Ярилцлага

Дээд сургуульд ороогүй ч амьдралаа ӨӨРИЙНХӨӨРӨӨ “УРЛАЖ” яваа залуу Б.Бат-Оршихтой ярилцлаа

Eguur.mn та бүхнийг бурхны гүнгэрваа хийдэг Б.Бат-Орших хэмээх залуутай уулзуулж байна. Тэрбээр ЕБС төгсөөд их дээд сургуульд мэргэжил эзэмшилгүй аав ээжээрээ заалган 2006 оноос хойш сийлбэр хийж эхэлжээ. Өдгөө Архангай аймгийн Цэнхэр суманд эхнэр охины хамт амьдарч буй түүний аав, ээжийн ах дүү нар бүгд л зураг зурдаг, сийлбэр хийдэг аж.

ЦЭНХЭР СУМАНД ААВЫН ХИЙСЭН ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТАНТАЙ ГҮНГЭРВААГҮЙ АЙЛ ЦӨӨХӨН

-Та бурхны гүнгэрваа хийдэг юм байна. Гүнгэрваа хийж сурсан түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?

-Аавын ажилд туслалцсаар байгаад ээж маань сийлбэр хийж сурсан юм билээ. Би ч гэсэн ЕБС-иа төгсөөд дээд сургуульд явалгүйгээр аав ээжээрээ сийлбэр хийхийг заалгасан. Багш нар ч “Монголоор дүүрэн диплом өвөртөлсөн, ажилгүй хүмүүс байна. Чи сургууль соёл гэж яваад хэрэггүй ээ. Аавынхаа хийгээд байгаа юмыг хий. Чи ямар ч байсан хоолтойгоо, хэнээс ч дутахгүй амьдарна” гэж хэлдэг байсан. Би ч энэ сонголтдоо харамсдаггүй юм. Өөрийн гэсэн ажилтай, орлоготой, ямар ч байсан болоод л байна. Харин одоо аав ээж хоёр маань сийлбэр хийхгүй байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн намар гэрийн тавилгуудыг хийхэд тусалсан юм байна. Цаг нь тулчхаад хоёр ор худалдаж авсан. Харин бусад бүх тавилгаа өөрсдөө хийсэн.

-Хурим найрын цаг тулаагүй бол ороо ч гэсэн өөрөө хийе гэж бодож байсан байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Өөрөө хийе гэж бодож байсан. Арай чанартай болно гэж бодсон.

-Аавд тань туслалцсаар ээж тань сийлбэр хийж сурсан гэлээ. Танай эхнэр ер нь хэр сийлбэр хийж байхад тань тусалдаг уу?

-Эхнэр маань эм зүйч мэргэжилтэй. Аймгийн төв эмийн санд хоёр жил ажиллаж байгаад өнгөрсөн намар сумандаа ирсэн юм. Бид нэг нутаг, нэг сумын хүмүүс. Танилцаад гурван жил болж байна. Эхнэр маань нэг их сонирхдоггүй ээ. Хааяа яаралтай захиалгатай байгаа үед л сийлбэрийн өөг зүлгэж өгдөг.

-Аавын тань хийсэн эвтэй дөрвөн амьтантай гүнгэрваагүй айл танай Цэнхэр суманд цөөхөн байдаг гэж сонссон.

-Тийм ээ. Цэнхэр суманд аавын хийсэн эвтэй дөрвөн амьтантай гүнгэрваагүй айл цөөхөн. Тэр чинь манай Цэнхэрийн бренд байхгүй юу. Бүгдийг нь гар аргаар хийдэг юм. Одоо ч би захиалагчдын хүсэлтээр аавынхаа хийж байсан эвтэй дөрвөн амьтантай гүнгэрвааг хийж байгаа.

-Та гүнгэрваанаас гадна өөр юу, юу хийдэг вэ?

-Авдартай гүнгэрваа, дан гүнгэрваа, сийлбэртэй авдар, мөлхөө тавилга, нум сумны тавиур, эмээлийн суурь, хазаар ногтны өлгүүр, ааруулын хэв хийдэг. Ер нь бол модоор хийж болох бүхнийг л хийдэг. Ер нь бурханы гүнгэрваа, хазаарын өлгүүр хоёр захиалга ихтэй байдаг.

Одоо том зурмал бурханд жааз хийгээд сууж байна. Жаазны гадна талаар хээ орой дээр нь урд урдаасаа харж буй хоёр луутай хийх юм. Мөн доор нь зул өргөдөг тавиур хийнэ.

БҮР БАЯН-ӨЛГИЙГӨӨС Ч ЗАХИАЛГА ИРДЭГ

-Нэг хүний захиалгыг хэдэн өдөр сууж гараас гаргадаг вэ?

