СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Үсчин, гоо сайханчид дахиад хаагдах вий гэх айдастай ажиллаж байна

Өнгөрөгч нэгдүгээр сарын 23-наас эхлэн нийслэлд тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж зарим нэг салбар, чиглэлийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний хүрээнд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээнүүд нээгдэж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд буй.

Хоёр сар гаруй хугацаанд худалдааны төвөөр орох нь бүү хэл гэрээсээ ч хамраа цухуйлгаагүй иргэд, үйлчилгээ нээгдсэн эхний өдрүүдэд бөөгнөрөл үүсгэж, эрсдэл дагуулаад буйг Эрүүл мэндийн яамны хурлаар онцлов. Үйлчилгээ нээгдээд долоо ч хоноогүй байтал гэрээр үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрч өдгөө ХӨСҮТ-д тусгаарлагдаад буй.

-АЖИЛЛААГҮЙ ХОЁР САР ГАРУЙ ХУГАЦААНД ХООЛНЫ МӨНГӨӨ ТАСЛАХГҮЙН ТУЛД ҮСЧНИЙ САНДАЛ, БАС БУС ЦАХИЛГААН ХЭРЭГСЛЭЭ ЗАРЖЭЭ-

Улмаар Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдаж, Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар үйлчилгээ нээсэн аж, ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, цаашлаад үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм. Тиймээс манай сурвалжлах баг үсчин, гоо сайхны салонууд халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахиж буй болоод болон иргэдийн хөдөлгөөн ямар байгааг мэдэхээр дараах сурвалжилгаа бэлтгэлээ.

Юуны өмнө удаан хугацаанд хаалттай байсан үсчингүүд, нээгдээд төд удалгүй  коронавирусийн голомт болсон байж болзошгүй хэмээх шалтгаанаар яриа, мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа. Бид Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах СУИС-ын ойр орчмын үсчин, гоо сайхны газруудаар орсон юм. Хамгийн эхэнд орсон хоёр үсчний газарт ажилчдаас өөр холхих хүнгүй, хоосон шахуу байлаа. Ажвал зарим нэг тоног хэрэгслээ зарсан гэмээр харагдав. Өөрийн бодлыг бататгах үүднээс тус газрын түрээслэгч Ж.Нямсүрэнгээс тодруулахад, ажиллаагүй хоёр сар гаруй хугацаанд хоолны мөнгөө таслахгүйн тулд үсчний сандал, бас бус цахилгаан хэрэгслээ үнэ тохирч хямд худалдсан тухайгаа хэллээ. Мөн хорио цээрийн хугацаанд өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс гэрээр үс засалгүй, үсчин болон гэртээ байгаа зарим тавилгаа худалдаж, хүнсээ авснаа ч нуусангүй.

Үүнээс харахад өдрийн орлогоороо амь зуудаг түрээслэгчдийн амьдрал төдий хэрээр уруудан доройтсоныг харуулж байна. Зургаа авахуулж, яриа өгөхөөс татгалзсан тул бид дараагийн газарт оров. Гаднаа “Шүүдэрхэн” хэмээн бичсэн салон руу орвол шалаа цэмцийтэл арчиж, үүдэндээ гар ариутгах санитол, солих нэг удаагийн амны хаалт, халуун хэмжигч, бүртгэлийн код бүхий хэвлэмэл цаасыг хэвлэж тавьжээ. Тус газар нь гурван үсчин, хоёр маникюрчинтай бөгөөд бүгд хамгаалалтын нөмрөг, малгай, амны хаалт зүүсэн байв. Үсчний сандлаа ч мөн зай авч байршуулжээ. Биднийг ороход дунд эргэм насны эмэгтэй үсээ будуулж байв. Харин маникюрын суудал эзэнгүй байлаа.

Бид тус газрыг хариуцан ажиллуулж буй Н.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр үсчнээр ажиллаад 17 жил болж байгаа аж.

-“ШҮҮДЭРХЭН” САЛОНЫ ҮСЧИН Н.АЛТАНЦЭЦЭГ: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРИЙН ДАРАА БАГАЖАА АРИУТГАЖ, ЧИЙГТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ БАЙГАА-

-Хоёр сар гаруй хугацаанд хаалттай байсан үсчин, худалдааны төвүүд энэ сарын 23-нөөс эхлэн үе шаттайгаар нээгдлээ. Нээгдсэн өдрүүдэд үйлчлүүлэгчдийн хөдөлгөөн хэр байв?

