Нийгмийн

О.Уранцэцэг: Д.Сосорбарам, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Р.Анхням нар миний бүтээлийг сурталчилдаггүй

Монголчуудыг нэгтгэж, нэг үндэстэн гэдгийг нотлох нэгэн чухал зүйл бол Монгол үндэсний хувцас. Дээл нь монгол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог хамгийн энгийн бөгөөд хамгийн үнэмшилтэй соёлын нэгэн үзүүлэлт юм. Манай сурвалжлах баг энэ удаад “Үйлдвэрлэгч” буландаа үндэсний дээл, хувцасны соёлыг чадварлаг ур хийц, мэдрэмж, авьяасаараа дэлгэрүүлж буй "Эртний Монгол хийц" урланг зорьсон юм. "Гоёл" наадмын гранпри, үндэсний хувцасны тэргүүн, дэд байрын шагналт дизайнер О.Уранцэцэг урлангаа 2012 үүсгэн байгуулсан.

Орон сууц түрээслэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн О.Уранцэцэг тэргүүнтэй "Эртний Монгол хийц"-ийн хамт олон өнөөдөр Зайсан толгойн зүүн талд, өөрсдийн шинэ урлантай болж өргөжсөн байна. Эднийх үндэсний дээл хувцас, өв соёлын үнэ цэнийг мэдрүүлэх “Эртний монгол хийц” үзэсгэлэнгээ өнгөрөгч хоёрдугаар сард ХААН Галерейд толилуулсан билээ. Үзэсгэлэнд загвар зохион бүтээгч О.Уранцэцэгийн урт хугацааны хөдөлмөр, ур ухаанаа шингээж урласан бүтээлүүд дэлгэгдсэн юм. Биднийг очиход хатагтай О.Уранцэцэг өвөрмөц тансаг шийдэл бүхий урландаа тухлан саатахыг урьж уриалагхан угтсан юм.

О.УРАНЦЭЦЭГ: НЭГ ӨДӨР Ч АМРАХГҮЙ АЖИЛЛАЖ ИРСЭН О.Уранцэцэгийн хувьд нягтлан мэргэжлийг эзэмшсэн хэдий ч 2012 оноос хойш хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хувцас загварын ертөнцөд нэг өдөр ч амралгүй, цаг минут алгасалгүй ажиллаж  иржээ. Тэрээр өөрийн оюун билэг, авьяас ур чадвараараа олж авсан "мэргэшсэн" мэргэжилдээ дэндүү хайртай.

-Анх энэ салбарт хэрхэн орж байсан бэ? Яагаад заавал үндэсний хувцас урлах болсон талаараа сонирхуулаач?

-Албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө би загвар, дизайнд маш их сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэй байсан. Монгол хүн болж төрсөн хэргээ яаж гаргах вэ гэж их бодно. Тэгээд үндэсний хувцас бол бидний өв соёл, үнэт зүйл гэдэг утгаараа ийшээ татагдаж дурлаж эхэлсэн.  Намайг эхэлж байхад үндэсний хувцасны хэрэглээ өнөөдрийнх шиг байгаагүй. Аргагүйн эрхэнд үндэсний баяр наадмуудаар өмсөж хэрэглэдэг, хуучны хувцас гэсэн ойлголттой байсан. Тийм ч учраас үндэсний хувцас соёлын үнэ цэнийг хүмүүст мэдрүүлж өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор мөн өөрийн хүсэл сонирхолтойгоо нийцүүлэн дээл, өмсгөлөө шамдан урлаж байсан. Одоо харахад их зүйл өөрчлөгдсөн. Залуус үндэсний хувцсаа өдөр тутамдаа өмсөж, авч үлдэх өв соёл юм байна гэдгийг ойлгодог болсон.

-Анх энэ ур ухаанд хэрхэн суралцсан бэ?

