НийгмийнНИЙГЭМЯрилцлага

ЭСЯ-ны үүдэнд хонон, жагсаж буй иргэд: Өнөөдөр ямар нэгэн хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана

Шатны хажууд талын жижигхэн коридорт, шалан дээр иргэд цаасан хайрцаг дэвсэн хэвтэж, зарим нь сандал дээр суугаагаараа унтаж буй зургийг уншигч та бүхэн харж байна. Тэд бол харийн нутагт гацан, эх орон руугаа буцах хүсэлт гарган, БНСУ дахь ЭСЯ-ны гадна жагсан, үүдэнд нь хонож буй монгол иргэд.

БНСУ-д гацсан монголчууд 14 өдрөө жагсаж буй нь энэ. Тэгэхдээ сүүлийн дөрвөн өдөр тэнд хонож, жагсаалаа тууштай үргэлжлүүлсээр байгаа юм. Хэдийгээр Монгол Улсаас хэзээ тусгай нислэг үйлдэн, иргэдээ авах нь тодорхойгүй, боломжгүй гэсээр байгаа ч “Төр засаг минь ирээд авчихаж магадгүй” гэсэн итгэл тээн, хүлээсээр байгаа нь энэ.

Монгол Улс арваннэгдүгээр сарын 12, 13, 18, 20, 27-ны тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас иргэдээ авч ирэхээр товлосон. Тухайн нислэгт багтсан иргэд онгоцны тасалбараа захиалан, тусгаарлалтын мөнгөө шилжүүлчихсэн байсан юм. Улмаар эх орон руугаа ирэх нь тодорхой боллоо гээд ажлаасаа гаран, байраа хүлээлгэн өгч. Гэтэл Монголд халдвар гаран, нислэг цуцлагдсаны улмаас дээрх нислэгээр ирэхээр төлөвлөөд байсан иргэд ажилгүй, байргүй болж, нөхцөл байдал нь улам дорджээ.

Цар тахлын эрсдэл өндөртэй энэ үед бид эх орондоо, гэртээ ямар байгаа билээ. Хүний нутаг бол хүний л нутаг. Ажилгүй, хонох байргүй болсон монголчууд өдрөөс өдөрт туйлдаж, нөхцөл байдал нь хүндэрсээр байна. Нутаг руугаа санаа алдан харуулдан суугаа тэдний төлөөлөлтэй ярилцлаа. БНСУ дахь ЭСЯ, УОК-оос өнөөдөр буюу энэ сарын 18-нд ямар нэгэн хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлахаа тэд мэдэгдсэн юм.

БИД 2Х1.5 МЕТРИЙН ХЭМЖЭЭТЭЙ КОРИДОРТ, ШАЛАН ДЭЭР ХОНОЖ БАЙНА

-Та бүхэн БНСУ дахь Монголын ЭСЯ-ны гадна жагсаж байгаа. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улс арваннэгдүгээр сарын 12, 13, 18, 20, 27-ны тусгай үүргийн нислэг илгээн, БНСУ-аас иргэдээ татаж авахаар товлосон. Тухайн нислэгт багтан, онгоцны тасалбараа захиалан, тусгаарлалтын мөнгөө шилжүүлчихсэн нийт 1230 иргэн байсан юм.

Аль ч улсад дор хаяж сарын өмнө байрласан байр, ажлаа хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хамгийн багадаа 14 хоногийн өмнө хүлээлгэж өгснөөр барьцаанд тавьсан мөнгөө авах боломжтой. Нэгэнт нислэгт багтан, эх орондоо очих нь тодорхой боллоо гээд баярлан, байрласан байр, ажлаа хүлээлгээд өгчихсөн байхад тухайн нислэгүүдийг цуцласан нь нөхцөл байдлыг улам хүндрүүллээ.

