НийгмийнЯРИЛЦЛАГА

“Тусгай үүргийн нислэгт хэнийг багтаахаа МИАТ үзэмжээр сонгодог, ил тод биш, шударга бус”

Коронавирусийн халдвар тархан, Монгол Улс хилээ хаасны улмаас монгол иргэд гадаадаас эх орондоо ирэх, Монголоос гадаад явна гэдэг “шүдний өвчин” болоод буй. Гадаадын томоохон сургуульд тэнцсэн оюутнууд, зорилгоо биелүүлэхээр гадаадын байгууллагад тэнцсэн иргэд эх орондоо гацаад байгаа билээ. Очихыг хүссэн орных нь чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэгдэнэ, тухайн онгоцонд багтана гэдэг ихээхэн аз сорьсон, том даваа болоод буй. Танил талаараа дамжуулан, “дээгүүр” яриулж байж л тусгай үүргийн нислэгт багтдаг, өгдөг, авдаг нь ч овоо хэдэн төгрөг болсон гэх хардлага иргэдийн дунд бий.

This image has an empty alt attribute; its file name is CORONA-Nisleg-11-1024x733.jpg

Монгол Улсаас хамгийн олон иргэн, оюутан очих хүсэлтээ гаргасан орнуудын нэг нь Япон. Арванхоёрдугаар сард Япон руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсноо Шадар сайд, УОКын дарга Я.Содбаатар өнөөдөр мэдэгдсэн. Онгоц хэд билээ, хүсэлт гаргасан иргэдийн хэд билээ. Хаана нь хүрэлцэхгүй нь тодорхой. Энэ л гол асуудал болоод байгаа юм.

Япон улсад суралцах, ажиллах эрхээ авсан оюутнууд УОК, МИАТ-д ийм өргөдөл гаргажээ.

Япон улсад сурах, ажиллах хүсэлтэй иргэдийн төлөөлөл болгон Э.Санчир-Уяа, О.Болор нартай ярилцлаа.

Эрх зүйч мэргэжилтэй Э.СанчирУяа Японы Нагоя их сургуульд хуулийн чиглэлээр магистр сурахаар тэнцэн, тэтгэлэг авахаар болжээ. Одоо хичээлээ онлайнаар үзэж буй тэрбээр заавал энэ сард багтан, Японд очин, сургуульдаа сурах шаардлагатай. Хэрвээ тэгэхгүй бол тэтгэлгийг нь цуцлах, Нагоя сургуулийн дотуур байранд бус буудалд тусгаарлагдах эрсдэл үүссэн байна.

Харин О.Болор Япон улсын Миязаки хотын Нийгмийн халамжийн газарт ажиллахаар жилийн өмнө тэнцэн, нэг жилийн гэрээ байгуулжээ. Улмаар 2020 арванхоёрдугаар сарын 9-нөөс өмнө очин, ажилдаа орно гэж гэрээндээ тусгаж. Хэрвээ энэ хугацаанд Японд очиж амжихгүй бол гэрээг цуцлана гэж мэдэгджээ.

 Тэдэнд одоо цаг хугацаа юу юунаас илүү чухал. Үүний сацуу тусгай үүргийн нислэгт багтаж байж л зорилгодоо хүрнэ. Эх орондоо “хүлэгдээд” буй тэд үүсээд буй нөхцөл байдлынхаа талаар ингэж ярилаа.

Э.САНЧИР-УЯА: НАГОЯ ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛЭЭ ОНЛАЙНААР ҮЗЭЖ БАЙГАА

No description available.

-Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?

-Намайг Эрдэнэ-Очирын Санчир-Уяа (Э.С) гэдэг. Би 2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Энэ оны аравдугаар сараас эхлэн Японы Нагоя их сургуульд хуулийн чиглэлээр магистарт сурч байгаа. Одоо хичээлээ онлайнаар үзэж байна. Мэргэжил дээшлүүлж, хуулийн чиглэлээр магистрт сурахын тулд Япон явах гэж байгаа.

