НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хөл хориог хохирол багатай давахаар хичээж буй “ЛОТУС” кофе хаус

Өвлийн жихүүн салхи хацар хайрсан сэрүүхэн өдөр Нийслэл Улаанбаатар хотод амьдрал буцална. Удаан хугацаанд хөл хориотой байсан болоод ч тэр үү хажуугаар зөрөх иргэд амны хаалт, бээлий зүүж цар тахлаас өөрсдийгөө хамгаалсан харагдана. Гэвч удаан хугацаанд үйл ажиллагаагаа зогсоохгүйгээр тогтвортой байлгах гэж тэмцсээр ирсэн ААН, худалдаа үйлчилгээний газруудаар иргэд урьдын адил олноор үйлчлүүлэхээ больсон нь анзаарагдав. Бидний орсон үсчин, барааны дэлгүүр, кофе шопууд эл хуль, хоосон оргих нь үүнийг батлах шиг... Анх нээлтээ хийснээс нь хойш онцгойлон зорьж очоогүй ч, өнгөрсөн хугацаанд үйлчлүүлэгчдийн урмын үгс, магтаалаар бялхсан “Лотус” кофе шопоор бид зочиллоо. Үүдээр нь ороход л заалнаасаа эхлээд байгалийн өнгө гэрэл биднийг дуудах шиг, дулаахан мэдрэмж төрснийг нуух юун. 20 дөнгөж гарч байгаа юу гэмээр залуу, бүсгүй хоёр кассан дээр үйлчилнэ.

-ЦАР ТАХЛЫН ҮЕЭР НЭЭСЭН УЧРААС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТОГТВОРТОЙ АВЧ ЯВАХАД БАГА ЗЭРЭГ ХҮНДРЭЛ УЧИРСАН-

Харин үүдний хажуугийн зөөлөн буйдан, ширээнд шинэхэн хосууд тухалсан харагдлаа. Тохижилт нь бидний хэлдгээр минималист буюу маш энгийн, дээр нь эко модон тавилгаар хийсэн нь харц булаав. Шинэхэн кофены үнэр хамар гижигдэх нь тааламжтай. Ийнхүү арын заал руу орвол цайвар шаргал өнгийн хана, дугуй ширээ, зөөлөн сандлуудыг байрлуулжээ. Модон буйданг хана налуулан байршуулж дээр нь эсгий олбог, төрөл бүрийн хатгамал бүхий жижиг дэрнүүдийг тавьсан аж. Харин урд нь энгийн нэгэн банзыг засаж янзлаад ширээ болгосон нь өвөрмөц. Хажууханд төгөлдөр хуурын тансаг аялгуу чих баясгах нь кофетой хоршоод бүр ч тансаг. Ихэвчлэн 20 орчим насны залуус хичээл хийн, зарим нь ярилцаад суух бөгөөд хэд хэдэн үйлчлүүлэгчээс ямар байгаа тухай сэтгэгдлийг асуулаа. Их сургуулийн оюутан гэмээр залуу:

"Лотус манай гэртэй ойрхон байдаг. Өнгөрсөн зунаас эхлээд л хааяа кофе ууж, эсвэл хичээлээ хийдэг болсон. Гэрт чимээ ихтэй учраас заримдаа төвлөрөхөд хэцүү байдаг л даа. Харин энд их тухтай байдаг. Хөл хорио сулруулснаас хойш хоёр дахь өдрөө сууж байна. Үйлчилгээ, хоол, үнэ нь ч маш боломжийн шүү” гэв.

Харин 30 гаруй насны хоёр эмэгтэйгээс асуувал:

"Өглөө эрт нээдэг болохоор их зүгээр санагддаг. Өнөөдөр найзтайгаа ажлын уулзалт хийгээд явж байна. Дандаа биш ч, хажуугаар нь өнгөрвөл ороод л гардаг” гэлээ.

Биднийг орчинтой танилцан кофе уух зуур тус газрыг үүсгэн байгуулагч Б.Бат-Эрдэнэ бидэнтэй ирж мэндчиллээ. Ийнхүү бид түүнтэй хэсэг ярилцсан юм.

-Танайх их сайхан тухтай, дулаахан мэдрэмж төрүүллээ. Кофе шоп нь нээгдээд хэдий хэр хугацаа өнгөрчихөв өө?

