УЛС ТӨР

ТОЙМ: У.Хүрэлсүх хуруу инчдэн Засгийг огцруулж, Ерөнхийлөгч “Сү.Батболд” гэж хашгирав

Төв талбай дээр залуус жагсаж байхад Ерөнхий сайд “асан” У.Хүрэлсүх хөдөөнөөс ирж явcан гэх мэдээлэл бий. Тэр халуун цэгт байж чадсангүй. Тийм ч болохоор Төрийн ордонд болсон “Хэнээр туг тахих вэ” хэлэлцээнд нөлөөлж чадаагүй, эсвэл гар утсаар дэлбэртлээ уурлаж, шууд чиглэл өгөн давхисаар шөнө болохтой зэрэгцэн хотод орж ирсэн гэгдэж буй. Ирээд шууд их тэнгэрийн аманд МАН-ынхныг цуглуулж, сонин хувилбар ярьсан ч гэх.

Ямартай ч У.Хүрэлсүхийг ирэхэд хоёр сайдын нэг нь огцрох, нэг нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн сууж байлаа. Олон нийт уг хүсэлтийг хүлээж авах болов уу, ядаж Т.Мөнхсайханыг сайдаар нь үлдээх байх гэх хүлээлттэй байснаас Ерөнхий сайдыг өөрөө огцорчихно гэж санасангүй. Бүх юм асар хурдтай, хүч түрэмгий болж өнгөрөв.

-ХӨШИГНИЙ АР ДАХЬ ҮНЭМШИЛГҮЙ Ч ҮНЭМШИЛТЭЙ ЯРИА-

Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 21 – тэг, нэг, хоёр цифрүүдээс бүрдсэн тохиолт өдрийн өглөө, хамгийн эхэнд Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Үүгээр У.Хүрэлсүх “Би хамт үзэлцсэн хоёр сайдаа явуулчхаад яаж зүгээр суух юм. Хариуцлага хүлээвэл хамт хүлээе, танхимаараа ажлаа өгье” гэх агуулга ярьсан нь хөшигний ард мэдээлэгдэж эхэлсэн. Ингэхэд олон нийтэд хэт поп санагдаж, “Тийм бол сайн л байна” хэмээн мушилзаж суусан.

Мөн ээлжит бус хурал дээр “Миний итгэж найдаж байсан Ерөнхийлөгч өчигдрийн жагсаалыг санхүүжүүлж, мушгин турхирлаа. Энэ хүнтэй хамтарч ажиллаж болохгүй юм байна” гэх утгатай зүйл ярьсан гэсэн мэдээлэл ч хөврөв. Харин энэ нь нэг их үнэмшил авалгүй тэгсхийгээд дарагдав.

Тэгтэл УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан 10.00 цаг өнгөрч байхад завсарлаж, “У.Хүрэлсүх өөрөө огцрох юм байх даа” гэсэн хувилбар айхаш төрүүлэхтэй зэрэгцэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдах тов тогтов. МАН-ын Удирдах зөвлөл гэдэг егзөр улс төрчдийн цуглуулга, сүрдмээр уур амьсгалтай бүтэц. Гэтэл зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд яг нөгөө хувилбараа ярьсан. Удирдах зөвлөл санал хураалгүй, У.Хүрэлсүхийн танхимаараа огцрох саналыг шууд хүлээгээд авчхав.

Энэ үеэр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Ерөнхий сайд огцрохгүй ээ. Зүгээр л хоёр сайдаа авч үлдэх гэсэн арга” гэж доогтой жиргэж, түүнд нь ч цөөнгүй хүн “тайтгараад” байв.

Гэтэл үргэлжлүүлээд шууд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болж пижигнэсэн. Гишүүд танхим руу нэг их дуугаа хураасан ч асар тайван биеийн хэлэмжтэй гар ариутган орцгоов. Хурал хоёр цаг орчим үргэлжлэхэд У.Хүрэлсүх танхимаараа огцрох логикоо өөрөө илтгэж, тайлбарласан гэх мэдээлэл бий. Удирдах зөвлөл санал хураалтгүй дэмжчихсэн санал бүлэг дээр унана гэж хэн хүн бодож төвдсөнгүй, шийдвэр ч гарч “Бүлэг дэмжлээ” гэж мэдээлэгдэв.

