СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Эмийн сангуудын амны хаалтын нөөц дуусжээ

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Өнөөдөр /2020.11.11/ Монгол Улс хүн ам дундаасаа коронавирусийн анхны тохиолдлыг бүртгэлээ. Үүнтэй холбогдуулж УОК шуурхай хуралдан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурав хоног зогсоох шийдвэрийг гаргасан.

Халдвар тээгчдийн ойрын болон дам хавьтал болсон хүмүүсээс коронавирус илэрч эхэлбэл нөхцөл байдал хүндрэх эрсдэл өндөр. Иймд иргэдийн амны хаалт зүүх хандлага эрс нэмэгдэх нь ойлгомжтой.

Энэ үүднээс эмийн сангуудын амны хаалтын нөөц ямар байгаа талаар, нөгөө талаас үнийн хөөрөгдөл үүсэж буй эсэхийг сурвалжилж бэлтгэлээ.

-АМНЫ ХААЛТ 300-600 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Нэг удаагийн амны хаалт “Хүрмэн” эмийн санд 600 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин “Emart” дэлгүүрт байрлах эмийн сан 300 төгрөг, “Монос” эмийн сан 450 төгрөгөөр худалдаалж байна. Нөгөөтээгүүр иргэд дамын худалдаачид ширхэг амны хаалтыг 1000 төгрөгөөр борлуулж байна гэх мэдээллийг ч өглөө.

Ингээд “Монос” эмийн сангийн Сансар дахь салбарын эрхлэгчээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр, “Бид амны хаалтын үнийг нэмэхгүй. 450 төгрөгөөр борлуулж байсан, үүгээрээ л борлуулна. Өглөө хүмүүс маш их амны хаалт авсаар яг одоо бол нөөц дуусчихсан байна. Хавар хадгалж авсан нөөцтэйгөө байгаа. Хомсдол үүснэ гэж төдийлөн санаа зовохгүй байна. Хүмүүс боодлоор нь, хайрцгаар нь авъя гэж хүсэж байна. Бид аль болох олон хүнд хүртээлтэй байлгах үүднээс дээд тал нь 15 амны хаалтыг нэг хүнд өгөх хэлбэрээр ажиллалаа” гэж ярив.

-“ДОЛООН ЭМИЙН САНГААР ОРСОН Ч АМНЫ ХААЛТ АВЧ ЧАДСАНГҮЙ”-

Цаашлаад гудамжаар явж буй иргэдийн байр суурийг тодруулсан юм. Зарим хүний хувьд амны хаалтаа хангалттай базаачихсан тул санаа зовох зүйлгүй байна хэмээж байлаа. Харин зарим иргэд амны хаалт хайсан ч эмийн сангуудад дууссан байгаа тухай учирлаж байв. Нэг иргэний тухайд долоон эмийн сангаар орсон ч амны хаалт авч чадаагүй байна.

Тэгэхээр эмийн сангуудын хувьд амны хаалт харилцан адилгүй үнэтэй худалдаалагдаж буй нь үүнээс харагдана. Нөгөө талаар өглөөнөөс хойш идэвхтэй худалдан авалтууд хийгдэж, ихэнх эмийн сангуудын амны хаалтын нөөц дуусаад буй аж.

Г.САНСАРМАА

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ О.ЦОЛМОН, Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button