-Намайг Оюунбатын Болор (О.Б) гэдэг. Япон хэлний “Асаякэ” сургуульд сурч, хэлний түвшингээ n3 хүртэл ахиулсан. Асаргааны тусгай ур чадварт суралцаж, үүнийхээ дагуу ажиллахаар Япон явах гэж байгаа. Япон улсын Мияазаки хотын Нийгмийн халамжийн газарт нэг жилийн өмнө тэнцсэн. Тэнд очин, дадлагажигчаар ажиллана.

-Япон улсад урт хугацаанд суралцах, амьдрах визээ албан ёсоор авсан уу?

Э.С:- Авсан. Миний хувьд шар хуудас маань наймдугаар сард ирсэн. Улмаар өнгөрсөн арваннэгдүгээр сард визээ авсан.

О.Б:- Япон улсад ажиллах визээ авсан. Үүнээс гадна Японы тал тэнцсэн хүүхдүүддээ чамгүй мөнгөн тэтгэлэг өгдөг. Очоод сургалтад нэг сар үнэгүй суух боломжтой. Мөн цалинтайгаа золгох хүртэлх хугацаанд хэрэглээний мөнгө өгдөг.

О.БОЛОР: НАМАЙГ ХҮЛЭЭЛГЭД ОРСОН ГЭЖ ХЭЛСЭН. БАТТАЙ ЭСЭХЭД НЬ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА

– Япон улс руу явах хүсэлт гаргаад, нислэг хүлээгээд хэр удаж байгаа вэ?

Э.С:- Арваннэгдүгээр сараас хойш хүсэлтүүдээ өгөн, тусгай үүргийн нислэгт суудал захиалах гэж удаа дараа оролдсоор өдий  хүрлээ. Энэ хугацаанд МИАТ-ийн санал хүсэлтийн алба, УОК, Гадаад харилцааны яаманд хандан, консул болон визтэй холбоотой асуудал хариуцдаг газрууд руу цахим хаягаар хүсэлтээ илгээсээр ирсэн. Мөн Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргалаа. ХЭҮК-оос надтай эргэж холбогдоод “МИАТ руу залгалаа. Нислэг байхгүй байна. Чи өөрөө сайн залгаад бай” гэсэн хариу өгсөн. МИАТ угаасаа утсаа авах нь ховор.

О.Б:- Визэнд тэнцсэнээс хойш хүлээлгэд орж чадахгүй байв. Тэгж явсаар өчигдөр (Арванхоёрдугаар сарын 1)-нд хүлээлгэд орсон гэсэн. Гэхдээ баттай эсэх нь эргэлзээтэй. Өмнөх хүмүүс нь хаагуур, яаж хүлээлгэд ороод, бүртгүүлсэн нь маш тодорхойгүй. Тусгай үүргийн нислэгийн онгоцны суудал яагаад ингэж хурдан дүүрээд байгааг ойлгохгүй байна.

“МИАТ-аас ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭД РҮҮ ЗАЛГАН, ТАСАЛБАРЫН ЗАХИАЛГАА ХИЙДЭГ”

-Одоо та бүхэнд яг ямар бэрхшээл тулгараад байна вэ?

Э.С:- Би уг нь есдүгээр сард Японд очин, сургуульдаа сурах ёстой байсан ч явж чадахгүй байсаар өдий хүрлээ. Япон руу хэзээ явах минь тодорхойгүй, мэдэхгүй болохоор ажил хийх боломжгүй байна. “Тусгай үүргийн нислэгт багтаж уу” гээд л өдөр бүхэн харуулддаг, хариу хүлээдэг. Энэ сард багтан Японд очихгүй бол тэтгэлгийг минь цуцлах эрсдэл үүсээд байна. Цар тахлын улмаас хүн бүхэнд ямар хүнд байгаа билээ. Ийм дарамт, санхүүгийн бэрхшээл надад ч мөн тулгарч байна.

Өчигдөр (уржигдар) Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын Япон улсыг хариуцсан зөвлөх С.Болорчимэг гэдэг хүнтэй утсаар холбогдож тодруулахад “ Япон улс аравдугаар сараас хойш нийт 1500 орчим хүнд виз олгосон. Өнөөг хүртэлх хугацаанд нийт 1000-аад хүн явсан. Одоо яваагүй, явах хүсэлтээ гаргасан 500-гаад хүн байгаа” гэсэн.

