НИЙГЭМЭРҮҮЛ МЭНДЯРИЛЦЛАГА

70 настай эмээтэйгээ ХБНГУ-ын оюутны байранд гацаад буй А.Долгорсүрэн манай редакцад хандлаа

Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн цаг мөчөөс эхлэн бид өдгөөг хүртэл гадаадад гацсан элэг нэгт монголчуудынхаа санал хүсэлтийг редакцаараа дамжуулан,  дуу хоолойг нь түмэн олондоо уламжилсаар ирсэн билээ. Тэр ч утгаараа бид Герман улсад суралцдаг А.Долгорсүрэн хэмээх оюутан бүсгүйтэй цахим сүлжээгээр холбогдож, түүний хүсэлтийг ярилцлагаараа дамжуулан уламжилж байгааг хүлээн авна уу.

-70 НАСТАЙ ЭМЭЭГИЙН ХАМТ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙНА-

Та юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулаад, одоогийн нөхцөл байдлаа хуваалцахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг А.Долгорсүрэн гэдэг. Би Герман улсын Дьюселдорф хотод суралцдаг. Одоогоор би 70 настай эмээгийн хамт сургуулийн оюутны байранд амьдарч байна. Сургуулийн дотуур байр учир, гэр бүлийнхээ хүнтэй хамт удаан амьдрахыг энд хориглодог юм л даа. Гэвч бид сургуулийн удирдлагадаа учирласаар арваннэгдүгээр сарын 1-нээс хойш хамтдаа амьдарч байна.

-Та Германд суралцаад хэр удаж байна вэ. Нууц биш бол эмээ нь ямар шалтгаанаар очсон бэ?

-Эмээ маань өнгөрсөн хоёрдугаар сард гурван сарын хугацаатай Швейцар улс руу төрсөн охин дээрээ очихоор яваад тэндээ гацсан. Өнгөрсөн хугацаанд эгч, эмээг нутагт нь буцаахын тулд УОК-т удаа дараа хүсэлт тавьж, и-мэйл явуулж байсан ч, хүсэлтийг нь авахгүй байсаар энэ сарын 19-ны тусгай үүргийн нислэгт багтаасан байсан. Тиймээс Герман улсад хил хаагдахаас өмнө амжиж над дээр ирээд, нислэгт суух гэж байсан юм. Гэвч Монголд коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, гадаадаас ирэх чартер нислэгүүдийг цуцалсан.

Яагаад танай сайтад хүсэлт тавьсан бэ гэхээр, эмээгийн маань хамгийн сүүлийн визийн хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 5-нд дуусна. Хэдийн гурван удаа сунгасан тул, түүнээс цааш ахин сунгах боломжгүй гэдгийг бидэнд хэлсэн. Визийн газраас бидэнд “Эх орныхоо Засгийн газар болон Элчин сайдын яам, УОК-т хүсэлтээ тавиад, нутаг руугаа буц, эс бөгөөс өндөр торгууль тавина” гэж хэлсэн. Монголд нөхцөл байдал намжтал оюутны байрандаа толгой хоргодъё гэвч, виз хугацаа дуусвал бид цаашид хамтдаа байж болохгүй, дээр нь санхүүгийн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа юм. Дотуур байрнаас хүртэл гаргахыг сургуулийн захиргаанаас мэдэгдсэн. Тиймээс миний хүсэлтийг хүрэх ёстой хүмүүст нь уламжилж өгөөч ээ гэж хүсэх гэсэн юм.

-ЭМЭЭГЭЭ БАЙРЛУУЛАХЫН ТУЛД ОЮУТНЫ БАЙРАНД ХОЁР ДАХИН ӨНДӨР ТӨЛБӨР ТУШААЖ БАЙГАА-

А.Долгорсүрэнгийн гэр бүл

-Та бүхэн УОК болон Засгийн газарт үүсээд буй нөхцөл байдлаа учирлаж, тайлбарласан уу?

-Эгч өнгөрсөн есөн сарын хугацаанд Щвейцарийн элчин сайдын яамд хүсэлтээ тавьж, УОК-руу и-мэйл бичиж байсан ч, тодорхой хариу өгөөгүй гэж хэлсэн.

-Германд нөхцөл байдал ямар байна вэ?

-Германд коронавирусийн нөхцөл байдал маш хүнд байгаа. Ялангуяа оюутны байрны төлбөр өндөр гарч байна. Зөвхөн оюутан л байрлах эрхтэй учир эмээгээ байрлуулахын тулд үндсэн төлбөрөөс хоёр дахин өндөр төлбөр тушааж байгаа. Гэвч удахгүй хөөгдөх дээрээ тулаад байна.

-БУУРАЛ ЭМЭЭГЭЭ ХУРДХАН Л НУТАГ БУЦААХГҮЙ БОЛ, ХАМТДАА ГУДАМЖИНД ГАРАХ НЬ-

-Та бүхэн өнгөрсөн хугацаанд амьжиргааны зардлаа хэрхэн зохицуулж ирсэн бэ?

-Яг үнэнийг хэлэхэд 19-ний тусгай үүргийн онгоц хүртэлх зардлаа л нарийн төлөвлөж, бага багаар зарцуулж байгаа. Гэвч тооцоонд тусгагдаагүй олон зардал гарсан учир, тэр бүр амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй л болоод байна. Эмээгийн визний хугацаа дуусахаас өмнө л нутагт нь амжиж буцаахгүй бол цаашид хэрхэхийг үнэхээр мэдэхгүй юм. Хамтдаа гудамжинд гарах дээрээ тулаад байна.

-Эмээ нь 70 настай гэсэн шүү дээ. Бие нь хэр байгаа вэ?

-Эмээ маань даралт ихтэй, үе мөч нь их өвддөг. Тиймээс эгчийнхээс ирэхдээ авчирсан өвчин намдаах эм болон даралтын эмээ ууж өдөр хоногийн өнгөрүүлж байна. Герман улсад амьдрах албан ёсны зөвшөөрөлгүй учир эмнэлэгт үзүүлэх боломжгүй. Биеэ өвдсөн ч өвчин намдаах эмээр л өдөр хоногийн өнгөрүүлж байна гэхэд болно. Биеэс гадна сэтгэл зүй нь гэсэн маш хүнд байгаа. Өдөржин цонхоор гадаах орчинг ширтэж, “Эх орондоо л ясаа тавих юмсан” гэдэг. Түүнийг нь хөндлөнгөөс харж, сонсох үнэхээр хэцүү байдаг. Буурал эмээгээ хурдхан л эх орон руу нь буцаах юмсан гэж хүсэх юм.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button