СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүдээ гар утаснаас хол байлгах гэж хашаандаа МӨСӨН КАТОК барьсан гэр бүл
“Манай катокыг орой нар буусан үед харвал илүү гоё. Гэрлийг нь асаачихаар хүүхдүүд сонирхоод их дуртай байдаг юм” хэмээн уриалагхан хариулах гэр бүлийг Д.Бизьяагийнх гэдэг. Тэд 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн 42-р хороонд амьдраад найман жил болжээ.
Сургуулийн амралт, хөл хориотой зэрэгцээд хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүссэн нь гэр бүлийн мөсөн каток аж. Харвал тэрсхэн гэмээр хоёр хүүхэд каток буюу мөсөн гулгуур дээр хөгжил дүүрэн гулгаж байна. Харин өрхийн тэргүүн хүүхдүүдээ алсаас ажин, баярлан дэмжиж байгаа нь нүдэнд туслаа. Бид өрхийн тэргүүн Д.Бизьяатай хэсэг ярилцсан юм.
-ХӨЛ ХОРИОГООР ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ГАР УТАС ОРОЛДОЖ, ЗУРАГТ ҮЗЭХ НЬ ИХЭССЭН-
-Нууц биш бол та ямар мэргэжилтэй вэ?
-Миний үндсэн мэргэжил цахилгаанчин.
-Хашаандаа мөсөн каток хийх санааг хэн, хэзээ гаргав аа?
-Хөл хорио эхэлснээр хүүхдүүд маань гэртээ гар утас оролдож, зурагт үзэх нь ихэссэн. Нэгэнтээ гаргаж, тоглуулж чадахгүй учраас өөр зүйлээр анхаарлыг нь татахыг хүссэн. Тиймээс эхнэртэйгээ ярилцаад “Мөсөөр гулгуур хийж өгье” гэж бодсон юм.
-Анзаарахад хүүхдүүд нь анх удаа тэшүүрээр гулгаж сурч байх шиг харагдсан?
-Тийм ээ. Мөсөн катокоо хийж дууссаны дараа л шинэ тэшүүр авч өгөөд гулгаж сургаж байгаа нь энэ юм. Том нь овоо л сураад ганцаараа гулсаад байна. Харин охиныг сургахын тулд түшүүр хийж өгсөн.
-ЭВДЭРХИЙ ГҮЙЛТИЙН ЗАМЫГ ЯНЗАЛЖ ГАГНААД ТҮШҮҮР ХИЙЖ ӨГЧЭЭ-
-Гагнаж хийсэн юм шиг байна?
-Тийм ээ. Хуучин ашигладаггүй, эвдэрхий гүйлтийн зам байсан юм. Түүнийг нь гагнаад л нэг ийм юм хийж өгсөн.
-Мөсөн катокоо хараад хүүхдүүд нь хэр их баярласан бэ. Магадгүй хийх ажилд нь тусалсан болов уу?
-Баярлалгүй яах вэ. Их дуртай байгаа юм. Теле хичээлээ хийснийхээ дараа гарч гулгана шүү гэдэг шаардлага тавьдаг. Тиймээс зорилго тавиад эхэлсэн. Мөн ганц каток хийгээд гулгуулахаар хүүхдийн сонирхол төрөхгүй учраас давхар чимэглэж өгсөн.
-Нойлын өрөө болон катокын чимэглэлийг ундааны бөглөөгөөр хийсэн харагдлаа. Хэчнээн бөглөө орсон бэ?
-Манай эхнэр өөрөө ундааны сав, бөглөөгөөр хогийн сав гэх мэт зүйлсийг хийдэг. Ундааны бөглөөг бол цуглуулаад хоёр, гурван жил болсон. Ойролцоогоор 5000 орчим бол байгаа байх шүү.Тиймээс цуглуулгаараа катокоо чимсэн юм.
-Катокоо хийхдээ эхлээд хэв бэлдэв үү, яаж ингэж тэгш, жигд гадаргуутай хөлдөөсөн бэ?