-Үсчин, худалдааны төвүүдийг нээх шийдвэр гарсныг мэдээнээс дуулсан даруйдаа л цэвэрлэгээ ариутгалаа хийж, үсчингээ нээсэн. Удаан хугацаанд нээгээгүй учир мэдээж маш их сэтгэл догдоллоо. Манайх энд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон учраас шинэ гэхээс илүү байнгын үйлчлүүлэгчид ихтэй. Нээгдсэн эхний хоёр өдөр бага зэрэг ачаалалтай байсан. Бид ч ном журмынхаа дагуу бөөгнөрөл үүсгэхгүйн тулд үйлчлүүлэгчиддээ бусад ажлаа амжуулаад ир, түр хүлээж байгаарай гэх мэт зохицуулалт хийсэн. Өнөөдрийн хувьд үйлчлүүлэгч бараг л алга. Бид хоосон шахуу л сууж байна даа.

-Үйлчлүүлэгч багассаныг юу гэж харж байна вэ, цар тахлаас өөр шалтгаан нөлөөлсөн байх боломжтой юу?

-Ер нь бол зөвхөн цар тахлаас болоогүй. Цахим ертөнц хөгжихийн хэрээр иргэд маань өөрсдөө үс зүсээ янзалдаг болсон байна. Ер нь л сүүлийн гурван жил үсчнээр үйлчлүүлэх иргэд багассан. Хүмүүс ярьдаг шүү дээ. Шинэ жилээр л үсчид, наймаачид цөм хийдэг гэж. Гэхдээ энэ нь өрөөсгөл юм. Хуучин цагт иргэд үсчний газраар их үйлчлүүлдэг байсан. Харин жил ирэх бүр баярын өдрөөр ч үсчинд орж ирэх нь багассан. Ер нь бол ихэвчлэн эрчүүд л үсчингийн гол орлогын эх үүсвэр болж байна. Эмэгтэйчүүд санхүүгийн хямрал, бас бус шалтгааны улмаас үсчин орох нь багассан. Эрчүүд яалтчгүй 14-21 хоногтоо зайлшгүй нэг удаа үсээ засуулдаг.

-УОК-оос үүрэг чиглэл өгсний дагуу МХЕГ-аас үсчин, худалдааны төвүүдээр шалгалт хийж байгаа болов уу. Танайхаар орж ирэв үү?

-Шалгалт ойр ойрхон орж байгаа. Бид Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж байгаа. Тиймээс ямар нэг асуудал гараагүй. Үйлчлүүлэгч бүрийн халууныг хэмжиж, гарыг ариутгасны дараа бүртгэлийн код уншуулж, хуучин амны хаалтыг хаяулж, шинийг зүүлгээд үйлчилж байна. Мөн үйлчлүүлэгч бүрийн дараа багаж, хэрэгслээ ариутгана, агаар сэлгэх зэргээр хичээж байгаа.

-ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ, ЁС ЗҮЙТЭЙ ҮСЧДИД ГЭРЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ДЭМЖИХГҮЙ-

-Үйлчлүүлэхээр орж ирсэн иргэд та бүхний тавьсан шаардлагыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ер нь бол сайн байна. Иргэд маань ч гэсэн мэдээ, мэдээлэл их уншдаг хардаг болсон нь мэдрэгдсэн. Өөрсдөө хэлүүлэлтгүй л бүхнийг мэдэж хамтарч ажиллаж байгаад нь сэтгэл хангалуун байна.

-Үйлчилгээний газруудыг нэг хүнд 15-аас ихгүй минутад үйлчлэх журам гаргаад байгаа. Үсчний газарт энэ нь хэр амьдралтай байж чадах вэ?

-Эрэгтэй үсийг бол 15 минутад багтаагаад засах боломжтой. Харин эмэгтэй үсний хувьд хэцүү. Будаг, хими гэхчлэн ажиллагаа ихтэй үйлчилгээг яагаад ч амжихгүй шүү дээ.

-Гэрээр үс засаж байсан үсчнээс халдвар илэрч, тухайн гэр бүлийн гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Иргэдээс гэрээр үс засах санал хэр их ирсэн бэ?

-Ер нь ирсэн шүү. Бид байнгын үйлчлүүлэгч ч гэсэн тэдний саналыг хүлээж аваагүй. Орлогоо бодоод очмоор байвч, нөгөөтээгүүр өөрийгөө, гэр бүлээ, ажилчдаа, ард түмнээ эрсдэлд оруулах учир татгалзсан. Олон жилийн туршлагатай, ёс зүйтэй үсчид гэрээр үс засахыг дэмжихгүй болов уу. Харин шинээр үсчин болсон, туршлага бага, орлогогүй иргэдийн хувьд дуудлагаар үс засаж, амьдралаа залгуулж байсан болов уу гэж харж байна. Ер нь гэртээ хүүхдээ хардаг эсвэл нас тогтсон эмэгтэйчүүд үсчний сургалтад сууж, өөртөө ажлын байр бий болгох нь ихэссэн. Түүнийгээ дагаад үсчид ур чадвар, ёс зүйгээ алдаад байх шиг санагддаг юм.

