УРЛАГ

“Ковид-19”-ийн үеийн соёл ба дархлаа

Ковидын дараа амьдрал үргэлжилнэ. Монгол түмэн түүхээ бүтээсээр, бидний хийсэн бүтээсэн бүхэн соёл болж үлдсээр байх болно. Монголын соёл үндэсний дархлаагаа тэтгэсээр, ард олон, хүүхэд залуус, тэрчлэн гадаадаас Монголд ирэгсэд  музей, номын сан, театр, чуулга руу очсоор байх болно. Монголын бахархал нь улс төр бус, түүх соёл нь байсаар байх болно.

Ковидын үе таарсан гээд Монгол түмний цөхөртлөө хүлээсэн Соёлын бүтээн байгуулалтуудыг царцаах гэсэн хорон үгс Улсын Их Хурлын танхимаас тархсанд үнэхээр гайхаж байна. Бодож үзвэл, увайгүй жижигхэн улс төр л бололтой. Гэхдээ л хорлонтой. Нийгмийн хэсэг бүлгийг турхирч маргаан мэтгэлцээнийг өдөөнө.

Монголын соёл урлаг ковидын үед айл гэрт орон зайн алсаас хүрээд оччихсон соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа явуулсаар байгааг бид мэдэрч байна. Соёлын яам маань “Цахим орчинд соёл түгээе” хэмээн уран бүтээлчдээ уриалав. “Монгол үндэстний үнэт зүйл” гэсэн төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Олон түмэн гэр гэртээ ном уншиж оюунаа цэнгүүлээд, цахим орчинд ярилцлага хэлэлцүүлэг явуулж харагдана. Дуучид хуурчид маань цахим тоглолт гэр гэрээсээ хийж 300 гаруй сая төгрөг хуримтлуулаад цар тахлын тусламж болгон илгээсэн байна.

Музейнүүд шилдэг үзмэрүүдээ цахим орчинд тайлбарлаж, үзэгчид гэр гэрээсээ соёлоо мэдэрч, гайхан биширч танин мэдэж байна. Үндэсний номын сан болон шашны байгууллагуудад хадгалагдаж байгаа үнэт ховор ном бүтээлүүдийн дээжээр үзэсгэлэн дэглээд цахим цуврал болгон танилцуулж байна. Манай зохиолчид уран зохиолоороо нийгмийн дархлааг дэмжихээр цахим орчинд идэвхтэй байна.

Ковидын дараа уншигчдадаа барих шинэ бүтээлтэйгээ бичгийн ширээндээ суугаа зохиолч, эрдэмтэд, орчуулагчид олон байгаа гэдэгт эргэлэхгүй байна. Хөгжмийн зохиолчид төгөлдөр хуурынхаа ард, зураачид урландаа нам гүмхэн сууж шинэ туурвилуудаа бүтээсээр байгаа нь мэдээж. Шинэ музей, номын сан, театрт тавигдах үзмэр, чимэглэлийн бүтээлүүд урлангуудад амилсаар байгаа сурагтай. Уран бүтээлчид, соёлын ажилтнууд шинэ бүтээн байгуулалтынхаа төлөө тун завгүй ажиллаж байна. Одоогоор соёл л ковидын вакциныг орлож байх шив дээ.

Монголын нийгэмд гэгээ тусгаж буй, хэдэн арван жил цөхөртлөө хүлээсэн соёлын бүтээн байгуулалтууд руу улс төр хийсэнд харамсаж байна. Гучин жилийн өмнө Монголын соёлын зүтгэлтнүүд цагийн самуунд егүүтгэгдсэн түүх соёлын дурсгалуудаа сэргээх бэлгэдлээр санаачилсан “Мигжэд Жанрайсиг” төсөл хэрэгжиж байхад бас нэгэн бүлэг хүмүүс “Наад ажлаа зогсоо. Ард түмэн ядуу байна. Баяжихаараа хий” хэмээн шахаж, гадны улс төр шашны суртаалч нар ч сөрөг ухуулга явуулж бүтээн байгуулалтыг зогсоохоор ажиллаж байсныг санаж байна. Гэвч ард түмнийхээ дэмжлэгээр ХХ зуунд Монголчууд өөрсдийн хандиваар тэр том бүтээн байгуулалтыг гардан бүтээж чадсан билээ.

Ковидын үе мэдээж дуусна. Дараа бид нүүр нүүрээ хараад урлаг соёлын том бүтээн байгуулалтын танхимд уулзах болно. Дотоод гадаад аялал жуулчлал, хөл хөдөлгөөн бий болно.

“Чингис хаан музей”, “Археологийн музей”, “Үндэсний номын сан”, “Байгалийн түүхийн музей”, “Үндэсний урлагийн их театр”-уудынхаа үүдийг нээх нь мөрөөдөл бус бодит үйл хэрэг болно. Соёлоор тэтгэгдэх шинэ эрч хүч, урам зориг, бахархал, тэрчлэн эдийн засгийн ахиц ч буй болно.

Ковидын үе дуусна, дараа нь юу гарч ирэхийг бид мэдэхгүй. Эрүүл мэндэд дархлаа маш чухал хэрэгтэй гэдгийг л сайтар мэдэж авлаа. Тэрчлэн манай нийгмийн уураг тархинд оюуны дархлаа бүүр ч эрхэм чухаг гэдгийг нөхцөл байдал улам тод харуулсаар байна. Гучин жил төрийн бодлогын гадна үлдээсэн, харин одоо дөнгөж эхлээд явж байгаа соёлын том хөтөлбөрүүд манай нийгмийн дархлааг дэмжих нь зайлшгүй үнэн. Том утгаар нь хэлбэл; МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГ л ҮНДЭСНИЙ ДАРХЛААГ буй болгоно.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3 Сэтгэгдэл

    1. Чи бол жинхэнэ урд зүгиин илжиг нэг бол үхэр монгол гдэг нь блолтой…Чамд урлаг соёл түй ч хамаагүй. Монголоос минь ######## махан толгойт.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button