-Хийж байгаа юмнаасаа л шалтгаална даа. Авдартай гүнгэрвааг бол 20 хоног сууж хийнэ. Харин хазаарын өлгүүрийг бол тав хоног хийдэг. Ер нь бол сард нэг авдартай гүнгэрваа, аахар шаахар зүйлстэй хийчихдэг. Сард дунджаар бол сая төгрөг орчим төгрөгийн орлоготой байдаг. Гэхдээ тогтмол биш. Нээрэн тийм, нэгдүгээр сард хамгийн захиалга ирдэг. Мөн зуны гурван сар захиалга ихтэй.

-Та гүнгэрвааг их захиалж байна гэлээ. Хотын ихэнх айлууд гүнгэрваагүй, гүнгэрваа гэж юу болохыг зарим нь мэдэхгүй байгаа. Хотоос захиалга ирж байна уу?

-Зөндөө, зөндөө. Байлгүй яахав. Газар газраас л захиалга ирдэг. Архангай аймаг, Цэнхэр сум, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Завхан, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь зэрэг аймгаас, нийслэлээс захиалга ирнэ. Бүр Баян-Өлгийгөөс ч захиалга ирдэг. Яг авахыг хүссэн хүнд бол арга нь олддог юм билээ. Архангайгаас хот руу явуулсны дараа хамаатан, садан нь тосож аваад унаанд тавиад явуулчихдаг. Захиалсан бараагаа авчхаад хүмүүс зургийг нь дарж явуулаад сэтгэлийн үгээ бичицгээдэг. Хүмүүсийн бичиж байгаа урмын үгэнд хөглөгдөж, маш их урам авдаг шүү.

-Давхар, давхар захиалгууд ирвэл яаж зохицуулдаг вэ. Нэг хүнийхээ захиалгыг дуусгаж байгаад дараагийнх дээрээ суудаг уу. Эсвэл зэрэг, зэрэг хийдэг үү?

-Захиалга өгч байгаа хүмүүстээ одоо хийж байгаа үүнийг дуусгаад хийж болно гээд боломжит цаг хугацаагаа хэлдэг. Яг надаар хийлгэнэ гэж зорьсон хүмүүс хүлээж байгаад хийлгэдэг. Хийж байгаа юмаа нэг мөр дуусгаад дараагийнхаа захиалга дээр суухгүй бол юм, юм сэглэж чаддаггүй зантай. /инээв/

ИРГЭД ЗАХИАЛГАА ӨГӨӨД Л ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ. ЗАХИАЛАГЧИЙН ХҮСЭЛТЭЭС ХАМААРААД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙДАГ

-Сийлбэрээ гэртээ суугаад хийж байна уу. Эсвэл сийлбэр хийдэг урлантай юу?

-Модны хог их гардаг болохоор илүү гэр бариад, илүү гэртээ хийж байгаа. Тэгээд ч ганцаараа сууж, төвлөрч хийвэл амар байдаг юм. Өглөө 08: 00 цаг өнгөрөөгөөд сийлбэрээ хийж эхэлдэг. Харин сүүлийн үед 10:00 цагаас орой 23:00 цаг хүртэл сууж байна. Захиалга ихтэй, яаралтай захиалга ирсэн үед заримдаа шөнө 02:00 цаг хүртэл ч сууна. Гэхдээ шөнө 00:00, 01:00 цагийн үед суухаар их сайхан, үр бүтээмжтэй юм билээ.

-Таны хийж байгаа сийлбэрүүдэд тогтсон үнэ тариф байдаг уу. Иргэд хаанаас худалдаж авах боломжтой вэ?

-Дан захиалгаар л хийж байгаа. Иргэд захиалгаа өгөөд л хийлгэх боломжтой. Захиалагчийн хүсэлтээс хамаараад бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй байдаг. Яг тогтсон тариф ч гэж байхгүй. Хамгийн хямд бүтээгдэхүүн нь ааруулын хэв, ул боовны хэв байна. 10-20 мянган төгрөгөөр иргэд хүссэн хэмжээтэй хэвээ хийлгэх боломжтой юм. Харин авдартай бурхны гүнгэрвааг 3 саяар хийж байна. Ер нь тэгээд хэмжээ, хийцээсээ л хамаарна даа.

-Таныг хаа нэгтээ айлд ороход таны бүтээл байвал, энэ миний хийсэн зүйл байна гэдгийг шууд таних уу? Таних тэмдэг нь, таних арга нь юу байна?

