НИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Сонингийн цаасаар сагс сүлжиж зараад байраа томруулж, нэмэлт орлоготой болсон бүсгүй

-ИХ МӨНГӨ ҮРЭХГҮЙ, ЭЛБЭГ ХАНГАЛУУН РУУ ТЭМҮҮЛЭХГҮЙ ЭНГИЙН, ХЯЛБАР АМЬДАРНА-

Сүүлийн үед айлын эзэгтэй нар гэртээ сүр дагжин овор ихтэй тавилга, эдлэл сонгохоос илүүтэй даруухан, минималист хэв маягаар тохижуулах нь элбэг болжээ. Уг хэв маяг нь айл гэрийг эмх цэгцтэй харагдуулахаас гадна нөгөөтээгүүр санхүүгийн дарамт учруулахгүйгээр онцлог. Ер нь л илүү дутуу олон эд зүйлсээс татгалзаж, байгаа зүйлсээ эмх цэгцтэй хураахад утга учир нь оршдог гэхэд болно. Их мөнгө үрэхгүй, хэтэрхий элбэг хангалуун руу тэмүүлэхгүй, энгийн, хялбар амьдралаар амьдарна.

Энэ нь өөрөө минимализмын үндсэн зарчим аж. Нэгэнтээ л хэт их зүйлийн араас тэмүүлж өөрийнхөө цаг завыг дэмий зүйлд үрэхгүй тул, тухайн хүн маань шинэ хоббитой болох, өмнө нь амжуулж чаддаггүй байсан олон мөрөөдлүүдээ биелүүлэх боломжтой болох юм. Бид энэ удаагийн сурвалжилгаараа минималист хэв маягаар амьдралаа өөрчилж, шинэ хоббигоороо нэмэлт орлого олж, санхүүгийн бэрхшээлээс гарч чадсан хөдөлмөрч, авьяаслаг бүсгүйг онцолж байна.

-ХАЯГДАЛ СОНИНГИЙН ЦААСААР САГС СҮЛЖИЖ ЗАРААД НЭМЭЛТ ОРЛОГОТОЙ БОЛСОН-

Тэрбээр 50 насны босгонд өөрийгөө гололгүйгээр цаасаар сагс сүлжиж сураад, түүнийгээ зарж санхүүгийн бэрхшээлээс гарч чаджээ. Энэ бүхнийг ердөө нэг жилийн хугацаанд амжуулсан гэхэд итгэх хүмүүс цөөн. Түүнийг С.Ариунзаяа гэдэг. Сүүлийн 11 жил тасралтгүй ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн сургалтын албанд ажиллажээ. Гар урлал тэр дундаа сонингийн цаасаар сагс, эдлэл сүлжих урлагийг сонирхоод гурван жил өнгөрсөн ч, бүтээл туурвиад нэг жил болж байгаа аж. Бүтээлийн гол зэвсэг нь сонингийн цаас. Иймд тэрбээр хаягдал болон хувь хүмүүсийн хуучны цуглуулгын сонинг худалдаж аваад, түүгээрээ төрөл бүрийн сагс, цэцгийн сав, ширээ гэх мэт зүйлсийг сүлжээд борлуулж эхэлсэн байна. Бид түүний бүтээл урлах ажлын цаг заваар амжиж цөөн хором ярилцсан юм.

-Юуны өмнө завгүй ажлын хажуугаар бидний саналыг хүлээж авсан танд баярлалаа.

-Зүгээр дээ. Намайг тоож ярилцаж байгаа та бүхэнд их баярлалаа. Үнэнийг хэлэхэд та бүхний саналыг аваад бага зэрэг сандарлаа. Надаас мундаг, олон жил сагс, эдлэл урлаж буй мундаг багш нар олон бий. Би тэдний дэргэд сонирхогч юм. Гэхдээ сүүлийн үед өөрийгөө бага зэрэг тоож эхлээд байна. Учир нь урласан бүтээлийг маань авсан үйлчлүүлэгчид ихэд тоож, сэтгэгдэл өндөр байгаад нь баярласан шүү.

-СҮЛЖМЭЛ ЦААСАН САГС ЭДЭЛГЭЭ ДААХУЙЦ БАТ БӨХ, ҮЗЭМЖТЭЙ БАЙДАГ-

-Таны сагсыг авсан үйлчлүүлэгчид ихэвчлэн ямар сэтгэгдлийг хэлдэг вэ?