Бид тухайн нислэгүүдийг цуцласан ч эхэндээ тайван хандсан. “Монголд цар тахлын нөхцөл байдал ямар байгаа билээ. Тэнд бидний гэр бүл, ахан дүүс минь байгаа. Хүлээцтэй байя” гэж бодсон. Онгоцны тасалбар, тусгаарлалтын мөнгөө төлчихөөд бид цөхөртлөө хүлээсэн. Бүр тэсгэл алдаад нэгдүгээр сарын 4-нөөс жагсаж эхэлсэн, үнэхээр хүлээцтэй хандсан юм шүү. Нөхцөл байдал хүнд байгаа ч иргэдээ хүний нутагт ингэж хаясан улс дэлхийн хаана ч байхгүй.

Монгол Улс маань тусгай үүргийн нислэг товлож магадгүй, долоо, 14 хоногийн дараа ч ирээд авчихаж магадгүй гээд хүлээгээд сууна. Тийм болохоор ажилд орохгүй, байр түрээслэхгүй байгаа юм. Хэзээ ч иргэдээ авч магадгүй тул амьхандаа бэлэн байгаа нь энэ.

Хийсэн ажилгүй, байрласан байргүй иргэд нэгдэн, БНСУ дахь ЭСЯ-ны гадна 14 дэх хоногоо жагсаж байна. Өдөр бүр 30-40 хүн жагсан, сүүлийн гурван шөнө ЭСЯ-ны яамны үүдэнд, лифтний хажуугийн коридорт хонолоо. Өнөө шөнө дахиад хононо. Шатны хажууд, 2х1.5 метрийн хэмжээтэй шалан дээр хонож байгаа. Доороосоо даарч, жинддэг. 14 хоног жагсаад, шөнө ийм газар хоноод их ядарч, туйлдаж байна. Шөнө энд хоноод, ийш, тийшээ огт явахгүйгээр жагсаалаа үргэлжлүүлж байгаа. Жирэмсэн, өндөр настай, хүнд биетэй иргэд өдөр нь жагсчихаад, орой нь байр руугаа буцдаг.

БИД ӨДӨРТ ГАНЦХАН УДАА ГОЛ ЗОГООХ ХЭМЖЭЭНИЙ Л ХООЛ ИДЭЖ БАЙНА

-Та бүхэнд санхүүгийн боломж хэр байгаа вэ. ЭСЯ-ны үүдэнд хоол хийж идэх боломжгүй. Хоол, ундаа хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Бид жагсаалын эхний 10 хоногт өдөр нь жагсчихаад, орой нь харьж, амардаг байсан. Тухайн үед байрлаж буй байрандаа ундаа уучихаад ирдэг байсан юм. Халдвар, хамгааллын дэглэм баримтлахын тулд балга ус ч уудаггүй, амны хаалтаа огт авдаггүй байсан. Одоо ЭСЯ-ны үүдэнд хонож байгаа болохоор тэнд хоол хийх боломжгүй. БНСУ-д амьдардаг монголчууд маань бидэнд их туслаж, дэмжиж байна. Ер нь өглөө нэг унд уучихаад өдөржин гүрийж байгаа. Ер нь тэгээд маргааш (өнөөдөр) ямар нэгэн хариу өгөхгүй бол бид өлсгөлөн зарлана.

-Бүгд дэмжиж байгаа юу?

-Тийм ээ. Бүгд энэ саналыг дэмжин, санал нийлж байгаа. Бид жагсаж эхлэхдээ өлсгөлөн зарлах талаар харьяа байгууллагуудад тодорхой хэлсэн. “Эхний 10 хоногт бид тайван жагсана. Хариу өгөх эсэхийг нь хүлээнэ. Хэрвээ хариу өгөхгүй бол 11 дэх өдрөөс хоноод жагсана. Тэгээд хариу өгөхгүй бол нэгдүгээр сарын 18-ны 18.00 цагаас өлсгөлөн зарлана” гэж. Тиймээс бидний ийм үйлдэл хийхийг УОК, БНСУ дахь Монголын ЭСЯ мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Ер нь одоо ч бид өлсгөлөн зарласнаас өөрцгүй нөхцөлд байгаа. Өдөрт бид ганцхан удаа гол зогоох хэмжээнд хоол иддэг. Ер нь 13 хоног жагсаад бид хоол тэжээлийн дутагдалд орох хэмжээнд нөхцөл байдал хүндэрсэн.

