НИЙГЭМ

Хүслийн шинэ жилийн догдлол дүүрэн дурсамжууд

“Хамгийн гоё баяр аль нь вэ” гэж асуувал хүн бүхэн нэгэн дуугаар “Шинэ жил” хэмээн хариулах нь тодорхой. Жил бүрийн Шинэ жилийн баяр хүн бүхэнд хамгийг гэгээлэг дурсамжийг үлдээдэг билээ. Алдрай жаалууд өвлийн өвгөн цаа бугаа унан, цан хүүрэг татуулсаар ирэхийг хүлээн, гацуураа хурдан засах юм сан гэж яарах хэчнээн сайхан билээ. Гэр бүлээрээ хамтдаа баярлан, нэгэн оныг угтан, нэгэн насыг үддэг Шинэ жил хамгийн сайхан баяр. Бид эдгээр эрхмүүдийн шинэ жилийн баярын догдлол дүүрэн дурсамжаас нь хуваалцлаа.

Ч.ДАМДИНШАРАВ: ШӨНӨЖИН СУУГААД ЦААСАН ГИНЖ ХИЙДЭГ БАЙЛАА

Гавьяат тамирчин Ч. Дамдиншарав: Би багадаа "эр хүн" гэхэд нь онгирдогсон -  Өдрийн Тойм

/Ардын багш, Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин/

Миний бага нас Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд өнгөрсөн. Би 1960-аад оны сурагч. Манай суманд мод нүдний гэм. Шинэ жил дөхөхөөр гацуур хийх мод олох гэж бөөн юм болдог байлаа. Мод олдохгүй болохоор янз бүрийн юмаар орлуулж байгаад чимдэг сэн. Сургуулиас сурагч бүхэнд 3-5 метр урт цаасан гинж хийх даалгавар өгнө. Одоогийнхоор саа хийж байгаа нь тэр. Дэвтрийн цаасыг нарийнхан хуйлаад, түүнийгээ өнгө, өнгийн будгаар буддаг байлаа. Тэгээд л сургуулиас өгсөн нормыг биелүүлэхийн тулд шөнөжингөө суугаад цаасан гинж хийдэг байсан.

Аав, ээж хоёр минь хөдөө мал малладаг, би сургуулийнхаа дотуур байранд байдаг байсан юм. Шинэ жилээр гэр рүү явах унаа тэр бүр олдохгүй. Ихэвчлэн дотуур байранд найзуудтайгаа хамт шинэ оноо угтдаг байлаа.

Би нээрэн өвлийн өвгөн, цасан охин жинхнээсээ байдаг гэдэгт итгэдэг байсан. Нээрэн л шинэ жил болохоор алс холоос ирж, биднийг баярлуулдаг гэж боддог байлаа. Өвлийн өвгөн онц сурсан хүүхдэд л бэлэг өгнө. Би өвлийн өвөөгөөс бэлэг авах юм сан гэж үнэхээр их хүсдэг байсан ч гавихгүй сурдгийнхаа балгаар долдугаар ангидаа ганцхан удаа авсан хүн дээ (инээв). Тэр бэлгэнд 12 өнгөтэй будгийн харандаа, чихэр гээд зөндөө олон гоё юм байсан. Юм ховор байсан болохоор шинэ жилээр хүмүүс ганцхан ширхэг чихэр өгсөн ч зөвхөн би гэлтгүй бусад хүүхэд магнайгаа хагартал баярладаг байж билээ. Одоо эргээд бодоход сайхан байж дээ.

Өнөө жил цар тахлын улмаас цаг үе хүнд байна. УОК-оос олуулаа цугларч, бөөгнөрөхгүй байхыг анхааруулсаар байгаа. Тиймээс гэр бүлийнхээ хүрээнд, гэртээ цомхон тэмдэглэнэ.

С.ӨЛЗИЙХҮҮ: ӨВЛИЙН ӨВГӨН ЖИНХНЭЭСЭЭ БАЙДАГ ГЭДЭГТ ИТГЭДЭГ БАЙСАН

ВААВ Л ДАА" С.Өлзийхүү

/Монгол Улсын Гавьяат жүжигчин/

Бүтэн жилийн хөдөлмөр, бүтээлээ дүгнэн гэр бүлийнхэнтэйгээ хамт баярлах хамгийн сайхан. Одоо эргээд бодоход шинэ жилтэй холбоотой хамгийн сайхан дурсамжууд хүүхэд насанд өнгөрч. Өвлийн өвөөгөөс бэлэг авах хэчнээн гоё байсан гэж санана. Намайг бага байхад багт наадмыг улсын хэмжээнд зохион байгуулдаг байв. Би үргэлж оролцоно. Нэг удаа лав ангиараа олон үндэстний эмэгтэйчүүд болж оролцсоноо тод санаж байна. Би тэгэхэд япон эмэгтэй болж билээ. Өмсөх хувцсаа эмээтэйгээ хамт шөнөжин чимэглэж суусан сан. Тийм үе их сайхан дурсамжтай санагддаг. Багт наадамд оролцдог байсан ангийнхантайгаа одоо ч найзладаг, ойр дотно явдаг. Заримдаа тэр тухайгаа ярилцаад суухаар яг л бага насандаа очсон мэт байдаг.

Би багадаа өвлийн өвгөн жинхнээсээ байдаг гэдэгт итгэдэг байлаа. Хаа холоос цаа буга унан, цасан охидоо дагуулаад ирдэг гэж боддог байсан юм. Сүүлдээ том болоод итгэхээ больсон л доо (инээв).

