НийгмийнЭнтертайнментЯрилцлага

90 настай Ж.Лхамхүү: Эсгий олбог захиалгаар оёод оронд нь хүнс авчихдаг

“Эмээ утсаар ярьвал таны чих сонсох уу. Эсвэл хүүхдэдээ утсаа өгөөд яриулах уу?” хэмээн зовнингүй асуувал, “Зүгээр ээ миний охин. Эмээгийнх нь сонсгол сайн. Яриулах том хүүхэд одоо алга байна. Ярьж чадна аа” хэмээх буурайг Ж.Лхамхүү гэдэг. 90 насыг зооглож яваа ч насандаа баймгүй цовоо цойлгон, эрүүл биетэй аж. Аймгийнхаа захаас эсгий, эмжээрийн даавуу худалдан  авч, тэмээний ноосоор утас ээрээд автомашины олбог, данхны суурь гэх мэт зүйлсийг оёж эхэлжээ. Хөдөө аймгуудад өвөлжилт хүнд, санхүүгийн бэрхшээлтэй байгаа учир эмээ өөрийн гараар олбог оёж, түүнийгээ хүүхдүүд рүүгээ явуулахын сацуу, ойр тойрныхондоо мөнгөөр худалдах эсвэл хүнсээр сольж эхэлжээ.

Бид Говь-Алтай аймагт суугаа түүнтэй утсаар холбогдож хэсэг хором ярилцсан юм. Ярилцах зуур утасны цаана бяцхан хүүхдүүд шуугивал, “Та нар чимээгүй бай. Сайн сонсогдохгүй байна. Эмээ нь утсаар ярьж байна” хэмээх нь эгээтэй л залуу хүн шиг сонстоно.

-ХҮЙТЭН ӨВЛӨӨР ХҮҮХДҮҮДЭЭ ДУЛААН ЯВААСАЙ ГЭЭД ЗАХААС ЭСГИЙ АВААД, ОЛБОГ ХИЙСЭН-

-Эмээ утсаар ярьвал завтай юу?

-Тийм ээ. Завтай байна аа. Эмээ нь яг суудлын олбогоо оёод сууж байлаа. Хотоос зорьж ярьж байхад зав гаргалгүй яахав ээ.

-Говь-Алтай аймагт өвөлжилт ямар байна вэ?

-Энэ жил тун хэцүү байна аа. Их хүйтэрч байгаа болохоор олон айлууд зуданд малаа алдсан. Гадаа одоо ч айхтар шуурч байна. Гарахаас халшрам хүйтэн жил болж байна даа.

-Таныг эсгийгээр суудлын олбог бас бус зүйлсийг хийдэг гэж охиноос тань дуулсан юм аа?

-Тийм ээ. Эмээ нь гэртээ суухдаа эсгийгээр суудлын олбог, данхны суурь гэх мэт зүйлсийг хийж байна. Эхэндээ энэ хүйтэн өвлөөр хэдэн хүүхдээ дулаан яваасай гээд захаас эсгий аваад, олбог хийж өгсөн юм. Тэгсэн харин ач, зээ нар маань бас хийгээд өгөөч гээд илүү хэдийг хийж эхэлсэн. Гэрээр орж гарсан аймгийнхан маань ч гэсэн идэшний мах, гурил будаа сэлтээр, зарим нь мөнгөөр нь авч эхэлсэн.

-Эсгийгээр олбог хийх хэцүү юу?

-Нэг их хэцүү биш ээ. Эмээ нь залуу байхдаа дээл оёдог, гарын дүйтэй хүн байсан. Ээж, эгч нар маань ч гэсэн дээлээ гаднаас авдаггүй, дандаа өөрсдөө оёод өмсчихдөг байсан юм. Өдрийн цагаар оёж амжихгүй бол шөнө нойр хүрэхгүй бол суугаад оёж дуусгадаг. Оёдол хийхээр тархи толгой хүртэл сэргээд, гар хуруу ч хөшдөггүй. Хүн ер нь хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг шүү.

-ӨДӨР ТУТМЫН ХУДАЛДАА НАЙМААГАА ТОЛГОЙДОО ЦЭЭЖЭЭР БОДООД НҮДЭЛБЭЛ ДАСГАЛ БОЛДОГ-

-Материалаа хаанаас, хэдэн төгрөгөөр авч байна?