ЗАСГИЙН ГАЗАР, УОК, ГХЯ-НЫ НЭР ХҮНД СЭВТЭХГҮЙ БАЙХ НЬ МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАСНААС ЧУХАЛ БОЛСОН НЬ ХАРАМСАЛТАЙ

Бид үнэхээр цөхөрч байна. Та бүхэн бод л доо. Хорт хавдрын хагалгаанд орчихоод, арваннэгдүгээр 12-ны нислэгт багтсан, 29-хөн настай залуу Монгол руугаа явахыг хүлээсээр байгаад БНСУ-д эмнэлэгт нас барлаа. БНСУ-д химийн эмчилгээ хийлгэж байсан юм билээ. Санхүүгийн хүндрэлийн улмаас химийн эмчилгээ нь тасраад нас барсан гэнэ лээ. Хэрвээ тухайн иргэнийг товлосон хугацаандаа авсан бил өнөөдөр амьд, Монголд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх байсан шүү дээ. Үүнийг УОК, Засгийн газар нуусан. Хэдийгээр тухайн иргэний хувийн нууцын асуудал ч нийгэмд ил тод, нээлттэй байх ёстой.

-Нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэн энэ сарын 15-нд БНСУ-д нас барсан. Тухайн иргэн үү. Эсвэл өөр хүн юм уу?

-Биш ээ, өөр. Тухайн иргэний шарилыг энэ сарын 15-ны онгоцоор Монголд аваачсан. Ер нь гадаадад иргэд гацсантай холбоотой нас барсан тохиолдол үүнээс гадна гурав бий. Нэг нь гадаадад, хоёр нь Монголд.

15-ны тусгай үүргийн нислэгт багтсан иргэн нас барсныг хүмүүс сайн мэдэж байгаа. ГХЯ-наас тусгай үүргийн нислэгт багтаагүй байсан гэсэн нь худал шүү. Би үүнийг баттай мэдэж байна. Тухайн нас барсан иргэний ар гэр надтай холбоотой байгаа. Гэр бүл нь батална. Одоо хэл ам хийгээд яах вэ, 49 хоног нь дууссаны дараа хуулийн байгууллагад хандана гэнэ лээ. БНСУ-д гацсан хоёр монгол иргэн нас барсан талаар ярихад ийм байна.

БНСУ-д гацсан, арваннэгдүгээр сарын нислэгт багтсан байсан иргэний дүү нь Монголд нас барсан. Тэр залуу дүүтэйгээ уулзаж чадаагүйдээ харамсан, хүний нутагт гашуудан сууна.

Нэгдүгээр сарын 15-ны нислэгт багтан, Монголд очсон иргэний ээж нь нас барсан. Тухайн иргэн тусгаарлалтын байранд, нөхөр нь БНСУ-д шаналж байна. Зүгээр л жагсаж буй 14 хоногийн хугацаанд нас барсан ийм дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Бидний зөвхөн мэдэж байгаа нь энэ. Хэрвээ Монголын Засгийн газар, УОК иргэдээ гэдэг бол ингэж олон хүн харийн нутагт хагацал үзэж, зовж, шаналахгүй байсан шүү дээ.

БНСУ-д монгол иргэн нас барчихаад байхад ГХЯ уучлалт гуйхын оронд “нислэгт багтаагүй байсан” гэж арьсаа хамгаалаад, асуудлаас бултаад өнгөрч буйг нь үнэхээр ойлгохгүй байна. Тусгай үүргийн нислэгт багтсан эсэх тийм чухал уу. Монгол хүний амь нас ийм үнэ цэнгүй болчихсон юм уу. УОК, Засгийн газар, ГХЯ-ны нэр хүнд сэвтэхгүй, өндөг мэт өөгүй харагдах нь монгол хүний амь наснаас илүү үнэ цэнтэй, чухал болсон нь үнэхээр эмзэглэхгүй байхын аргагүй. Засгийн газар, УОК-ын иргэнээ боддоггүй, эргэж буцсан шийдвэр биднийг ийм хүнд байдалд оруулж, эрсдэл туулуулж буйг ухаараасай.