-Хашааныхаа цасыг цуглуулаад устайгаа хольж бэхжүүлж байгаад гадна хэвээ хөлдөөж хийсэн. Бага багаар нэмж хөлдөөсөөр байгаад л жигд болсон. Нэг дор их ус асгавал хөлдөөхөд хэцүү юм билээ. Одоо ч дулаан өдөр каток болон өвлийн өвгөн хайлдаг юм.
-ХҮҮХДҮҮДЭЭ ХӨДӨЛГӨӨНТЭЙ, ЭРҮҮЛ БАЙЛГАХЫН ТУЛД КАТОК ХИЙСЭН-
-Хэр хэмжээний ус орсон бэ?
-Яг нарийн бол сайн мэдэхгүй юм. Барагцаагаар таван тонн болсон болов уу гэж бодож байгаа.
-Мэдээж нэг өдрийн ажил бол биш байх?
-Бид хэд яг арваннэгдүгээр сарын 13-наас эхэлж хийсэн. Ойролцоогоор 14, 15 хоног хийсэн. Арванхоёрдугаар сарын 1-нээс л өмнө дуусчихсан байсан.
-Каьок байгуулахаас өмнө хүүхдүүд цагийг хэрхэн өнгөрүүлж байсан бэ?
-Хичээлээ хийгээд л, завсраар нь салхинд хамтдаа гардаг байсан л даа. Хоёр жилийн өмнө Сонгинын амралтад гэр бүлээрээ очиж байсан юм. Тэнд мөсөн каток байгуулсан байсан. Хүүхдүүд маш дуртай тоглож байсан учраас түүнээс бас их санаа авсан л даа. Тэгээд ч хичээл орохгүй болохоор эрэгтэй хүүхдийн хүмүүжилд гар утас, телевиз их нөлөөлөх учир хөдөлгөөнтэй байлгая, эрүүл байлгая гэдэг үүднээс л барьсан. Ерөөс хүүхдийнхээ төлөө л хийсэн юм.
-Цасыг устай хольж зуурсан гэсэн. Маш их хөдөлмөр орсон байна шүү дээ.
-Тийм ээ. Энэ хавийн бүхий л цасыг зөөж, цэвэрлэсэн. Хоёр хүүхэд маань ч гэсэн чаргаараа цас зөөж тусалсан. Цэвэрхэн цасаар л зуурахгүй бол устай холихоор катокын өнгө нь бараан харагдаг юм билээ.
-Хашаандаа барьсан каток нь ийм олон хүмүүсийн анхааралд орно гэж бодсон уу?
-Бид хоёр ерөөсөө тэгж бодоогүй. Анхааралд оръё ч гэж зориогүй. Хамгийн гол нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч, гэр бүлийнхээ уур амьсгал, халуун дулаан байдлыг хадгалъя л гэж бодсон. Хашаандаа ус зөөж, каток барьж байгааг хороон дарга хараад эхнэрээс маань асуусан юм билээ. Тэгээд зургийг нь явуулчих гээд эхнэрээс авсан байсан. Удалгүй олон хэвлэл, сайтаас холбогдоод эхэлсэн л дээ.
-5000 ТӨГРӨГӨӨР ТАВАН ТОНН УС АВААД ХИЙЖЭЭ-
-Таны хийсэн катокыг дуурайлгаж хийвэл боломжтой юу, хэр их ажиллагаа, хөрөнгө зарцуулсан бэ?
-Боломжтой. Үүнд зардал гээд байх зүйл орохгүй. Ус авлаа гэхэд 5000 төгрөг л орох байх. Өөр мөнгөөр авч, хийсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь хүнд сэтгэл л байхад байгалиас орсон цасыг цуглуулаад хийчихнэ.
-Хүүхдүүдийн сэтгэгдэл нь ямар байсан бэ?
-“Аав ээждээ хайртай шүү” гээд их л сэтгэл ханамжтай байгаа нь харагдсан. Өдрийг ч мөн маш үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлж байгаа.
