НийгмийнХУУЛЬ

Г.Анхбаяр: Хөл хорио тогтоосноор ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл ихэссэн

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Анхбаяртай жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “Яг одоо” аяны тухай ярилцлаа.

-ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД
ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ-

-Юуны өмнө та жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулагдаж буй Яг одоо аяны тухай мэдээллийг өгөөч?

-Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэгдсэн уриатайгаар тэмдэглэж ирсэн байдаг. Манай улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудтай хамтран 23 дахь жилдээ зохион байгуулж байна.

2020 онд хүн бүр “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт “ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж, хүн бүр хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг нийгмийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийхийг бусдад уриалах байдлаар явуулж байна. Мөн энэ аянтай зэрэгцэн “Хүндлэлд хүйс” хамааралгүй үндэсний аян улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Цагдаагийн газар энэ арга хэмжээг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд явдал байгаа. Тухайлбал хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэлд цэг тавих асуудалд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг иргэдэд ойлгуулах нь чухал байна.

-ХӨЛ ХОРИО ТОГТООСНООР АХУЙН ХҮРЭЭНИЙ АРХИДАЛТ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨССӨН-

-Баянхонгор аймагт гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаасаа дурьдвал?

-Баянхонгор аймагт 2020 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 42 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 30 нэгжээр буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд даруй 4 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил харилцан адилгүй бүртгэгдэж ирсэн.

Гэвч 2020 оны хувьд Коронавирус (covid-19)-ын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөл хорио хязгаарлалт тогтоож иргэдийн гэртээ байх хугацаа нэмэгдсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, улмаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа тоо баримт Цагдаагийн байгууллагын статистик мэдээнээс харагдаж байна.

Цагдаагийн газрын зүгээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, хүчирхийллийг таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. 2020 оны эхний 11 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийлэл хүүхэд хамгааллын чиглэлээр “Хайр өвтгөдөггүй”, “Охидоо хамгаалъя”, “Сархдаас сална аа хө”, зэрэг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн аянуудыг зохион байгуулж ажилласан.

-Аймгийн хэмжээнд бүртгэгдэж байгаа Жендэрт суурилсан хүчирхийллийн гол шалтгаан юу байна?

-Ер нь Жендэрт суурилсан хүчирхийллийн гол шалтгаан бол эрх мэдлийн тэнцвэргүй байдал байдаг. Хэн нэгэн этгээд өөрийнхөө хүч чадал, түрэмгий байдлаа ашиглаж, эрх мэдэл тогтоох гэсэн хандлага, үүний улмаас хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж байгаа байдал юм.

Түүнээс нийгмийн дунд яригддаг тогтсон ойлголт болох архи, ядуурал, боловсролын түвшин, ажилгүйдэл бол хүчирхийллийн шалтгаан биш. Харин эдгээр нь хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйл болж байна. Аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдэж чадахгүй байгаа хүн, хүчирхийлэл үйлдсэн шалтгаанаа бусдаас хайж, архинд бурууг тохдог. Гэвч согтууруулах ундаа өөрөө хариуцлагыг хөнгөрүүлдэггүй, харинч хүндрүүлэх нөхцөл байдал болдог.

Мөн хүчирхийллийн бас нэг асуудал нь бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байдлаас болж хүчирхийлэл үйлдэгддэг. Тухайлбал гэр бүлийн хүчирхийллийн хувьд эхнэр нөхөр болж нэг гэрт амьдраад эхлэхээр тэдний өөрөөс нь ялгаатай байдал нөгөөд нь таалагддагүй. Үзэл бодол, зан чанар, аливаа зүйлд хандаж байгаа хандлага зэрэг маш олон зүйлд зөрөлдөж эхэлдэг. Ингэснээр маргаан бий болж, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг нь тэр хүний сонголт болдог.

Хүчирхийлэгч этгээдийн хувьд тухайн асуудлыг өөрөөр шийдэх боломжийг хайж, хүний эрхийг хүндэтгэх ёстой. Ингэж чадвал хүчирхийлэл гэдэг зүйл таслан зогсоогдох боломжтой.
Жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр болох бага насны охидын эсрэг хүчирхийлэл мөн аймгийн хэмжээнд өндөр тоон мэдээтэй байна.

-БАЯНХОНГОР АЙМАГТ ӨНГӨРӨГЧ ОНД 12 ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН-

-Аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа бага насны охидын эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлын талаар хэлж өгөөч?

-Баянхонгор аймагт өнгөрөгч 2019 онд гэмт хэргийн улмаас 75 хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирсны 50 хүүхэд буюу 66.6% нь Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөж хохирсноос 38 хүүхэд нь 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, 12 нь хүчиндэх гэмт хэрэгт өртөж хохирсон. Мөн 2020 оны эхний 11 сарын байдлаар 54 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсоны 31 буюу 57.4% нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хохирч энэ төрлийн гэмт буурахгүй, таслан зогсоогдохгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдтэй хэрхэн ажиллаж байгаа талаар?

-2020 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 130 иргэн баривчлагдаж, зан үйлд нөлөөөлөх албадан сургалтанд хамрагдсан. Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн этгээдүүдэд нэг бүрчилсэн хяналт тавих зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн хяналтын хувийн хэрэг” нээж, хяналт тавьж ажиллаж байна. Мөн Цагдаагийн газрын дэргэдэх “Жаргалтай амьдрал” төвд хэвтүүлэн сэтгэл зүйн болон эрүүл мэндийн эмчилгээ хийлгэж, тэдний зан үйлд болон архины хэрэглээнээс татгалзах байдалд сургаж, 28 хоногийн хугацаанд эмчилж байна. Одоогийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 8 этгээдийг хэвтүүлэн эмчлүүлсэн байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас баривчлагдсан иргэдийг оршин суугаа газрынх нь хамтарсан багт тухай бүр холбон зуучилж ажиладаг бөгөөд хамтарсан баг тухайн этгээд болон гэр бүлтэй нь ажилладаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчид шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хамтарсан баг хүлээсэн. Мөн Гэр бүлийн хчүирхийллийн зөрчлийг 3 удаа үйлдэж баривчлагдсан этгээдэд удаа дараа гэдэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хариуцлага хүлээлгэдэг.

ӨНГӨРӨГЧ ОНД

Цагдаагийн газраас Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй аян, арга хэмжээнүүдэд ач холбогдол өгч ажиллахаас гадна аймаг орон нутагтаа аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Өнгөрөгч 2019 онд дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”, “Зөв тусгал”, “Ойлгоё-хүндэлье”, “Бяцхан зорчигч”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё”, “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” зэрэг аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг цаг үеийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлийн мэдээнд үндэслэн зохион байгуулж ажилласан.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хэрвээ хань нөхөр тань чамаас тусгай бүх л зүйл нь нуусан ха####ттай, сэтгэлээ нэг ч дэлгэхгүй гэриын үйлчлэгчиын байраас хандв#### чи зөвхөн өөртөө л гомдох ёстой гэж үг байдаг юм байнаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button