-Та бүхний дунд жирэмсэн, хүнд биетэй, хүндэтгэх шалтгаантай хэр олон иргэн байгаа вэ?

-Өө, ер нь олон бий. Бидэнтэй хамт зургаан жирэмсэн эмэгтэй жагсаж байснаас ганцхан нь нэгдүгээр сарын 15-ны нислэгт багтан, Монголдоо очсон. Бусад жирэмсэн эмэгтэйчүүд бүгд бидэнтэй хамт байгаа.

Ш.РАДНААСЭД НАРЫН ХҮМҮҮСИЙГ НУУЦААР АВААЧСАН НЬ ИЛЭРСЭНД ИЧСЭНДЭЭ Л 15-НД НИСЛЭГ ҮЙЛДСЭН ШҮҮ ДЭЭ

-Монгол Улс нэгдүгээр сарын 15-нд БНСУ-аас иргэдээ татаж авсан. Тухайн нислэгт хүндэтгэх шалтгаантай, зайлшгүй ирэх шаардлагатай иргэд багтсан уу?

-Багтаагүй ээ. 100-ны ихдээ л 10 хувьд нь хүндэтгэх шалтгаантай иргэд багтсан байх. Бидэнтэй хамт жагссан зургаан эмэгтэйн ганцхан нь тухайн нислэгт багтсан. Одоо ч энд 60 гаруй настай, хорт хавдрын хагалгаанд орсон өвөө, ханийнхаа хамт байна. Нөхөн сэргээх эмчилгээний мөнгөө яая гээд, эх орноо харуулдан сууна. Жагсаалын эхнээс бидэнтэй нэгдсэн, сахиуртайгаа хамт жагсаж буй нэг ах 15-ны нислэгт багтаагүй. Тэгэхээр бүгд яг хүндэтгэх шалтгаантай иргэн багтсан уу гэдэг эргэлзээтэй.

Нэгдүгээр сарын 15-ны нислэгт багтах хүсэл, итгэл хүн бүхэнд байсан нь мэдээж. Надад ч бас байсан. Нислэгт багтаж чадалгүй үлдэхэд гунигтай санагдсан. Гэхдээ арваннэгдүгээр сарын 12-нд цуцлагдсан нислэгийн иргэд 15-ны нислэгт түлхүү багтсан. Жагсаалтаар өмнө байсан учраас бидний өмнө явсан нь зөв. Харин үүнээс өмнөх нислэгүүдэд иргэдийг хэзээ ч шударгаар багтааж байгаагүй. Ямар шалтгаантай хүн яваад, хэн үлдсэн нь нууц үлддэг байсан. Ер нь Монголд шударга зүйл байна уу. Бид эх орондоо очихын тулд ийм олон хоног жагсан, даарч, өлсөж байна. Засгийн газар, УОК “Гадаадаас иргэдээ авах ямар ч боломжгүй” гэсэн атлаа Ш.Раднаасэд гишүүн нарын олон хүнийг карго нислэгээр, нууцаар авчихсан шүү дээ.

Карго онгоцоор иргэдийг нууцаар зөөгөөд байна гэдэг зүйл өмнө нь яригддаг байсан. Арванхоёрдугаар сарын 25-нд 250 хүний суудалтай нислэгийг цуцласан. Тухайн онгоцыг эм, эмнэлгийн зориулалттай карго болгонгуутаа БНСУ-аас нууцаар 34 хүнийг авсан. Бид үүнийг нь мэдэнгүүтээ жагсагчдын төлөөллөөсөө гурван хүнээ Инчон руу явуулж, нэгдүгээр сарын карго нислэгт иргэд сууж буйг бичлэг, зургаар баталгаажуулсан юм. Тэгсний хүчинд л нэгдүгээр сарын 15-нд нислэг үйлдэгдлээ.

