СПОРТ

“Замчин” биеийн тамир, спорт хороог сэргээн байгуулав

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, Зам, тээврийн салбарт ажиллаж буй албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин нөхцөлийг дээшлүүлэх, салбарын хэмжээнд биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, салбарт ажиллаж буй мэргэжлийн тамирчдын бэлтгэл сургуулилтад дэмжлэг үзүүлж, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, салбарын хэмжээнд ажиллаж буй тамирчдыг нэг малгай дор нэгтгэх зорилгоор “Замчин” биеийн тамир, спортын хороог Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар сэргээн байгуулж, өнгөрсөн бямба гаригт нээлт хийлээ.

Орчин үеийн биеийн тамир, спортын хөгжил цэцэглэлтийн нэгэн үе болох тэртээх 1960 оны 01 дүгээр сарын 23-нд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Замчин” нийгэмлэгийг УБТЗ ХНН-ийг түшиглэн үүсгэн байгуулсан түүхтэй.

Тухайн үед Тээврийн яам, түүний салбар байгууллага, УБТЗ ХНН, авто баазууд, Холбооны яам, Монголын радио телевизийн улсын хороо, УБТЗ-ын техникум, Металистын ТМС, 10 жилийн 12, 20, 28, 51 дүгээр сургуулиудыг тус тус хамран 80 гаруй мянган ажилчин албан хаагч, сурагч, оюутнуудын бие бялдрын хүмүүжил, тэдний эрүүл ахуйн соёлжилтын ажлыг хариуцсан биеийн тамир, спортын томоохон нийгэмлэг болон ажиллаж байв.

“Замчин” нийгэмлэгээс 1982 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин боксчин Р.Отгонбаяр, 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин боксчин Н.Энхбат, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Дэлхийн даамын аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Монгол Улсын үлэмж, дархан мэргэн Л.Болд, Монгол Улсын начин М.Цанлиг, цанын спортын олон улсын хэмжээний мастер Д.Энхээ нарын олон алдартнууд төрөн гарчээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудад олимпийн болон үндэсний спортын төрлүүдэд амжилт гаргасан олон алдартай тамирчин ажиллаж байгаа бөгөөд олон улсын хэмжээний мастер 13, спортын мастер 93, спортын дэд мастер 48, спортын 1 болон 2 дугаар зэрэгтэй 159 тамирчид ажиллаж, давхар бэлтгэл сургуулилтаа ханган тэмцээн уралдаанд оролцож байна. “Замчин” биеийн тамир, спортын хорооны Удирдах зөвлөлийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж ажиллах бол орлогчоор тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, гишүүдийн бүрэлдэхүүнд ИНЕГ, УБТЗ, МИАТ, АТҮТ, МТЗ, Далайн захиргаа, ГТХЗНТ-ийн дарга нар, “Тэнүүн огоо” ХХК, “Атибус” ХХК-ийн ерөнхий захирал багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button