-Өөрийнхөө хийсэн зүйлийг шууд танина. Миний хийж байгаа авдар гэхэд л углуурга заадалтай. Би угаасаа эмээ, өвөө нарын үеэс хэрэглэж байгаа будаг нь халцарчихсан, өчнөөн олон нүүдэл суудал үзсэн хирнээ салж унаагүй, хэвээрээ шахуу байдаг авдар байдаг. Яг түүн шиг үр хүүхдэд нь очих зүйлсийг л хийе гэсэн бодолтойгоор бүх юмыг хийдэг. Гэхдээ одоо гараар сийлбэр хийдэг хүн их ховор болчхоод л байна. Цахилгаанаар сийлдэг хүмүүс их болж. Гэхдээ хүний гараар хийж байгаа юм болохоор минийх дахин давтагдашгүй шинжээрээ л ялгарч байгаа юм.

АМАРМААР ҮЕДЭЭ АМАРЧИХНА. ЦАГТ БАРИГДАХГҮЙ, ХАЛАГДАНА ГЭСЭН АЙДАСГҮЙ, САЙХАН АЖИЛ

-Танай суманд, танаас өөр сийлбэр хийдэг, гарын дүйтэй, болгоод хүн бий юу?

-Өөр хүн байхгүй ээ...

-Та залуучуудад сийлбэр хийхийг зааж өгье, сургалт зохион байгуулъя гэж бодож байв уу?

-Бодолгүй яахав. Шавьтай болъё, хийж байгаа зүйлээ ганцаараа биш олуулаа хийдэг болцгооё гэж бодож байсан. Тэгээд нэг найзыгаа сийлбэр хийгээд сурчих гээд хэд хоног ойр зуурын юм хийлгэсэн юм. Ганцхан, хоёрхон өдөр ирээд л алга болчихсон. Харин хотоос, орон нутгаас  хүүхдээ шавь оруулах гэсэн юм гэж хүмүүс их холбогддог. Гэхдээ холоос холбогдож байгаа болохоор заах боломжгүй л байна. Сумаас бол суръя гэж холбогдсон хүн алга аа. Уг залуусыг архи ууж байхаар ирээд ганц сандал ч болтугай хийгээд сурчхаасай гэж боддог юм. Хийгээд л сурчихвал, биед амар ажил шүү дээ. Дулаахан орон гэртээ өөрийнхөө тааваар сайхан дуу хөгжим сонсоод, амармаар үедээ амарчихна. Цагт баригдахгүй, халагдана гэсэн айдасгүй, сайхан шүү дээ.

-Танай нутгийнхан таныг андахгүй биз?

-Андахгүй ээ. 2006 оноос хойш 2017 он хүртэл дандаа гүнгэрваа хийдэг байсан юм. Нэг өдөр захиалагч руу залгатал эхэндээ танихгүй “Хэн бэ” гэж байна. Бат-Орших байна аа гэсэн чинь, “аан, нөгөө бурхны юу” гэсэн. Тэгж л хүмүүс намайг юу гэж дууддагийг мэдсэн дээ. Гэхдээ тухайн хүнтэй утсаар ярьсны дараа бурхны хүү юм шиг санагдаад их сайхан байсан. Харин сүүлийн гурван жил модоор юу л бол юу хийж байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-21 11:24

Дээд сургууль төгөссөн хавтас үнэгүй болсон. Ажил хөдөлмөрийн чадвар дадлага л амьдарлыг авч явдаг болжээ. Амьдр�##� тань аз жарг�##� амжилт бүтээлээр дүүрэн байг.

Зочин
Зочин
2021-01-21 21:11

Мундаг дайчин ажилсаг з�##�уу шүү, монголд ийм з�##�уус олон байх болтугай

Зочин ээж
Зочин ээж
2021-01-22 13:44

Ёстой зөв санаатай хүү байна. Үйлс нь үргэлж бүтэмжтэй байх болтугай. Бусад з�##�уучууд архи ууж, хэрэг тарьж байхаар өөрөө өөрийгөө нээж юу хийж чадахаа олж мэдээд, амьдр�##�аа авч яваач. Бүгдийг эцэг эх,төр засгаас нэхээд байх хэрэггүй шдээ. Эцсийн эцэст хүний төлөө биш зөвхөн өөрийнхөө төлөө л амьд явж байгаа биз дээ. Бу�####�д лай болж, бу�####�ас нэхэж хэдий болтол амьдрах вэ дээ

Зочин
Зочин
2021-01-22 17:09

Монгол ахуй соёлыг тээсэн сайхан бизнес байна. Ажил үйлс нь дэлгэрч яваг!

Жака
Жака
2022-08-09 23:36

Дугаарыг үлдээнэ үү. Яар�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button