-Эхнэр бид хоёр кофе шопоо нээгээд 8 сар орчим болжээ. Эхнэртэйгээ танилцсан 10 жилийн ойн дээрээ нээж байсан юм. Ер нь эхнэртээ зориулаад нээсэн гэхэд болно доо. Өнгөрсөн хугацаанд их зүйлийг сурч авлаа. Цар тахлын үеэр нээсэн учраас үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад бага зэрэг хүндрэл учирсан.

Гэхдээ бид анхнаасаа л цэвэр ашиг дээр суурилж кофе шопоо нээгээгүй. Тиймээс ч нээхдээ судалгаа, тооцоолол бараг хийгээгүй. Байрныхаа ордерийг тавиад л зээл аваад бизнесээ эхлүүлж байсан. Гол нь Нийслэл Улаанбаатар хотод өглөө эрт нээдэг кофе шоптой болъё, эртэч хандлагыг иргэддээ, бизнес эрхлэгчдэдээ суулгая гэж бодсон доо. Манайх нээгдсэний дараа өглөө эрт нээдэг хоёр, гурван газар нээгдсэнд баяртай байдаг.

-Хөл хориогоор ямар хүндрэл бэрхшээлүүдтэй учирсан бэ?

-Ганц би ч бус, бүхий л аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд хүнд сорилт шалгуур болсон гэж бодож байна. Манай кофе шопын хувьд нээгдээд удалгүй хөл хориогоор хаагдаж, нээгдсэн учир хүнд таниулах ажилд бэрхшээл учирсан. Тиймээс ажилчдын цалин мөнгийг тавихаас эхлүүлээд бодох, зохицуулах зүйл их байлаа. Мөн хүнсний бүтээгдэхүүний хувьд хугацаа дуусах, муудах эрсдлүүд гарсан л даа. Бараа бол тэр хэвээр нь хадгалъя гэхэд, хүнс ямар ч аргагүй байдаг. Тиймээс тухайн үед бэлэн худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнээр сэндвич хийгээд кофены хамт цагдаа, тохижилт үйлчилгээний ажилчид, алба хаагчдад тараасан. Түүний дараа энэ нь маш хэрэгтэй, сайхан үйл гэдгийг мэдэрсэн. Тиймээс сүүлд мөн хэд хэдэн удаа халуун чацаргана, аньс зэргийг хийж тараасан.

-Нээрээ тухайн үед хүмүүсийн хандлага, сэтгэгдэл эерэг байсан шүү. Сайн маркетинг боллоо гэж харсан.

-Манай кофе шопын гол баримталдаг зарчим, уриа хандлага юм. Нэг ч болов үйлчлүүлэгчийг сэтгэл дундуур гаргахгүйг хичээж ажилладаг. Тиймээс ч миний хувьд өдөр бүр өөрөө ажлын байрандаа байж, үйлчлүүлэгчидтэй харилцаж байгаа. Намайг байхгүй үед нэг бариста маань үйлчлүүлэгчидтэй үл ойлголцож таагүй харьцаж болно шүү дээ. Сошиал медиа хөгжсөн энэ үед мөнгө зарж реклам, маркетинг хийх нь өөрөө хоцрогдсон. Зөв хандлага, сайхан харилцаа, тухтай орчин нь өөрөө үйлчлүүлэгчийг татах маркетинг гэж боддог доо.

-ЗӨВХӨН КОФЕ БУС ШИНЭХЭН АМТТАЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ, ХООЛ ГАРГАДАГ БАЙЯ Л ГЭЖ ЗОРЬСОН-

-Та өөрөө маркетингийн талд их туршлагатай бололтой. Кофе шоп нээхээсээ өмнө юу хийж байсан бэ?

-Би сүүлийн 10 жилийн турш уул уурхай, маркетинг, удирдах албан тушаалын ажил хийсэн л дээ. Тиймээс ч одоо хийж буй ажил маань надад ойр, яг л өөрийн хийж байсан ажлаа хийж байгаа мэт санагддаг. Өнгөрсөн хугацаанд ажиллаж байхдаа олон хүмүүстэй харилцаж, танилын хүрээ тэлсэн нь миний давуу тал байх.

