НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Малын шагайг боловсруулж, нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй гэр бүл

Манай ард түмэн өнө эртнээс таван хошуу малаа эрхэмлэж түүний дотроос хонь, ямаагаа “Бурхнаас хайрласан буяны мал” хэмээн дээдлэн бог малынхаа бодын шагайгаар үр хүүхдийнхээ тоглоом наадгайг хийсээр ирсэн билээ. Тиймдээ ч найман настаас наян наст хүртлээ найр наадмаас эхлүүлээд энгийн үеүдэд ч олуулаа тойрч суугаад шагай няслах, шүүрэх, морь тэмээ уралдуулах, алаг мэлхий өрөх, шагай таалцах зэргээр биеийн хүч, ур ухааныг сорьсон олон төрлийн тоглоом наадгайг тоглодог.

Шагай нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, овсгоо самбаа суулгах, хуруу гарыг шаламгай болгох зэргээр хөгжилд сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд судалгаандаа дурдсаар буй. Түүнчлэн шагайг ганцаар бус олуулаа тоглодог учир төдий хэмжээгээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлж, хүүхэд өөртөө итгэлтэй хайраар дүүрэн өсөж хүмүүжихэд эерэгээр нөлөөлдөг байна. Гэвч цаг үе хөгжихийн хэрээр хүүхэд багачууд гар утсаар тоглох, телевиз үзэх зэргээр эртний уламжлалт тоглоом наадгайгаас хөндийрч, төдий хэмжээгээр бүрэг ичимхий, дуугүй болсоор буй.

Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа эртний сайхан өв уламжлалыг дээдэлж, “Айл бүрийг шагайжуулъя” урианд үйл ажиллагаагаа эхлүүлсэн, “Мөнхшагай”-г үүсгэн байгуулагч Н. Пүрэвдагвын гэр бүлийг онцолж байна. Тэд өдгөө Баянзүрх дүүрэгт ажиллаж, амьдардаг бөгөөд дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь 2,6,7-р ангиудад тус тус суралцдаг бөгөөд чөлөөт цагаараа шагай наадгайгаар тоглож өдрийг өнгөрүүлдэг аж. Бид гэрийн эзэгтэй Ц.Уянгатай хэсэг ярилцлаа.

Хэрэв та "Мөнхшагай”-г авахыг хүсвэл "Шагайгаар наадъя” фэйсбүүк пэйж, эсвэл 99708020, 98070411 дугааруудад захиалгаа өгөөрэй.

-ЯЛАНГУЯА ХҮҮХДҮҮДИЙН ХУВЬД ШАГАЙ ТОГЛОСНООР ХАРААГ ХУРЦ, ХУРУУ ГАРЫГ ЗҮГШРҮҮЛЭХ ТУСТАЙ-

-Та бүхний өдөр их завгүй өнгөрдөг бололтой. Өнөөдрийг хэрхэн өнгөрүүлсэн бэ?

-Өглөө эртлэн босож хүүхдүүдээ хооллосны дараа үлдсэн торгоороо шагайн уут оёсон. Өдөр ханьтайгаа хамт хүүхдүүдээ дагуулаад ойрхон салхинд гараад орж ирлээ. Коронавирус дээр нь сургуулийн амралт таараад, хүмүүсийн захиалгад дарагдаад хүүхдүүдээ агаарт гаргаж амжихгүй явсан юм. Хүүхдүүд ч чөлөөт цагаараа шагай тоглох, агаарт гарах, чаргаар гулгах дуртай.

-Хүүхдүүд тань чөлөөт цагаа шагай тоглож өнгөрүүлдэг гэхээр мундаг байна шүү?

