ТОЙМ: Бэлэн боллоо, одоо том сэдвүүд жинхнээсээ өрнөж эхэлнэ
Өнгөрч буй долоо хоногийн улс төрийн ертөнцөд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Үүний өмнөх долоо хоногт У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдсэн ч томилогдож амжаагүй. Мөн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын нэр холбогдох мэдээллүүд хоёр талд хэлэлцэгдэж, Дубайн гэрээний асуудал яригдсаар байв. Эдгээр үйл явдлуудын үргэлжлэл энэ долоо хоногт өрнөж, цаашид өрнөх томоохон сэдвүүдийн үндэс тавигдсан гэхэд болно.
С.ГАНБААТАРЫН ӨЛСГӨЛӨН

Шинэ долоо хоногийг хамгийн түрүүлж угтсан улс төрийн үйл явдал бол УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөн байлаа. Тэр Дубайн гэрээг цуцлах, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлага тавин өлсөж эхлэв. Харин яг бодит шаардлага нь манай Засгийн газар Нью-Йоркийн Дээд шүүхэд Рио Тинтогийн эсрэг нэхэмжлэл гаргах явдал байв.
Тэр гартаа С.Батболд нарын гэх оффшор хөрөнгийн тухай Нью-Йоркийн Дээд шүүхийн цахим санд буй материалуудыг хэвлээд, “Энэ бол МАН Рио Тинтогоос авлига авсныг гэрчлэх 1400 хуудас баримт” хэмээн сүржин зарлаж зогссон. Л.Оюун-Эрдэнэ миний шаардлагыг хүлээж автал би өлссөөр байна хэмээсэн.
УИХ-ын гишүүн, ард түмний элч төлөөлөгч хүн өлсгөлөн зарлана гэдэг энгийн нэг үзэгдэл биш, гаднын хэвлэлүүд ч харж, мэдээлж буй гэдэг үүднээс зарим гишүүдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл түүнд санаа тавьсан. Эмч эрүүл мэндийн хэд хэдэн эрсдэл байгааг сануулж, цагдаа хэд хэдэн удаа ирж албадан болиулах гэсэн ч тэр үргэлжлүүлсээр байв.
Ингээд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын санал тавьснаар С.Ганбаатар Оюу толгойг шалгах Засгийн газрын ажлын хэсэгт орж, ажиллахаар болсон. Түүнчлэн Х.Нямбаатар Нью-Йоркийн Дээд шүүхэд хэрэгсэхгүй болсон шүүхийн ажиллагааг дахин сэргээх, шүүх хурлыг товлуулах хүсэлтийг нэхэмжлэгч талын хөлсөлсөн хуулийн фирмд илгээсэн. С.Ганбаатарын өлссөний үр дүн гэвэл энэ.
Үеийн үед л Оюу толгойн сэдвийг шатны гишгүүр болгон ашигласан ч тодорхой үр дүнд хүрч байгаагүй С.Ганбаатарын энэ удаагийн өлсгөлөн хоёр талаас ажиглагдсан. Нэг талд АН угшлын хэд хэдэн улс төрчид түүнтэй ирж уулзан, сэтгүүлчид нүүр хуудастаа өмгөөлөн бичиж байсанчлан Ерөнхийлөгчийн талд ажиллаж байна уу гэх хардлага. Нөгөө нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүйг Дээд шүүх мэдэгдсэн тул өөрөө үзээд алдахаар шийдэж, бэлтгэлээ хийж эхэлсэн үү гэх өнцөг.
Ямартай ч тэр өлссөнөөр Оюу толгойн ажлын хэсгийн гишүүд тэнцвэржиж, Нью-Йоркийн шүүх дээр гацаад байсан үлгэр домог шиг шүүхийн нэхэмжлэлийн асуудал нэг тийш болоход алхам ойртлоо. Гэхдээ тав хоног өлссөн ч тэр өлсгөлөнгөө зогсоогоогүй байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮЛЭЭС

Энэ үеэр Ерөнхийлөгчөөс шинэ Ерөнхий сайдыг томилох тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д танилцуулах өдөр хүлээгдсээр байлаа. Үндсэн хуульд зааснаар МАН-аас нэр дэвшүүлж буй эрхмийн нэрийг хүлээж авсан өдрөөс тав хоногийн дотор ийн хариу мэдэгдэх ёстой. Гэтэл баасан, даваа, мягмар гурван өдөр болоход тэр хөдөлсөнгүй. Хуулийн хугацаа лхагва гаргийн орой дуусахаар байв.
Түүнийг энэ хооронд шинэ танхимд томилогдон ажиллах сайд нарт нөлөөллөө бататгахаар оролдож байна уу гэх хардлага үүссэн. Өмнөх Засгийн газрын томилгоонд тодорхой хэмжээнд нөлөөлж чадаж байсан түүнийг энэ удаад МАН тийм ч найрсаг хүлээж авахгүй гэж хөшигний ард яригдсан. Нөгөө талд, Ерөнхийлөгч бүр хариугаа өгөхгүй гүрийчихвэл хуулийн хүрээнд процесс яаж үргэлжлэх вэ гэдэг асуулт ч тавигдаад байв.
Гэхдээ арай ч тэгж, улс төрийг дайн-тэмцэл болгож хувиргасангүй, лхагва гарагт хариугаа мэдэгдэж, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох царцаад байсан процесс үргэлжлэв. Ингээд УИХ хэлэлцэн баталснаар Монгол Улс 32 дахь Ерөнхий сайдаа томилсон.
Л.Оюун-Эрдэнэ зоримог, шаламгай ажиллах төлөвтэй буй. Идэвхгүй, цаас харж текст уншсан биш дотоод шаталтаар дайравхийлдэг Ерөнхий сайд байх нь гэж харагдаж байгаа. Намар Эдийн засаг-хөгжлийн яам болон Цахим хөгжлийн яам гэх хоёр яамыг шинээр байгуулж, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд даруй анхаарна хэмээсэн. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажлыг уламжилж, эхлүүлснийг нь дуусгаж үргэлжлүүлнэ гэсэн ч байр суурьтай байгаа.
Нэгэнт ажлаа авсан тул одоо цаг алдалгүй танхимдаа ажиллах Засгийн газрын гишүүдийг томилох ёстой. Энд албан тушаал гуйж, мөрөөдөж амьдардаг хэсэг улс төрчийн нойр хэдэн өдөр хулжсан билээ.
МАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС Ч ГҮРГЭР

Ерөнхий сайдыг томилсны маргааш буюу пүрэв гарагт Байнгын хороо, УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хуулиудад тавьсан хоригийг хэлэлцсэн юм. Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулга:
- Авлигын эсрэг хууль
- Шүүхийн тухай хууль
- Засаг захиргаа, орон нутгийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэсэн гурван хуульд хэсэгчилсэн хориг тавьсан.
Эд бол МАН олонх парламент бүрдсэний үндсэн дээр нэлээд шаламгайлан шатаж баталсан онцлох хуулиуд. Гол нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулж, Ерөнхийлөгчид хуульд заагдсанаас гадуур эрх мэдэл олгохгүй гэдэг үзэл санааг барьж батлагдсан хуулиуд гэж тайлбарлагддаг.
Авлигын эсрэг хуульд гэхэд АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгохоо больж, Шүүхийн тухай хуульд гэхэд ШЕЗ, Сахилгын хорооны гишүүдийг Ерөнхийлөгч томилох боломжгүй болсон.
Хоригуудын нэгийг нь л хүлээж авна гэдгээ МАН-ын бүлэг илэрхийлээд байв. УИХ-ын чуулганаар өдөржин хэлэлцээд мөн л ижил үр дүнд хүрлээ. Авлигын эсрэг болон Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдэг дээр гишүүдийн олонх санал нэгдсэн юм.
Үүн дээр МАН Ерөнхийлөгчөөс ч илүү гүргэр загнасан юм. Хориг хэлэлцэх үеэр АН-ын гишүүдээс гадна бие даагч Н.Алтанхуяг Ерөнхийлөгч талд үг хэлж байсан нь анхаарал татна.
ОФФШОРООС МӨНГӨ ОРЖ ИРСЭН, ИРЭЭГҮЙ

МАН-аас Ерөнхийлөгчийг чангалж буй бас нэг сэдэв бол Өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төсөл. Ерөнхийлөгч өөрөө оффшор бүсээс орж ирсэн /оруулж ирсэн/ хөрөнгөөр үүнийг санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн ч Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Оффшороос юу ч орж ирээгүй. Хүний хөрөнгийг зөвшөөрөлгүй хураах хуулийн зохицуулалт ч байхгүй” хэмээгээд эможоор “бөөлжсөн”.
Ерөнхийлөгч уг асуудлыг пүрэв гаргийн УИХ-ын чуулганы үеэр өөрийн биеэр орж ирээд дахин хөндсөн. Мөнгө орж ирчхээд байхад Ч.Хүрэлбаатар нуулаа хэмээгээд, тогтоолын төслийг хэлэлцэхгүй байсаар намрын чуулган хааж буйд харамсаж байна гэсэн. Ингээд ээлжит бус чуулган зарлаж ч болов Өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслөө хэлэлцүүлнэ хэмээсэн юм.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн зүгээс оффшор бүсээс Төрийн санд мөнгө орж ирсэн гээд гүрийчхэж байгаа. Ч.Хүрэлбаатар “Нэг цент ч орж ирээгүй” гэж мөн адил гүрийсээр. Одоо энэ асуудалд шинэ Сангийн сайдын байр суурь ямар байх, үйл явц хэрхэн үргэлжлэх нь хамгийн их анхаарал татаж байна.
ЗАСГИЙН ГАЗАР БҮРДЭВ