-Миний ээж одоо ная гаруй настай ч дээл, хувцас бүхий л зүйлээ өөрөө оёод өмсчихдөг. Нутаг усандаа нэртэй, уран хүн. Ээжийн минь нөлөөлсөн үү би бүр багаасаа оёх сонирхолтой байсан. Ер нь манай гэр бүлийнхэн урлагт дуртай хүмүүс л дээ. Миний нөхөр зураач. Энэ бүхэн бүгд надад нөлөөлж намайг урамшуулж, хурцалж ирсэн гэж боддог.  Мөн хүмүүс их гоё хүлээж авдаг. Ямар гоё өвөрмөц чамин хийцтэй юм бэ гэдэг үгийг байнга сонсож ирсэндээ их баярладаг.  


БИ ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЧУХАЛЧИЛДАГГҮЙ

-Шинэ урлан ч бас үнэхээр өвөрмөц чамин гоё юмаа. Шийдлийг та өөрөө гаргасан уу?

-Тийм ээ. Миний олон жилийн хүсэл мөрөөдөл энэ. Би өөрөө тансаг орчинд байх дуртай. Яагаад оёдлын газар гоё тансаг орчинд байж болохгүй гэж бодоод энэ шийдлийг бий болгосон юм. Сайхан орчин бүтээлч сэтгэлгээг бүрдүүлж оюун ухаан илүү шинэ зүйлд тэмүүлдэг.  Үйлчлүүлэгчид маань манай урланг үнэхээр сайхнаар хүлээж авч байна. Үндэсний хэв маягаа төдийлөн ойшоодоггүй хүмүүс хүртэл уулга алдан зочилдог. Яг л миний бүтээлийг хүлээж авдаг шигээ хандаж байгаа нь энд хүмүүсийн Монголоо гэх сэтгэл сэрж байгаа мэт санагддаг. Тэгэхээр надад юу гэж бодогддог гээч. Миний цор ганц чадах зүйл бол монголчуудынхаа үндэсний нь ахуй, өв соёлд өөрийн биеэр үлгэрлэн дурлуулах үүрэгтэйгээ мэдэрдэг.  

-Энэ тансаг сайхан урланд олон бүсгүй урлан бүтээж байна уу?

-Тийм олон биш ээ. Би үйлдвэрлэхийг чухалчилдаггүй. Олон дээл хийх нь сонин биш шүү дээ. Миний хийж байгаа цөөхөн дээлний хийц, загвар нь бидний түүх болон бичигдэж, цаг хугацаа өнгөрөх тусам миний бүтээл үлдэцтэй үнэ цэнтэй байгаасай гэж хүсдэг. Тийм ч учраас материал, хийц, загварын хувьд маш удаан бодож төлөвлөж урладаг. Одоогийн байдлаар есөн хүнтэй ажиллаж байна. Манайхан бүгд мэргэжлийн сургууль төгссөн, оёдлын технологи сайн мэддэг ур чадвартай бүсгүйчүүд дээ.


МИНИЙ ХУВЦАС ХУУЧРАХ ТУСАМ ИЛҮҮ ҮНЭ ЦЭНТЭЙ БОЛДОГ

-Үйлчлүүлэгчдээ хэрхэн татдаг вэ?

-Өөрөө багаасаа зүрх сэтгэлээсээ тэмүүлж хийсэн ажил болохоор миний бүх зүйл их гэгээлэг сайхан. Намайг дэмжиж, хамтран ажиллах хүмүүс над дээр өөрсдөө хүрээд ирдэг байхгүй юу. Хамгийн анхны үйлчлүүлэгч бол УИХ-ын гишүүн С.Жавхлан, эхнэр Г.Эрдэнэчимэг нар. Анхны захиалгаа би нэг ч ажилчингүй байхдаа бүх зүйлээ өөрийн гараар хийж С.Жавхланд өгч байлаа. Миний урласан дээлийг тэр хоёр маань өмссөн, үүнийг нь харсан хүмүүс асууж сураглаад ирж эхэлсэн. Намайг зарим  хүмүүс Д.Сосорбарам, С.Жавхлан, гэргий Г.Эрдэнэчимэг, жүжигчин Р.Анхням гээд л олны танил хүмүүсээр хувцсаа сурталчлуулдаг гэж ойлгодог байж магадгүй. Эд нар бүгд миний захиалгаа өгч үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нар маань юм. 