-Тийм ээ. Манайхан зав чөлөө гарвал шагай нясалж, морь уралдуулан, алаг мэлхий өрж тоглох дуртай. Миний хувьд бага нас маань Хэнтий аймагт өнгөрсөн учир шагайгаар их нааддаг байлаа. Тухайн үед ч тоглоом хомс, хөдөө амьдардаг хүүхдүүд модоор морь хийх, чулуугаар айл гэртэх, шагайгаар наадах зэргээр тоглодог байсан л даа. Тиймээс бусад хүүхдүүдийг жишгээр л тоглож өссөн. Мөн би багш мэргэжилтэй учраас шагай наадгайд ихээхэн ач холбогдол өгдөг. Ялангуяа хүүхдүүдийн хувьд шагай тоглосноор харааг хурц, хуруу гарыг зүгшрүүлэх тустай. Мөн авхаалж самбааг ч мөн нэмэгдүүлдэг. Шагай тоглож өссөн хүүхэд сургуульд ороод ч хичээлээ сурах, тогтож сууж сурахад ихээхэн нөлөөлдөг. Тиймээс ч хүүхдүүдтэйгээ хамт чөлөөт цагаараа шагайгаар тоглодог. Хамтдаа тоглоход гэр бүлийн уур амьсгалыг ч мөн зөөллөж, дулаахан сайхан болгодог гэж боддог.

-Одоо цагт шагайгаар тоглох нь бүү хэл мэддэг хүүхэд цөөрсөн байх шүү?

-Харин тийм. “Мөнхшагай”-г худалдаанд гаргахаас өмнө бид хамаатан садан, танилуудаасаа утасдаж гэрт нь шагай байдаг эсэхийг асуулаа. Гэтэл бүгд л байхгүй гэдэг хариултыг өгсөн. Мөн хамаатныхаа зарим хүүхдээс асуухад шагай юу болохыг ч сайн мэдэхгүй байсан. Тиймээс ерөөсөө л бидний бүтээгдэхүүнээ гаргах болсон эхний шалтгаан “Айл бүрийг шагайтай болгох юмсан” гэдэг бодол байлаа. Ингээд л гэр бүлээрээ ярилцаад, нөхрөөсөө хамгийн эхний санхүүжилтээ аваад анхны бүтээгдэхүүнээ гаргаж байлаа.

-“Мөнхшагай”-г үйлдвэрлэх санаа хэрхэн төрсөн бэ?

-Ноднингийн хөл хорионы үеэр нөхөр бид хоёрын ажил зогсож, хүүхдүүдийн хичээл ч мөн цахимд шилжсэн. Тиймээс маш их цаг завтай боллоо. Ингээд бид гэртээ байхдаа бие биетэйгээ ярилцаж, тоглож эхэлцгээсэн. Манайх 400 гаруй шагайтай байлаа. Хамгийн их тоглодог тоглоом нь шагай байв. Хүүхдүүд тоглоомд ялагдахаар хор шар хөдлөхөөс гадна бага хүү, охин хоёрт шагай сайнаар нөлөөлж байгаа нь мэдрэгдсэн. Учир нь шагайг няслахад харааны баримжаа, ижил шагайг түргэн шүүрэх самбаа, гарын хөдөлгөөн гээд зүүн, баруун тархийг зэрэг ажиллуулдаг. Харин шагай таалцахад тооцоолол, мөн бага зэрэг гүйлгээ ухаан шаардагддаг зэргээр шагайн тоглоом нь ерөөсөө л сургалт юм билээ. Мөн айлд шагай байх нь буян хишиг дууддаг гэдэг шүү дээ.