Ямар ч байсан арванхоёрдугаар сарын 5, 6-нд Монгол Улсаас Япон руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон. Бидний дуу хоолой бага ч атугай хүрсний илрэл байх. Үүнд баяртай байна. Гэвч онгоцны тасалбарын захиалгыг нээлттэй явуулдаггүй, МИАТ-аас өөрсдөө залгаж, зорчих хүмүүсээ сонгосон гэсэн. Хоёр жижиг онгоц явуулах тул 300-гаад зорчигч авч явах байх. Тэгэхээр нь цаана нь дахиад 300-гаад хүн үлдэнэ гэсэн үг. Тасалбар захиалж чадаагүй, суудал олдоогүй олон хүн байгаа. Бид бусадтай адил бүх шалгуур, болзлыг нь ханган, нислэгээ хүлээж сууна. Хэлний бэлтгэлийн төлбөр 10 гаруй сая төгрөг төлчихсөн маш олон оюутан байгаа. Гэтэл Японд очин, тэнцсэн сургуульдаа сурч чадахгүй хохирч байна. Эдгээр хүмүүсийн олонх нь Япон явна гэж төлөвлөөд ажлаасаа гарчихсан, зээл авчихсан, зээлийн төлөлт нь нэхэгдээд эхэлчихсэн байгаа. 

О.Б:- Мэдээж бид төр, засгийнхаа шийдвэрийг хүндэлж, өдий хүртэл тууштай дагаж, тэвчээртэй хүлээсэн. Гэвч хөл хорио улам чангарсаар. Энэ хэвээрээ биднийг гадаад руу явуулахгүй, нислэг үйлдэхгүй байгаад байвал маш олон залуус цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө мөнгө, зорилго, хүсэл мөрөөдлөөрөө хохирно. Бүр цаашилбал манай улсын нөхцөл байдлаас болж Япон улсын сургууль, компаниуд тэтгэлгээ цуцалж, цаашид авахаа больчих вий гэсэн айдас маш их байна.

О.БОЛОР: УОК, МИАТ РҮҮ ЗАЛГАХААР УТСАА ОГТ АВДАГГҮЙ

No description available.

-УОК, МИАТ руу холбогдохоор ямар хариу өгдөг вэ?

Э.С:- Сурах, ажиллахын тулд Япон явах хүсэлтэй оюутнууд, иргэд нэгдэн, фэйсбүүкт “Япон улс руу яаралтай явах оюутнууд”, “Арванхоёрдугаар сард Япон явах хүмүүс” гэсэн нэртэй групп байгуулсан. Манай группт олон зуун хүн нэгдсээр байгаа. Бид Япон явах хүсэлтэй нийт хүмүүсийнхээ нэрсийг гаргаад, УОК, МИАТ-д хандан арваннэгдүгээр сарын 25-нд хүсэлт гаргасан. МИАТ-ээс арваннэгдүгээр сарын 30-нд бидэнтэй холбогдоод “Нэрсээ шинэчил. Дотор нь виз аваагүй хүүхдүүдийн нэр байна” гэсэн. Энэ хооронд явах хүсэлтэй хүмүүс нэмэгдсээр байлаа. Хамгийн сүүлд буюу арванхоёрдугаар сарын 1-нд шинэчлэн, 215 хүний нэр явуулсан. Тэгэхэд “Хүлээлгэд орууллаа” гэсэн хариу ирсэн юм.

Би түрүүн хэлсэнчлэн УОК, МИАТ, Гадаад харилцааны яам руу асуудлаа бичин, хүсэлт илгээсээр өдий хүрсэн. МИАТ-аас бусад байгууллагаас нь ямар ч тодорхой хариу ирээгүй. МИАТ арваннэгдүгээр сарын 20-нд “Тусгай үүргийн нислэг төлөвлөх талаар бидэнд мэдээлэл ирээгүй байна” гэсэн.

УОК руу утсаар холбогдохоор “Тусгай үүргийн нислэг тодорхойгүй байна” гэхээс өөр зүйл тодорхой хэлдэггүй. Ийм ганцхан хариутай. Гадаад харилцааны яамныхан болохоор “Бид “Нислэг гаргана уу” гэсэн хүсэлтээ УОК-т гаргасан. УОК шийднэ” гэдэг.