-Яг л тань шиг үндэсний уламжлал, өв соёлоо дээдэлдэг эрхмүүд танаар үйлчлүүлдэг юм байна. Та тэдгээр хүмүүст юуг амладаг вэ? Ямар баталгаа өгдөг вэ?

-Миний туйлын хүсэл бол монгол гэсэн нандин дархлааг бий болгох учраас хэнд ч юу ч амладаггүй. Өөрийн бодол зорилгоо шингээж миний дээлнээс тав тухыг мэдрээсэй гэж хүсдэг. Чанартай, сайхан амттай хоол идэж байгаа юм шиг таашаал мэдрүүлэхийг хүсдэг.

Би үйлчлүүлэгчдэдээ ”Миний хувцас хуучрах тусам үнэ цэнтэй болох ёстой” гэж үргэлж хэлдэг. Тэд нар ᠌”үнэхээр л тийм шүү, яаж ингэж хуучрах тусам улам үнэ цэнтэй болдог байна аа, би чиний энэ бүтээлд хуучрах тусам нь улам дуртай болдог”  гэж хэлдэг. 

-Үнэхээр би ч гэсэн энд орж ирээд үндэсний хувцсаа өмсмөөр, монгол ахуйд амьдармаар санагдаж байна. Яаж ийм нандин, тансаг ур хийцийг бий болгодог байна аа? 

-Би ямар нэгэн шашин, бөөгийн зан үйл шүтэж тахидаггүй ч уран бүтээлийн онгод тэнгэр байдагт итгэдэг. Заримдаа хэнтэй ч юу ч ярилгүй зөвхөн өөрийгөө чагнаад урлахаар их гоё давтагдашгүй загвартай гарч ирнэ. Хүн өөртэйгөө ажиллаж, өөрийгөө таньж, өөрийгөө сонсож сурснаар давтагдашгүй бүтээл бий болдог. 


МИНИЙ ДЭЭЛНҮҮДИЙН ЗАГВАР НЭГ Ч УДАА ДАВТАГДААГҮЙ

-Таны давуу тал юу вэ?

-Би мэдрэмжээ шингээж урладаг. Өөрийгөө чагнаж, загвар эсгүүр бүрээ өөрөө гардаж хийдэг. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд миний дээлнүүдийн загвар нэг ч удаа давтагдаагүй. Энэ л бидний давуу тал юм болов уу гэж боддог.

-Нэг дээлэнд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Хийц загвараас шалтгаална. “Хаан” галерей дахь үзэсгэлэнд дэлгэсэн битүү зүү ороосон дээлийг хоёр жил урласан. Нэг даалин урлахад л ямар их хугацааг зарцуулдаг билээ дээ. Хугацаа шаардана гэдэг бол тэнд маш их ур чадвар, сэтгэл зүрх шингэсэн нь харагдана. 

-Энд огт үзэж хараагүй гоё даавуунууд байна. Магадгүй, таны мэдрэмжтэй холбоотой байх?

-Би хаана ч явсан хамгийн чанартай, эдэлгээ даах материал хайдаг шүү. Юунд ч баригдалгүй олон төрлийн янз бүрийн материал хэрэглэдэг. Хүмүүсийн дунд хятад бол муу, итали бол сайн  гэдэг ч юм уу нэг тийм нийтлэг ойлголт бий. Үнэндээ бол тийм биш. Аль ч улс байгалийн гаралтай утсаар цэвэр эко даавууг хийдэг. Тэрийг л сонгож хэрэглэх нь чухал. Одоо монголчууд өөрсдөө даавуугаа үйлдвэрлээд эхэлчихлээ. Материалын сонголт дээр мэдрэмж гэхээсээ илүү миний олон жилийн туршилт, судалгаа, практик арга барил илүү нөлөөлдөг. 

-Монгол үндэстэн олон ястнаас бүрддэг. Та ихэвчлэн ямар дээл хийж байна вэ?