“Мөнхшагай”-г үйлдвэрлэх санааг хоёр хүү маань гаргасан. Нэг өдөр хүүхдүүд маань надаас “Ингэхэд ээж ээ, айл бүрт шагай байдаг болов уу”, “Шагай хаанаас гардаг юм бэ”, “Шагайг яаж цуглуулах вэ” зэрэг олон асуултыг асууж эхлэв. Ингээд дээр дурдсанчлан хамаатан садан, найз нөхөд рүүгээ залгахад ихэнх айлд шагай байгаагүй. Хот гэлтгүй хөдөө аймгийн төвийн айлуудад хүртэл шагай байгаагүй. Тиймээс тэр өдрөө дөрвүүлээ бяцхан төсөл бичээд аавдаа танилцуулж, санхүүжилтийн 400.000 төгрөг авав аа. Ингээд хүүтэйгээ хамт хүнээс боловсруулаагүй шагайг авахаар болов. Гэтэл бидэнд ахиад 60.000 төгрөг дутлаа. Хань руугаа холбогдоод мөнгө нэмж аваад анхныхаа шагайг авч байлаа. Ингэж л гэр бүлийн бизнес болсон “Мөнхшагай”-г эхлүүлсэн юм даа.

-ШАГАЙ МААНЬ ҮНЭТЭЙ БОЛ “АЙЛ БҮРИЙГ ШАГАЙЖУУЛЪЯ” ГЭДЭГ УРИАЛГА БИЕЛЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ-

-Шагайгаа боловсруулах, цэвэрлэх хэцүү юу. Хүүхдүүд нь шагай цэвэрлэхэд тусалж байгаа харагдсан?

-Хамгийн хүнд буюу гол ажил шагайгаа боловсруулж, цэвэрлэх ажил байлаа. Эхний авсан шагайгаа цэвэрлэх гэж нэлээн л ажил болсон. Ер учраа олохгүй яваад байлаа. Санасандаа хүртэл сайн, түргэн цэвэрлэж амжихгүй яваад байсан гэх үү дээ. Бүх л төрлөөр цэвэрлэж үзсэн дээ. Ямартай ч эхний авсан шагайгаа цөмөөрөө хамжаад амжилттай цэвэрлэж дуусгасан. Ингээд сүүлд учраа олсон. Шагайг маш удаан буцалгах ёстой байдаг юм билээ. 6-7 цаг орчим буцалгасан шагайг 6-7 өдөр хатаана. Ингээд хатсан шагайг цэвэрлээд, хамгийн сүүлд ахин сойтогдож угаадаг.

-Тэгэхээр маш их ажиллагаатай юм байна. Ялангуяа хатаах процесс илүү хэцүү санагдлаа?

-Тийм ээ. Шагайг хатаахын тулд том талбайд дэлгэж тавьдаг. Бөөгнөрсөн эсвэл бөөрөөрөө наалдсан бол шагай сайн хатахгүй. Дээр нь ойр ойрхон эргүүлэх шаардлага гардаг. Бид эхлээд нэг өрөөндөө шагайгаа дэлгэж хатаадаг байсан л даа. Сүүлд захиалга нэмэгдээд подвалын өрөө түрээсэлж, шагайгаа хатаах болсон. Мөн хэрвээ биеийн амрыг харсан бол шагайг түргэн хатаахын тулд химийн бодис ашиглаж болох байсан. Гэвч тэгэхийг хүсээгүй. Учир нь шагайгаа боловсруулахад хүүхдүүд маань оролцож байгаа. Дээр нь жаахан хүүхэд амандаа үмхэхээс эхлүүлээд аюултай учир химийн бодисоос татгалзсан. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг чухалчилсан.

-Нууц биш бол шагайгаа хаанаас авдаг вэ, олдоц нь хэр байдаг вэ?

-Бүтээгдэхүүн хийж эхлэхдээ анх худалдаж авч байсан хүнтэйгээ холбоотой, хамтарч ажилладаг. Нөөцийн хувьд мэдээж манай орон малаар баялаг улс учир олдоц сайн. Мөн мэддэг махны ченжүүдээс шагай авдаг. Үгүй бол шагай ихэнхдээ хаягдаад л өнгөрнө шүү дээ. Зуны улиралд шагайгаар тоглодоггүй гэдэг учир бид тухайн улиралд шагай нөөцлөх, хураах ажилдаа ордог. Шагайг мэдээж ширхгээр бус, олон тоогоор худалдаалдаг учраас нөөцлөх нь чухал. Ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зарим хүмүүс хуванцар шагайг худалдаад байх шиг байгаа юм. Манайхаас шагай авч байгаа хүмүүс жинхэнэ уу, хуванцар уу гэж их асуудаг л даа. Бид жинхэнэ л гэж хэлдэг. Судлахад хуванцар шагайны хувьд жинхэнэ шагайг бодоход үнэтэй зарагддаг юм билээ.

