Covid-19МэдээНИЙГЭМОРОН НУТАГСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭРҮҮЛ МЭНД

СУРВАЛЖИЛГА: Иргэдийн бөөгнөрөл багассан ч 119.mn сайтын доголдлоос үүдэн нутаг буцаж чадахгүйд хүрчээ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар танилцуулсан томоохон шийдвэрүүдийн нэг орон нутгийн харьяалалтай иргэдийг Улаанбаатар хотоос нэгдсэн журмаар нэг удаа гаргах шийдвэр байв. Учир нь сүүлийн 19 хоногийн хугацаанд төлөвлөөгүй байдлаар хөл хоригдсон нутгийн иргэд хоол хүнс, байрлах газраас эхлээд ахуй амьжиргаагаа залгуулахад хүнд болоод байсан билээ. Ийнхүү өчигдөр /2020.12.01/ өглөөнөөс эхлэн УОК-ын танилцуулсан шийдвэр хэрэгжиж, орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу гарах иргэдийн хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд нээлээ.

Гэтэл орон нутаг руу буцах иргэд шинжилгээ өгснөөс 48 цагийн дараа нийслэлээс хөдөлж, 72 цагтаа багтаж орон нутагтаа хүрсэн байх ёстой хэмээх шаардлагыг тавьж буй. Харамсалтай нь тухайн шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал иргэдэд тулгамдаад байна. Шинжилгээ өгсөн иргэдийн хариу хугацаандаа гарахгүй удаж байгаагаас орон нутаг руу явах тасалбар нь цуцлагдах, цаашлаад хүлээж тэсэхгүй иргэд яаран хотоос гарахаар бөөгнөрөл үүсгээд эхэлжээ.

-ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ НЬ ГАРААГҮЙ ИРГЭД ХОТООС ГАРАХААР ОРОЛДОЖ БАЙНА-

Энэ тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд:

“Өглөөний 06.00 цагаас эхлээд хорио цээрийг сулруулсан аймгууд руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Иргэд тодорхой журам болон  өөрсдийн аюулгүй байдлын хүрээнд шинжилгээний хариугаа үзүүлээд зорчиж байна. Гэвч шинжилгээний хариугаа аваагүй иргэд товчоодоор нэвтрэхээр хөдөлгөөнд оролцож, хүндрэл учруулаад байна. Явах замд нь шинжилгээ нь гарна гэж бодсон иргэд их байна. Шинжилгээний хариу аваагүй иргэдийг товчоодоор нэвтрүүлэхгүй. Иргэдийн бичиг баримтыг тухайн шинжилгээний хариутай нэг бүрчлэн шалгаж байгаа учир шинжилгээ өгөөгүй иргэд хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсье” гэсэн юм.

-119.MN САЙТЫН АЧААЛЛААС БОЛООД ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СААТАХ АСУУДАЛ ГАРЧ БАЙНА-

Хэдийгээр иргэд шинжилгээний хариугаа аваагүй хөдөлгөөнд оролцож буй нь иргэдийн буруу ч, шинжилгээний хариу гарах хугацаандаа гарахгүй, цаашлаад “119.mn сайт” текникийн саатлаас болж гацах асуудлууд их байгааг иргэд хэлж байлаа. Бид орон нутгийн иргэдийн шинжилгээ өгөх хоёр ч цэгээр орсон боловч, холбогдох албаныхан бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тэд хэлэхдээ “Хэвлэлийнхэн сурвалжилга бэлтгэх бол зайлшгүй УОК, НОК, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлж, тухайн байгууллагын хүмүүс урьдчилж мэдэгдсэн үед л сурвалжилга мэдээлэл өгөх боломжтой” гэв. Хамгийн эхэнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хороолол, зургаадугаар хороонд байрлах 21-р сургууль руу очиход шинжилгээ өгөхөөр дугаарласан иргэдийн хөдөлгөөн сийрэг байлаа. Сургуулийн гадна дараалалгүй, дотогш орвол найман иргэн зайгаа барин сандал дээр суусан харагдав. Бүртгэлийн ажилтнаас зарим зүйлийг асуухад:

“Нийслэлээс орон нутаг руу хөдлөх иргэд өглөө 07.00 цагаас эхлэн үүдэнд дараалал үүсгэсэн байсан. Шинжилгээг өглөө 08.30 цагт авч эхэлсэн. Ингээд өдөр 11.00 цаг гэхэд шинжилгээ өгөхөөр ирсэн иргэд цөөрч, ачаалал эрс багассан. Сайтын ачааллаас болоод иргэдийн шинжилгээний хариу саатах асуудлууд гарч байна” гэв. Үүнээс харахад орон нутгийг зорих иргэд өглөөгүүр урт дараалал үүсгэж байгаа аж. Биднийг гарах үед 40 гаруй насны өндөр, туранхай эрэгтэй нэлээн уурласан бололтой зөрөв. Түүнийг гарахтай уралдан бид хэсэг ярилцсан юм. Тэрбээр өөрийн мэдээллийг хэлэхээс татгалзав.

-ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ХУГАЦААНДАА ГАРАХГҮЙ УЧИР АХИАД ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БОЛОХ НЬ-

-Та их ууртай гарч байгаа харагдлаа. Юу болсон юм бол?

-Үгүй яах вэ дээ. Өнөөдрөөс орон нутгийн иргэдийг буцаана гэсэн болохоор өнгөрсөн бямба гарагт шинжилгээнд хамрагдсан юм. Өглөө 09:00 цагаас дугаарлаж дугаарлаж 15:00 цагийн үед шинжилгээгээ өгсөн. Тэгээд хариу нь амжаад гарна гэж бодоод өнөөдөр 10:00 цагаас Сүхбаатар аймаг руу явахаар автобусныхаа тасалбарыг авчихсан байсан юм. Тэгтэл хариу ирээгүй явж чадсангүй. Гайхахдаа эргэж иргээд бүртгэлийн ажилтнаасаа лавлалаа.

-Тэгээд танд юу гэв?

-Ачааллаас болоод 119 сайт нь гацаад байгаа юм байх. Иймэрхүү асуудлаа тооцоолоод зохион байгуулалтай хийх хэрэгтэй шүү дээ. Хөл хорио гээд ажилгүй байхад тасалбарын мөнгөөр шатаж байна. Дээр нь өчнөөн олон цаг дарааллаж шинжилгээ өгсний хэрэг гарахгүй байна. Хариу нь хугацаандаа гарахгүй учир ахиад шинжилгээ өгөх хэрэг гарах юм байх гэсээр яаруу гарч одов.

21-р сургуулийн хувьд ачаалал бага байсан учир бид Баянзүрх дүүргийн 24-р хороонд байрлах 102-р сургуулийг зорьлоо. Гадаа талбайд нь хамгаалалтын хоёр ажилтан зогссон байх бөгөөд дотогш орвол иргэдийн халуун хэмжих нэг ажилтан, харин бүртгэлийн дөрвөн ажилтан байлаа. Дотор мөн л 10 хүрэхгүй иргэд хоорондын зайгаа барьж суусан байв. Ачаалал бага, дотор суусан иргэд мэдээлэл өгөхөөс татгалзав.

Бүртгэлийн ажилтан “Өглөөгүүр л ачаалал их. Үдээс хойш ачаалал багасдаг. Бид иргэдээс шинжилгээг авч, мэдээллийг цахим бүртгэлд бүртгэж байна. Шинжилгээ авах сайт, болон хариу гарахгүй удаж байгаа асуудлыг сайн мэдэхгүй” гэв. Ингээд биднийг гарч явахад гадаа зогсож байсан 50 орчим насны эмэгтэй өөдөөс угтаж уулзлаа. Бидний хэвлэлээс явж байгааг сонсоод “Өвөрхангай аймагт амаржаад удаагүй охин дээрээ очих гээд өнгөрсөн баасан гарагт шинжилгээ өгтөл хариугаа одоог хүртэл авч чадаагүй байна.

-МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМД ДУТУУ БҮРТГЭВЭЛ ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРАХГҮЙ-

Хүүгээрээ асуулгахад шинжилгээ хийлгэхэд бүртгэлийн ажилтан миний мэдээллийг дугуу оруулсан юм байх. Тэгээд сая ороод дахин бүртгүүллээ. Ажилтны хэлснээр мэдээлэл дутуу байхаар хариу нь гардаггүй гэнэ. Та нар хэвлэлээс явж байгаа бол энэ асуудлуудыг хүрэх хүмүүст нь сайн уламжлаарай. Хүмүүсийг ингэж олон дахин явуулмааргүй байна. Эгч нь хөл муутай. Хариугаа хүлээсээр нааш, цааш их олон явлаа” гэв. Тухайн эмэгтэйн зургийг авья гэхэд “Эгч нь зураг авахуулахгүй. Аягүй бол хүүхдүүдийн найз нөхөд таниад муу хэлнэ. Үнэнийг хэлсэн хүнийг үздэггүй болчихсон нийгэм юм байна” гэлээ. Бидэнтэй таарсан хэд хэдэн хүн сайт доголдоод, хариугаа авч чадахгүй байна гэсэн тул бид уг асуудлаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад:

“Сайт гацсанаас болоод иргэдийн шинжилгээний хариу удаж байгаа гэх иргэдийн гомдол их ирсэн. Бид энэ дагуу тухайн сайтын хөгжүүлэлтийг хийж буй компанитай холбогдоход “гарсан алдааг засаж, сайжруулалт хийж байгаа” гэж хэлсэн. Яг манайд гарсан асуудал биш учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэв. 119 сайттай холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдлын тухай ЭМЯ-ны Цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Батэрдэнэ иргэдэд дараах мэдээллийг өгөв.