-НЭЭГДСЭН УЧИР ЭРСДЭЛГҮЙ БАЙЖ ОЛОН ӨДӨР АЖИЛЛАХАА БОДООД ХИЧЭЭН АЖИЛЛАЖ БАЙНА-

-Та бүхний хувьд ажиллаагүй хугацаанд ар гэрийн амьдралаа хэрхэн залгуулж байв?

-Үгүй яах вэ. Яалтачгүй онцгой нөхцөл байдал учир улсынхаа шийдвэрийг дагаж, хүлээцтэй хандсан. Гэр бүлийн хүнийхээ цалингаар хоёр сардаа бол аргалсан. Ажилчдын хувьд ч гэсэн тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, гэр бүлийн орлогоороо өнгөрсөн саруудыг тэссэн. Одоо нээгдсэн учир эрсдэлгүй байж олон өдөр ажиллахаа бодоод хичээн ажиллаж байна.

-Ажиллаагүй саруудын түрээсээ яаж төлсөн бэ?

-Яах вэ түрээсийн төлбөрөө түрээслэгчтэйгээ тохироод уян хатан байхаар зохицуулалт хийсэн. Миний хувьд энэ газраа сүүлийн таван жилийн турш түрээсэлж байна. Цар тахлын үеэр түрээсийн төлбөрийн асуудал яригдаж гэрээгээ эргээд харахад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан ажиллаагүй саруудад түрээсийн төлбөрийг хэрхэх тухай заалт байдаггүй юм билээ. Түүнийг анзаарах хэрэгтэй санагдсан. Одоо үйл ажиллагаа эхэлсэн гэдэг утгаараа үйлчлүүлэгчгүй байсан ч бид түрээсээ төлж эхэлнэ.

-ҮЙЧЛҮҮЛЭГЧДИЙГ ЗАЙ БАРИУЛАХЫН ТУЛД ТААЗАНДАА ТУНГАЛАГ ХУЛДААС УНЖУУЛЖ, САНДАЛ ХООРОНД ТАСАЛГАА ГАРГАЖЭЭ-

Ийнхүү бид дараагийн үсчин рүү орлоо. Мөн л үйлчлүүлэгчгүй хоосон заал биднийг угтлаа. Тухайн газрын үсчид зургаа даруулах, яриа өгөхөөс мөн л татгалзсан учир бид жижигхэн хэр нь тохилог үсчин рүү орлоо. Дотогш орвол ахимаг насны үсчин эгч үйлчлүүлэгчийн үсийг хатааж байлаа. Харин хажуу буланд маникюрын хэрэгсэл бүхий ширээ харагдавч хоосон байв. Тухайн үсчин үйлчлүүлэгчдийг зай бариулахын тулд таазандаа тунгалаг хулдаас унжуулж, сандал хооронд тасалгаа гаргасан нь нүдэнд туслаа.

Харин үүд хэсэгт халууны шил, гар ариутгагч, нэг удаагийн бээлийг байрлуулсан байх бөгөөд ажилчид бүгд бээлий, амны хаалт зүүжээ. Тус газрыг эзэмших 40 орчим насны эмэгтэйгээс үйлчлүүлэгчид хэр олон байгаа болон халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж буй тухай лавлахад:

“Эхний өдөр харьцангуй хүн ихтэй байлаа. Дараагийн өдрөөс багассаар өнөөдөр ердөө 3 дахь үйлчлүүлэгчээ аваад сууж байна. Тиймээс үйлчлүүлэгчийн зай бариулах нь асуудалгүй. Мөн бид амны хаалтыг зохих журмынх нь дагуу солиулж байгаа. Маникюр бол бүр л хоосон шахуу байна” хэмээх хариултыг өглөө.