-Би өөрөө төв халх хүн болоод ч тэр үү, халх үндэстний хувцсаа урладаг. Олон ястны хувцас хэрэглэлийг олон жил судалж байгаа. Түүх бүтээх, өв соёлыг үнэн бодитоор өвлүүлэх нь миний зорилго учраас цаашид урлан маань олон ястны хувцас хэрэглэлээр баяжаад явна. ”Хамаг монгол” төслийн ᠌”Халуун элгэн нутаг” дууны хувцсыг урлах том даалгаврыг С.Жавхлан надад өгсөн.  Ар Монгол, Буриад, Халимаг, Өвөр Монгол, Тува  үндэстний өөр өөрийн шинж чанарыг агуулсан дээл хувцсыг оёход үнэхээр гоё байсан. Өөрийгөө дотроо голж халаглаж байсан ч ёстой л онгодоо сэрээж, ур чадвараа дайчлан сар хүрэхгүй хугацаанд дуусгасан. Ажлаа эхлээд удаагүй байсан болохоор сэтгэлзүйн хувьд бэлэн биш байсан л даа. Одоо харахад өөрийгөө хийсэн гэхэд итгэмээргүй санагддаг. Тэр клипийг нь үзээд үнэхээр их омогшдог. Өөр өөрсдийн хэв шинжийг агуулж, донж маяг нь тохироод хөөрхөн харагддаг. Төслийн дуучид яг  манай дээл байна шүү дээ гээд урамшуулж байсан. 


БИД ҮНДЭСНИЙ ХУВЦСААРАА ДЭЛХИЙД ТАНИГДАХ ЁСТОЙ

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өдрийн 80 хувийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Ажлаа л хиймээр санагдаад байдаг хүн дээ. Ажлаасаа огт уйдаж байгаагүй. Нэг өдөр амрах гэхээр ажил дээрээ хурдан очмоор ч юм шиг санагддаг. Ажилтайгаа л аргамжаа, уяатай юм шиг байдаг даа(инээв). Амралтын өдрүүдэд амардаггүй ээ.

-Та дэлгүүрээс хувцас авч өмсдөг үү?

-Ер нь их ховор доо. Оюутан байхдаа ч өөрөө бүх хувцсаа оёод өмсчихдөг байсан. Осолдохгүй гутал л авдаг. (инээв). Одоо гадуур явсан ч таалагдах зүйл ховор болсон учир өөрөө хийгээд өмсдөг.

-Өдрийн ихэнх цагийг ажилдаа зарцуулдаг юм байна. Хүүхдүүддээ хэр цаг зав гаргадаг вэ?

-Манайх гурван хүүхэдтэй. Хүүхдүүдтэйгээ хамт удаан байхыг хүсдэг ч санаснаар болохгүй ээ. Хамт байхдаа дуртай хоолыг нь хийж өгч, эрхэлж тоглож аль болох үр дүнтэй хайрлахыг эрмэлздэг. Азаар манай хүүхдүүд бас ээж шигээ урландаа хайртай, энд байх дуртай.  Том охин минь СУИС-ийн загвар зохион бүтээгчийн ангийг төгсөөд одоо хамт ажиллаж байна.  Дунд хүү маань бас л их авьяастай, уран барималд сонирхолтой, зураг зурдаг. Манай бага одоо хоёр настай.

-Таны хувьд урлах эрдмийг ээжээсээ өвлөсөн. Охин тань бас танаас өвлөн авчээ. Танай гэр бүл өв уламжлалыг ингэж өвлүүлж яваа бахархалтай сайхан санагдлаа?

-Баярлаа. Энэ бол зогсоож тасалж болохгүй өв соёл. Цаашдаа монгол үндэсний хувцсыг улам хөгжүүлэн дэлхийд таниулах зорилготой. Бидний үе үүх түүхээ хүн төрөлхтөнд одоо ахуй соёл, өв уламжлалаараа харуулах ёстой. Тиймээс ганцхан миний үр удам төдийгүй монголчууд бүгд дурлаж, өмсөж хэрэглэж, оёж улам цааш хөгжүүлэн авч яваасай гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа. 

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button