ДЭЛХИЙ

ВАКЦИНЫ СУРАГ: Оноос өмнө найдлага бага ба АНУ, Европын улсууд өрсөнө

“Pfizer/BioNTech” нэгдлийн бүтээсэн вакцин тун ирээдүйтэй үр дүн үзүүлсэн гуравдугаар түвшний туршилтийн хариугаа дэлгэсэн билээ. Гуравдугаар түвшний туршилтад нь нийт 43 мянган хүн оролцсон бөгөөд дархлаа тогтцын дундаж хувь 90 байсан юм.  

Одоогийн байдлаар тэд вакцины хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах эрсдэлийн талаар мэдээлэл цуглуулж байгаа бөгөөд “FDA” байгууллагаас хараахан үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвшөөрөл өгөөгүй байгаа. Хэрвээ “FDA” батлах юм бол энэ жилдээ багтааж 50 сая тун, 2021 он гэхэд 1,3 тербум тун үйлдвэрлэж 650 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Тэгвэл тэд вакцинаа бүс нутаг, улсуудад өөр ханшаар худалдах хандлагатай байна. Магад хөгжил буурай орнуудад үнэ тарифаа бууруулж худалдах болов уу гэсэн таамаглал бий.

“BioNTech” фирмийн үйл ажиллагаа хариуцсан захирал Райан Ричардсон хэлэхдээ, бид хувийн компани учир төсөлд хөрөнгө оруулсан хүмүүсийн үүрсэн эрсдэлийг тооцож үнээ тогтооно гэжээ.

“Энэ төслийг боловсруулахад олон талаас хөрөнгө оруулалт боссон. Нөгөө талд энэ бол хүн төрөлхтний тусын тулдах инновац. Иймд аль, аль талаа бодсон тэнцвэртэй ханш тогтооно гэж бодож байна. Дэлхийн зарим бүсүүдэд үнийн зөрүүтэй худалдана гэж төлөвлөж байгаа” хэмээн тэрбээр “Financial Times”-ийн онлайн өдөрлөгийн үеэр хэлсэн байна. Яг тодорхой тариф дурдаагүй байна.

Өнгөрсөн зургаадугаар сард “Pfizer” фирм АНУ-ын засгийн газарт нэг тун бүрийг 19.5 ам.долларын үнээр, нийт 100 сая тун худалдах гэрээг байгуулсан. Нэг хүнийг вакцинжуулахын тулд хоёр тун буюу 39 ам.доллар хэрэгтэй.Мөн 500 сая тунг тусдаа тохиролцоо хийж АНУ-ын засгийн газарт нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Харин Европын холбоо ирэх пүрэв гарагийн өдөр (2020.11.12) Pfizer/BioNTech” нэгдэлтэй хийх гэрээнийхээ талаар ярилцана. Тэд өнгөрсөн долоо хоногт 300 сая тун авах гэрээнд гарын үсэг зурахад ойрхон байна гэдгээ мэдэгджээ. Гэхдээ ямар үнээр авж буй талаараа ил мэдээлээгүй.

Тэгвэл нөгөө талд ОХУ-ын “Спутник-5” вакцин 92 хувийн үр дүн үзүүлсэн хэмээн Москвагаас мэдэгдээд байна. “RDIF”-ийн захирал Кирилл Дмитриев “Бид маш өндөр үр дүнтэй вакцин гаргаж авсан гэдгээ зарлаж байна” гэжээ. Тэдний туршилтанд 16 мянган хүн оролцсон бөгөөд тэдгээрээс 20 нь “КОВИД-19”-ийн халдвар авсан. Харин Pfizer/BioNTech-ийн вакцины гуравдугаар шатны туршилтанд 43 мянган хүн оролцсоны 90 нь “КОВИД-19”-ийн халдвар авсан билээ. “Pfizer”-ээс 164 хүн халдвар автал уг туршилтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгсэн. Харин Орос туршилтаа дахин зургаан сарын турш үргэлжлүүлэх аж.

Ямартай ч “Pfizer/BioNTech”-ийн вакцин худалдаанд эрт гарах магадлал их. Тэд албан ёсны вэб сайт дээрээ 2020 оны төгсгөл гэхэд 50 сая тун үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Европын холбоо, АНУ-ын засгийн газар аль хэзээний сая, сая тун авах гэрээ хийсэн тул бидэнд вакцин худалдаж авах боломж хомс.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Одоогоор ДЭМБ-аар баталгаажсан вакцин гараагүй байна. гарангуут нь худалдаж авахаар бид санхүүгээ бэлдчихсэн байгаа” гэдэг мэдээллийг хэвлэлд өгсөн байдаг.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button