О.Б:- Харьяа байгууллагууд руу залгахаар огт утсаа авдаггүй. Сүүлдээ бүр аргаа бараад цахим орчинд тэмцэж, дуу хоолойгоо хүргэх болсон. Боломжтой бүхнийг ашиглаж байгаа. Фэйсбүүкт сэтгэгдэл бичин, Япон явахын тулд маш хичээж байгаа. Ер нь ойрын хугацаанд Япон явах хүсэлтэй, шаардлагатай 200 гаруй залуус бий.

“ЯМАР ИРГЭДЭД ОНГОЦНЫ ТАСАЛБАР ОЛГОЖ БУЙГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ”

-Танил талаараа нислэгт багтсан, гадаад явсан гэх хардлага иргэдийн дунд бий. Тиймэрхүү хардлага та хоёрт бий юү?

Э.С:- Ийм зүйл мэдээж байгаа. Нэгдүгээрт, Монголын бүх төрийн байгууллагын үйл ажиллагаа арын хаалга, мөнгөөр явдаг нь хэнд ч ойлгомжтой зүйл.

Хоёрдугаарт, сүүлийн хоёр тусгай үүргийн нислэг дээр МИАТ хүсэлт гаргасан иргэд рүү өөрсдөө утсаар холбогдон, нууцаар бүртгээд байна. Онгоцны талсарын захиалгыг нээлттэй болгох хэрэгтэй. МИАТ руу залгаж асуухаар “Хүлээлгэд байсан хүмүүсээ багтааж байна” гэдэг. Хүлээлгэд байгаа иргэдийг ямар журмаар бүртгэж байгаа нь тодорхойгүй. Хэдэн хүн хүлээлгэд байснаас хэчнээн нь тусгай үүргийн нислэгт багтсан нь тодорхойгүй. Би хүлээлгэд байгаа иргэдийн хэд дээр байгаа нь ч тодорхой бус байна. Шударгаар хэлэхэд МИАТ зорчигчдоо өөрсдөө сонгож байна. 

Бидний өгсөн нэрсийг МИАТ хүлээлгэнд оруулсан, цахим хаягаар нь явуулсан хүсэлтийг хүлээж авсан гэдэг. Гэтэл хувиараа холбогдохоор “Хүлээлгэнд хүн бүртгэхгүй” гэдэг нь сонин. Гэтэл нислэг гараад ирэхээр хүлээлгийн хүмүүс гэсэн нэр томъёо гэнэт үүсдэг. Энэ сарын 5-6-ны нислэгт багтсан хүмүүс бидний дунд байгаа. Гэтэл дараалал нь тодорхой биш. Бидний нэрсээ гаргаж өгсөн дараалал лав биш. УОК, МИАТ үнэхээр хүлээлгийн дараалал гэж байдаг юм бол тэрийгээ нийтэд нээлттэй, ил тод болгох хэрэгтэй. Тэгвэл бид итгэнэ.

Гуравдугаарт, тодорхой факт хэлье. Арваннэгдүгээр сарын 2-нд миний таньдаг хоёр ч хүн танилаараа яриулж, гадаад явсан. Намайг фэйсбүүктээ лайв хийсний дараа зөндөө олон хүн “Мөнгө өгч л явсан шүү дээ” гэж чат бичсэн.

Мэдээд зохих журмынх нь дагуу шударгаар гадаад явсан хүмүүс байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ ингэж явсан иргэд маш удаан хүлээдэг. Харин эсрэгээрээ танил талаараа яриулж, мөнгө төгрөг өгсөн хүмүүс ч байна. Хахуулийн мөнгө нь өндөр дүнтэй гэж сонсогдсон, саяар яригддаг сурагтай. Залуусын урмыг мохоож байгаа ганц зүйл бол төрийн байгууллагуудын хээл хахуулийн асуудал, хүнд суртал болоод байна даа.  

