БАЙДЕНИЙ БОДЛОГО: Түүний нам Конгресст олонх болсон тул одоо "юу хүссэнээ” хийнэ

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан намын гишүүн Жо Байдены тангараг өргөх ёслол ирэх 20-ны өдөр болно. Түүнд өөрийн амласан бодлогуудаа ямар нэгэн саад тотгоргүй хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн мягмар гарагийн өдөр (2021.01.05) болсон Жоржиа мужийн сенатын сонгууль Ардчилсан нам ялалт байгуулах нь тун чухал байсан юм.
АНУ-ын 50 муж болгоноос хоёр сенат сонгогддог. Санал хураалтын өмнө Бүгд Найрамдах нам сенатын 52 суудал эзэмшиж байсан. Харин одоо Ардчилсан намаас өрсөлдөж байсан хоёр нэр дэвшигч ялалт байгуулсан тул суудлын харьцаа 50-50 болж тэнцээд ерөнхий сайдаар сонгогдсон Камала Харрисын саналаар шийдвэрлэх юм. Харин Бүгд Найрамдах намын ганц нэр дэвшигч л ялалт байгуулсан бол тус нам сенат буюу Конгрессын дээд танхимыг захирах байжээ. Хэрвээ Бүгд Найрамдах намаас нэг хүн Жоржиа мужийн сенатаар сонгогдсон бол тэд Конгрессын дээд танхимд олонх болж Жо Байдены гаргасан тушаалыг шинэ хуулийн төсөл батлан хориглож болох байсан. Өнгөрсөн арван нэгдүгээр сарын сенатын сонгуулиар Жоржиа мужид нэр дэвшигч нараас хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй учир дахин санал хураалт явуулсан юм.
Тэгвэл санал тооллогын явц нэгэнт өндөрлөж Ардчилсан намын Рафаэль Варнок, Жон Оссоф нар ялан Жоржиа мужийн хоёр сенатын суудлыг авсан ажээ. Ингэснээр Цагаан Ордон, Сенат болон Төлөөлөгчдийн танхим 2009 оноос хойш анхны удаа Ардчилсан намын удирдлага дор орж байгаа юм.

Одоо Жо Байден эрүүл мэндийн даатгал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тал дээр бодлогуудаа ямар нэгэн саад тотгоргүйгээр хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Эдгээр дурдсан асуудал дээр Бүгд Найрамдах намын гишүүд Жо Байдентай санал зөрөлддөг юм.
Тэгвэл одоо Жо Байдены дэмждэг мөн хэрэгжүүлэхээр амласан хэд хэдэн бодлогуудыг харцгаая.
Хүн болгоныг коронавирусийн шинжилгээнд үнэгүй хамруулна

Тэрбээр 100 мянга гаруй хүнийг үндэсний хэмжээнд хавьтал илрүүлэх төсөлд ажиллуулж иргэн болгоноос коронавирусийн шинжилгээ үнэгүй авах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн муж болгонд дор хаяж арван шинжилгээ авах төв байгуулах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн.
Байден хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 15 ам.доллар болгоно