Харин тус үсчний газраас гараад доош уруудах замд “Прогрес” хэмээх үсчний газар биднийг угтав. Үүднээсээ нүдэнд тусах бөгөөд дотогш орвол 30 гаруй насны залуу шалаа арчиж байгаатай таарав. Бид зураг болон мэдээлэл авах хүсэлт тавихад саналыг уриалагхан хүлээж авлаа. Улаан өнгөөр тавилгаа жигдэлсэн эл газар нь үйл ажиллагаагаа эхлээд 30 орчим жил болжээ. Үйлчилгээ болон өнгө аясаараа хэдийн үйлчлүүлэгчээ татсан нь илтэд мэдэгдэв. 50 орчим насны эмэгтэй бидний дагуулан үйл ажиллагаатайгаа танилцуулав.

Тухайн газарт үсчин, гоо сайхан, маникюр, педикюр байрлах бөгөөд цөөн үйлчлүүлэгчтэй байв. Хажуу ханандаа өнгө өнгийн алчуурыг ариутгаж, шилэн хоргонд байршуулсан нь анхаарал татлаа. Бид тус газрын үсчин С.Пүрэвдоржтой ярилцсан юм.

Тэрбээр үсчний мэргэжил эзэмшээд 16 жил болж буй бөгөөд тус газарт тогтвор суурьшилтай ажиллаж буй. Хос үсчингээр ажилладаг ч эрэгтэй үс засах сонирхолтой байна.

-“ПРОГРЕС” САЛОНЫ ҮСЧИН С.ПҮРЭВДОРЖ: БИД УОК-ЫН ЖУРМЫГ МӨРДӨЖ, АЛЬ БОЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭХЭЭС СЭРГИЙЛЖ БАЙНА-

Үсчин, худалдааны төвүүд нээгдсэн өдрүүдэд үйлчлүүлэгчдийн хөдөлгөөн хэр байв?

Дөнгөж нээгдсэн өдөр бол үйлчлүүлэгчид сайн байсан. Хоёр сар гаруй хаалттай байсан учир ялангуяа эрчүүдийн үс их ургасан байлаа. Тиймээс ирээд үсээ засуулсан. Бид УОК-ын журмыг мөрдөж, аль болох үйлчлүүлэгчийн бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж байна. Эхний өдрүүдэд хөдөлгөөн их байснаас сүүлийн хоёр өдөрт бол нэлээн багаслаа. Нэг дороо овоорсонгүй. Зарим үйлчлүүлэгч утсаар захиалгаа өгөөд явж байгаа.

-Үйлчлүүлэгчид та бүхний тавьсан шаардлагыг хэр хүлээн авч, хамтарч ажиллаж байна вэ?

-Хүмүүс маш сайн дэмжиж байна. Орж ирээд өөрсдөө халуунаа хэмжүүлж, тэмдэглэгээгээ хийлгэж байгаа. Ёс журмын дагуу л бүх зүйлийг хийж байна. Хоёр цаг тутам агаараа сэлгэж, чийгтэй цэвэрлэгээ хийж байна. Хүмүүс орж гарч байгаа учир ойр ойрхон л чадахаараа цэвэрлэж байна даа.

-Ажиллаагүй хоёр сар гаруй хугацаанд түрээсийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Яг суудал түрээсэлж байгаа хүмүүсийн хувьд гайгүй, давхар түрээсэлж байгаа хүмүүст харин хэцүү байх шиг байсан. Ажиллаагүй байгаа ч түрээсээ авна шүү дээ. Манай түрээслэгчийн хувьд бол дарамт шахалт харьцангуй бага, уян хатан байсан.

-Ар гэрийн санхүүгээ хэрхэн зохицуулавГадуур үсчид гэрээр үйлчилж байгаа гэх мэдээллүүд гарлаа шүү дээ?

-Дуудлагаар их үс засаж байх шиг байсан. Бидний хувьд аюулгүй байдлаа бодоод гэртээ л байхыг хичээсэн. Учир нь цар тахлын хорионы дараа эргээд ажилдаа орж, үйлчилгээ үзүүлэх нь тодорхой шүү дээ. Тиймээс хүлээцтэй хандсан. Ажиллаж байх хугацааны багахан хуримтлалаараа л өнөөдрийг хүртэж тэссэн дээ. Бид тогтмол цалин бус өдрийн орлогоороо амьдардаг учир хүнд л өдрүүд өнгөрсөн.

-НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ ДАХИАД ХААГДАХВИЙ ГЭХЭЭС ЭМЭЭЖ ҮСЧИД БИД ЧАДАХААРАА Л ХИЧЭЭЖ БАЙГАА-

-Халдвар хамгааллын дэглэмээ сахиад үйлчилбэл, үсчин хэр эрсдэлтэй вэ. Та бодлоо хуваалцаач?

