НийгмийнУЛС ТӨР

Ц.Туваан: Ерөнхийлөгчийн томилсон шүүгчдийг Сахилгын хороогоор огцруулах юм уу

УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Улмаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж эхэллээ.

Тухайлбал Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд нэг байна.  Шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах үүрэг бүхий бие даасан байгууллага юм. Орон тооны 9 гишүүнээс бүрдэнэ. Шүүгч гишүүн нь шүүхэд 10-аас доошгүй жил ажилласан, бусад гишүүн нь эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал хийж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

Бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганы санал хураалтаар сонгож, бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилно гэсэн заалтаар зарчмын зөрүүтэй санал хураалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүд үг хэлэв.

Б.Бат-Эрдэнэ:

Сахилгын хорооны 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно гэж байна. Дэвшил юм. Манай хуулийнхны дунд гажуудал би болсон. Хуульчдийн лиценз олгодог хуульчдын холбоо гэж ганцхан байгууллага байдаг. Тиймээс хуулийн хүмүүс ний нуугүй хэлэхэд бүгд нэг тал болчихсон. Шүхийн хэрэг маргааныг шийдэхдээ ардуудын эрх ашгийг хохироодог, үгсэн хуйвалддаг гажуудал бий болсон. Үүний цаад уг үндсийг харж, засч залруулах чиглэлээр анхаарах хэрэгтэй байна.

Ш.Адьшаа: ШЕЗ,Шүүхийн сахилгын хорооны хуульч биш гишүүдийн УИХ томилохоор хуулийн төсөлд орсон. Хууль тогтоох байгууллага шүүх эрх мэдлийг өөрийнхөө эрх мэдэлд авч байгаатай санал нийлэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа. Хуульч биш гишүүдийг олонх цөөнх, мэргэжлийн холбоод, Ерөнхийлөгчийн инсттитутийн төлөөллийг оролцуулж, УИХ-ын гишүүн ахалж сонгон шалгаруулалтыг зохион байгуулна гэдэг асуудлын  олонх цөөнх, мэргэжлийн холбоод, Ерөнхийлөгчийн институтийн төлөөллийг оролцуулахыг дэмжиж байгаа. Харин УИХ-ын гишүүн ахалж зохион байгуулна гэдгийг дэмжихгүй байна.

Ц.Туваан: Сахилгын хороо гэж эрх мэдэл бүхий байгууллага үүсэх юм байна. Шүүгчийг огцруулах хүртэл эрх мэдэлтэй. Шүүгчид томилогддог газартай шүү дээ. Шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог. Гэтэл Сахилгын хороогоор огцруулах юм уу. Уялдааг нь яаж хангаж байгаа юм бэ. Сахилгын хороо өөрөө ямар журмаар ажиллах юм бэ. Хэлмэгдүүлэлт, нөлөөлөл явуулахгүй байх уу, ямар асуудлаар хариуцлага тооцох юм бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд шүүгч бус гишүүд олон байгаад байна. Шүүхэд хариуцлага тооцож ажиллах баталгаа алга гэж харж байна.

Ж.Ганбаатар:

Сахилгын хороо нь гомдол шалгах чиг үүрэгтэй юм шиг байгаа юм. Хариуцлагатай байгуулага гэж харж байна. Гэхдээ нотлох баримт цуглуулах, шаардлагатай бол албадан гаргуулах гэх мэт байдал бага суусан юм уу хуулиндаа. Бэлгэдлийн чанартай байгууллага болчих вий дээ. Санаа нь бол зөв. Тодорхой эрхүүдийг нь өгөхдөө хэт болгоомжилсон юм болов уу гэж харсан.

Ингээд санал хураалт явуулахад уг санал хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувийн саналаар дэмжигдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button