НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“Танай улс иргэдээ авна гэчхээд нислэгээ цуцалчихлаа гэж үү” хэмээн солонгосчууд гайхаж байна”

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ “Монгол хүн битгий хэл монгол морь эх орон руугаа гүйдэг юм шүү” гэж хэлсэн нь гадаадад гацсан монголчуудад ихээхэн итгэл, найдвар өгч байв. Эх орон минь биднийг хүний нурагт орхихгүй юм байна, алгаа тосоод угтах нь гээд хүлээсэн. Засгийн газар, УОК өнгөрсөн хугацаанд чадах чинээгээрээ иргэдээ авч ирсэн ч дахиад олон мянгаараа хүний нутагт үлдсэн, төр засгаа харуулдсан хэвээр.

Өнөөгийн нөхцөл байдлаас харахад харийн нутагт байгаа монголчууд мөддөө сайхан мэдээ сонсохгүй  нь. УОК-ын дарга Я.Содбаатар уржигдар “Гадаадад гацсан иргэдийг ойрын хугацаанд авч чадахгүй” гэсэн нь “Тусгай үүргийн нислэг илгээн, биднийг авч магадгүй” хэмээн төр, засагтаа горьдлого тээн суугаа иргэдийн сонсохыг хүсээгүй мэдээ байсан нь мэдээж.

Монголд цар тахлын нөхцөл байдал ямар байгаа билээ. Хөл хориог энэ сарын 11 хүртэл сунган, халдварын голомтыг хумьж чадахгүй байгаа. “Ковид-19”-ийг яая гэж байхад мутацилагдсан шинэ хувилбар Ази тивд тэр тусмаа монголчууд олноороо байгаа Япон, БНСУ-д тархсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэв. Мутацилагдсан вирус Монголд орж ирэхгүй гэх баталгаа үгүй. Цаг хугацааны л асуудал. Энэ талаас нь харвал “Иргэдээ авсангүй” гэж төр засгийг шууд буруутгаж боломгүй.

Харин нөгөө талаас нь харахад гадаадад гацсан монголчууд өдрөөс өдөрт туйлдаж байна. Бид эх орондоо, гэртээ хөл хорионд ороход ямар байгаа билээ. Хүний нутаг бол хүний л нутаг. Харийн нутагт амарч, зугаалхаар, аврал эрэн эмчлүүлэхээр очсон нь ч бий.

Монгол Улс арваннэгдүгээр сарын 12, 13, 18, 20, 27-ны тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас иргэдээ авч ирэхээр товлосон. Тухайн нислэгт багтсан иргэд онгоцны тасалбараа захиалан, тусгаарлалтын мөнгөө шилжүүлчихсэн байсан юм. Улмаар эх орон руугаа ирэх нь тодорхой боллоо гээд ажлаасаа гаран, байраа хүлээлгэн өгч. Гэтэл Монголд халдвар гаран, нислэг цуцлагдсаны улмаас дээрх нислэгээр ирэхээр төлөвлөөд байсан иргэд ажилгүй, байргүй болж, нөхцөл байдал нь улам дорджээ.

БНСУ-д байгаа монголчууд тус улс дахь Монголын ЭСЯ-ны гадна гурав дахь өдрөө жагсаж байна. Монголдоо ирэх хүсэлт гарган, тус жагсаалд оролцож буй иргэн О.Энхбат ярилцлаа.

Я.СОДБААТАР САЙДЫН ХЭЛСЭН БҮГД ХУДЛАА, ЗҮГЭЭР ШАЛТАГ

-Та БНСУ-д хэзээ очсон бэ. Наана чинь одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Би БНСУ-ын Сөүл хотод 2018 онд ирсэн. Бусдын адил энд ажил хийн, амьдрал ахуйгаа өөд нь татахын төлөө хөдөлмөрлөж яваа жирийн нэгэн залуу. БНСУ-ын нөхцөл байдал Я.Содбаатар сайдын хэлсэн шиг хүндэрсэн юм огт байхгүй. Энд иргэд амны хаалт зүүн, бүх төрлийн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Я.Содбаатар сайд өчигдөр (уржигдар) “БНСУ хилээ хаасан. Нислэг хийх ямар ч боломжгүй” гэж хэлсэн нь худлаа. Зүгээр л шалтаг. Эх орондоо байгаа монголчуудад ийм худал, ташаа мэдээлэл өгсөнд, ийм юм ярьсныг нь гайхаж байна.

