Нийгмийн

Д.Мөнхбат: “Энхсаран”-гийн хоол зөөгчөөс халдвар авсан байх, би нэг ч удаа өрөөнөөсөө гараагүй

Дотоодод халдвар зөөрлөгдөж ирсээр байхад монголчууд амны хаалтаа зүүхгүй амар тайван л байцгаасан. Бүгд л тусгаарлалтад итгэж байсан хэрэг. Гэвч нэг л өглөө унтаад сэрэхэд бид дотроо алдчихлаа гэсэн мэдээ чих дэлдсэн. Яагаад бид дотроо алдчихав…

Бид тусгаарлалтын байрнаас гараад гэртээ байх хугацаандаа халдвартай болох нь тогтоогдсон жолоочтой нэг сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбаттай холбогдлоо. Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийх үеэрээ “Эх орондоо эрүүл ирчхээд “Энхсаран” сувилалд ирээд халдвар авчихлаа” гэдгээ хэлсэн юм.

-‐——————————

-Таны хувьд тусгаарлалтад байх хугацаандаа халдвар авсан гэж өөрийгөө үзэж байгаа юм билээ. Нийт хэчнээн шинжилгээ өгөхөд, хэд дэх хоног дээр халдвартай болох нь батлагдав?

-Миний хувьд өнгөрсөн жилийн есдүгээр сард Япон явсан. Тэндээсээ Солонгост очсон боловч  хөл хорионд орж, байрныхаа түрээсийг төлөхийн тулд барилгын ажил хийдэг байсан. Халдвар авах эрсдэлтэй ажил ч өөрийгөө сайн хамгаалж, дэглэмээ сайн сахисан. Тусгай үүргийн нислэгт багтчихаад Солонгост коронавирусийн шинжилгээ өгөхөд халдвар илрээгүй. Аравдугаар сарын 19-нд Монголд газардаж, “Монголика” зочид буудалд хуваарилагдсан. Тэнд биднийг тав болон есөн хүнтэй хамт тусгаарлах гээд байсан тул бид эсэргүүцэж, нэг давхрын шалан дээр хоносон.

Харин маргааш нь биднийг “Энхсаран” сувилал руу хүргэсэн. Тэнд хоёр болон гурваар нь нэг өрөөнд тусгаарласан. Биднээс тухайн өдөр анхны шинжилгээ авахад мөн л халдвар илрээгүй. Түүнээс хойш би хоёр ч удаа шинжилгээ өгөхөд халдвар илрээгүй. Намайг арваннэгдүгээр сарын 9-нд гарна шүү гэж хэлсэн. Гэтэл намайг гаргаагүй. Тэгэхэд л би аль хэдийн халдварын голомт тархсаныг ойлгосон. Учир нь тухайн өдрөөс хоёр хоногийн өмнө хажуу өрөөнөөс нэг хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд аваад явсан юм. 11 цагийн мэдээ үзэхэд үнэхээр л халдвар илэрсэн нь үнэн байсан. Удалгүй гадаа машин ирж, та нарын тусгаарлалтыг 14 хоногоор сунгасан гэж цагаан хоолойгоор орилсон. Тухайн үг нь биднийг халдвар авах хүртлээ эндээ бай гэж байгаа юм шиг сонсогдсон. Тэгээд бид ХӨСҮТ рүү шилжих хүсэлтэй байгаагаа хэлсэн. Аз болж биднийг энэ сарын 10-нд ХӨСҮТ рүү шилжүүлсэн. ХӨСҮТ-д ирээд би халуурч эхэлсэн. Маргааш нь буюу дөрөв дэх удаагаа шинжилгээ өгөхөд халдвартай гэж гарсан.

-Одоо биеийн байдал ямар байна вэ?  

-Хоолой сөөсөн, бага зэргийн халуунтай эмчилгээгээ хийлгэж л байна. Миний хувьд эм ууж, тариа хийлгэж байгаа. Мөн эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгдөг. Эмч нартаа итгэж байна аа. Харин ард олон үймээд эхэлчих вий гэдгээс айж байна. Тэр л жинхэнэ аюул.