Жо Байдены “Build Back Better” нэртэй эдийн засгийн бодлогод Ардчилсан намыг ихэвчлэн дэмждэг залуу хүмүүс болон дундаж орлоготой иргэдэд тус таалагдах төлөвлөгөө оруулсан юм.
Үүнд ноён Байден хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 15 ам.доллар болгож өсгөх амлалтыг багтаажээ. Жо Байдены албан ёсны веб сайтад ажил олгогч нар хөлсний доод хэмжээнээс бага цалин олгосноор жил болгон 15 тэрбум ам.долларыг завшдаг хэмээсэн байна.
Одоогийн байдлаар холбооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 7.25 ам.доллар байгаа юм. Гэхдээ мужууд өөрсдийн гэсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй байдаг. Тухайлбал Калифорни муж цагт 13 ам.доллар, Аризона 13.69 доллар, Небраска болон Небраска мужууд 9 доллар гэх мэт. Байден зөвхөн цагт 15 доллар хөлсөнд өгдөг ажил олгогчдод холбооны гэрээ хийх эрх олгоно гэсэн юм. Холбооны гэрээтэй бизнесүүдээс АНУ-ын Засгийн Газар худалдан авалт хийдэг гэнэ.
Холбооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 15 ам.доллар болгохыг зарим хүн үнэндээ бага, дунд орлоготой иргэдэд тус болохоосоо илүү ус болно хэмээн эсэргүүцдэг.
“Heritage Foundation”-д жишээ гарган тайлбарласнаар бол нэгэн жижиг бизнес хөлсний доод хэмжээ авдаг долоон ажилчинтай байя гэж бодъё. Холбооноос тогтоосон хөлсний доод хэмжээг цагт 7.25 доллараас хоёр дахин нэмж 15 болговол тус бизнес эрхлэгч жилдээ 122 мянган ам.долларыг цалинд нэмж олгох хэрэгтэй болно. Ингэхийн тулд 10 хувийн орлоготой энгийн бизнес жилийн борлуулалтаа 1.2 сая ам.доллар болгон өсгөх хэрэгтэй хэмээжээ. 2016 оны “Heritage Foundation”-аас явуулсан судалгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 ам.доллар болгох нь 7 сая ажлын байр устахад хүргэнэ гэж дүгнэсэн байна. Сиэтл хотын хөлсний доод хэмжээг цагт 9.47 ам.доллараас 13 болгох оролдлогын үр өгөөж бага, харин хор хөнөөл нь их байв. Бага орлоготой ажилчид долоо хоногт дунджаар 10 ам.доллар илүү авсан. Учир нь хамгийн чадварлаг ажилчдын ажлын цагийг нэмж туршлага хомс хүмүүс бага цаг ажилласан юм. Иймд тэд Сиэтл хотоос гадуур ажил хайж эхлэн орлого нь нэмэгдээгүй бөгөөд тус хотын ажилд шинээр орох хүмүүсийн тоо багасаж эхэлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалыг өргөсгөнө

Тэрбээр Барак Обама Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан үед батлагдсан эрүүл мэндийн даатгалын төслийг өргөсгөхөө мэдэгдсэн. Тэрбээр Америкчуудын 97 хувийг хамрах даатгалын төлөвлөгөө хэрэгжүүлэх юм. Харин Байден түүний намын хэд хэдэн гишүүн дэмждэг бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгалыг нэг их дэмждэггүй билээ.
Оронд нь тэрбээр бүх Америкчуудад “Medicare”-тэй ижил эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломж олгохоо амласан. “Medicare” нь 65-аас дээш насны иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөлөлт олгодог хөтөлбөр юм. Мөн Байден “Medicare”-д хамрагдаж болох насны хязгаарыг 60 болгож доошлуулах аж.
Холбооны төсвийг хариуцсан хорооны тооцоогоор бол Жо Байдены энэхүү төлөвлөгөө арван жилийн турш хэрэгжүүлэхийн тулд 2.25 их наяд ам.доллар хэрэгтэй хэмээн тооцоолжээ.
Байден үнэ төлбөргүй коллежийн тоог ихэсгэхийг дэмжсэн

Тэрбээр боловсролтой холбоо бүхий хэд хэдэн томоохон бодлогыг дэмжсэн. Үүнд сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд болгонд олгох, оюутны зээлийг 10 мянган ам.доллараар хөнгөлөх, үнэ төлбөргүй коллежүүдийн тоог ихэсгэх гэх мэт зүйл багтаж байгаа. Үүнд хэрэглэх мөнгийг Дональд Трампын батласан татварын хөнгөлөлтийг цуцлан олох юм.
Парисын тохиролцоонд эргэн нэгдэнэ

Жо Байден цаг уурын өөрчлөлтийг том аюул хэмээсэн. Тэрбээр Парисын тохиролцоонд эргэн нэгдэж дэлхийн бусад орнуудыг хүлэмжийн хий ялгаруулах хэмжээгээ багасгах тал дээр илүү хурдан ажиллахыг уриална гэсэн юм.
АНУ 2016 онд үүссэн Парисын тохиролцооноос өнгөрсөн арван нэгдүгээр сарын 4-ний өдөр албан ёсоор гарсан. Тэрбээр Ардчилсан намын зарим гишүүд санал болгосон “Green New Deal” нэртэй цаг уурын өөрчлөлттэй тэмцэж иргэдэд үнэгүй дээд боловсрол, өндөр чанар бүхий эрүүл мэндийн үйлчилгээг хүн болгонд олгох гэх мэт маш олон зүйл амласан төслийг дэмжээгүй юм.
Оронд нь байгальд ээлтэй технологийн судалгаанд 1.7 их наяд долларын хөрөнгө оруулалт хийх санал гаргасан. Түүний зорилго бол 2050 он гэхэд АНУ-ын хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх.
Эх сурвалж: BBC, Heritage Foundation
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болж дээ