Дэлхий дээр иргэдээ татан авахад хамгийн идэвхи, санаачилгагүй байгаа хоёр орны нэг нь Монгол, нөгөө нь Энэтхэг. Мутацилагдсан вирус гарсны улмаас Их Британи улс аргагүйн эрхэнд хилээ хаачихсан байгаа. Бусад орон БНСУ-аас иргэдээ татаж аван, бүх зүйл нь хэвийн үргэлжилж байна.

МОНГОЛЫН ЭСЯ-НЫХАН БИДНИЙГ ЮМАН ЧИНЭЭ ТООГООГҮЙ, ҮҮДЭЭ Ч ОНГОЙЛГООГҮЙ

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, тайзан дээр буй хүмүүс болон гадаа

-Та бүхэн БНСУ дахь Монголын ЭСЯ-ны гадна жагсаж байгаа. ЭСЯ-наас ямар хариу өгөв?

-30 гаруй иргэн бусдыгаа төлөөлөөд өчигдөр (уржигдар) ЭСЯ-ны гадна очин, дуу хоолойгоо хүргэлээ. Халдвар, хамгааллын дэглэм баримтлахын тулд БНСУ-ын тогтоосон журмын дагуу тав, тавуулаа зогсоод, жагссан. Бид бичлэг хийн, нөхцөл байдал ямар байгааг шууд дамжуулж байгаа. Монгол түмнийг хүний нутагт төлөөлөх, Монголынх гээд яваад очих газар бол ЭСЯ шүү дээ, уг нь. Гэтэл биднийг юман чинээ тоогоогүй, хаалгаа ч онгойлгоогүй. Бидний мэдэгдлийг хүлээж авсан, ЭСЯ-ны нэг ажилтан нь бидэнтэй маш дээрэнгүй харилцсан. “Та нар ямар шалтгаанаар ирэв. Уулзаад ярилцъя” гэх байх гэж бодсон юм л даа. Гэтэл тэгээгүй. “Наад утсаа буулга. Битгий бичлэг хийгээд бай” гээд халгаагаагүй. Өчигдөр орой БНСУ-д маш хүйтэн байсан. Бид ЭСЯ-ны гадна хоёр цаг гаруй зогссон.

БНСУ дахь ЭСЯ-наас Монголын Консулын хэлтэс хоорондоо ойрхон. Монголын Консулын газар биднийг үргэлж дэмжин, бүх талаар тусалж байгаа. Бидний өргөдөл, гомдлыг хүлээж аван, ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг рүү уламжилж, холбож өгдөг. БНСУ дахь Монголын Консулын хэлтэс энд түрээсийн оффист үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тиймээс тэнд хонох боломж бидэнд байхгүй. Аргагүйн эрхэнд нааштай хандах болов уу гээд БНСУ дахь ЭСЯ-ны гадна очиход юман чинээ тоохгүй. Хүний нутагт монгол иргэний бие муудаад, нас бараад ч юм уу гэнэтийн явдал гараад яарсаар очиход нохойноос дор хандах юм байна гэдгийг харлаа. БНСУ дахь Монголын ЭСЯ-ныханд гомдож байна. “Ажлаа хийгээч ээ” гэж хэлэхийг хүсэж байна.

-Та бүхэн өмнө БНСУ дахь Монголын ЭСЯ-нд хандаж байсан уу?

-Хандалгүй яах вэ. Өмнө нь ихэвчлэн албан бичгээр хандаж, харилцаж байсан. Яг ингэж биеэр ирж, уулзаж байгаагүй.

ХАМАГ МӨНГӨӨ ШАВХААД ОНГОЦНЫ ТАСАЛБАР, ТУСГААРЛАЛТЫН ТӨЛБӨРТ ӨГЧИХСӨН 1000 ГАРУЙ ХҮН БИЙ

-Та бүхэнтэй хэчнээн монгол иргэн нэгдсэн бэ. Өнөөдөр жагсаал нь үргэлжилж байгаа юу?