-Шагай нь тоо ширхгээсээ хамаараад өөр өөр үнэтэй байх шиг байсан. Бас нэлээд боломжийн үнэтэй санагдсан шүү?

-Тийм ээ. Баярлалаа. Бид шагайгаа худалдаанд гаргахдаа ямар үнээр зарах вэ гэж их бодсон л доо. Их өндөр үнэтэй бол мэдээж хүмүүс авахгүй. Тиймээс аль болох боломжийн үнэтэй байлгахаар зорьсон. Дээр нь үнэтэй бол бидний тэргүүн зорилго болох “Айл бүрийг шагайжуулъя” гэдэг уриалга биелэхгүй шүү дээ. Дундаж амьдралтай хүмүүсийн хувьд шагайг 50.000 төгрөгөөс дээш үнээр авахад бэрх. Ингээд хүүхдүүдтэйгээ бүгд ярилцсан л даа. Хэдэн төгрөг байвал манай бүтээгдэхүүнийг авах вэ гээд. Хүү хэрвээ шагай 45.000 бол би лав авахгүй гэв. Тиймээс хэд байвал бид авч чадах вэ гэж бодоод 108 ширхэг шагайг 35.000 байхаар үнээ тогтоосон.

-БИД ШАГАЙН ҮЙЛДВЭРЛЭЛДЭЭ БҮХИЙ Л ЦАГ ХУГАЦАА, СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА-

-Хөвгүүд зэс утсаар шагай шүүрэх шүүргийг тун чадварлаг хийж байна лээ?

-Хөвгүүдийн гарт орсоон /инээв/. Зэс утсаар шагай шүүрэх шүүрэг хийх нь ёстой л  жинхэнэ эрчүүдийн ажил юм билээ. Хоёр хүү бахь, таслагчийг бүрэн эзэмшиж сурсан шүү. Шагайгаа шүүрэгтэй хийх эсэхэд бас их эргэлзсэн. Учир нь тун ажиллагаатай зүйлсийн нэг юм. Төдий хэрээр хэрвээ манай шагайг худалдаж авсан хүмүүс шүүрэггүй бол түүнийг юугаар орлуулах вэ гэдгээ сайн мэдэхгүй учир, хийхээр шийдсэн. Учир нь бид шагай шүүрэх тоглоом тоглох гээд шүүрэггүй байсан учир түүнийг орлуулах гэж нэлээн бүтэлгүйтсэн. Шүүрэг хийх гэж телевизийнхээ антиныг тасалж, доторх зэс утсыг сугалаад хийж байлаа. Гэхдээ зэс утас нь хэтэрхий нарийн байсан учир сайн болоогүй. Шүүргийг зэс утсаар хийвэл илүү эдэлгээтэй бас гоё байдаг юм. Хүүхэд байхад ч найзуудындаа шагай тоглож байхад зэс шүүрэгтэй айл нь баян, хөнгөн цагаан шүүрэгтэй айл ядуудаа шахуу ордог байлаа шүү дээ.

-Анзаарахад хүүхдүүд, аав, ээж гээд бүгд хариуцсан үүрэгтэй юм байна?