-ИЛЭРХИЙЛЭМЖ: ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ҮЗЭЛЦЭНЭ-

Энэ бол өдрийн 15.30 цагийн орчимд болсон үйл явдал. Процессын хувьд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдын огцрохыг дэмжих тогтоолын төслийг боловсруулж, түүнийг УИХ хэлэлцэн батлах хоёр шат үлдээд байв. Нэгэнт бүлэг хүртэл хуйларчихсан тул У.Хүрэлсүх гүрийсээр танхимтайгаа огцрох нь бол ойлгомжтой болсон. Ингээд олон нийтэд хандан 16.00 цагаас мэдээлэл хийв.

Ингэхдээ огцрохоор шийдсэн тухайгаа өөрийн биеэр хэлж, “Би эцэг ч хүн, офицер ч хүн. Дайны талбарт ялбал хамт ялж, үхвэл хамт үхдэг нь цэрэг хүний хувь заяа. Дөнгөж амаржсан эхийг ингэж харгис тээвэрлэсэн явдалд Ерөнхий сайд би ч хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би ёс зүйтэй удирдагч байхыг хүсэж байна. Магадгүй энэ бол улс төрийн шинэ соёл” хэмээв.

Чингээд өглөө Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэгдсэн гэгдэж байсан агуулгыг яг ярьсан нь харин эргэлт болов. Тэр “Миний итгэж найдаж ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл үнэхээр унтарч байна. Цаашид ч өдөөн турхирах үйл ажиллагаа төлөвлөж буйг үгүйсгэхгүй. Иймд ч энэ хоёр том институт хооронд зүй бус харилцаа үүсэж, дунд нь ард иргэдийн амь нас хохирох вий гэдгээс айж байна. Та бид долдугаар сарын 1-нийг мартаагүй. Дахиж битгий тийм үйл явдал болоосой гэж хүсдэг, миний гаргаж буй шийдвэр ч үүнтэй холбоотой” гэлээ.

Ингэж Ерөнхийлөгч рүү шууд сум шидэнгүүтээ “Миний бие улс төрөөс явж байгаа юм биш” хэмээж шүүх, прокурорын байгууллагын хараат бус байдлын тухай хэдэн үг хэлсэн нь шууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсноо илэрхийллээ гэж ойлгогдов. Эсвэл Ерөнхийлөгчтэй үзэлцэнэ гэдгээ.

Сэтгүүлчдийн асуултад хариулалгүй гарлаа. Шууд үргэлжлүүлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав.

-ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ҮАБЗ-ИЙН ХУРАЛД НАЙДСАН НЬ ТАЛААР БОЛОВ-

Байнгын хороон дээр эрх биш АН-ын хэдэн гишүүн суудаг билээ. Ж.Сүхбаатар тэргүүтэй хэдхэн гишүүн дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлэв. Харин Б.Пүрэвдорж гишүүн АН талаас ганцаараа дуугарч, У.Хүрэлсүхийг үргэлж хариуцлагаас зугтаж алга болдог зантай хүн, нэг ёсондоо коронавирусээс айгаад зугтчихлаа гэх утгаар уурсав. Мөн У.Хүрэлсүхийн рейтингийг ашиглаж, далбаан дор нь гарч ирсэн гишүүдтэй юм чинь УИХ ч тар гэв. Микрофон хаалаа, минут нэмсэнгүй гэж уурлан бараг л босож ирэх дөхөв. С.Амарсайхан гишүүн үг хэлэх гэтэл нь Б.Пүрэвдорж үглэсээр тэр хоёр нэгнээ сармагчнаар нь дуудалцаж, хэрэлдээд авав.

У.Хүрэлсүх ч хүрлийдгээрээ хүрлийж, “Намайг огцрохгүй байсан ч та хариуцлага хүлээ л гэнэ” хэмээж, түрүүчийн ярьсан агуулгаа дахин давтав.

30 минут хүрэхгүй хуралдаан үргэлжлээд 75 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Яг үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн шуурхай хуралдаан зарлав. Энэ нь үйл явдал Ерөнхийлөгчийн хувьд цоо шинэ, цочир гэнэтийн үйл явдал болж туссаныг илтгэж буй. ҮАБЗ дээр учраа ололцъё гэж санасан болов уу. Гэвч байнгын хороо хүртэл процессыг дэндүү амархан хүч түрэмгийлсэн У.Хүрэлсүх УИХ-ын чуулганыг шууд хуралдуулж, зөвлөлийн хуралд очсонгүй.