-Миний хийдэг сагсны сүлжээсийг нь голчлон магтдаг. Бусад ижил төрлийн сагснаас өөр байдаг юм шиг билээ. Би сагс хийгээд удаагүй учир ихэвчлэн анх удаа авч байгаа хүмүүс байдаг. Ингээд худалдан авалт хийсний дараа дараагийн бүтээлийг захиалан худалдаж авдаг даа. Мэдээж үргэлж магтуулна гэж юу байх вэ. Нэг удаа хэрэглэгчээс гомдол ирсэн. Би түүнийг мартдаггүй. Тухайн гомдол миний одоогийн бүтээлийн чанарыг сайжруулж, надад маш том сургамж болсон гэхэд болно.

-Нууц биш бол ямар гомдол байв?

-Дотор сүлжээс нь сарзгар учир, хийсэн хувцас гогдоод байна гэж байсан. Нээрээ л үнэн байсан. Би туршлагагүй байсан учир сүлжээсийг сулруулсан, бас бус алдаа гаргасан байлаа. Ингээд түүнээс хойш тухайн алдаагаа засаж, бүтээлийнхээ чанар, үзэмж, эдэлгээг сайжруулсан.

-Эдэлгээ гэснээс голлох түүхий эд нь сонингийн цаас байсан шүү дээ. Хэр бат бөх байдаг вэ?

-Та бүхний төсөөлж байгаагаас ч чанартай, бат бөх байдаг шүү. Цаасаа бат бөх болгож хэлбэржүүлэхийн тулд тарган цавуу ашигладаг. Өөрөөр хэлбэл, сүлжиж бэлтгэсэн сагсаа тарган цавуугаар хэлбэржүүлж, хэрэглэгч хүсвэл лакаар өнгө оруулдаг гэхэд болно. Ингээд хатаасны дараа сагс маань бат бөх, үзэмж сайтай болсон байдаг. Лав л энгийн цаасан хайрцгаас хэд дахин бат бөх. Хамгийн чухал нь байгальд ээлтэй, эко бүтээл гэдгээрээ онцлог. Хуванцар сав, гялгар уутыг хаясны дараа хөрсөнд 100-400 жилийн дараа шингэдэг гэдэг. Харин эко сүлжмэл сагс хаягдсан ч хөрсөнд бордоо болж шингэнэ.

-ГЭРТЭЭ ХОГИЙН САВ ХИЙХИЙН ТУЛД СУРЧ БАЙСАН-

-Гэнэт яагаад цаасаар сагс сүлжих болсон тухай тань асууж болох уу?

-Гурван жилийн өмнө анх сонингийн цаасаар хийсэн бүтээлийг харж байлаа. Ингээд маш их таалагдсан. Тиймээс гэртээ хогийн сав хийх зорилгоор цаасан сүлжмэлийн сургалтад сууж байсан. Ингээд түүнээс хойш хоёр жил орчим дорвитой сураагүй. Сурахыг  ч нэг их хүчлээгүй. Сүүлд орос хэл дээр цаасаар сагс сүлжих аргачлалыг маш сайн заасан нэг бичлэгийг үзээд түүнийгээ дагаж хийгээд хоёр ч хогийн сав сүлжсэн. Анхных гэхэд харин ч их сайн болсон байсан л даа. Ингээд хогийн савандаа уут углаад гэртээ тавьсны дараа нэг танил маань гэрт ирээд хоёуланг нь сонирхоод аваад явчихсан. Ингээд л түүнээс хойш сүлжмэл эдлэл сонирхож бие даан суралцсаар өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийн байдлаар ганц хогийн сав бус, бүхий л зүйлсийг чадахаараа  сүлжиж сурчээ.

-Цаасан сүлжмэлээр юу юу хийж болдог вэ?

-Маш олон зүйлсийг хийж болдог. Төрөл бүрийн хэмжээ, загварын сав, сагс, ширээ, цэцгийн сав, аяганы суурь гэх мэт зүйлсийг хийсэн байна. Ер нь л маш их зүйлийг хийж болдог. Би сүлжмэл хийж эхэлснээр худалдаанаас элдэв сагс, хайрцаг худалдаж авахаа больсон.

-Үнийн хувьд хэдээс хэдэн төгрөгийн хооронд борлуулж байна вэ?