-Тийм ээ. Хүүхдүүд шагай цэвэрлэх, угаах, мөн хөвгүүд зэс утсаар шүүрэг хийдэг. Хань маань хүргэлтэд явна. Харин миний хувьд шагайн уутыг оёх ажилтай шүү дээ. Уутаа оёхдоо хамаатнуудаас торгоны өөдөс даавууг нь цуглуулаад, хөдөө гэрээс ээжийнхээ гар оёдлын машиныг авчруулаад хийж эхэлсэн. Гаднах савлагааг даавуу, торго, аль эсвэл цаасан хайрцаг байлгах эсэхийг маш их бодсон л доо. Цаасан хайрцаг байвал амархан урагдаж, хаягдана. Даавуу үзэмж муутай. Тиймээс торгоор хийе гээд тогтсон. Хийх хийхдээ хамгийн сайн чанарын торгыг сонгодог болсон. Эдэлгээ болон үзэмж талдаа илүү. Шагай өөрөө маш удаан эдэлгээтэй учир уут, савлагаа нь ч мөн эдэлгээ даах чанартай байх ёстой шүү дээ.

Ингээд уутнаас гадна, арьсан дээр “Мөнхшагай” нэрээ тамгалуулж, торгон уутандаа уяа, уяаны үзүүрт модон чимэг хийнэ гээд ажиллагаа их. Арьс ширний үйлдвэрээс арьсаа аваад, хоёр хүү яваад тамгалуулаад ирдэг юм. Харин охин торгон уутанд уяа хийж, модон чимэглэлийг сүвлэж өгнө.

-“Мөнхшагай” нэрийг хэн өгсөн бэ?

-Гэр бүлээрээ морь уралдаад, түрүүлсэн хүний бодож олсон нэрийг өгөхөөр тохиролцсон. Ингээд бага хүү Мөнх-Амгалангийн морь түрүүлж, “Хүү өөрийн нэрний Мөнхийг өгье гэсэн. Түүнд шагай өөрөө мөнхийн тоглоом учир бэлгэшээгээд хүүгийн нэр дээр шагайг залгаж, “МӨНХШАГАЙ” нэрийг өгөхөөр болсон.

-Бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт очих хүртэлх процессийг хэлж өгөөч. Бүх зүйл нь гар ажиллагаа шаарджээ?

-Тийм ээ. Ерөөсөө л гар ажиллагаа. Шагайгаа чанана, цэвэрлэнэ, хатаана, угаана. Ингээд зэс утсыг тасалж, бахиар чимхэж шүүргээ хийнэ, уутална. Торгон уутаа оёж, урьдаас тамгалж бэлтгэсэн арьсан логогоо хадна. Уутныхаа аманд бүч хийж, үзүүрт чимэг тогтооно. Ингээд охин шагайгаа тоолж уутална. Сүүлд хүү шагайг ахин тоолж нягтална. Хийсэн шүүргээ уутлаад шагайн хамт уутална. Хамгийн сүүлд нөхөр захиалсан айлд хүргэж өгдөг. Бид шагайн үйлдвэрлэлдээ бүхий л цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. “Мөнхшагай”-н хүчээр хөл хориог санхүүгийн бэрхшээлд оролгүй ажиллаж ирлээ. Одоо гэр бүлийн гишүүн бүр үүрэг оролцоотой ажиллаж, бүтээгдэхүүнээ брэнд болгох зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж байна даа.

-ХҮҮХДҮҮДЭЭ УРАМШУУЛАХ ҮҮДНЭЭС ОРЛОГООСОО ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИН ӨГЧ БАЙГАА-

-Хүүхдүүд нь бизнест туслахдаа хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

-Их дуртай байдаг шүү. Мэдээж хүүхдүүдээ урамшуулах үүднээс орлогоосоо тодорхой хэмжээний цалин өгч байгаа. Энэ нь хүүхэд үүрэг хариуцлагатай, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж байгаа гэж боддог.

-Та бүхний бүтээгдэхүүнийг худалдан авдаг, үйлчлүүлэгчидтэй болсон нь лавтай?