УОК иргэдээ бодсондоо нэгдүгээр сарын 15-нд БНСУ-аас иргэдээ татаж аваагүй. Нөгөө талаар тухайн нислэгт эрх бүхий албан тушаалтан, УИХ-ын гишүүн хүн нууцаар очсон нь их нөлөөллөө. Зүгээр л нууцаар хийсэн зүйл нь баригдан, ичсэндээ л тэгсэн шүү дээ. Ялгаварлан гадуурхалт мөнөөс мөн. Ш.Раднаасэд гишүүн монгол хүн, бид монгол хүн биш юм уу.

ЭНЭ САРЫН 14-НД БНХАУ-ААС МИАТ-ИЙН НИСЛЭГЭЭР ИРГЭД НУУЦААР ИРСНИЙГ АЛБАНЫХАН НУУЦЛАСАН

Ер нь нууц юм их бий. Нэгдүгээр сарын 14-нд БНХАУ-ын Гуанжоу хотоос Улаанбаатар руу МИАТ нислэг үйлдэн, иргэдийг нууцаар авчирсан. Тухайн онгоц Монголд 14.35 минутад газардсан. Бид үүнийг баталгаажуулсан. Тухайн өдөр мөн “Мастерс” тэмцээнд оролцсон жүдочид “Хүннү эйр”-ийн онгоцоор ирээд, 11.45 минутад газардсан. Гэтэл МИАТ нууцаар үйлдсэн нислэгээ тамирчид ирж буй мэтээр өнгөлөн далдалсан. Урлаг соёлын од, УИХ-ын гишүүн, нэр нөлөө бүхий албан тушаалтай хүн хүссэн үедээ гадаад яваад, жирийн иргэний урдуур дайраад, эх орондоо очиж болж байна шүү дээ. Гэтэл бид Монгол Улсын иргэн биш юм уу. Эрх мэдэлгүй, албан тушаалгүй, жирийн иргэн болж төрсөн нь бидний буруу биш байлтай.

ӨДИЙ ХҮРТЭЛ УОК, ЭСЯ БИДЭНД ЯМАР Ч ХАРИУ ӨГӨӨГҮЙ, ЮМАН ЧИНЭЭ ТООХГҮЙ БАЙГАА

-Хүний нутагт 14 хоног жагсах амаргүй. Бие, сэтгэл санаа, санхүүгийн хувьд ч өдрөөс өдөрт  улам хүнд байдалд орж байгаа нь мэдээж. ЭСЯ, УОК-оос та бүхэнд ямар нэгэн хариу өгсөн үү?

-Өнөөг хүртэл бидэнд ямар ч хариу өгөөгүй. Албан бусаар ч бид нартай хүн гэж тоож уулзаагүй. ЭСЯ-ны гадна жагсаж, шөнө нь үүдэнд нь хонож байна гэж юман чинээ тоодоггүй. Хүний нутагт биднийг гэх ганц газар чинь ЭСЯ шүү дээ уг нь. Гэтэл бидэнд ингэж хандаж байна.

Харин БНСУ дахь Монголын Консулын газар биднийг бүх талаар дэмжиж, туслаж байгаа. “Та бүхэнд боломжтой бүх талаар тусална. Ийм хүйтэн газар шөнө битгий хонооч. Амь насаа битгий эрсдүүл” гэж хэлэхэд нь сайхан санагдсан.

-Та ер нь БНСУ-д хэзээ очив. Эх орондоо ирэх хүсэлт гаргаад хэр удаж байгаа вэ?

