д өгөх дарамт ачааг нэмнэ гэж хэлсэн байна.

ЭНЭТХЭГ

Тун удахгүй дэд ерөнхийлөгч болох Камала Харрисын эх энэтхэг хүн. Тийм учир Энэтхэгийн зарим газар Байдэн ялалт байгуулсныг тэмдэглэж байгаа аж. Харин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн Ислам шашинтнуудын эсрэг бодлогыг Жо Байдэн болон Камала Харрис нар шүүмжилсэн. Гэвч АНУ-Энэтхэгийн харилцаа өөрчлөгдөх магадлал бага аж.

АНГЛИ

2016 онд Англи улс Европын Холбооноос гарах шийдвэр гаргасныг Жо Байдэн тааламжтайгаар хүлээж аваагүй юм. Английн одоогийн ерөнхий сайд Борис Жонсоныг Дональд Трамп “Английн Трамп” гэж хочилсон юм. Үүнтэй Байдэн санал нэг. Жо Байдэн Англи улс “Good Friday” тохиролцоог хэр хүндэтгэж байгаагаас АНУ-Английн худалдаа хамаарна гэж хэлсэн байна.

ОРОС

Уг харилцаанд жинхэнэ асуудал үүсэж магадгүй. Учир нь саяхан Жо Байдэн Оросыг АНУ-д тулгамдаж буй “хамгийн том аюул” гэж хэлсэн. Мөн 2011 онд Байдэн дэд ерөнхийлөгч байхдаа “Хэрвээ би Путин байсан бол дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Энэ нь түүнд мөн Оросд муу нөлөө үзүүлнэ” гэж хэлж байсан юм. Оросын нэгэн сонинд Трампын засаглалын дор АНУ-Оросын харилцаа далайн ёроолд тулсан, харин Байдэны засаглал уг харилцааг далайн ёроолоос гүнзгий доошлуулах болно гэж бичсэн байна.

ГЕРМАН

“Pew research”-ын явуулсан судалгаагаар германчуудын 10 хувь нь л Трампыг гадаад харилцаандаа сайн гэж үздэг. Трампын нэр хүнд БНХАУ, Оросд Германаас илүү байдаг. Байдэны засаглал дор Вашингтон-Берлины харилцаа нэг их өөрчлөгдөхгүй гэж зарим судлаачид үзэж буй.

КАНАД

Канадын ерөнхий сайд сонгуульд хэн ялалт байгуулсан нь хамаагүй АНУ-тай харилцаа холбоогоо чангатгах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн.
Трампын засаглал дор уналтад ороод буй Канадын эрчим хүчний салбарт дэм болох Альберта-Техас хооронд газрын тос дамжуулах хоолой барих төслийг баталсан. Уг төслийг Байдэн эсэргүүцдэг.
АНУ-ын эдийн засгийг сэргээх зорилготой үндэсний бүтээгдэхүүний худалдан авалтыг сайжруулах Жо Байдэны бодлого АНУ-тай ихэнх худалдаагаа хийдэг Канадын анхаарах зүйл болж байна.

ХОЙД СОЛОНГОС


Уг сонгуульд Дональд Трамп ялалт байгуулахыг Ким Жон Ун илүүд үзэх байсан байх. Хэдийгээр Дональд Трамп Хойд Солонгос руу айлчлал хийсэн ч хоёр тал цөмийн зэвсгийн тал дээр тохиролцоонд хүрч чадаагүй юм. Хойд Солонгос цөмийн зэвсэгээ хөгжүүлсээр, АНУ илүү хатуу хориг үүний хариуд тавьсаар ирсэн. Харин Жо Байдэн цөмийн зэвсэг хөгжүүлэлтээ болихыг Ким Жон Унаас хүчтэй шаардаж байгаа юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button