-Анх байснаа бодоход одоо бид худалдан авагчидтай, үйлчлүүлэгчид ч гэсэн сэтгэл хангалуун байгаа нь бидний урамшуулдаг. Үйл ажиллагаа эхэлснээр ихэвчлэн урмын үгс, сайхан сэтгэгдлүүдийг авсаар ирсэн. Хамгийн анх шагайгаа хийгээд өглөө нь зар тавиад л “Эхний хэрэглэгч худалдаж авья” гэхэд маш их баярлаж байснаа мартдаггүй. Ямар сайндаа л нөхөр, хүүхдүүдтэйгээ бүгд хүргэж өгч байлаа. Маш их урамшсан. Түүнээс хойш 80 уут, 20 уут гээд хэд хэдэн том захиалгууд ирсэн. Компани, ААН-ын захирлууд ажилчдадаа, хүүхдүүд нь бэлэг болгож манай шагайг авч байлаа. Тэгэхэд 10 гаруй хоног нойргүй ажиллаж байж, захиалгаа амжилттай дуусгаад гэр бүлээрээ аялалд гарч байсан. Хүүхдүүд маань ч гэсэн найзуудынхаа төрсөн өдрөөр шагай бэлэглэдэг болсон шүү.

-Шагай авсан үйлчлүүлэгчдээс ихэвчлэн ямар санал, хүсэлтийг хэлдэг вэ?

-“Шагайгаа будганд оруулаарай”, “Өнгөтэй болгомоор байна” гэх санал, хүсэлт л их ирдэг дээ. Олон тооны шагайн хувьд будганд оруулах маш ажиллагаатай юм билээ. Хэрэв будганд оруулах бол тусгай техник, төхөөрөмж хэрэгтэй санагдсан. 200 хүртэлх тооны шагайг будганд оруулах асуудалгүй ч, түүнээс олон бол ажиллагаа их юм билээ. Түүнчлэн химийн найрлага орох учир татгалзаж байгаа. Түүнийгээ ч тайлбарлаад хэлэхээр ойлгодог. Мөн шагайн уутыг дангаар нь авъя гэж ирсэн учир, дангаар нь худалдаанд гаргасан.

-Та бүхний цаашдын зорилго зорилтыг асууя?

-“Мөнхшагай”-г олон таниулах, төдий хэрээр бүтээгдэхүүнийг сайжруулахыг зорьж байна. Мөн цаашид брэнд болгож, түүнийгээ Оюуны өмчийн газарт бүртгүүлэхийг хүсэж байгаа. Цаашид бүтээгдэхүүний сав, баглаа боодолд мөн ач холбогдол өгч эхэлсэн. Торгон уутны гадуур заавар, тайлбартай үзэмж сайтай цаасан хайрцгийг хийх бодолтой байна. Гэхдээ хэрэглэгч хүсвэл хайрцгаа мөнгөөр нь худалдаж авахаар. Эс бөгөөс бүтээгдэхүүний үнэ өсөх, хог хаягдал өсөх эрсдэлтэй.

-Ярилцлагын төгсгөлд юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Бидний зүрх сэтгэл, хөдөлмөр шингэсэн шагай та бүхний гэрт очиход хэзээд бэлэн шүү. Аавтайгаа, ээжтэйгээ, ахтайгаа , дүүтэйгээ ер нь бүгдээрээ тойроод шагай тоглох үнэхээр сонирхолтой. Мөн жинхэнээсээ утаснаас хөндийрч хараагаа, сэтгэхүйгээ, оюунаа, тархиа сайхан амрааж, сэргээж авна. Түүнчлэн шинээр айл болох, хурим найр, хүүхдийн төрсөн өдөр зэрэгт бэлгэнд өгөхөд үнэхээр тансаг бэлэг юм. “Айл бүрийг шагайжуулъя” уриатай бизнесээ улам өргөжүүлж, боловсруулахад таны худалдан авалт маш том хөрөнгө оруулалт болох тул манай шагайг худалдан аваарай гэж хүсье даа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