-119.MN САЙТ СААТСАН ТУЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ МЕССЭЖЭЭР ӨГНӨ-

-Иргэд “шинжилгээний хариу гарахгүй байна, цуцлагдсан гэх хариуг өгч байна” хэмээн их асууж байна?

-119.mn сайтад хоёр төрлийн шинжилгээний хариу явж байгаа. Нэгдүгээрт өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийгдэж буй түргэвчилсэн оношлуурын шинжилгээ, хоёрдугаарт PSR шинжилгээ юм. PSR шинжилгээний хувьд иргэнээс сорьцийг авсны дараа дээжийг ХӨСҮТ рүү зөөвөрлөж, тусгай машинд хийж уншуулдаг. Тиймээс зөөвөрлөхөд 2-4, хариу гарахад доод талдаа 8 цагийг зарцуулдаг. Тухайн шинжилгээний хариу гарах процесс олон цагийг шаардах тул иргэд хариу гарах хугацаанд хүлээцтэй байж тооцоолох хэрэгтэй.

Энэ тохиолдолд ямар асуудал гараад байна гэхээр тухайн очиж буй эмнэлгийн ажилтан иргэний шинжилгээний хариуг дутуу бүртгэснээс шинжилгээний хариу гарахгүй байх асуудлууд гарч байна. Тиймээс иргэний зүгээс эмч нартаа бүртгэл сайжруулах хүсэлтийг тавих хэрэгтэй. Ингэснээр иргэд хариугаа 119.mn сайтаас шууд харах боломжтой.

Шинжилгээ өгөхөөр цаг авсан иргэд цаг, өдрөө өөрчлөх боломжтой юу?

-119.mn сайтаар бүртгүүлсэн иргэд цаг өдрөө өөрчлөх бол дахин бүртгүүлж болно. Ингэснээр өмнөх цагийн бүртгэл устахгүйгээр шинэчилсэн цаг бүртгэгдэнэ. Хоосон цагт өөр хүний шинжилгээг авах зарчмаар явна.

-Шинжилгээ өгөхөөр цаг авсан иргэд шинжилгээндээ хэрхэн хамрагдах вэ?

-Тус сайтад бүртгүүлж, цаг авсан иргэдийн гар утсанд шинжилгээ өгөх газрын хаяг байршил, цагийн мэдээлэл зурвасаар ирнэ. Ингээд шинжилгээ өгөхөөр цаг авсан иргэд тухайн зурвасаа үзүүлээд шинжилгээнд хамрагдах ёстой. Мөн ирэх замд цагдаагийн ажилтан саатуулбал уг зурвасаа үзүүлээд явах боломжтой” гэв.

Нийслэлийн авто тээврийн үндэсний төвөөс өгсөн мэдээллээр өчигдөр /2020.12.01/-ийн байдлаар нийслэлийн шинжилгээ авах 20 цэгт 6662 иргэн шинжилгээнд хамрагдсанаас орон нутаг руу нийтийн тээврээр 2531 иргэн 14 чиглэлд 74 автобусаар зорчжээ. Мөн бүртгэлийн www.119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариу зөрүүтэй гарснаас иргэд хотоос гарч чадахгүй асуудлууд гарсан учир шинжилгээ өгсөн иргэдийн хариуг үүрэн холбооны компаниудаар дамжуулан зурвасаар явуулахаар зохицуулалт хийхээр болсон байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

    1. Гадаадаас тив ####гасаж нислэг хийж гэр бүл, хамаатнаа зөөгөөд байж хэдхэн монголчуудаа гэрт нь аваачаад өгчиж чадахгүй л юм даа. Ямар өндөр үнэтэй онгоцоор зөөх гэж байгаа биш. Та нарт ашиггүй болохоор жирийн иргэд короно туссан ч хамаагүй юу. Нэг ажил зохион байгуулсан нэр зүүж иргэдийг өдөржин тамлаж байдаг төр засаг ч гэж дээ.

  1. Төр засаг, ЭМЯ, УОК өөрсдийгөө сайн ажиллаж байгаа, байгаа зөв онож байгаа гээд л байгаа үнэн үү

  2. Төр засаг, ЭМЯ, УОК өөрсдийгөө сайн ажиллаж байгаа, байгаа зөв онож байгаа гээд л байгаа үнэн үү

  3. Төр засаг, ЭМЯ, УОК өөрсдийгөө сайн ажиллаж байгаа, байгаа зөв онож байгаа гээд л байгаа үнэн үү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button