Би багадаа шинэ жилийн бэлгэнд амттан авах дуртай байсан. Оросын соёлын төвийн Шинэ жилд оролцсон хүүхдүүдэд бэлэг өгдөг байв. Би хоёр удаа ороход нэгэнд нь лав таван хошуун хэлбэртэй цаасанд дан орос чихэр боогоод бэлэглэж билээ. Хүмүүсийн сайн мэдэх баавгайтай дотор нь байсныг санаж байна.  

Энэ жил цар тахлын улмаас оны төгсгөлд тоглолтгүй, телевизийн нэвтрүүлэггүй байгаа. Ихэнх телевизийн нэвтрүүлэг, контентын зураг авалтыг урьдчилаад авчихсан. Бид “Романтик биш гэх үү” гэдэг нэртэй контент хийн, үзэгчдийн хүртээл болголоо.

Манайх урлагийн гэр бүл. Өмнө нь тоглолттой, арга хэмжээтэй, контент, телевизийн нэвтрүүлгийн зураг авалттай гээд шинэ оныг тун завгүй угтдаг байлаа. Тоглолт гээд Шинэ жилээр гэртээ байхаасаа байхгүй нь их.

Энэ жил тэгж сандарч явахгүй, гэртээ сайхан тухтай байна. Телевизүүд өмнөх жилүүдийн, хуучны нэвтрүүлгүүд давтан гаргаж буйг нь үзэхээр их сайхан дурсамжтай санагдаж байна. Өнөө жил их өвөрмөц шинэ жил болж байна. Энэ удаа гэр бүлийнхэнтэйгээ тайван, тухтай шинэ оноо угтах гэж буйгаараа өвөрмөц юм уу даа.

Т.БУМ-ЭРДЭНЭ: ӨВЛИЙН ӨВГӨН ХУРДАН ИРЭЭСЭЙ ГЭЭД ХОНОГ ТООЛОН ХҮЛЭЭДЭГ БАЙЖ БИЛЭЭ

/Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч/

Шинэ жил бол суурин иргэншлийн том баяр л даа. Манайхаар Цагаан сартай адилхан. Хүүхэд байхад Шинэ жил үнэхээр өвөрмөц болдог байсан. Нээрэн ийм гоё баяр болдог, өвлийн өвгөн, цасан охин байдаг гэдэг итгэл үнэмшил бага насанд суудаг юм билээ. Сургуулийн зааланд бүгд цугларан, өвлийн өвгөн ирээд хүүхэд бүхэнд бэлэг өгөх нь үгээр илэрхийлэхийн аргагүй гайхмаар гоё үйл явдал байв. Би өвлийн өвгөнийг хоног тоолон хүлээдэг байж билээ. Шинэ жил дөхөх тусам улам догдлоно, хурдан болоосой гэж хүлээнэ. Цаг үеэсээ шалтгаалаад өнөөгийнх шиг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй байсан. Юм ч их ховор. Айл бүр гацуур засан, чимэглэлийг нь өөрсдөө урладаг байсан юм.

Аав минь Сэлэнгэ рүү томилогдон, манайх тэнд хоёр жил амьдарсан юм. Тухайн үед Сэлэнгийн айлууд уулнаас жинхэнэ гацуур авчирч, засдаг байв. Нэг удаа аав минь эсгий гуталтай, малгайгаа буулгаад өмсчихсөн, “Шүдэнзний үйлдвэр”-ийн араар чарган дээр гацуур аччихсан, чирээд ирснийг нь би тод санаж байна. Тэр дүр зураг санаанаас ер гардаггүй юм. Өвлийн өвгөнөөс бэлэг авсан энэ тэр гэхээс илүү аавынхаа тэгж явсныг огт мартдаггүй. Өнөөх модоо гэрт засаад, чимэглэж билээ. Яг тийм амьд мод засахаар өвлийн өвгөн байдагт улам итгэдэг, үнэмшдэг юм байна лээ.

Шинэхэн зассан гацуурынхаа дэргэд, гэртээ ганцаараа байж байтал гаднаас өвлийн өвгөн ороод ирэв. Би ганцаараа байсан бол шоконд орсон. Өвлийн өвөө “Хүүгийн нэр хэн бэ. Бум-Эрдэнэ гэдэг хүүхэд мөн үү. Бумбаарай (түүнийг багад нь тэгж дууддаг байв) мөн үү” гэж асуусан. Надад танил санагдсан ч өвлийн өвөө гэж сүрдээд юу ч хэлж чадаагүй. Цаасан ууттай бэлгийг нь тэврээд л хоцорч билээ. Тэгэхэд би өвлийн өвгөн байдагт улам итгэсэн. Одоо бодох нь ээ тэр орж ирсэн өвлийн өвгөн нь аав минь байсан шиг байгаа юм.

Шинэ оны дараа өнөөх модоо хураан, хажуу айлын түлшин дээр аваачаад тавихад их гунигтай санагдаж билээ. Өдрөөс өдөрт гацуурны навч нь шарлан, өнгө нь гундсан. Хэд хоногийн дараа очиход байхгүй болчихсон байж билээ. Тухайн үед юм их ховор. Шинэ жилийн бэлгэнд чихэр, жимс авахаас өөр сонголтгүй. Тийм зүйл бэлгэнд авбал их юм болдог байлаа. Өнөө жил цар тахлын улмаас гэртээ, авсаархан тэмдэглэнэ. Өчигдөр (уржигдар) манай эхнэрийн талын ах, дүү нар онлайнаар тэмдэглэлээ. Бүгдээрээ гэр, гэртээ суугаад, хөгжилтэй тоглоом тоглон, сайхан баярлалаа. Энэ удаа гэр бүлийнхэнтэйгээ хамт, гэртээ шинээ оноо угтана. Хамгийн гол нь УОК-оос өгч буй заавар, зөвлөгөөг дагаж, халдвар, хамгааллын дэглэм зөрчихгүй байх их чухал л даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button