НИЙГЭМХУУЛЬ

ХЭРЭГ: RAV-4 маркийн тээврийн хэрэгсэл осолдож 8 сартай охин газар дээрээ амиа алджээ

Гашуун сухайтын замд ноцтой осол гарч найман сартай хүүхэд газар дээрээ нас барж, эцэг эх нь эмнэлэгт хүргэгдсэн. Байдлыг харвал нүүрс тээвэрлэдэг автомашинд шахуулсан байж болзошгүй гэх мэдээлэл иргэнээс ирлээ.

-НАЙМАН САРТАЙ ОХИН АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮН ХҮНД ГЭМТЭЛ АВЧЭЭ-

Уг мэдээллийн дагуу бид Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад,

Өмнөговь аймаг, Ханбогд сум, Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 113 дахь километрт Toyota RAV-4 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсон осол 2019.07.30-нд болсон. Ослоор найман сартай охин газар дээрээ нас барж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хоёр иргэн хүнд гэмтэл авсан хэмээлээ.

Өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар, тээврийн хэрэгслийн цонх онгорхой явсан учир найман сартай охин цонхоор шидэгдсэн дүр зураг харагдсан. Мөн бусад зорчигчид хамгаалах бүс зүүгээгүйн улмаас хүнд гэмтэл авсан. Амиа алдсан найман сартай охины ээж осол гарсан өдрийн маргааш нь /2019.07.31/ гэмтлээ даалгүй нас барсан гэлээ.

Одоогоор ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Өмнөговь аймгийн  Ханбогд сумын цагдаагийн газар ажиллаж байна. Мэдээлэл өгсөн иргэний хэлсэнчлэн нүүрс тээвэрлэж явсан автомашинд шахуулаагүй байж болзошгүй аж.

-2016 ОНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НАС БАРСАН 39 ХҮҮХДИЙН 78 ХУВЬ НЬ БУРУУ ТЭЭВЭРЛЭЛТЭЭС БОЛЖ АМИА АЛДЖЭЭ-

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон” байдаг. Гэтэл манай эцэг эхчүүд хүүхдээ урд суудалд, өвөр дээрээ, хамгаалах хэрэгсэлгүй тээвэрлэх нь байдаг зүйл,  хүлээн зөвшөөрдөг мэт ойлгодог. 2016 онд 39 хүүхэд буюу нийт зам тээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн 78% нь буруу тээвэрлэлтээс шалтгаалсан байдаг.

Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32 хувь нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүрний болон толгойн гэмтэл авч, 53 хувь нь тархи доргихоос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух, нүүрний хэсэг зүсэгддэг болохыг тогтоожээ.

Мөн хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувь, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75 хувь хувиар осол гэмтэл, эрсдэлээс бүрэн хамгаалдаг гэсэн судалгаа байдаг. Иймд тээврийн хэрэгслээр зорчиж буй жолооч болон зорчигчид хамгаалах бүс болон хүүхдийн хамгаалалтын бүс суудлыг хэрэглэж заншихыг зөвлөж байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Танай сайт дандаа л үхэж үрэгдсэн мэдээлэл эсвэл ####сан хүчиндсэн мэдээлэл тарааж байхын. Дундуур болж бүтэж байгаа янз бүрийн сайхан мэдээ оруулж байлдаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button