НИЙГЭМЭнтертайнмент

#СOVID-19 | Хөл хориогоор эко лаа, саван урлаж, түүгээрээ орлого олж буй УРАН БҮСГҮЙЧҮҮД

Монгол улсад коронавирусийн халдвар зөөрлөгдөн ирснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Эрвийх дэрвийхээрээ хичээвч, дотооддоо халдвар алдсан мөчөөс хойш ААН, ЖДҮ-чид элгээрээ мөлхөж, өдрийн орлогоороо амь зууж байсан иргэд хүнд байдалд орсон сарууд өнгөрлөө. Гэвч Монгол улсын Засгийн газраас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хэд хэдэн томоохон шийдвэрүүдийг гаргасан нь иргэдэд амь тариа болсон гэхэд болно. Бид энэ удаа хөл хориог давуу тал болгон харж, өөртөө шинэ зуршил чадварыг бий болгон түүгээрээ орлого олж буй ухаалаг басхүү уран бүсгүйчүүдийг онцолж буйг дуулгахад таатай байна.

Бидний танилцуулах эхний бүсгүйг М.Ану гэдэг. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй бөгөөд хамгийн эхний хөл хорио буюу өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр амаржиж, охиноо асарч байх хугацаандаа эрүүл мэндэд тустай, төрөл бүрийн тансаг эко лааг хийж, чимэглэж сурсан байна. Өдгөө өөрийн нэрийн лааг борлуулах албан ёсны пэйж, үнэнч үйлчлүүлэгчидтэй болоод амжжээ. Зөвхөн лаа хийж борлуулаад зогсохгүй өөрийн үүсгэсэн групп-д лаа хийх аргачлалаа бусад бүсгүйчүүдтэй хуваалцдаг байна.

М.АНУ: ХӨЛ ХОРИОНЫ ХУГАЦААНД ТӨРӨЛ БҮРИЙН АНХИЛУУН ЛАА, ҮНЭРТҮҮЛЭГЧ ХИЙЖ СУРСАН

"Гэртээ охиноо харж байх хугацаандаа цахимаар үнэ төлбөргүй хичээлүүдэд хамрагдаж, заримыг нь туршиж эхэлсэн. Анх яагаад лаа хийж сурсан бэ гэхээр тухайн үед “Сайхан бүсгүй” группийн админ, гишүүддээ төрөл бүрийн төлбөртэй болон үнэ төлбөргүй сургалтуудыг оруулдаг байлаа. Лаа хийх сургалт нь төлбөргүй байсан юм. Ингээд хичээлийг нь үзээд, гэрийнхээ хажуугаас лаа хийх түүхий эдүүдээ худалдаж авсан. Азаар тухайн үед хараахан дэлгүүрүүдийг хааж эхлээгүй байсан юм.

Гэр бүлийн хүн маань ч миний хүслийг дэмжиж, лаа хийх хамгийн эхний санхүүжилтийг гаргаж байсан. Түүнчлэн цалинтай ээжийн 50.000 төгрөгөө ч мөн зарцуулсан. Нөхөр маань банканд ажилладаг. Хөл хорионоос шалтгаалаад гэрээсээ ажиллаж байгаа учраас хүүхдээ харах, гэрийн ажилд туслахаас эхлээд өөртөө цаг гаргах боломжтой болсон. Миний хувьд лааны эрүүл байдлаас гадна үзэмж, хийц, түүхий эдэд өндөр ач холбогдол өгдөг. Тиймээс ч хамгийн анх лааны түүхий эд худалдаж авахдаа багагүй мөнгийг зарцуулсан. Хэдий тийм ч авсан түүхий эдүүд маш удаан хэрэглэгддэг юм билээ.

-ДЭЛГҮҮРТ ХУДАЛДААЛАГДДАГ ИМПОРТЫН ЛААНУУД ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ-

Тухайн үед авч байсан түүхий эдүүдээ одоо ч хэрэглэдэг. Нэг л зориод авчихвал, нэлээн удаан хэрэглэгддэг. Хүн аливаа зүйлийг оролдож эхлэхээсээ өмнө их сүрдэж хүлээж авдаг юм шиг. Яг материалаа аваад лаагаа хийхэд, эхний оролдлогоороо хийж чадсан. Хэдийгээр царай муутай ч, хийсэн лаагаа хараад анх маш их баярлаж, төдий хэмжээгээр түүнээсээ урамшиж байлаа.Одоо бодоход, би арван жилийн сурагч байхдаа үйлчлэх хөдөлмөрийн хичээлдээ маш дуртай, гараараа урлах, бүтээх дуртай хүүхэд байсан юм билээ. Их сургуульд ороод хичээлдээ төвлөрч, дуртай зүйлээ орхигдуулсныг лаа хийж эхлээд мэдэрсэн. Үйлчлэх хөдөлмөрийн багш маань үнэхээр мундаг багш байсан юм. Хүүхдүүд хичээлийн хоёр цагийг тэсэн ядан хүлээж, маш бүтээлчээр өнгөрүүлдэг байсан. Их ч зүйлийг сурч авсан. Бүтээлч байдлыг маань багш маань суулгаж өгсөн гэж боддог.