-Аймгийнхаа захаас л гараад авчихдаг юм. Нэг метр эсгий 8.000 төгрөг. Автомашины арын суудлын олбог хийхэд хоёр метр эсгий ордог. Ингээд эсгийгээ 16.000 төгрөгөөр авчихдаг. Харин эмжээр даавуугаа 8.000 төгрөгөөр авдаг. Тэмээний утсаа өөрөө хийдэг. Хэрвээ худалдаж авбал нэг ээрүүл утас л 5.000-6.000 төгрөг болдог юм. Арын суудлын олбог хийхэд ойролцоогоор 5-6 ээрүүл утас орно. Ингээд бодохоор хэрвээ бүгдийг худалдаанаас авбал материал нь л гэхэд 70.000 орчим болох юм. Тиймээс эмээ нь утсаа өөрөө хийчихдэг юм аа.

-Та тоондоо их сайн бололтой шүү. Бүгдийнх нь үнийг нарийн сайн мэдэж байна?

-Тэгэлгүй яах вэ. Худалдаагаар явахаар зарим худалдаачид мөнгөний дүнгээ цээжээр бодож чадахгүй, тооны машин цохиж байгаа харагддаг. Залуугаараа тооны машинд толгойгоо мэдүүлээд байвал цаашид бүр л мартамхай болно шүү. Жижиг гэлтгүй өдөр тутмын худалдаа наймаагаа толгойдоо цээжээр бодоод нүдэлж явбал тэр нь дасгал болдог юм аа. Эмээ нь ой тогтоолт сайн. Тооны машин хэрэглэдэггүй шүү. Гэхдээ сүүлийн үед бас зарим юм аа мартаад байдаг болсон байна.

-Мөнгөөр худалдаж авья гэсэн хүмүүст хэдэн төгрөгөөр борлуулж байна вэ?

-За даа, гадуур ижил хэмжээтэй олбогууд 200.000-250.000 тэгээд янз бүр л байх юм. Эмээ нь ч нэг их үнэрхээд байдаггүй. Сүүлд том олбог 200.000 төгрөгөөр авья гэхэд хоёрыг зарсан. Ихэвчлэн хоол хүнсээр солиод авчихдаг юм аа. Энэ өвөл бас л хатуу байна шүү дээ. Олбог хийгээд түүгээрээ идэшнийхээ махыг солиод авчихсан. Бэлэн мөнгөөр нь худалдаж авах хүмүүс цөөхөн байна.

-Нэг олбогийг хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Машины урд суудлын жижиг олбогийг барин тавин хийвэл өглөө эхлэхэд шөнө 1:00, 2:00 цагт дуусдаг. Харин том олбогийг хэвлэнэ, ширж оёно гэсээр 6,7 өдөр болдог шүү. Өдрийн ажлынхаа хажуугаар л хийчихдэг юм аа. Жижгийгээ бодвол ажиллагаа арай илүү.

-20 ГАРУЙ СУУДЛЫН ОЛБОГ ОЁОД БАЙНА-

-Одоогоор хэчнээн ширхэг олбог хийгээд байгаа вэ?

-Суудлын олбог бол 20 гаруйг хийсэн. Жижиг сажиг данх, аяганы суурь гээд бас бий бий. Харж байгаад гэртээ хэрэгтэй байгаа зүйлсийг хийдэг юм.

-Хэзээнээс эхэлж олбог оёж эхлэв ээ?

-Саяын өнгөрдөг хөл хориогоор л хийж эхэлсэн дээ. Одоо бол гарт ороод хийхэд хүндрэлгүй болсон.

-Шөнө сууж оёод их ядардаг байхдаа?

-Өө яахав ээ. Нэг их ядрахгүй ээ. Харин өдөр ганцаараа өнждөг хүнд ханьтай их зүгээр байдаг юм аа. Хийгээд өнжвөл шөнө ч бөх сайхан нойрсдог.

-Эмээ хэдэн хүүхэдтэй вэ?

