ДЭЛХИЙСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ТАНИЛЦ: Ерөнхийлөгч Жо Байден эхлээд Трампын шийдвэрүүдийг хуруу даран БУЦААНА

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден урд шөнө тангараг өргөн ажлаа хүлээн авсан билээ. Тус ёслолд АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч нар, сенатууд, иргэдийн төлөөлөгч нар оролцсон боловч Дональд Трамп очоогүй юм. Жо Байден ажлаа хүлээн авсан анхны өдрөө хэд хэдэн захирамж гаргах бөгөөд тэдний зарим нь Дональд Трампын бодлогыг цуцлах зорилготой байх юм. Тэрбээр Ерөнхийлөгч сонгуулийн кампанит ажлын үеэрээ “эхний өдөр” гэсэн нэртэй хэд хэдэн амлалт өгсөн байдаг. Тэгвэл одоо тус амлалтуудтай танилцацгаая.

ДЭМБ-д эргэн нэгдэх

Өнгөрсөн жилийн тавдугаар сард Дональд Трамп ДЭМБ-ыг БНХАУ-ын удирдлага дор байна хэмээж АНУ-ын тус байгууллагаас гаргана гэсэн билээ. Үүнээс хэсэг хугацааны дараа долдугаар сарын 6-ны өдөр АНУ ДЭМБ-аас гарч байгаа гэдгээ мэдэгдсэн захиа НҮБ-д хүргүүлсэн юм.

ДЭМБ-аас гарахын тулд АНУ нэг жилийн өмнө тус шийдвэрийнхээ тухай мэдэгдэж төлөөс мөнгө өгөх ёстой аж. АНУ бол ДЭМБ-ын төсвийн хамгийн их хувийг бүрдүүлэгч. Тухайлбал 2019 онд АНУ 400 сая ам.доллар гаруй мөнгө ДЭМБ-д өгсөн нь нийт төсвийнх нь 15 хувь байжээ. Харин Ерөнхийлөгч Жо Байден ДЭМБ-аас гарах шийдвэрийг эхний өдрөө цуцлах юм.

Парисын тохиролцоонд эргэн нэгдэх

АНУ өнгөрсөн арван нэгдүгээр сарын 04-ний өдөр Парисын тохиролцооноос албан ёсоор гарсан билээ. Тус цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын тохиролцоо нь дэлхийн дундаж температурыг аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс  2° Цельс хэмээр илүүгүй хэмжээнд барих зорилготой юм.

Дональд Трамп АНУ-ыг тус тохиролцооноос гаргасан. Харин Жо Байден засаглал дор АНУ Парисын тохиролцоонд эхний өдөртөө биш юм гэхэд 30 хоногийн дотор эргэн нэгдүүлэх юм. Мөн тэрбээр 2050 он гэхэд АНУ-ыг 100 хувь цэвэр энерги хэрэглэж хүлэмжийн хий ялгаруулахаа зогсоох төлөвлөгөө боловсруулах захирамж гаргана.

ЛГБТ хүмүүсийн эрх

Дональд Трамп трансжендер хүмүүсийг цэргийн алба хашихыг хориглосон. Үүнийг Ерөнхийлөгч Байден цуцлах юм. Мөн трансжендер сурагчдад спортын тэмцээнд оролцох, өөрсдийн жендерт тохирсон ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөнд орох гэх мэт Обамагийн үеийн удирдамжийг эргэн сэргээнэ.

АНУ-Мексик хоёрын хил дээрх ханын бүтээн байгуулалтыг зогсооно

Дональд Трампын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явуулсан кампанит ажилдаа хилийн ханын их дурдсан билээ. Трамп 3218 км урттай хана барина хэмээсэн боловч одоо хүртэл байгуулалтын ажил нь дуусаагүй байгаа юм.

Харин Жо Байден тус ажлыг мөнгө үрсэн хэрэг, чухал нөөцийг шаардлагатай зүйлсээс өөр тийш чиглүүлж байна хэмээн нэн даруй цуцална хэмээсэн.

Лалын шашинтай хүмүүс олонх улсуудад тавьсан хоригийг цуцална

2017 онд Дональд Трамп Ерөнхийлөгчийн албыг хүлээн аваад долоон өдрийн дараа Лалын шашинтай хүмүүс олонх долоон улсаас АНУ-д хүн ирэхийг хориглосон. Тус улсуудад Сири, Иран, Ирак, Судан, Ливи, Сомали, Йемен багтаж байсан юм. Нэмж 2020 онд Эритрей, Нигери, Мьянмар, Кыргызстан, Танзани  улсуудад хориг тавьсан аж. Үүнийг Жо Байден анхны өдрөө цуцлах юм.

Энэ мэт хэд хэдэн зүйлсийг Жо Байден эхний өдрөө хийх болно. Түүний гаргах цаашдын томоохон захирамжуудыг Конгресс батлах хэрэгтэй болно. Одоо Жо Байдены нам Конгресст олонх болсон тул эдгээр зүйлсийг хэрэгжүүлэхэд харьцангуй амархан байх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Foxnews, BBC, CBS

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button