Нийгмийн

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шөнө дунд хэлэлцсээр байна

Өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Тодруулбал үдээс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 76 саналын томьёоллын 16-д Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, саналаа тусгахын сацуу зүйл, заалт тус бүрээр санал хурааснаар түр засварласан.

Улмаар үдээш хойш 14.30 цагаас Байнгын хорооны хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд шөнө дунд хүртэл үргэлжилсээр байна.

Үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 44.4, 44.5 дахь заалт Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. 44.3-д “Шүүгчийн мэргэжил, ур чадварыг сайжруулах, шүүн таслах ажиллагааны дадлага эзэмшүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн шүүгчийг адил шатны шүүхэд хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасан байна.

Мөн төслийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт “Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмж, 6.11 дэх хэсгийн “шүүн таслах ажиллагаанаас” гэснийг “шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс” гэж өөрчлөх: “6.1.Шүүх нь эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.” гэсэн заалтууд Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.

Төслийн “16.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч томилогдох хүртэл хугацаанд түүнийг хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн орлоно. 16.5.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүнийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлоно.” гэсэн заалтууд тус тус олонхын саналаар дэмжигдэв.

Төслийн 20 дугаар зүйлд ажлын хэсгээс гаргасан саналын томьёололд Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авав. Тухайлбал, төслийн 20.6-д заасны дагуу шүүгч цахимаар санал өгөх боломжийг хэрхэн хангах талаар тодруулахад ажлын хэсгийн гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хийсэн тайлбартаа, “20.6.Нийт шүүгчийн хуралдаанд шүүгч биечлэн оролцох боломжгүй тохиолдолд түүнийг цахимаа санал өгөх боломжоор хангана.” гэж заасан. Шүүгчдэд тоон гарын үсэг олгосноор уг заалт хэрэгжих бүрэн боломжтой гэсэн тайлбар хийв. Мөн “Нийт шүүгчийн зөвлөл” гэснийг “Нийт шүүгчийн чуулган” гэх ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас гаргасан санал Улсын Их Хурлын гишүүдийн 87,5 хувийн дэмжлэгийг авсан юм. Ийнхүү төслийн 20 дугаар зүйлийн 12 заалтад оруулсан саналын томьёолол гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ.

Төслийн “22.8.Улсын дээд шүүхийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэнэ.” гэсэн заалт дэмжигдсэн боловч Байнгын хорооны дарга С.Бямбацогт уг заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаас өмнө эргэн харахыг ажлын хэсэгт даалгав. Учир нь Улсын дээд шүүхийн шийдвэр бүрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэхэд цаас, зардал их гарах болохыг анхааруулж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button