-Би БНСУ-д 2019 оны сүүлээр, аяллын гурван сарын визээр ирсэн юм. Бусдын л адил юм үзэнгээ гурван сар ажил хийгээд буцъя гээд иртэл ийм юм болчихлоо. Одоо БНСУ-д ирээд яг жил, нэг сар болж байна. Буцах хүсэлтээ долдугаар сард гаргасан. Гурван сар болчихоод буцна гээд ирсэн болохоор үнэндээ төсөөлөөгүй хүнд нөхцөл байдал үүслээ.

Ер нь 2020 оны аравдугаар сараас нааш Монголд очиж чадахгүй нь гэдгээ мэдэж байсан. Тэгээд тогтмол ажил хийж байтал аравдугаар сарын 28-нд над руу залгаад “Арваннэгдүгээр сарын нислэгт багтлаа” гэж хэлсэн. Дараа нь дахин холбогдоод “13-ны нислэгээр эх орондоо очно” гэхээр нь ажлаасаа гарч, байрлаж байсан байраа хүлээлгэж өгсөн. Тэгчихсэн байхад нислэгийг цуцлан, ийм хүнд байдалд оруулчихлаа.

НИСЛЭГ ҮЙЛДЭН, ИРЖ АВАХААС НААШ БИД ЭНДЭЭС АЛХАМ Ч ХОЛДОХГҮЙ

-Монгол Улс БНСУ-аас иргэдээ авахаар тусгай үүргийн нислэг хэзээ хөөргөх нь тодорхойгүй байгаа. Та бүхэн нислэгт багтан, эх орондоо очтолоо жагсах уу?

-Тэгнэ. Эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулан байж жагсаж буй бидэнд одоо ухрах зам байхгүй. Нислэгийн тов гарган, БНСУ-д гацсан иргэдээ авахаас нааш бид эндээс алхам ч холдохгүй.

-Цаашид Засгийн газар, УОК юун дээр анхаараасай, ямар алдаагаа засаасай гэж хүсэж байна вэ?

-Дэлхий улс орнууд коронавирустэй хөл нийлүүлэн алхаад жил гаруй боллоо. Бүхнийг болохгүй, бүтэхгүй гэдэг үе ард хоцорсон. Дасан зохицож амьдрах юу юунаас илүү чухал байна. Бусад орноос шууд хуулах боломжтой туршлага цөөнгүй бий. Монгол Улс “Тусгаарлах байрны хүрэлцээний улмаас иргэдээ татаж авах боломжгүй байна” гээд байгаа шүү дээ. БНСУ гадаадаас ирсэн иргэдээ шууд гэрт нь 14 хоног тусгаарладаг. Дэлхийн олон оронд ингэж буй. Тусгаарлах байрны хомсдолтой, тусгаарлалтын өдрийн 50.000 төгрөг УОК-т тийм их хэрэгтэй юм бол түүнийг нь төлөөд гэртээ тусгаарлагдъя. Дэлхийд бэлээхэн ийм жишиг байхад судлаач ээ, УОК-оо.

Одоо юу юунаас илүү чухал байгаа асуудал бол нислэгийн тов. Өнөөдөр бид хэзээ нутаг руугаа буцахаа мэдэхгүй байна. Мэдэх боломж алга. Адаглаад “Сарын дараа нислэг үйлдэнэ, тэр, тэр иргэн багтлаа” гэвэл бид энд ядахдаа ажил төрөл хиймээр байна шүү дээ. Маргааш ч нислэг үйлдээд, авчихаж мададгүй гэж горьдоод, итгээд бэлэн байхын тулд ажилд орохгүй, байр түрээслэхгүй байгаа юм шүү.