-Би бол харьцангуй гайгүй л гэж харж байгаа. Үйлчлүүлэгч үүднээс орж ирэхэд халууныг хэмжээд, гарыг нь ариутгаад, амны хаалтыг нь солиулаад сандал дээрээ суулгана. Ингээд ариутгасан нөмрөг зүүлгэж, үсийг нь угаадаг. Угаасны дараа ариутгасан багажаар тухайн үсчин амны хаалт, бээлийтэй үйлчилнэ.Тиймээс үсчид өөрсдөө л дэглэмээ сайтар сахивал, асуудал бага гэж хараад байгаа. Мөн нэг нэгэндээ шаардлагаа тавих нь чухал гэж хараад байна. Нөхцөл байдал хүндэрч дахиад хаагдахвий гэхээс эмээж үсчид бид чадахаараа л хичээж байгаа.

-Эрүүл мэндийн яамнаас үс сэнстэх, шүүрдэж авахаас зайлсхий гэж байгаа. Та бүхэн энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Өвлийн улирал үсийг хатаах шаардлага гарч байна. Аль болох л зайлсхийж байгаа ч бүрэн зогсоох боломжгүй. Үсний хувьд бол соруулж авахад асуудалгүй. Чадахаараа л журмаа дагаад ажиллаж байгаа” гэв.

Тухайн газраас гарсны дараа бид дараагийн үсчин рүү орвол мөн л хүнгүй байлаа. Дотор суух маникюрчин бүсгүйгээс нөхцөл байдлын тухай асуувал:

“Маникюр бол ер нь хүн багатай. Улирал дагаж ачаалал нэмэгддэг. Өвлийн саруудад тэмдэглэлт өдрүүдээс бусдаас хүн бараг л байдаггүй. Дээр нь хумс будах дамтамж нь ч гэсэн зайтай. Эхний хоёр өдөр үйлчлүүлэгч гайгүй байсан ч, өнөөдөр хоёр л энгийн будалт хийлээ. Ер нь бид үйлчлүүлэгч суугаад хүлээх биш, өөрсдөө явж байж орлогоо бүрдүүлдэг” гэлээ. Бидний орсон хэд хэдэн үсчин болон гоо сайхны салонууд яриа мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан нь, дахиад хаагдахвий гэх айдаст хүлэгдсэн байлаа.

Харин тухайн салонуудаар үйлчлүүлэгчдийн зүгээс дараах нийтлэг асуудал, хүсэлтийг тавьж байв. 30 гаруй насны эмэгтэйн хувьд бүртгэлийн код уншуулах асуудалтай байгааг уламжлав. Учир нь тухайн кодыг уншуулахын тулд үйлчлүүлэгчийн утас интэрнэтэд холбогдсон байх ёстой гэв. Харин дараагийн асуудал нь бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байгаа нь хүндрэлтэй байгааг ч мөн хэллээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Өнөөдрийн сурвалжилгаас анзаарсан, баярламаар нэг зүйл нь үсчид бүгд чадах чинээгээр халдвар хамгааллын дэглэм сахисан явдал байлаа. Тэд халдвар хамгааллын дэглэмийг бүрэн ухамсарлаж, аюулгүй ажиллагааг эрхэмлэж байсан нь талархууштай. Нөгөөтэйгүүр өдрийн орлогоороо амь зуудаг тэдний хувьд дахиад үүдээ хаалгах нь үйл ажиллагаагаа зогсоосноос өөрцгүй тул дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ хичээнэ. Бүгд л хаагдах вий гэх айдсаасаа болоод хэвлэлд ам нээх, үзэл бодлоо илэрхийлэхээр эмээж байсан нь харамсалтай. Ямартай ч үсчид дор бүрнээ хичээж, дэглэмээ сахиж байгаа тул иргэд ч мөн ухамсартай байж хамтран ажиллавал цаашид эрсдэлээс өөрийгөө болоод хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадах билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. 26.01 sar BGD iin 5 horoond shalgalt orj ireegui. Batlan hamgaalahiin huvtsastai neg hun orj ireed ner bichuuleed garaad yavsan. Ingej hyanalt hiiheer yaj Bayangoloos haldvar arilah bii dee. Hajuud ni ajillaj bui busad uilchilgee haldvar avah bii gehees tugshuurtei bna. Ed nar zuvhun uursdiiguu baglaj huvtsaslasan bna. Uur ym alga. Yun standart.

  2. Үсчингүүд үнэн зава####даа з####хуу худ####ч хуурамч.Тэр ####чуур,сам энэ тэрийг хэзээч цэвэрлэхгүй ариутгахгүй наха####ны хүмүүс чинь үсчингүүд шүү дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button