ТАНИН МЭДЭХҮЙД: МАЛЫН ШАГАЙГ ХОГ РУУ ХАЯХ, ГЭРИЙН БУУРИН ДЭЭР ОРХИХЫГ ЦЭЭРЛЭДЭГ

Нэг талаараа малын хойд хөлийн шаантны нарийн үзүүрт, нөгөө талаараа борви ясны өргөн талд холбогдон орших жижиг цул ясыг “шагай” гэнэ. Шагайг хонь, ямааны буюу бог малын, бодын шагай гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэж нэрлэнэ. Мөн шагайг буух байдлаар нь таван хошуу малын нэрээр нэрлэдэг. Малын шагайг таван хошуу малаараа бэлгэдэн дээдэлдэг учир хог руу хаях, гэрийн буурин дээр орхихыг цээрлэдэг. Мөн шагай олбол орхиж байгаад заавал морь буулгаж авдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
8888888
8888888
2021-01-15 12:01

МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА ...НЭГ ЗҮЙЛ ХЭЛЭХЭД ШАГАЙГ ӨНГӨ ОРУУЛАХЫН ТУЛД МОНГОЛЧУУД ХАР МОДНЫ ЗУЗААН "УЛААН " ХОЛТОСЫГ ХУРАЙГААР ҮРЖ НУНТАГЛАЖ БАЙГААД УСАНД ЧАНААД УЛААН ӨНГӨ ОРУУЛДАГ ЮМ ... ЭНЭ БОЛ ЖИНХЭН ЦЭВЭР БАЙГАЛИЙН ӨНГӨ БОЛДОГ БА ХИМИЙН ЯМАРЧ ХОЛЬЦ БАЙГҮЙ МАШ САЙН ӨНГӨ ОРДОГ ЮМ ДАА... УТАСАА БИЧСЭН БОЛ БИ ЯРИАД НАРИЙН АРГЫГ НЬ ХЭЛЖ ӨГЧ БОЛОХ ЮМ ДАА...БАЯР ХҮРГЭЕ..АМЖИЛТ

Зочин
Зочин
2021-01-15 12:02

Гэгээлэг мэлээ бга Шагай тоглодог хүүхэд их гярхай мэдрэмжтэй болдог Жинхэнэ монгол брэнд үйлдвэрлэж бгаа гэр бүлд өндөр амжилт хүсье!

хүннү
хүннү
2021-01-15 18:02

Танай гэр бүлд баяр хүргэе. 108 шагай 35 000 гэхэд хямд байна. Хуванцар шагайнаас л үнэтэй байх ёстой. Хятадын худ�##�дааны сайтуудруу ороод 108 шагай багтах гоёмсог хайрцаг суд�##�, тэнд янз бүрээрээ байгаа. Сав баглаа боодол гоё үзэмжтэй байх ёстой. Мөн шагайгаар наадар заавар нь байв�##� бүр супер болно. Хүмүүс бэлгэнд авна. Цагаан сараар гэхэд л ту�####�а гарсан хүүхдүүдээ гоёмсог хайцагтай 108 шагай бэлгэлж болно. Тэр айлд байх мөнхийн “хөрөнгө” гэсэн үг. Надад лав 3 хэрэгтэй байна.

Зочин
Зочин
2021-01-15 20:37

Хүүхдүүд нь яасан хөөрхөн юм бэ ?

Зочин
Зочин
2021-01-16 00:03

Arai hymdhan baina

х
х
2021-01-19 02:09

барууныг дагагчидынхаар бол хүүхдын хөдөлмөрийг ашиглаж байгаа юи шиг

Зочин
Зочин
2022-08-14 23:18

Сайн байна уу, би Чех улсад байгаа гэр бүлдээ тоглоом худ�##�даж авмаар байна

Холбоотой мэдээ

Back to top button