-ИЛ ТОД ДАЙСАГНАЛ БА ЧУУЛГАНЫ АТМОСФЕР-

Ингээд чуулган хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш анх удаа хэлэлцэж буй асуудал тул чуулганы дэгийг өөрсдөө тогтоох хууль зүйн шаардлага үүсэв. Үүн дээр санал хурааж, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 99-т зааснаар хуралдааныг явуулахаар тогтож, гишүүд үг хэлж, асуулт асууж эхэллээ.

М.Оюунчимэг, Б.Баярсайхан нарын эмэгтэй гишүүд эхлэв. Шууд Ерөнхий сайдын шийдвэрийг улс төрийн ертөнц дэх нэг том жишиг хэмээгээд дэмжиж буйгаа илэрхийллээ. Б.Баярсайхан “Гэхдээ нөгөө талд төрийн албаны үйлчилгээний доод, дунд шатны үйл ажиллагаанаас болж Засгийн газар нь огцордог байх өрөөсгөл. Үүнээс хойш төрийн үйлчилгээний салбартаа реформ хийе” гэж дуугарсан нь М.Оюунчимэгтэй харьцуулахад зарчмын байр суурь байв.

Яг энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга орж ирж, чуулганы индэр дээрээс мэдэгдэл хийлээ. Ингэхдээ хэлэх үгээ “Надад гоё ярьж чаддаггүй нэг дутагдал байна” гэж мушилзан эхэлсэн нь нэг ёсондоо “Хожигдчихлоо” гэсэн биеийн хэлэмж болов. Хоолойгоо ч засав.

“Монголын түүхэнд хар өдөр тохиолоо”, “Намайг жагсаалыг санхүүжүүлсэн гэж илтэд гүтгэж буйд гайхахын дээдээр гайхаж байна” гээд “Нэг л зүйл тодорхой байна. УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын бүлэглэл төрийн эргэлт хийлээ. Ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж иржээ. Миний бие У.Хүрэлсүхийг огцрохыг огтхон ч дэмжихгүй байна”. Ингэж хэлээд тэр танхимаас гарлаа.

Уур амьсгал хүндэрч, гишүүд үргэлжлүүлэн үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хууль гэдэг бол бичигдсэн ёс суртахуун. Харин заримдаа ёс суртахуун хуулиас илүү байх нь бий. Би Ерөнхий сайдын үгийг хариуцлагатай үг гэж ойлгож байна. Улсаасаа давсан эрх ашигтай хүн төрд нэг ширхэг ч байж болохгүй. Одоо болоо шүү дээ. Өөрийг чинь мэднэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баяртай явдаг нэг зүйл нь шүүхийг үнэхээр улс төрөөс хараат бус байлгая гэсэн чин манлайллаар хандсан юм шүү.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

МАН-ынхан өөрсдийнхөө хийдэг жагсаал мэт болгож ярих юм. Ард түмэн өөрсдөө л гарч ирсэн шүү дээ. Дөнгөж амаржсан эхийг тээвэрлэсэн энэ сэтгэл эмтрэм үйл явдал нь өнөөгийн Засгийн газрын бодит байдал. Эх орондоо ирэх иргэдээ удаан хүлээлгэж, хүний нутагт өлсгөлөн зарлахад ч хүргэж байна. Энэ бол иргэдийнхээ эсрэг хийж буй үйлдэл, эс үйлдэл юм. Тэргүүн ээлжид Я.Содбаатар, Т.Мөнхсайхан, Д.Сумъяабазар нарт хариуцлага тооц гэж АН-ын бүлэг шаардсаар байтал ийм шийдвэр гаргаж, улсыг засаглалын дутагдалд орууллаа. Үндсэндээ энэ Засгийн газар коронавируст ялагдчихлаа.

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байхад хуулиа татаж ав гэдэг шахалтыг Ерөнхийлөгчийн зүгээс хэд хэдэн удаа тавьж байсан. Шүүгчид Төрийн ордны гурван давхарт ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг үүрэг даалгавар авдаг ёсыг халахын тулд бид шахалтыг нь хүлээж аваагүй. Өчигдрийн жагсаалыг ч санхүүжүүлж, улс төржүүлсэн, турхирсан гэдгийг ХЗДХ-ийн сайдын хувиар баталж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