-Гурван хүү, нэг охинтой. Одоо бүгд л хөгширсөөн. Том хүү одоо 62 настай. Насаараа л цагдаагийн байгууллагад ажилласан. Нэг хүү Алтайн Хүдэрт ажиллаж байгаа. Охин миний хаяанд хажууханд амьдардаг юм. Таван жижигхэн хүүхэдтэй. Том хүү нь 11 настай, бага нь хоёр ойтой. Эмээ нь бас зүгээр суулгүй энэ хэддээ дэм болох санаатай л байдаг юм.

-АЛЬ БОЛОХ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ-

-Гэр бүлд орлого олдог хэдэн хүн байдаг вэ?

-Байхгүй ээ. Эмээ нь сард тэтгэвэр гэж 250.000 төгрөг, Эхийн алдар хоёрдугаар одонгийн 100.000, насны хишиг 100.000 төгрөгийг авдаг юм. Хотод байгаа хүүхдүүд бол тэгээд ажлаа хийгээд өөрсдийгөө болгоод явдаг. Энд охин бид хоёр хаяалж амьдардаг юм. Зээ хүү маань хажуугийн оронд хамт унтдаг. Ус, түлээ дөхүүлж өгнө. Хоол, цайгаа эмээ нь өөрөө хийдэг. Аль болох хэдэн хүүхдэдээ дараа болохгүйгээр л амьдрахыг хичээдэг дээ. Одоо ч тэгээд хэдэн жил ч амьдрах билээ дээ.

-Таны сонсгол, ой тогтоолт ч маш сайн юм аа. Өвддөг газар, эсвэл хууч өвчин бий юу?

-Даралт хааяа ихэснэ. Бусдаар эрүүл. Хөл гар өвдөхгүй. Нуруу сайн. Хэр барагтай ханиад хүрдэггүй. Эмнэлэгт тун ховор хэвтэж байлаа. Нэг гэм нь эмээ нь хараа муутай. Ойрын хараа муу. 1978 онд 57 настай байхдаа хоёр нүдний хагалгаанд орж байсан юм. Эхлээд нэг нүдэнд хагалгаа хийгээд, дараа нь нөгөө нүдэнд хийж байсан. Нүд рүү дусаалга хийгээд юмаар хатгаад байх шиг мэдрэгдсэн. Их л удаан нүдний боолттой явсан. Хүү +11 хараатай нүдний шил тохируулж өгөөд зүүдэг байж байгаад хожим толгой эргээд, нүд сайн харахгүй +12 болгож зүүсэн. Түүнээс хойш аятайхан сайхан байна аа.

-Эрүүл саруул, өвчингүй байгаагийн тань нууц юу вэ?

-Нууц гээд байх зүйлгүй ээ. Эмээ нь аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Сүүлийн үеийн залуусыг хараад байхад бүх л юмаа бэлэнчлэх гээд байдаг болчихжээ. Машин унасан л хүмүүс харагдах юм. Хоолоо ч гэсэн бэлэн зүйл худалдаж авч идэх гээд байдаг болж. Малынхаа шим шүүстэй махыг тохируулж идээд, хөдөлгөөнтэй, нойр сайтай байхад эрүүл явна даа. Өвдгөөр хаа нэг хатгуулвал тэмээний чөмөг, сүүлэн тосноос багахан түрхчихдэг юм. Өдөртөө заавал гарч ойр ч хамаагүй явган алхдаг. Цэвэр агаарт алхахаар дотор хүртэл уужирдаг гээч.

-Та нойр хоолондоо сайн уу?

-Залуу байхад сайн л байлаа. Хүн нас ахиад ирэхээр нойр, хоолноос холдоод ирэх юм билээ. Одоо бол нэг жижиг аягаар өдөрт хоёр удаа хооллодог. Орой эрт унтвал шөнө 03:00, 04:00 гээд сэрчихнэ. Нэг сэрвэл буцаж унтдаггүй. Тиймээс олбогоо оёод аажуухан 12:00, 01:00 цагийн үед унтаад өглөө үүр цайхаар сэрдэг дээ. Өглөө сэрээд галаа түлж, хоол цайгаа хийж иднэ ээ. Тэгээд өдөр гайгүй дулаан орвол хэсэг гарч алхана. Захаар тойрж байгаад ирдэг.