-Сагсны хэмжээнээс хамаарч 15.000-65.000 төгрөгийн хооронд худалдаалдаг.

-ЦААСАН СҮЛЖМЭЛ ХИЙЖ ЭХЛЭЭД УУРЛАЖ УЦААРЛАХАА БОЛЬСОН-

-Жилийн хугацаанд цалингаас гадна зөвхөн сүлжмэлээр сард дунджаар хэд орчим төгрөг олсон бэ?

-Өнгөрдөг хөл хориогоор сүлжмэл сагсны тусламжтай ямар нэг саадгүй сайхан л даваад гарсан. Ер нь цаасан сүлжмэл миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн гэхэд болно. Анх би ердөө гэртээ хогийн сав хийж сурахаар эхэлсэн. Харин өнөөдөр илүү том зүйлийг харж, бас мөрөөдөж байна. Хүн ер нь ямарваа зүйлийг хийж үзэхээс нааш мэддэггүй юм байна. Цаасан сүлжмэл сүлжсэнээр би баргийн зүйлд уурлаж, уцаарлахаа больсон. Их сургуулийн сургалтын албанд ажиллах их хэцүү, стресс ихтэй л дээ. Хүүхдийн хувь тавилан биднээс хамаарч байдаг учир маш хянамгай байхыг шаарддаг. Төдий хэмжээгээр ажилдаа стресстэж бухимддаг байлаа. Харин одоо маш тайван, амар амгалан болсон. Одоо цалингаас гадна зөвхөн сагсаа зав чөлөөгөөрөө хийгээд сард дунджаар 400.000 төгрөгийг олдог. Өнгөрдөг хөл хориогоор тав орчим сая төгрөгийг олж, өрөө дарж чадсан. Мөн жилийн хугацаанд хоёр өрөө байраа томруулж гурван өрөө болгосон.

-Байраа томруулж, өрөө дарсан гэхээр чамлахааргүй их орлого олж байгаа байх нь?

-Тийм шүү. Ажлынхаа хажуугаар сагсаа сүлжиж, амралтын өдрөөр ганцаарчилсан сургалтыг нэг хүний 20.000 төгрөгөөр цахимаар явуулдаг. Нэг хүн 4-5 хоногт түргэвчилсэн, ганцаарчилсан сургалтаар бүх техник, арга технологыг суралцаж чаддаг. Гэвч хүн бүр сагс сүлжиж чадахгүй. Ер нь бол тухайн хүний тэсвэр тэвчээрийг сорьсон, хэцүү ажлуудын нэг юм. Эхний хэдэн сар гар хуурайшиж, эвэршдэг. Ингээд аажим хэвийн болдог.

-САГС СҮЛЖИЖ ЭХЭЛСНЭЭР БИЕ ЭРҮҮЛЖИЖ, ИЛҮҮ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛСОН-

-Завгүй ажлын хажуугаар сагс сүлжээд ядардаг байх даа?

-Би сагс сүлжихээсээ өмнө жилдээ хоёр удаа эмнэлэгт хэвтдэг байгаа. Одоо харин ч эсрэгээрээ бие маань эрүүл, саруул болсон. Би 06:00 цагт ажлаа тарж ирээд өдөрт 3 цагийг сагс сүлжихэд зарцуулдаг. Ингээд өдрийнхөө стресс ядаргааг тайлаад амардаг. Харин амралтын өдрүүдэд илүү олон цаг сууна. Сүүлийн үед суух нь ихсээд бие хөшөөд байгааг анзаарсан. Тиймээс дулаараад ирэхээр хөдөлгөөн хийх зуршил бүтээхээр зорьж байна.

-Сагс сүлжих, түүхий эдээ бэлтгэхэд хэр уддаг вэ?

-Сүлжихэд бол уддаггүй. Бэлдэцээ бэлдчихсэн байхад нэг өдөр л сүлжинэ. Харин цаасаа орооно, хатаана гээд 4-5 өдрийн ажил болдог. Анх сурч байхдаа сонингийн цаасаар 50 ширхэгийг л ороодог байлаа. Одоо бол нөхрийнхөө тусламжтай нэг ороолтоороо 500 ширхгийг торохгүй ороочихдог. Хань маань их тусалдаг даа.

-Сагс сүлжихийн сацуу, ганцаарчилсан сургалтаар сонирхсон хүмүүст нь хичээл заадаг гэсэн. Яаж энэ бүхнийг амжуулаад байна?