-Үргэлжилж байна. Одоогоор онгоцны тасалбар, тусгаарлалтын мөнгөө төлчихсөн 1000 иргэн байна. Бид аль хоёр, гуравдугаар сарын үед тасалбар, тусгаарлалтын мөнгөө төлсөн шүү дээ. Зөвхөн тусгаарлалтын мөнгийг нь тооцохоор 3.8 тэрбум хавьцаа төгрөг болж байгаа юм. Энэ их мөнгийг “түгж”-ээд, “угаагаад” сууж байна шүү, харьяа байгууллагынхан. Үүнээс гадна эх орон руугаа буцах хүсэлтэй 400 гаруй иргэн бий.

Өндөр настай, жирэмсэн, мэс засалд орсон гээд янз бүрийн хүндэтгэх шалтгаантай хүмүүс энд жагсаж байна. Ажилгүй, байрлах байргүй, мөнгөгүй иргэд өдөр, хоногийг арайхийн өнгөрүүлж, аргагүйн эрхэнд метроны буудал дээр ч хамаагүй хонодог. Очих газаргүй, хонох байргүй иргэд чемодантай хувцас, хамаг юмаа чирээд ирчихсэн энд жагсаж байна.

ЗАСГИЙН ГАЗАР, УОК-ЫН ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭРҮҮД БИДНИЙГ УЛАМ ТУЙЛДУУЛЖ БАЙНА

-Монголд цар тахлын нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа. “Тусгай үүргийн нислэг үйлдэх боломжгүй, тусгаарлах байрны хүрэлцээ муу байна” гэж албаныхан учирлаж буй. Та бүхэн үүнтэй санал нийлэх үү?

-Зүгээр л шалтаг. Хэрвээ үнэхээр хүсвэл, сэтгэл гаргавал ийм юманд гарц, гаргалгаа олдоно шүү дээ. Засгийн газар, УОК гадаадаас иргэдээ авах хүсэлгүй байгаа болохоороо л тийм тайлбар хэлдэг. Иргэдийнхээ төлөө зоригтой, оновчтой шийдвэр гаргачих хүн Монголд алга. Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаанд үнэхээр сэтгэл дундуур байна. Коронавирусийн халдварыг дарахад төр засгийн бодлого, үйл ажиллагаанаас гадна иргэдийн ухамсар, оролцоо чухал.

Монголд цар тахал ямар байгаа билээ. Хөл хорио тогтоон, сунгаад байгаа мөртлөө өнөөг хүртэлх хугацаанд ямар үр дүнд хүрэв. Энэ сарын 11-нээс хойш дахиад сунгах байх, энэ янзаараа. Хөл хорио тогтоох, хил хаах, нислэгийг цуцлах шиг амархан юм байхгүй. Хэн ч чадна. Хөл хорио тогтооход, товлоод байсан тусгай үүргийн нислэгийг цуцлахад хэчнээн хүний амьдрал, амь нас дээсэн дөрөөн дээр очихыг сайн тооцох хэрэгтэй шүү дээ.

Тусгай үүргийн нислэгт багтан, эх орондоо очихоор болоод байсан иргэд яах бол гэж яагаад бодсонгүй вэ. “За, нислэгт багтчихлаа. Одоо эх орон руугаа буцна” гээд хамаг мөнгөө шавхаж байгаад онгоцны тасалбар захиалан, тусгаарлалтын төлбөрөө төлчихсөн хүмүүсийг яа гэж байгаа юм бэ. Ажлаасаа гаран, байрлаж байсан байраа хүртэл хүлээлгээд өгчихсөн байхад нь гэнэт “Нислэг цуцлагдлаа” гэхээр чинь ёстой хүнд байдалд орлоо шүү дээ. Засгийн газар, УОК-ын эргэж буцсан, ойлгомжгүй шийдвэрүүд биднийг улам туйлдуулж байна.

Хүн бүхэн эх орондоо, ижий, аавдаа, үр хүүхэд дээрээ очихыг хүсэж байгаа. Түүнээс биш хүний нутагт жаргаад, цэнгээд байгаа юм байхгүй шүү, Я.Содбаатар сайд аа. Я.Содбаатарын нэрийг би онцолж хэлмээр байна. Монгол түмэн У.Хүрэлсүхэд итгэл найдвар хүлээлгээд МАН-ыг дахин сонгосон. Та ард түмнээ хамгаалаач ээ. Монгол хүн бүхэн Монголын баялаг биз дээ, уг нь.