-ТӨРӨӨД НЭГ ИХ УДААГҮЙ ХҮҮХДЭЭ ЭЭЖ, ААВДАА ҮЛДЭЭГЭЭД МАЛАА МАЛЛАДАГ БАЙЛАА-

-Та багадаа ямар хүүхэд байв. Ярианаас тань их сэргэлэн цовоо хүүхэд байсан шиг санагдлаа?

-Тийм ээ. Эмээ нь их хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан. Төв аймгийн Баян сумын сургуульд дөрөвдүгээр анги хүртлээ сураад, түүнээсээ гарч нягтлангийн сургуульд сурч байлаа. 1959-1990 онуудад Нэгдлийн малыг маллаж, 1991 онд тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд “Сүүний аварга”, “Аварга малчин” гээд л амьдрал гайгүй сайхан байсан. Мөн багийнхаа эмэгтэйчүүдийн ухуулагч хийж явлаа. Тэр үед ч цаг сайхан байжээ. 1958 онд ханьтайгаа танилцаад нэг гэрт орж байлаа.

-Ханийнхаа тухай дурсвал?

-Ханьтайгаа хадлан дээр анх танилцаж байлаа. Их хөдөлмөрч, маш нямбай хүн байсан. Ингээд л аав ээжээсээ тусламж аваад гэр бариад тусдаа гарч байсан. Анхны хүүхдээ 28 насандаа төрүүлсэн. Төрөөд нэг их удаагүй хүүхдээ ижий, аавдаа үлдээгээд малаа малладаг байлаа. Тэд маань л хүүхдүүдийг минь өсгөж өгсөн юм. Ханьтайгаа зэрэгцээд л ажилладаг байлаа шүү дээ. Одоо нас бараад 18 жил болж байна. Өвчнөөр таалал төгссөн юм. Одоо байсан бол 87 настай байх байсан. Надаас гурван насаар дүү. Хааяа хааяа бодогддог л юм.

-Ижий аав тань их сүрхий ажилтай улс байсан байх нь?

-Тийм шүү. Тэр хоёрынхоо буянд сайн ч явлаа, сайхан ч амьдарлаа. Намайг төрүүлсэн ижий 3,4 настайд бурхан болсон гэсэн. Сүүлд ааваас сонсох нь бүх биеэр нь л эрээн тууралт гараад удаагүй амьсгал хураасан гэдэг юм. Тухайн үед эмчилгээ, эмнэлэг гээд байх зүйл ч ховор байж дээ. Ингээд аав хойд ээжтэй маань танилцаад нэг гэрт орсон. Хойд ээж маань тун сайн хүн байсан. Би хоёр эгчийнхээ хамт сайхан амьдарсан. Бурхан болохоосоо өмнө биднийг айлд бэр болоход чадах ядахаараа тусалж, тусад гаргаж байлаа. Аавыг маань Б.Жамба, ээжийг маань Б.Гармаа гэдэг байсан юм аа. Хоёул сайхан насыг наслаад, бурхан болцгоосон.

-Таны гэр бүлийн настнууд өндөр насыг насалдаг бололтой?

-Тийм шүү. Хоёр эгч хотод л байдаг сураг байдаг юм. Холбоо тасарсан шахуу л байдаг юм. Аав маань бас л сайхан насыг насалсан. Аавын талынхан ер нь л 80 гарсан хүмүүс байдаг юм. Бүгд л их хөдөлгөөнтэй, ажилтай улсууд байсан шүү.

-Сүүлийн үеийн залуусыг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Хуучныг бодоход бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон харагддаг. Тэгэхээс аргагүй. Нийгэм нь өөрчлөгдөж байна шүү дээ. Гараад бүх л зүйл нь бэлэн байдаг болж. Мөнгө нь л байвал бүхнийг бэлэн худалдаад авчихаж байна. Тиймээс залуусыг буруутгах аргагүй. Гэхдээ эрүүл чийрэг, сайн сайхан явахыг хүсвэл хөдөлгөөнтэй, аль болох зөв хоолыг тохируулж идэх нь чухал. Мөн гар утас, телевиз аль болох бага харах хэрэгтэй. Утсаа л ширтээд яваа харагдах юм.