О.Б:- Надад ч мөн адил ийм зүйл анзаарагдсан. Надаас өмнө тэнцсэн, бүх юм нь жин тан болчихсон эгч маань өглөөнөөс орой хүртэл олон өдөр дарааллан залгаад тасалбараа захиалах гэтэл өөдөөс нь “Билет бичиж эхлээгүй байна” гэсэн. Маргааш өглөө нь дахин залгахад “Захиалга аваад дуусчихлаа. Суудал дүүрсэн” гэсэн нь үнэхээр харамсалтай.

“ЭНЭ САРД БАГТАН ОЧИХГҮЙ БОЛ НАГОЯ ИХ СУРГУУЛЬ ТЭТГЭЛГЭЭ ЦУЦАЛНА”

No description available.

-Та хоёр Япон руу хэдий хугацаанд багтаж явах шаардлагатай байгаа вэ?

Э.С:- Нагоя их сургуулийн хичээл аравдугаар сард эхэлсэн. Түүнээс хойш хичээлээ онлайнаар үзэж байгаа. Одоо арванхоёрдугаар сард багтаан очихгүй бол тэтгэлгээ цуцална гэсэн. Би уг нь есдүгээр сард очих ёстой байсан. Япон явах хүсэлт гарган, нислэгт багтахаа хүлээсээр өдий хүрлээ. Одоо аль болох эрт явах шаардлагатай байна. Японд эрт очих тусмаа л надад хэрэгтэй.

“ЕСДҮГЭЭР САРД БАГТАН ОЧИХГҮЙ БОЛ АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГА ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛНА”

О.Б:- Заавал энэ сард багтан, Японд очих шаардлагатай байгаа. Би арванхоёрдугаар сарын 9-нд Японд очих гэрээ байгуулсан. Япончууд хэчнээн хариуцлагатай, чанга хүмүүс билээ. Гэрээ бол гэрээ. Ямар ч зүйл маш хариуцлагатай ханддаг. Тусгай үүргийн нислэгт багтаагүйн улмаас ирж чадсангүй гэж ойлгоо ч уу, үгүй ч уу. Бидний нэр хүнд, бүр цаашилбал улсын минь нэр хүнд давхар яригдаж байгаа юм шүү. “Монгол залуус хариуцлагагүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж, амлалтдаа хүрдэггүй” гэвэл харамсалтай санагдаж байна.

-Японд таньдаг хүн бий юү. Байрлах байраа хэрхэн зохицуулсан бэ. Одоо түрээс нь нэхэгдээд хэр удаж байгаа вэ?

Э.С:- Японд дээд курсийн таньдаг хүүхдүүд байгаа. Бид Японд очсоныхоо дараа 14 хоног тусгаарлагдана. Манай сургуулийн зүгээс “Сургуулийн дотуур байранд тусгаарлагдаж болно” гэсэн. Тэгэхийн тулд заавал арванхоёрдугаар сарын 12-ноос өмнө очих шаардлагатай. Хэрвээ арванхоёрдугаар сарын 12-ноос нэгдүгээр сарын 15-ний хооронд очвол дотуур байранд тусгаарлах боломжгүй гэсэн. Тэгэхээр буудалд тусгаарлагдахаас өөр аргагүй. Энэ тухай лайв дээрээ ярихаа мартсан байна лээ. Хэрвээ буудалд 14 хоног тусгаарлагдвал багадаа гурван сая орчим төгрөг хэрэгтэй болно. Япон явахаа хүлээгээд, Монголд ажилгүй байгаа надад их мөнгө шүү дээ. Би очсоныхоо дараа байрны мөнгөө төлнө.

О.Б:- Би Японд очоод буудалд тусгаарлагдах мөнгөө хувиасаа гаргана. Тусгаарлалтаас гарчихвал ажиллах газар маань амьдрах байраар хангана гэсэн. Ер нь энэ сард багтаж очиж чадахгүй гэрээгээ цуцлуулбал надад үнэхээр хайран, харамсалтай байна.

ТЭД ЯПОН ЯВАХААР ТӨЛӨВЛӨН АЖЛААСАА ГАРСНЫ УЛМААС ОРЛОГОГҮЙ БОЛЖЭЭ

No description available.

-Япон руу явахын тулд зээл авах, ажлаасаа гарах гэх мэт ямар, ямар алхам хийсэн бэ. Энэ бүхэн эргээд та бүхнийг ямар эрсдэлд оруулж байна вэ?