-“Энхсаран” сувиллаас нийт хэчнээн иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн юм бэ?

-Гурван автобусаар иргэдийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Миний сууж явсан автобусанд нийт 19 хүн байсан. Үлдсэн автобусанд яг хэчнээн иргэн сууж явсныг мэдэхгүй байна. Нэг хүнээс зардлын мөнгө гэж 10 мянган төгрөг авсан. Тухайн мөнгийг бид эмчийн данс руу шилжүүлсэн.

Хамгийн гайхмаар юмыг би одоо хэлье. “Энхсаран”-д дөрвөн өөр нислэгээр ирсэн хүмүүс тусгаарлагдаж байсан. Тэдгээр нислэгээр ирсэн өөр буудалд тусгаарлагдаж буй иргэдээс халдвар илэхгүй байхад зөвхөн “Энхсаран”-д тусгаарлагдаж байгаа иргэдээс халдвар илрээд байсан. Өчнөөн сар гадаадад гацчихаад эх орондоо ирэх сайхан ч бодлогын алдаанаас болоод халдвар авчихлаа шүү дээ. Алдаа гаргачхаад иргэд рүүгээ чихэлгүй өөрсдөө засаж, тайлбар хийх хэрэгтэй биз дээ. Одоо ч гэсэн “Энхсаран” сувилалд Франкфуртээс ирсэн иргэд байгаа.

-Тэгэхээр таны хувьд ер нь халдвар хаанаас авсан гэж таамаглаж байгаа юм бэ?

-Нэг таамаг байна аа. Би нэг нислэгээр ирсэн залуутай тусгаарлагдаж байсан. Одоо ХӨСҮТ-д цуг л байна.

Бид хоол тараадаг эгчээс халдвар авсан байх. Тэр эгч одоо ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна. Хамт тусгаарлагдаж байсан залуу бид хоёр өрөөнөөсөө нэг ч удаа гараагүй. Нийтийн халуун усанд нэг ч удаа ороогүй. Өрөөндөө л усанд орсон.

-Албаныхан Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан иргэд бие биеийнхээ өрөөнд ордог байсан тул халдвар тархсан гэж үзэж байх шиг байсан.  Үнэхээр бие биенийхээ өрөөгөөр ордог байсан юм уу?  

-Бид өрөөнөөсөө нэг ч удаа гараагүй. Үнэхээр биднийг өрөөнөөсөө гарсан гэж байгаа бол камерын бичлэг шүүгээд үз. Үнэхээр л тийм байх юм бол цаг минут, овог нэртэй нь дэлгэ.

-Тэгэхээр таны хувьд жолооч Д-г харж байгаагүй, танихгүй гэсэн үг байх нь ээ…

-Тийм ээ би танихгүй. Жолооч залууг тусгаарлагдаад хоёр хонож байхад өрөөнд нь өөр хүн оруулсан гэсэн. Жолооч ахын тусгаарлалтын хугацаа ч дуусаж, сорьцоос халдвар илрээгүй болохоор гаргачихсан. Харин хоёр хоногийн дараа хамт байсан хүнээс нь  халвар илэрсэн болохоор ахын гэрт очиж шинжилгээ авсан хэрэг. Жолооч ахтай нэг өрөөнд байсан залуу усанд орж байгаад л халдвар авсан байх. Анхнаасаа нэг өрөөнд нэг хүн байлгасан бол ийм юм болохгүй байсан. 

Одоо хаа саагүй л жолооч Д-г энэ өвчнийг тээж ирээд тараасан гэж ярьж, бичиж байна. Үнэхээр аймшигтай. Намайг эмнэлгээс, эдгэрээд гарахад яаж ялгаварлан гадуурхахыг би үнэхээр хэлж мэдэхгүй нь.

Гэхдээ хүний нутагт халдвар авсан бол бүр л хэцүү байх байсан байх. Эх орондоо эрүүл ирчихээд бодлогын алдаанаас болоод халдвар авсан нь харамсалтай ч эх орондоо ирээд халдвар авсан нь аз ч юм шиг санагдаж байна, энэхэн мөчид.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button