Лаа хийж эхэлснээр нэг зүйлийг ойлгосон. Дэлгүүрт худалдаалагддаг өндөр үнэтэй импортын лаанууд химийн найрлагатай, хүний биед төдийлөн сайнаар нөлөөлдөггүй юм билээ. Тиймээс ч дэлгүүрээс лаа худалдаж авахаа больсон. Харин оронд нь худалдаанд байгаа лааны орц найрлага, хийц, гоёл чимэглэл гээд ер нь л деталь бүрийг нарийн хардаг. Төдий хэмжээгээр их зүйлийг уншиж, судлах нь ихэсдэг юм байна. Сүүлдээ дэлгүүрээс лаа авах гэж буй иргэдэд зөвлөх, цаашлаад ямар үнэр, хийцтэй лаанд дуртай болох судалгаа асуумжийг асууж эхэлсэн. Ингэснээр өөрийн хийх лаанд хэрэгтэй зүйлсийг шингээх, нэр төрлөө нэмэгдүүлэхэд тус болсон.

-ЛАА ХУДАЛДАЖ АВДАГ ҮНЭНЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДТЭЙ, ӨӨРИЙН ЛААГ БОРЛУУЛДАГ АЛБАН ЁСНЫ ПЭЙЖ ХУУДАСТАЙ БОЛСОН-

Би лаа хийж эхлээд 8 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Анх зөвхөн өөрийн сонирхлын дагуу эхлүүлсэн бол одоо надаас лаа худалдаж авдаг үнэнч үйлчлүүлэгчидтэй, өөрийн лааг борлуулдаг албан ёсны пэйж хуудастай болсон. Мөн тодорхой хэмжээнд орлого олж эхэлсэн. Одоогоор зөвхөн үйлчлүүлэгчдийн захиалгын дагуу лаа хийж урладаг. Миний хувьд зөгийн лаваар хийсэн лаанд дуртай. Зөгийн сархигнаас гаргаж авдаг юм. Дотроо хоёр төрөл байдаг. Гоо сайхан болон лаанд ашигладаг гэдэг утгаараа зөөлөн зөгийн балны үнэртэй. Өөр нэг төрөл нь зөвхөн лаанд ашигладаг үнэргүй байдаг. Үнэр гэдэг өөрөө химийн бодис байдаг учраас миний хувьд байгалийн үнэрийг илүүд үздэг.

Түүнчлэн хийж буй ажил маань миний амьдралтай салшгүй холбоотой болсон шүү. Гэртээ байхдаа аль болох органик, элдэв хурц үнэргүй лаа асаадаг. Энэ нь хүүхэд тайван унтаж амрахад сайнаар нөлөөлдөг. Тэрчлэн хүүхэд ямарваа зүйлээс айж, цочирдсон үед лаагаараа ширгэчихдэг. Учир нь лааныхаа голыг модоор хийдэг учир лааг асаах үед “чад чад” хийх чимээ гардаг юм. Түүнд нь охиноо ширгэлдэг. Мөн нам гүм орчинд лаагаа асаахад асар их тайтгарлыг мэдэрдэг. Гэрийн сөрөг энергийг цэвэрлэж, уур амьсгал бүрдүүлэхэд сайнаар нөлөөлдөг гэж боддог. Толгой өвдөж, стресстсэн үед лаа асаахаар тайвширдаг.

-ЛАА ХИЙХЭЭС ГАДНА ДЭГЭЭ ЗҮҮГЭЭР ХҮҮХДИЙН ДЭВСГЭР БОЛОН ЧИМЭГЛЭЛ ХИЙЖ ЭХЭЛСЭН-

Лаа хийхээс гадна дэгээ зүүгээр хүүхдийн дэвсгэр болон чимэглэл хийж эхэлсэн. “Гар урлал бие биедээ зааж өгье” гэдэг групп-д байдаг юм. Хамгийн анх тэр группээс нэхмэл хүүхэлдэйн зургийг харсан юм. Тус групп-д долоо хоног бүр гар урлалын хичээл ордог. Хичээлүүдийг нь үзсээр намайг сэдэлжүүлсэн л дээ. Ийм зүйлсийг хийж болох юм байна гээд л хажуугийн дэлгүүрээс хоёр өнгийн утас аваад бичлэг үзээд нэхэж сурсан. Одоогийн байдлаар байгаа утаснаасаа шалтгаалаад жижигхэн 10 гаруй төрлийн зүйл нэхсэн. Утсаа 7000 төгрөгт аваад ерөнхийдөө өмнө мэддэг байсан ч мартсан зүйлсээ бататгаад, дээр нь шинээр олон зүйлийг сурсан. Цаашид өөрийн нэрийн гар урлалын дэлгүүртэй болохыг мөрөөддөг болсон” гэв.