“Би нэг зүйлийг гайхлаа. Хараад байтал бүх зүйл АН-ын буруу болчхов уу даа. Манай нам ганц тамга л булаацалддаг. Үнэндээ дотор нь том хагарал байдаг юм шүү гэдгийг хэлье.Өчигдөр дөнгөж амаржсан эмэгтэйг дэндүү хүнлэг бусаар тээвэрлэсэн нь үнэн. Гэхдээ өнөөдөр л анх ийм зүйл харсан юм шиг ярьж байна. Тэр ЭХЭМҮТ, тэр төрөх эмнэлгүүдээ очиж хар. Сумын эмнэлэгт төрсөн эмэгтэй мотоцикл дээр сундалж, салхи татуулаад харьдаг, ингэж олон өвчин олдгийг та нар мэдэж л байгаа шүү дээ. Тэгэхээр үйл явдлыг зүгээр л хөшүүрэг болголоо гэж үзэж байна. У.Хүрэлсүх сайн ажилласан, иргэдийн дэмжлэгийг үнэхээр авсан. Гэхдээ гадаад байгаа монголчуудад маш хариуцлагагүй хандсанд чинь харамсдаг шүү.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Ерөнхий сайдын шударга ёсны төлөө хийж байгаа ажлыг нь дэмждэг. Гэхдээ энэ хүн бууж өгч байна. Юун нялх биетэй эх вэ. Энэ бол мөсөн уулын нэг л хэсэг. Би гэхдээ ҮАБЗ-ийн хоёр гишүүн хоорондоо ийм байдалд орж байгааг хараад харамслаа. Яагаад ийм юман дээр буугаад өгчхөв дөө. Би бол У.Хүрэлсүхийг М.Энхболд шиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, ийм юм хийж байна гэж арай л бодохгүй байна. Өөр шалтгаан байгаа байх. Ер нь Монголын төр газрын баялгаас болж дуусаж байгаа юм байна. Намайг зохион байгуулалттай алчихгүй л бол шударга ёсны төлөө ясаа цайтал тэмцэнэ гэж байсан. Мундаг үг. Одоо тэгээд хаачих гээд байгаа юм. Ерөнхий сайдын суудлаас юм хийх, энд, Н.Алтанхуягийн суудал дээрээс ярих хоёр тэнгэр газар шиг ялгаатай шүү, У.Хүрэлсүх ээ. Би бол эцсээ хүртэл тэмцэнэ шүү.

Харин “Төрийн эргэлт хийлээ” гэж цоллуулсан УИХ-ын гишүүн Сү.Батболд тийм ч тайван бус биеийн хэлэмжтэйгээр:

“Үг хэлье гэж бодоогүй байтал...ийм байдал үүсчихлээ. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох ёстой хүн намайг Оюу толгойн гэрээтэй холбож гүтгэлээ. Монгол төр нээлттэй байх ёстой, шалгах ёстой бол шалгах хэрэгтэй. Оюу толгой, төмөр зам гэхчлэн том төслүүдээ нээлттэй шалгаж, нүгэлтэй хүн нь нүглээ үүрдэг тогтолцоо ус агаар шиг хэрэгтэй болсныг ойлголоо. Надад төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлага байхгүй. Хувийн бизнесээ босгож, гэрээ засчхаад улс төрд орж ирсэн хүн. Харин ам үдээстэй байсан олон асуудалд ярих боломж олгож байгаад баярлалаа. Ичсэн хүн хүн ална гэж. Өөрөөсөө алдаа хайхын оронд бусдыг гүтгэж буйг эсэргүүцэж байна. Би хүртэл ийм байдалд орж байхад улс оронд хүний эрхийн асуудал үнэхээр аймшигтай болж гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Ардчилсан тогтолцоо руу явах юм уу, дарангуйлал руу явах юм уу” гэв.

УИХ-ын гишүүдийг үг хэлэх процесс дунд У.Хүрэлсүх нэг удаа үг хэлсэн. Ингэхдээ мөн багахан амьсгаа давчдаж, хоолой нь чичирч байгаа нь сонсогдож байлаа.

Ерөнхийлөгчийг нам бус хүн, АН-ын самарсан, одоо улс орныг самрах гэж байна хэмээгээд “Ажлаа өгчхөөд та бүхнийхээ дунд сууж, хэн яаж хулгай хийж байсныг ярина” гэв.

Санал хураалтад 63 гишүүн оролцсоноос 60 нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцров. Түүний хамт Засгийн газар танхимаараа буув. Хуулийн дагуу дараагийн Ерөнхий сайд томилогдтол тэр үүрэгт ажлаа хийнэ.