-Тийм ээ. Хөл хориотой холбоотойгоор амралтын өдрүүдэд ганцаарчилсан сургалт заадаг. Энэ нь ч маш үр дүнтэй байна. Долоо хоног тасрахгүй сургалтаа ороод явдаг. Хичээлээ даана, ажлаа хийнэ, сагсаа сүлжинэ гээд л нарийн зохион байгуулалттай ажилладаг. Сургалтаар түүхий эдээ хаанаас авах, сонингийн цаасаа хэрхэн ороох, ямар цавууг хэрхэн түрхэх, хатаах зэрэг бүхий л аргачлалыг зааж өгдөг.

-Та шавьтай болж амжив уу. Сургалтад суугаад таниас сурсан аргаараа сагс сүлжээд орлого олж буй хүн бий юу?

-Яг одоогоор бол байхгүй. Ер нь бол сагсыг хүссэн хүн бүр оролдоод сурчихдаггүй юм билээ. Дээр хэлсэнчлэн би гурван жилийн өмнө сагс сүлжихийг заалгасан ч, хийж эхлээд ердөө нэг жил л болж байна. Тэгэхээр сагс сүлжих, хийх ажил нь өөрийн гэсэн цаг хугацаатай гэж боддог. Зориод хийгээд сурсан байхад заавал үр өгөөжөө өгнө л гэж би хэлэх байна.

-Хийсэн сагсаа хэрхэн хүмүүст таниулж худалдаалж байна вэ?

-Би гар урлалын группын админуудтай найзууд. Тиймээс тухайн группэд админтай хамтраад зар байршуулж, сургалтаа явуулдаг юм. Мөн өөрийн “СУПЕР ЭКО САВ” нэртэй фэйсбүүк пэйжээр дамжуулан худалддаг. Одоогоор фэйсбүүк пэйжийг хөгжүүлэлтийг нэг их анхаарахгүй байна. Зөвхөн өөрийн зав зайгаар ямар нэг шахалтгүй ажиллахыг хүсдэг дээ. Би нэг охинтой. Охин маань сошиал талыг хариуцаж, хүмүүсээс захиалга авдаг.

Гэр бүл тань хобби, сагс хийх ажлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Маш сайн дэмждэг. Охин маань сошиал талаа хариуцах бол нөхөр ажлын хажуугаар бэлдэц ороох, хүргэлт хийх зэргээр тусалдаг. Тэднийхээ дэмэнд өнөөдрийг хүртэл стрессгүй, тайван ажиллаж байна.

-Таны цаашдын зорилгыг асууж болох уу?

-Цаашид гэр урлан бус, өөрийн жижигхэн ажлын байр, өрөөтэй болохыг зорьж байна.

Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Хэрэв та эко сагс захиалахыг хүсвэл дараах дугаар руу залгаарай.

УТАСНЫ ДУГААР: 99889379

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. Сург####тын ####баны ажил бол жилийн турш сург####тын үйл ажиллагааны хуанлийн дагуу таср####тгүй явагддаг, олон хүнтэй харьцдаг, хянуур байж хийхгүй бол ####даа гарч болох эрсдэлтэй ажил, Нэг т####аар оюутанд, багшид, эцэг эхэд үйлчлэх зөвлөгөө, нөгөө т####аас ДБУМС, БЗС, ШУТИС-ийн мэдээллийн системд маш их хэмжээний мэдээлэл ####даагүй оруулах, мэдээлэл шүүж өгөх,тодорхойлолт гаргаж өгөх, хичээл сонголт болон бусад асуудлаарх оюутны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, оюутны ш####г####т зохион байгуулах, дүн тулгах, оюутны файл бүрдүүлэх, зээл, тусламжид оюутныг хамруулах, ####бан бичиг баримтын хөтлөлт, хадг########т хамга########т, архивл####т гэх мэт өчнөөн ажлууд байдаг. Ариунзаяа энэ бүхнийг амжуулж, СА ажилтнууд дотроо бас чанартай, гүйцэтгэл сайтай хийж чаддаг, сүүлийн үед сагсан бүтээгдэхүүн сүлжиж борлуулдаг хоббитой болсон. 10 гаран жил Ариунзаяатай ШУТИС-д ажиллаж байна. Ача######## ч мундаг даана. Хашир, чамбай. Хамгийн гол нь их хөдөлмөрч. Зүгээр суухгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button