Э.С:- Би 2019 оны есдүгээр сард Нагоягийн их сургуульд элсэлт хүсэлт анх өгсөн. Шалгалт, ярилцлагадаа бэлтгэхийн тулд их хугацаа зарцуулсан юм. Ажлаасаа есдүгээр сард гарсан. Ажил хийж бага сага мөнгө хураан, онгоцны тасалбар авах, очоод эхний хэдэн сар хэрэглэхээр төлөвлөсөн юм, уг нь. Гэтэл Япон явахаа хүлээх энэ хугацаанд орлогогүй байгаа болохоор өнөөх хуримтлуулсан мөнгө рүүгээ бага багаар орсоор л байна.

О.Б:- Би ч мөн Япон явахын тулд ажлаасаа гарсан. Наран улс руу явахаар хамаг юмаа төлөвлөсөн ч Монгол Улсад коронавирусийн халдвар тархсаны улмаас ийм нөхцөл байдал үүслээ. Хамаг юм эсрэгээрээ эргэсэн. Биднийг хэр хурдан хугацаанд явуулна, тэр хэрээр бага алдагдал хүлээнэ.

-Японд сурах, ажиллах эрх, виз авахын тулд одоогоор хэдэн төгрөг зарцуулаад байгаа вэ?

Э.С:- Сургуульд тэнцээд, шалгалтын мөнгө зэрэг зүйлд 700.000-аад зарцуулсан. Тэрнээс өөр зүйлд мөнгө зарцуулаагүй. Гэхдээ нөхцөл байдал ингэж эргэн, Япон руу явах минь сунжрахыг мэдсэн бол ажлаасаа гарахгүй, орлоготой байх байсан юм. Хэрвээ өдийд Японд очсон бол тэтгэлгээ авчихсан, цагийн ажил хийх байсан. Одоо тэгтэл ажилгүй, тэтгэлгээ авч чадахгүй дээрээ тулчихаад байна. Хэрвээ тэтгэлгээ авч чадахгүй бол цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг асуудал үүснэ. Нагоягийн их сургууль долоо хоногт 20 цаг ажиллахыг зөвшөөрдөг гэж сонссон. Тэгэхээр сурахынхаа хажуугаар ажил хийх боломжтой.

О.Б:- Япон хэлний сургуулийн сургалтын төлбөр, зуучлалын мөнгөнд гурван сая гаруй төгрөг хувиасаа гаргаад байгаа. Мөн түрүүн хэлсэнчлэн Японд очоод тусгаарлалтад байх буудлын мөнгийг гаргана. 

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ҮНИЙГ НЭМСЭЭР БУЙ НЬ ШУДАРГА БУС

No description available.

-Тусгай үүргийн онгоцны тасалбарын үнэ нэмэгдсээр буй. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

Э.С:- МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны тасалбарын үнэ аравдугаар сард 1.200.000 төгрөг байсан. Гэтэл арваннэгдүгээр сард 1.500.000 болж нэмэгдсэн. Санхүүгийн хүндрэлтэй байгаа бидэнд мэдээж хүсэх зүйл биш. Гэвч бидэнд ийм үнээр тасалбар аваад ч болтугай явахаас өөр сонголт байхгүй. МИАТ тасалбарынхаа үнийг нэмснийгээ “Цаанаас хоосон буцаж ирдэг учраас” гэж тайлбарладаг. Гэтэл гадаадаас хоосон бус ачаа ачаад ирдэг шүү дээ. Тэгэхээр тэдний тайлбар үндэслэлтэй эсэх эргэлзээтэй.

О.Б:- Энэ бол үнэхээр шударга бус үйлдэл. Гадаад явах хүсэлтэй иргэд олон, онгоц ховор байгааг далимдуулаад л ингэж байгаа байх. Одоо иргэдийн амьдрал ямар хэцүү, хаа хаанаа хямралтай байгаа билээ дээ.

“ХЭРВЭЭ КОРОНАВИРУС ГАРАХЫГ МЭДСЭН БОЛ ОЙРЫН ХЭДЭН ЖИЛДЭЭ ХАРЗНАХ БАЙСАН ЮМ ШҮҮ”

-“Монгол Улсад коронавирусийн халдвар тархангуут эх орноосоо зугтлаа” гэж зарим хүн буруугаар ойлгож магадгүй. Энэ талаар тодорхой тайлбар хэлэхгүй юү?