-ГУТАЖ ХАЛИРМААР ХӨНГӨН, МӨРТЛӨӨ ХҮНД ШИЙДВЭРҮҮД-

Чуулганы атмосферийг харахад хамгийн эрүүл гурван гишүүн нь С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Т.Доржханд гурав байв. Ялангуяа С.Одонтуяагийн хувьд АН тал боловч асуудлыг зөв, тэнцвэртэй байр сууринаас хөндсөн. Т.Доржханд ч яг цөм асуудлыг ярьсан. АН-ын хоёр гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын яриа тультирч, олон нийтийн дунд халамцуу байгаа юм уу даа гэх шог яриаг ч үүсгээд авав. Харин П.Анужин, Г.Амартүвшин тэргүүтэй олон гишүүн үг хэлэлгүй, дэндүү хүлцэнгүй, хариуцлагагүй үлдлээ.

Хамгийн ньюанстай хүлээлт бол дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдгээс илүү Ерөнхийлөгчид хариуцлага тооцох уу гэдэг асуудал болж хувирав. У.Хүрэлсүх, Х.Нямбаатар нарын “хариуцлагатайгаар” мэдэгдсэнчлэн нэгдүгээр сарын 20-ны өдрийн жагсаалыг Ерөнхийлөгч санхүүжүүлэн турхирсан нь нотлогдвол импичмент хийх асуудал зүй ёсоор яригдана. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг “Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэг” гэж томъёолдог. Нэгэнт МАН тал өөрсдийн бодлогод нийцэж буй хүнээ л Ерөнхий сайдад зүтгүүлэх тул засаг бүрэлдсэний дараа Ерөнхийлөгчийг огцруулах ажиллагаа хийгдэж мэдэхээр уур амьсгал харагдаж байгаа юм.

Ерөнхийлөгч ч нэлээд ялагдсан, бажгадсан байртайгаар гэрэл зурагт буун үлджээ. Харин У.Хүрэлсүх эртнээс бодож төлөвлөсөн ажил нь яг төлөвлөгөөний дагуу бүтсэн, эсхүл маш хурдан гаргасан шийдвэртээ нэгэнт алдах зүйлгүй гэж итгэсэн хүний маш амгалан төрхийг үзүүлж чадав. Чуулган хуралдаж дууссаны дараа тэр тугандаа мөргөж, ёслоод УИХ-ын даргатай хоёр удаа тэврэлдсэн юм.

Сүүлийн үед Рио Тинтотой холбоотой мэдээллүүд зориудын гэмээр маш хүчтэй хэлэлцэгдэж, Сү.Батболдын Их Британид битүүмжлэгдсэн гэх хөрөнгийн асуудал ч дэгдсэн. Нэг талдаа бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч нэг УИХ-ын гишүүнтэй “үзээд” барахгүй, чуулганы индэр дээрээс “Төрийн эргэлт хийлээ” гэж зарласан нь анхаарал татмаар үйлдэл.

Эцсийн дүндээ Монгол Улсын Засгийн газар огцорч байна. Уг нь ийм амархан болчихдог зүйл биш. Улс төрийн хамгийн гол нь тогтвортой ажиллах ёстой. Холын цэгээ харсан улс төрийн сийрэг тоглолт байж болох ч У.Хүрэлсүхийн энэ үйлдэл төрийг нэг их амархан, нэг хүн сэлэм эргүүлээд шийдчихэж болдог зүйл мэт харуулсан нь тоогүй. Үнэн хэрэгтээ ХӨСҮТ-ийн тусгаарлах баг, “Өргөө” амаржих газрын ажилтнуудын гаргасан алдаанд хариуцлага хүлээж огцорлоо, энэ бол улс төрийн соёл юм гэж буй үг нь ямар ч үнэмшилгүй билээ.

Сайдаас буусан У.Хүрэлсүх одоо нэг бол Ерөнхийлөгчийн сонгуульд үзнэ, эсвэл УИХ-ын гишүүний  суудал дээрээс Ерөнхийлөгчтэй үзэлцэнэ. Бусдыг нь У.Хүрэлсүхийн МАН дахь аниргүй бүлэглэл хэдий нь төлөвлөсөн байж таарна.