-Таны ярианаас харахад Шадар сайд Я.Содбаатарын үгэнд их эмзэглэсэн бололтой.

-Я.Содбаатар сайдын өчигдөр (уржигдар) ярьсан зүйл гадаадад гацсан монголчуудад үнэхээр таалагдаагүй. Заавал таалагдах албагүй л дээ. Гэхдээ л арай хэтэрхий. УОК-ын дарга, Шадар сайд хүн тийм хариуцлагагүй, болчимгүй юм ярьж болохгүй. Уг нь өмнө нь “Нэгдүгээр сард иргэдээ татаж авна” гэж ярьсан шүү дээ. Гэтэл тэр шийдвэрээсээ өчигдөр бас буцлаа.

60 сая хүн амтай БНСУ-ын бүх төрлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Я.Содбаатар сайд аа та хаанаас тийм худал мэдээлэл сонсчихоод иргэдэд тараагаад байгаа юм бэ. Тийм зүйл бодит байдал дээр огт байхгүй. Хэрвээ БНСУ-д хөл хорио тогтоон, хилээ хаасан бол заавал аваатах гэж бид муйхарлаж, жагсахгүй шүү дээ.

БНСУ руу хөөргөхөөр болж, биднийг онгоцны тасалбар, тусгаарлалтын мөнгө төлүүлчихээд гэнэт цуцалсныг нь гайхаад баршгүй. Хүний нутагт зовж, зүдэрч байгаа иргэдээрээ Монголын төр ингэж тохуурхаж болохгүй. Гайхмаар байгаа биз дээ. Цаг хугацаа алдан, өдөр хоног өнгөрөх тусам бидний нөхцөл байдал хүндэрч байна. Солонгосчууд “Танай улс иргэдээ авна гэчхээд нислэгээ цуцалчихлаа гэж үү” хэмээн гайхаж байна.

 Би бас нэг зүйлийг огт ойлгохгүй байгаа. Энийг ярилцлагад маань заавал оруулаад өгөөрэй.

-Тэгье ээ.

-БНСУ-д буй монгол иргэд бүгд 100 мянган воноор PCR шинжилгээ өгөөд эх орондоо очиж байгаа. Тэгэхээр гадаадад байгаа монголчууд эх орондоо халдвар аваад очиж байгаа юм огт байхгүй. Бүгд эрүүл очиж байгаа. ЭМЯ-ны А.Амбасэлмаа дарга тийм хариуцлагагүй юм ярихаа болих хэрэгтэй. Гадаадаас ирсэн иргэнээ 21 хоног тусгаарлаж буй улс Монголоос өөр байхгүй. Зарим нэг албан тушаалтанд ашигтай болохоор л ийм олон хоног тусгаарлаад байгаа гэх хардлага иргэдийн дунд бий. Гадаадаас PCR шинжилгээ өгч, эрүүл гэдэг нь тогтоогдоод очсон иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрч буйг үнэхээр ойлгохгүй байна. Эрүүл оччихоод тусгаарлалтын байрнаас, ажилтнуудаас халдвар аваад байгаа юм биш үү.

Сая арванхоёрдугаар сарын нислэгээр ирсэн оюутнаас би асуулаа. Гэтэл Монголоос наашаа ирэхдээ ганц ч шинжилгээ өгөөгүй, гэрт нь 14 хоног тусгаарлаад л авч ирсэн гэх юм. Тэгээд бодохоор бүр гайхаад байх юм. Иргэдээ гадаадад гацаан, туйлдуулах тусах төр засагт ашигтай байгаа юм биш үү. Онгоцны тасалбарын үнийг хэд болгож өсгөсөн ч хамаг мөнгөө шавхаад сууна, эх орондоо очиж л байвал гээд 14 хоног байтугай хоёр сар тусгаарлагдсан хамаагүй гээд төлбөрийг төлөх тийм хүнд нөхцөлд байгаа шүү дээ, гадаадад гацсан монголчууд.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button