-Л.АЧМАА: ХАЯГДАЛ ӨӨХӨӨР САВАН ХИЙЖ БОЛОХ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ХАРСАН-

Харин дараагийн бүсгүйг Л.Ачмаа гэдэг. Тэрбээр Баян-Хонгор аймгийн Гурванбулаг суманд амьдардаг. Сумынхаа төрийн байгууллагад мэргэжилтнээр ажилладаг. Нөхөр, дөрвөн хүүгийн хамт амьдардаг байна. Өнгөрөгч есдүгээр сараас эхлэн цахим орчин дахь бичлэг, хичээлийг үзэн бие даан сурчээ. Хожим багшаар саван хийх аргачлалыг нарийн заалгасан байна.

"Анх бие даан бичлэг үзээд 14 хоногийн дараа саван хийх анхны мэдэгдэхүүнийг авч байсан. Лайв хараад сурахад хангалтгүй байсан учраас АНУ-д амьдардаг н.Ариунаа гээд багшаас зөвлөгөө авч савангаа хийж эхэлсэн. Савангийн гол  түүхий эд бол бидний гар дээр байдаг малын өөх юм. Хотынхон өөхийг тэр бүр хэрэглэлгүй хаях нь элбэг. Харин орон нутгийн иргэдийн хувьд өөхийг ямар нэгэн байдлаар хаягдал бага байхаар хэрэглэдэг.

Гэвч малын дотор өөх тэр бүр хэрэглэгдэхгүй хаягддаг. Тиймээс хаягдал түүхий эдээр эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хийж болохыг ойлгосон. Ажлын байр бий болгох боломж ч бий. Тиймээс савангаа сайжруулаад,  борлуулахад зах зээл нь байгаа гэдгийг харсан л даа.

-САВАНГАА ЗАХИАЛГААР ХИЙЖ, БОРЛУУЛЖ БАЙНА-

Гэхдээ сүүлний тосны хувьд олдох нь хэцүү болсон байна. Иргэд сүүлэн тосоо сайн хэрэглэж байгаа нь ажиглагдсан. Савангаа гэрийн хэрэгцээндээ болон ах дүү, найз нөхдөдөө нэмэлтээр захиалгаар худалдаж байгаа. Яваандаа худалдаанд гаргах зорилт тавьсан. Савангийн хатаалгыг маш сайн хийдэг. Гоо сайхны саванг хоёр сар, эдийн саванг сар хатаасны дараа хэрэглэдэг.Одоогийн байдлаар өөрт байгаа түүхий эдүүдээр саван хийж байна.

Үүнд монгол орны хөрсөн ургасан ургамлууд болох ганга өвс, халгай, чихэр өвч түүнчлэн кокосжүүлсэн нүүрс, шар тос, сүүлэн тос зэргийг ашиглаж савандаа өнгө, оруулдаг. Гадуур худалдаалагддаг савангийн хувьд химийн орц, найрлага ихтэй. Төдий хэмжээгээр эрүүл мэнд, гоо сайханд сөрөг нөлөөтэй. Харин гар аргаар хийж буй саванд нэмэлт химийн орц ордоггүй. Мөн эко түүхий эдээр хийдэг учир арьсыг хуурайшуулж, таталдах мэдрэмж төрүүлэхгүй юм. Сүүлэн тосоор хийсэн савангаар хүүхдийн биеийг угаахад нуралт үүсгэхгүй, арьсыг хөрсжүүлэх давуу талтай.

-МАЛЫН ДОТОР ӨӨХӨӨР БАРААНЫ САВАН, УГААЛГЫН НУНТАГ ХИЙСЭН-

Харин дотор өөхөөр эдийн савангаа хийдэг. Эдлэлийн чанарт нөлөөлөхгүйгээр хир тортгийг маш сайн арилгадаг. Мөн угаалгын нунтаг туршилтаар хийж хэрэглэж үзсэн. Хөөсрөлт болон хир арилгах нь сайн байгаа. Эдийн савангаа үрээд хүнсний содатай холиод угаалгын нунтаг хийсэн. Толбо сайн арилгаж байгаа нь мэдрэгдсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
шн
шн
2020-12-25 10:02

бохир стандарт бус аюултай эрүүл мэндийн бат�##�гаагүй Таарсан тэнэгүүд авдаг байх даа

Зочин
Зочин
2020-12-25 20:06
Reply to  шн

Яах вэ дээ, тийм ч айхтар хортой биш байх. Монголд байдаг гадаадын лаа үнэхээр хортой. Зүгээр нэг асааж үзэхэд л мэдэгдэнэ. Манайхан сайн мэдэхгүй оруулж ирээд байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button