Э.С:- Яг үнэндээ маш олон орноос хүмүүс Японд очиж байгаа. Тэнд коронавирусийн халдвар өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Энэ талаас нь харахад Японд бус Монголд эрсдэл багатай. Тэгэхээр “Коронавирус тархлаа гээд Монголоос зугтаалаа” гэж шүүмжлэх үндэслэлгүй. Коронавирус гарлаа гээд зээлийн хүү бодогдож байгаатай адил дэлхий эргэж байна.

Гадаадын сургуульд тэнцэх, ажилд орох, виз авахын тулд хэчнээн олон шат дамжлага дамжиж, ямар их хугацаа зарцуулдаг билээ. Хамгийн багадаа нэг жилийн хугацаа зарцуулна. Хүний амьдралд урьдаас төлөвлөх боломжгүй, тааварлашгүй зүйл зөндөө тохиолддог. Хэрвээ коронавирусийн халдвар гарахыг нь мэдсэн бол ойрын хоёр жилдээ азнах байсан.

No description available.

О.Б:- Үүнийг монголчууд маань маш зөвөөр ойлгоосой гэж хүсэж бас гуй байна. Бид жил гаруйн өмнөөс тэнцэж, коронавирусийн халдвар, Монгол Улс хилээ хаасны улмаас хүлээсээр өдий хүрсэн. Хүний нутагт юм сурах, өөрийгөө хөгжүүлэх, буцаж ирээд сурч, мэдсэнээ эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд зориулах хүсэл, тэмүлэл дүүрэн байгааг зөвөөр ойлгоорой.

-Тэгэхээр арванхоёрдугаар сард Японд очиж амжихгүй бол Э.Санчир-Уяа Нагоягийн их сургуулийн тэтгэлгээ, О.Болор Мияазаки хотын Нийгмийн халамжийн газарт ажиллах гэрээгээ цуцуулах эрсдэл үүссэн юм байна. Энэ бүхэн нааштай шийдэгдэхгүй бол яах вэ?

Э.С:- Хэдийгээр би хичээлээ онлайнаар үзэж байгаа ч ойлгохгүй, тодруулж асуух зүйл зөндөө гардаг. Тэр бүхэнд дутуу ойлгоод л өнгөрдөг. Хичээлээ давтъя, уншъя гэхээр ном байхгүй. Цахим хичээлийн үеэр багш нар маш олон Япон номноос унших, судлах даалгавар өгдөг. Гэтэл тэгэх боломж надад алга. Судалгааны ажлаа хийж чадахгүй байна.

Япон явахаа хүлээгээд ажил хийх боломжгүй байна. Ажилд орлоо гэхэд гэнэт тусгай үүргийн онгоцонд багтвал яах вэ. Ажилгүй, орлогогүй, Японд очоод хэрэглэхээр цуглуулсан хэдийгээ үрээд сууж байна. Сүүлдээ онгоцны тасалбарын мөнгөгүй болчихвол яана.

Яах нь тодорхойгүй, хэзээ явахаа мэдэхгүй, ойлгомжгүй ийм олон зүйл хүнийг их бухимдуулдаг, хямраадаг юм байна. “За, ашгүй тусгай үүргийн нислэгийн хуваарь гарч” гээд баярлахаар багтахгүй. Дараагийнх нь нислэг хэзээ гарах нь тодорхой. Тэгсэн ч хүлээхээс өөр сонголтгүй. Ажилд орчихоор хүний ажлыг “алчих” юм болов уу гэж санаа зовоод хүлээсэн хүн л байна.

Б.О:- Маш том боломж, мөрөөдлөө алдаж, сэтгэл, санаа, хөрөнгө, мөнгөнөөс гадна өдий хүртэл хичээсэн хичээл, зүтгэл минь салхинд хийснэ. Бидний төлөө ажилласан багш, Япон, Монголын талын хүмүүсийн хүч, хөдөлмөр талаар болно. Шар хуудас тийм ч амар гардаггүй юм шүү дээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button