Пүрэв гаргийн чуулган Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хэлэлцсээр завсарласан бол баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг нэрсийг баталлаа.
Үүгээр Ц.Нямдорж эргэн ирэв. Түүнийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө урьжээ. ЗГХЭГ-ын дарга гэсэн статус. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гал тогоог хашир туршлагатай хүнээр бариулж, залуу сайд олонтой танхимдаа түшиг болгох гэсэн зорилго агуулжээ. УИХ-ын гишүүдийн олонх нь Ц.Нямдоржийг ширүүхэн эсэргүүцэж байна. Харин тэр өөрөө залуу сайдын урилгаар тав дахь удаагаа сайдын тангараг өргөж зогсохдоо ихэд сэтгэл хангалуун, хор нь тайлагдсан шинжтэй харагдсан. Хамгийн гол нь Эрдэнэтийн 49 хувь, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг мухарлаж, цэг тавихын тулд Ц.Нямдоржийг авчирсан гэдгээ Л.Оюун-Эрдэнэ нуусангүй.
Шадар сайдад С.Амарсайхан, БОАЖ-ын сайдад Н.Уртнасан, Гадаад харилцааны сайтад Б.Батцэцэг, Соёлын сайдад Ч.Номин зэрэг дүрүүд нэрлэгдэж, асуудалгүй тангаргаа өргөлөө. Х.Нямбаатар, Л.Халтар, Г.Ёндон зэрэг найман сайд улирч ажиллана. Харин шинээр нэр дэвшсэн найман хүний танилцуулга бичвэрийг энд дарж унших боломжтой.
Ч.Номинг Соёлын сайдаар томилсон нь зөөлөн хүчний бодлого буюу үндэсний соёлоо дэлхийд сурталчилж, үүгээр эдийн засагтаа томоохон хөрөнгө оруулалт хийх гэдэг сегмэнтийг чухалчилжээ. Өөрөөр хэлбэл контент хийнэ гэдэг дээр харсан бололтой.
Харин өмнө нь Гадаад харилцааны Дэд сайд хийж байсан, элчин сайдаар томилогдох тохироогоо хийчхээд больж, УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон Б.Батцэцэг сайд болов. Энэ нь түүний МАН-д нөлөөтэй, хүссэнээ авч чаддаг харизмтай эмэгтэй гэдгийг илтгэнэ. Хэвлэх үйлдвэрийн тендерүүдийг “Мөнхийн үсэг”-т хамж, албан тушаал гуйн Ерөнхий сайдын үүдэнд өдөржин хүлээж зогсдог гэхчлэн ярианы эзэн Б.Батцэцэг хамгийн муу нэртэй сайдаар нэрлэгдлээ.
Б.Жавхлан Сангийн сайдад маш боложмийн, Н.Уртнасан маш тодорхойгүй, Л.Энх-Амгалан БШУ-ны сайдад яг тохирсон гэж хэлэлцэгдэж байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авсан эхний 100 өдөрт ард түмнээ вакцинжуулна гэж мэдэгдлээ. Дөрвөн чиглэлд ажиллах тухайгаа тайлбарлалаа. Одоо олны анхаарлыг татаж, цаг үеийг улайсгаад буй оффшороос орж ирсэн гэх мөнгө, Оюу толгойн гэрээ, Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг сэдвүүд дээр Б.Жавхлан, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар хэрхэн ажиллах нь маш анхаарал татаж байна. Дуулианы эзэн болоод буй С.Батболд ч тэднийг харж буй.
Харин улс төрд буланд шахуулчхаад буй Ерөнхийлөгч бүх сайд нарыг хүлээн авч уулзаж, дотночлон захиж, халуун уур амьсгал бүрдүүлж, сайд бүрд "Улс төржихгүй шүү” хэмээн захьсан нь анхаарал татсан. Шинэ танхимтай эв түнжинтэй хамтарч ажиллая, алдагдсан харизмаа нөхөж авъя гэсэн түүний оролдлого болов уу. Нөгөө талд гүргэр МАН олонх парламент хүлээж буй.
Эцсийн дүндээ Засгийн газар бүрдсэнээр одоо л бүх процесс өрнөж эхлэхэд бэлэн боллоо.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улс маань өдий хүртэл амь бөхтэй муу муухай бүхнээсээ салж эхлээд бүр шинэ сайхан авилгагүй нийгэмд шилжих эхлэл гэж бодогдож байна. Бүгдээрээ хамтдаа мэрийж олигтойхон амьдарч улс орноо ч хөгжүүлье.
Зада нямдорж улсын эдийн засагийг бодохоосоо өмнө эцэг хүнийхээ үүргийг л боддог хүндээ. Аөрөө хэлсэн үгшүү.
Tsaas harj unshaagui genee ene setguulch nar orobdoltei umaa tehnologiin hogjliig ch medehgui chaabaas da tegeed bas tom tom um bichih sanaatai
Сэтгэл нэг л сайхан болчихсоныг хэлэх юун. Сайхан эрч хүчтэй ажлаа мэддэг ирээдүйгээ төсөөлж байгаа зөв ерөнхий сайдтай болчихоод хэлж ярьж төлөвлөж мөрөөдөж байгаа зүйл нь биелчихсэн юм шиг л хөөрч байна. Элдвээр хэлэлгүй эрвийх дэрвийхээрээ дэмжээд эх орноо хөгжүүлэхийг хичээе.Болохгүйг нь хэлж хазайвал түшиж туслах хэрэгтэй шүү