Монгол Улс эрүүл мэндийн сайн системтэй, бүхий л өвчнийг эмчилдэг, ажлын байр, цалин сайтай байсан бол монголчууд ингэж хүний нутгийг зорихгүй шүү дээ. БНСУ-д төдийгүй гадаадад ирсэн бүх хүнд шалтгаан бий. Жаргал хөөж хэн ч ирээгүй. Ажил хийе, боловсрол эзэмшье, эмчлүүлье гээд ирсэн хүн олон бий. Бид коронавирус биш. Эх орондоо очих, гэртээ харих эрх монгол хүн бүхэнд бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-01-18 10:24

yaaj iij bgaad avchirah heregtei,ongorson zunaas hoish busad uls oron shig 14 honogoor tusgaarlaj bsan bol odiid avchiraad duuschih ugui uy

зочин
зочин
2021-01-18 12:42

онгоцыг такси шиг л андуураад байх юм,тэр орон чинь зөвшөөрөх нтр гээд асууд�##� байгаа шд,дураараа онгоц болгон хүний нутагт дураараа буугаад хүн аваад явчдаг тийм юм гэж юу байхав дээ,тэгээд ч төр нь хөөгөөд явуулчихсан юм шиг л төрд гомдсон улсууд байх юм,дунд нь тэр хулгайч луйварчдаа авчирсан бохир асуудлууд байдаг л байх тэдэнтэй харин тэмцэх нь зөв,авахгүй гэж хэлээгүй биз дээ боломжоороо аваад л байгаа,со-д олон хүнтэй ажиллаж байлаа,аав ээж,ахан дүүс нь өнгөрчлөө гээд цахилгаан ирэхэд дахиад ирж чадахгүй гээд нутаг буцдаггүй л юм байна лээ шд,

эх орон нэгт
эх орон нэгт
2021-01-18 21:09

эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өчүүхэн ч хувь нэмэр оруулахгүй харийн улсад боолын хөдөлмөр эрхэлж харийн улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулчахд ажил олдохгүй ядрахаараа эх орон гэж орилдогоо болимоор юм хэн та нарыг тэнд очиж ажилла гэсиын дуртайдаа явчихаад эх оронд чинь ажиллах хүч дутагдаж бхад та нар хна бсийн Сур�##�цаг�####�д эмчлүүлэгсдэд энэ үг хамаагүй шүү Ийм л бна даа

зочин
зочин
2021-01-18 21:14

мөнгөний төлөө л явсан бна ш дээ хууль зөрчөөд аяллын виз авчаад харлаад ажилласан л бна ш дээ тэгээд хэний төлөө хууль зөрчиж харлаж хууль бусаар хөдөлмөр эрхэлчээд хэнд аагирхаад бгам бол доо �######�уул

Зочин
Зочин
2021-01-18 22:17

Ed nariig buruutgaj baigaa humuus bol gadaadad amidarch uzeegui mongoloosoo garch uzeegui bur aimag sumaasaa ch garch uzeegui orkuud l baigaa. Mongold baigaa bid orlogogui bolvol yaj iigeed etseg eh ah egch hamaatan sadnaa parazitlaal amidardag, harin gadaadad orlogogui bolvol amidraliin urtug undur zardluud gardgaaraa garaad yavhaar dorhnoo mungugui bolno. Za tegeed mongol ruu mungu togtmol yavuuldag humuus bol bur hetsuu, end ter munguur ni amidardag baisan parazit ger bul ni irhed ni hooson ulun amaa angalzuulaad huleej baidag, yostoi humursun togoon dotor orson yum shig l sanagdana daa. Bi uuruu 5 jil mongol ruu eejdee munguu yavuuldag baisan, irehed hov hooson, egchid zeelsen, egch suljeend hiigeed aldsan. Odoo l haramsdgiim ter munguu bankind hadgalj baigaad bair avsan bol odoo ingej tureesiin bairand uilee uzej amidrahgui baisan gej

DD
DD
2021-01-19 00:02

MANAN MANDTU GAI

gg
gg
2021-01-19 07:39

uuu huurhii ontsgoi komiss gishuudee zuuh gj 250 huntei ongots hulsluj hooson nisch nhaar ene humuusee avaacheeeer Shudraga yos shaardaj bn

Зочин
Зочин
2021-01-19 10:59

Энэ гацсан хүмүүсийн ар гэрийнхэн гэж байн уу? Тэмцээч дээ.

del
del
2021-01-19 16:56

энэ хүмүүс монгол биш

Холбоотой мэдээ

Back to top button