Биднийг ярилцах зуур хүүхдүүд хүйтнийг үл ажран, хацартаа улаа бутруулсаар мөсөн талбайд гулгаж, чаргаараа гулгуураар гулгаж байлаа. Д.Бизьяагийн том хүүг Б.Маргад-Эрдэнэ гэдэг бөгөөд өдгөө долоон настай, бага сургуулийн хоёрдугаар ангид сурдаг байна. Харин Б.Амин-Эрдэнэ таван настай, цэцэрлэгт явдаг. Бид энэхүү мөсөн катокын эзэд болон хүүхдүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.
Бага охин хэвлүүхэн бөгөөд намуухан дуугаар “Катоктой болсон маш гоё байна. Тэшүүрээр гулгаж сурахад хэцүү байгаа. Өдөр нартайд гарч тэшүүрээр гулгадаг. Би шинэ жилээр зурагтаар гардаг “My Little Pony”-гийн бүх морьдыг авмаар байна. Харин ах “Moncard” хүүхэлдэйн киноны картыг авахыг хүсдэг” гэв. Харин цаанаас нь Б.Маргад-Эрдэнэ өөртөө итгэлгүйгээр “Тийм” хэмээн дүүгийн яриаг урамшуулан дэмжинэ.
Цэлгэр хашаанд хоёр өргөө цагаан гэр байх бөгөөд харин урд хэсэгт мөсөн каток, гулгуур, ард нь амбаарыг гоёмсог саагаар чимэглэж байрлажээ. Харин анзаарч сайн харвал хашааны зүүн буланд өнгө, өнгийн ундааны бөглөөгөөр чимэглэсэн жорлон харагдана. Холоос хальт харвал гоёмсог хатгамал мэт үзэгдэх нь соньхон. Энэ тухай бид гэрийн эзэгтэй Д.Оюунцэцэгээс зарим зүйлийг асуусан юм.
-ХАМГИЙН АНХ УНДААНЫ БӨГЛӨӨГӨӨР ХОГИЙН САВ ХИЙЖ БАЙЛАА-


-Каток, гулгуурын хажуугаар нойлын өрөөний чимэглэл нүдэнд туслаа?
-Одоогоор гэртээ хүүхдүүдээ хараад л байж байна даа. Эгч нь группд байдаг юм. Өмнө нь бол оёдлын ажил хийдэг байсан. Хамгийн анх ундааны бөглөөгөөр хогийн сав хийж байсан. Сүүлд нойлоо янзалъя гэж бодоод чимэглэсэн л дээ. Каток хийсний дараа чимэглэл дутуу байсан учир гэрлээр тойруулах санааг гаргаж, ундааны бөглөөгөөр давхар гоёсон. 2020-2021 оныг гэрлээр чимэглэх үү, бөглөөгөөр чимэглэх үү гэж бодсоны эцэст бөглөөг сонгосон. Тэр нь ч маш зөв шийдэл болсон.
-Ундааны бөглөөг яаж цуглуулдаг нь сонирхол татаж байна?
-Олон жил цуглуулсан. Ах дүү нартаа ундааны бөглөөгөө битгий хаяарай гэж захидаг. Тэгээд л цуглуулдаг даа.
-Ундааны бөглөөгөөр эд зүйл хийхэд хэцүү юу?
-Айхтар хэцүү бол биш ээ. Жаахан цаг л авдаг юм. Хүү, охин хоёртойгоо хамтдаа хийдэг.

Хань нь групп-д байдаг учир гэр бүлийн өрхийн тэргүүн хөдөлмөр эрхэлж, харин эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг аж. Хүндхэн хагалгааны ард гарсан учир ажил эрхлэх боломжгүй болжээ. Гэсэн ч хөдөлмөрч энэ гэр бүлийн хашаандаа хийсэн бүтээн байгуулалт олон олон хүнд үлгэр жишээ болж байна. "Хашаандаа барьсан мөсөн каток маань шинэ жилийн уур амьсгал нэмээд үнэхээр сайхан байна” хэмээн хуучилсаар биднийг үдэж гаргав.
ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР





























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Saihan ajil sag humus baina