Харин Ерөнхийлөгч лав одоо зүгээр суухгүй...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-22 21:46

Хэн гээч нь Хүрэлсүх Баттулга 2-н дунд яс хаяж хор найруулав.
Хариуцлагагүй, шударга бус байд�##� зөвхөн төрсөн эмэгтэйн жишээ биш. 10 настай хүү, 56 настай өвчтөн эмнэлгийн тусламж авч чад�##�гүй нас барсан, Энхсаран сувил�##�ын байд�##�, мөн иргэд х�##�двар хаанаас яаж авснаа мэдээлээд байхад хэнч хариуцлага хүлээж арга хэмжээ аьаагүй.
Цаашлаад Оюу толгой, бусад орд эзэмшигч, олигарх нар гадныхантай нийлээд улсын толгойг з�##�гин ард түмнийг басамжлан доромжилж байгааг олон жил ард түмэн харж тэсвэр �##�даж бна. Хүрэлсүх амиа хайрлахгүй тэмцэнэ гэчихээд чадахгүй болохоороо шарлахаад Баттулгад бурууг чихээд огцорчих вуу.
Бидэнд гадныхан-г тэжээдэг бус, эх орноо хөгжүүлэн Чингис хааныхаа байгуулсан ёс төрт улсаа нэр төртэй авч явах төр засаг хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-01-22 23:36

Манайд төр гэж
байгаа юм уу ерөнхийлөгч нь
ҮАБЗ ийн хур�##� зарлаад байхад их хурлын дарга ,ерөнхий сайд нар үл ойшоон дур мэдэн хур�##�даж хусмаа голсон хүүхэд шиг тайтваргүй зан гаргаж,насны намба байхгүй бүхэл бүтэн улсын удирдаж байгаа хүмүүс ард түмнээсээ бичдэггүй юм уу хэдэн үзчихээд байхад тоохгүй л байсан байдагд тавилттай жүжиг үзэх гэж та нарыг сонгоогүй тэгээд ч царцааны нүүдэл сонгуул болсоны гэрч нь гарч байх шиг бна ард түмэн сонголтой мөнгөөр авсны хор уршиг гарч бна даа цэцэрлэгийн хүүхдүүдээс доор харагдаж бна гишүүд ч асууд�##�аа онож асуухгүй урсг�##�аараа их хур�##� явдаг юм бна гэж ойлгогдож бна харамсаад барахгүй бна даа монгол төр гэж...

Зочин
Зочин
2021-01-22 23:51

Buudan shuu

Зочин
Зочин
2021-01-23 04:43

Хүкэд ёрөнхийлөгчийн сууд�##� харагдаад юун цар тах�##�,ард түмэн . Олон УИХ-ын гишүүдээр хүрээлүүлсэн хужаа хольцтой миеэ энхболдыг ялахад Монголчууд яаж дэмжлээ гэтэл тэр Улс Монгол ард олныхоо итгэлээс яагаад урвав.хэнтэй ямар тохироо хийчэв гэж Монголчууд мөрөө хавчин толгой сэгсэрцгээж байна цаг хугацаа л харуулах нь

Зочин
Зочин
2021-01-23 08:39

Сү Батболд бол Монголын ард түмний төлөө зогсох хүн яавч биш гадныханы гар хөл төр гарч ирвэл Монгол улсыг самарч мэдэх хүн дээ Түүний гар хөл 209 онд Түлш эрчим хүчний ссайд Зоригт Оюутолгойн Дубайн гэрээг үзэглэсэн этгээдүүдийн нэг одоо ТЭХ сайд болохоор нэр нь ороод ирчихсэн Сү Батболдын гарын хүн

Зочин-2
Зочин-2
2021-01-23 11:43

Сү.Батболдын харийнхантай нийлж эх орны баялгаар хэрхэн баяжиж бэлжсэнийг мөн гадны оронд 100 гаруй компанитай болсныг дэлхийн хэвлэлүүд дуу дуугаа ав�##�цан мэдээлснийг харлаа. Манай төрийн өндөрлөгүүд ард түмний итгэлийг �##�даж өөрсдийн ашиг сонирхлыг илүүд үзэж байдгийг ойрын үед болж байгаа үйл явдлууд харуулж бна. Эх орноо хөгжүүлэх, ажилгүйдлийг арилгах т�##�аар төлөвлөсөн ажилгүй ард түмнээ цагаан цаас гэж бодоцгоосон бололтой. Саяхны Хүрэлсүхийн жүжиглэлт бүхнийг илчлэх шиг боллоо. МАН бол олгархуудын үүр уурхай болсон бна.

Зочин
Зочин
2021-01-23 22:45

Оюутолгойн гэрээг үргэлжлүүлэх гэх сүүлчийн хүн Сү.Батболд бхо Оюутолгойн гэрээтэй холбоотой бүлэглэлүүд С.Батболдоор дэмжүүлэх гэсэн оролдлого хийж бга бхо

Холбоотой мэдээ

Back to top button