"УБТЗ” ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас "УБТЗ ” ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон ч хойшиллоо.
Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлагааг тус тус ирүүлжээ.
Иймд шүүхээс дээрхи хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.
Л.Пүрэвбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг “Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан“-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.