-Ярилцлагын төгсгөлд залуу хойчдоо юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Би хүүхдүүддээ ч хэлдэг юм. Аливаад зөв сэтгэлээр хандаж, хүмүүст сайн сайхныг хүсэж яваарай гэж. Ингээд барьж авсан ажлаа дуустал, чин сэтгэлээсээ хийж байгаарай. Тэгвэл бусад нь аяандаа болно доо.

-Эмээ урт насалж, удаан жаргаарай!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-13 09:08

Сайхан буурай байна хөөрхөн юм

del
del
2021-01-13 10:36

сайхан байна сайхан ярицлага байна баярл�##�аа

Зочин
Зочин
2021-01-13 11:23

Утас нь хэд вэ

Иргэн
Иргэн
2021-01-13 11:26

Утас хэд вэ?

Зочин
Зочин
2021-01-13 11:51

Эрүүл энхийг хүсье

Мөнгө өг
Мөнгө өг
2021-01-13 15:28

Хүмүүс мөнгө хэлбэрээр төлбөрөө төлөх хэрэгтэй. Хүн доромжилж байгаа юм шиг хүнсээр төлж болохгүй.

Зочин
Зочин
2021-01-13 15:45

Мундаг эмээ байна даа. Урт наслаарай.

Наран
Наран
2021-01-13 21:16

Миний ээжтэй нэр нэгтэй мортоо 10 насаар дуу хун Байна, Миний ээж Ц.Лхамхуу гэж хун байсан, ээж Минь ширдэг эсгийгээр Сайхан ширдэг хун байсан юм, Ховсгол аймгийн Томорбулаг сумын хун байсан, Таны ярилцлагыг уншлаа, ээжтэй Минь их адилхан хун юм, ээжийгээ саначихлаа, та урт нас�##�ж удаан жаргаарай

Unshigch
Unshigch
2021-01-13 21:28

Eruul enkhiig husen erooy. Shan emee bnaa mundag.

Зочин
Зочин
2021-01-13 21:36

Сайхан эмээ минь урт наслаж удаан жаргаарай.
Хөх тэнгэр нь ивээг

Zochin
Zochin
2021-01-13 21:48

Mundag ajilsag emee bna.Sain saihnyg husie

Зочин
Зочин
2021-01-13 22:12

Хүний хөдөлмөрч зан, сурсан эрдэм гэж үнэхээр өөр шүү.

Зочин
Зочин
2021-01-13 22:41

Urt nasalj udaan jargaarai emee mini

Зочин
Зочин
2021-01-13 23:08

Ээж минь бодогдлоо. Буурай минь урт нас�##�ж удаан жаргаарай. Ийм сайхан чин сэтгэлийн ярилцлага уншаад их сайхан санагдлаа.

Zochin
Zochin
2021-01-14 07:22

Buurai mine urt naslaarai.Tanihaa hudulmurch chanar. Agaart saihan alhdag .saihan setgel zuv bodoltoi yavah surgaaliig erhemlej yavna aa.

Зочин
Зочин
2021-01-14 08:05

АваЯ

Zzz
Zzz
2021-01-14 18:49

Saihan buurai bnaa urt nasalj udaan jargaarai ta.. Baahan huuhed tsuwuulchaad mungu neheed hewteed bdag ailiin zavaan avgai nar negiig bodmoor yum

Золзаяа дэлгэрмаа
Золзаяа дэлгэрмаа
2021-01-15 12:03

Би том зээ нь байгаамаа буур�##� ээжийнхээ ярилцлагыг уншлаа үнэхээр л сайхан хөдөлмөрч ажилч буурай шүү та минь урт наслаарай хайртай шүү таньдаа

зочин
зочин
2021-01-18 22:26

Ийм сайхан нийтлэл дээр ???? бас ???????? ийм тэмдэг тавьдаг хүмүүс эмээгийн насыг аваарай.

зочин
зочин
2021-02-15 17:56

Сайхан нийтлэл уншлаа. Эмээгийн хоёр эгч нь олж уншаасай, дүүтэйгээ уулзахын ерөөл дэвшүүлье. Ур удаан наслаарай

Холбоотой мэдээ

Back to top button