ОРОН НУТАГЯРИЛЦЛАГА

СУМАНДАА малын тэжээл бэлтгэх ҮЙЛДВЭР байгуулж, 4 хүнийг ажлын байраар хангаж буй С.Эрдэнэхүүтэй ярилцлаа

Архангай аймгийн Хотонт сумын иргэн С.Эрдэнэхүү хэмээх нь залуу малын холимог тэжээл бэлтгэх үйлдвэр байгуулсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Хөдөөгийн сууринд үгүйлэгдэж буй бизнесийг зоригтойгоор эхлүүлж, дөрвөн хүнийг ажлын байраар хангаад амжсан түүнтэй цөөн хором ярилцлаа.

“СУМАНДАА ҮЙЛДВЭР НЭЭЖ, МАЛЧДАДАА БОДИТ ДЭМЖЛЭГ БОЛЬЁ ГЭЖ БОДСОН”

-Хөдөөгийн сууринд малын холимог тэжээл бэлтгэх үйлдвэр нээе гэж чухам хэзээнээс бодож, ажил хэрэг болгов?

-Дан ганц тэжээл шим шүүс багатай тул малчид, тэжээлийн гурил, будаа нэмэлтээр авч, хольдог. Гэвч цаг чанга үед хивэг, тэжээлийн гурилын үнэ тэнгэрт хадаж, малчид өр зээлээр ч хамаагүй авч л байгаа харагддаг. Иймд сумандаа үйлдвэр нээж, малчдадаа бодит дэмжлэг больё гэж бодсон. Үйлдвэртэй больё гэж жилийн өмнө бодож байсан бол хоёр сарын өмнө ажил хэрэг болгож, үүд хаалгаа нээлээ.

-Барилгын ажил, тоног төхөөрөмж захиалж, байршуулахаас эхлээд ажил дундраагүй байх…

Тэгэлгүй яахав ээ. Үйлдвэр нээнэ гэсэн ганц бодол үйлдвэртэй болгочихгүй шүү дээ. Дөрөвдүгээр сард эхэлсэн барилгын ажил аравдугаар сард үндсэндээ дуусаж, 13Х9 хэмжээтэй 4 метрийн өндөр үйлдвэртэй болсон. Харин төхөөрөмжийн тухайд сайн судалж байгаад будаа сайн буталдаг, хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж захиалсан. Эрт захиалчихсан байсан болохоор хугацаандаа ирчихсээн.

28-38 НАСНЫ ЗАЛУУСЫГ АЖИЛД АВЧ, 650-1.200.000 ТӨГРӨГӨӨР ЦАЛИНЖУУЛЖ БАЙНА

-Дөрвөн хүнийг ажлын байраар хангасан гэж сонссон. Ажилчдаа хэрхэн шалгаруулж авсан бэ?

-Ажилчид маань бүгд өөрийн гэсэн үүрэг даалгавартай. Эхнийх нь шуудайтай будааг задалж, төхөөрөмж рүү хийдэг бол дараагийн хүн буталсан будааг шуудайнд савладаг. Харин дараагийн хоёр хүн шуудайн дахь будааг жинлэж, яг 25 кг байгаа эсэхийг нягталж, шуудайн амыг оёдог. Үүний дараа хэрэглэгчийн гар дээр очиход бэлэн болсон будааг би өөрөө агуулах руу зөөдөг юм.  Будаа савлаж байгаа ажилтан маань л өмнө нь ийм төрлийн ажил хийж байсан туршлагатай. Харин өнөөх хэд маань мэргэжлийн хүмүүс биш ээ.

Би зүгээр л юм хийе, болгоё гэсэн хүсэл эрмэлзэлтэй 28-38 насны залуусыг ажилд авч, 650-1.200.000 төгрөгөөр цалинжуулж байгаа.

-Үйлдвэрийн ажил өглөө хэдэн цагаас эхэлж, хэдээс дуусдаг вэ?

-Бид өглөө 10 цагаас орой 16 цаг хүртэл ажилладаг. Ажилчдаа өглөө гэрээс нь очиж аваад, орой хүргэж өгдөг. Мөн өдрийн хоол цайгаар нь хангадаг.

НЭГ ШУУДАЙ БУТАЛСАН БУДААГАА 30.000 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛЖ БАЙНА

-Өдөрт хэчнээн тонн будаа бутлах боломжтой вэ?

-Ер нь бол өдөрт 14 тонн үр тариа буталж, тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид буталсан будаагаа 25 кг-аар савлан нэг кг тэжээлийг 1200 төгрөгөөр үнэлэн худалдаалж байгаа. Малчид нэг шуудай буталсан будааг 30.000 авах боломжтой.

-Бутлаад шуудайлсан будаагаа өдөр, өдөрт нь борлуулж чадаж байгаа юу. Малчид хэр ам сайтай байна вэ?

-Үйлдвэр нээгдсэнээс хойш манай сумын малчид их авч байгаа. Иргэд ам сайтай л байх юм байна шдэ. Хэд хоногийн өмнө эхлээд дөрөв, таван шуудайг авсан малчин буцаж ирээд нэг тонныг авсан. Мөн өөр сумаас ч малчид их холбогдож мэдээлэл авч байна. “Бөөндөж авъя. Очоод авч болох уу л” гэдэг. Ер нь бол эрэлт ихтэй байгаа. Долоо хоногтоо бол 14-15 тонн буталсан будаа зарагддаг.

УГ ҮЙЛДВЭР МАЛЧДЫН НЭГ ШУУДАЙ БУДААГ 6000 ТӨГРӨГӨӨР БУТАЛЖ ӨГДӨГ

-Олон тонн буталсан будаа авбал хямдрал, урамшуулал үзүүлж байгаа юу?

-Будаагаа буталж, хэрэглэгчийн гарт очиход бэлэн болтол цаг хугацаа, хөлс, хүч шаардаг л даа. Мөн үйлдвэр барьж, тоног төхөөрөмж авахаас эхлээд маш их зарлага гаргасан болохоор одоохондоо хямдруулах боломжгүй л байна.

-Малчид өөрсдийн худалдаж авсан будаагаа танай үйлдвэр дээр ирээд бутлуулж болдог гэж сонслоо. Нэг шуудай будааг хэдэн төгрөгөөр буталж байгаа вэ?

-Бид 50 кг будааг 6000 төгрөгөөр буталж өгч байгаа. Малчид будаагаа ихэвчлэн овьёостой хольж бутлуулдаг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button