-Уурхайд ажиллаж байсан, удирдах албаны ажил хийж байсан таныг юу кофе шоп нээхэд хүргэв?

-Би бодсон л доо. Олон жил хөдөө гадаа явж, гэр бүлээсээ хол байсан байна. Ер нь бол уул уурхайгаар олон жил ажилласан хүн 40 гараад л ажлын бүтээмж буурдаг. Үүнийгээ дагаад хотод хийх ажил ч бараг олдохгүй. Тиймээс хэт оройтоогүй байгаа дээрээ өөрийн бизнестэй болъё гэж бодсон. Кофе шопын хувьд би өөрөө кофе уух маш дуртай. Дээр нь уурхай руу өглөө үүрээр явах, буугаад ирэх үед хотод онгорхой кофе шоп, хоолны газар их ховор бараг л байдаггүй юм билээ. Хамгийн эртдээ 07.30 цагт нээж байсан. Тиймээс надтай ижил хэрэгцээтэй, хүсдэг хүмүүст зориулаад өглөө эрт нээдэг кофе шоптой болъё гэж бодсон. Ингээд зөвхөн кофе бус шинэхэн амттай өглөөний цай, хоол гаргадаг байя л гэж зорьсон доо.

-Уурхайн амьдрал, кофе шоп ажиллуулах хоёрын ялгаа. Давуу болон сул талаас хуваалцаач?

-Давуу тал нь олон. Наанадаж л гэртээ, хань, хүүдээ илүү их цагийг гаргаж чадаж байна. Мөн сэтгэл ханамжтайгаар дуртай ажлаа, ямар нэгэн дарамтгүй хийж байна даа. Нөгөөтэйгүүр хамт олноо санадаг юм байна. Үргэлж олуулаа, бужигнаж ажилладаг байсан бол одоо хүнгүй ч ганцаараа кофе уугаад сууна. Мөн би ажлаа сайн хийхгүй бол үүрэг хариуцлага нь их. Гэр бүл, ажилчид гээд санаа тавих, тэднийхээ төлөө алдах эрхгүй гэж бодоод хичээж байгаа.

-БАРИСТАНУУДТАЙ АНГЛИ, СОЛОНГОС, ШВЕД ХЭЛЭЭР ЧӨЛӨӨТЭЙ ЯРИЛЦАХ БОЛОМЖТОЙ-

-Хэчнээн ажилчидтай, хэрхэн ажиллаж байна вэ?

-Манайх 5 ажилтантай. Нэг тогооч, нэг баббле, гурван кофе баристатай. Хоёр ээлжээр ажилладаг. Өглөөний ээлж 05.30 цагт ирээд өдөр харьдаг. Харин оройн ээлж өдөр ирээд 08.00 цагт тардаг даа. Манай тогооч өглөө ирээд өдөр тардаг. Би байгаа үедээ үдээс хойшхи захиалгын хоолыг хийдэг юм. Мөн баристануудын ихэнх нь оюутан учир хоорондоо цаг заваа зохицуулдаг. Өглөө үүрээр ирдэг болохоор цалин дээр нь унааны мөнгө гэж өдөр, өдөрт нь өгдөг юм. Манайхаар үйлчлүүлж буй оюутан залуус баристануудтай Англи, Солонгос, Швед зэрэг хүссэн хэлээрээ чөлөөтэй ярилцах боломжтой.

-Ажилчиддаа ямар шаардлага тавьж байна? Залуучуудтай харилцахад ямар байдаг вэ?

-Манай залуучууд их мундаг залуус бий. Дээддээ 1995 он, түүнээс доош насны залуус ажилладаг. Ямарваа зүйлийг хурдан сурна. Цаг баримтална гээд давуу тал олон. Миний хувьд ажилчдынхаа хандлагыг түлхүү анхаардаг. Мөн сошиалд нөлөөлөгч байх, болох сонирхолтой залуусыг хардаг. Сошиалд идэвхтэй байлаа гээд аливаад сэтгэл хөдлөлөөр хандаад байж болохгүй шүү дээ. Хувийн асуудлаас сэтгэл хөдөлсөн бол түүнийг сошиалд илэрхийлж байна уу, үгүй юу, хэрхэн илэрхийлж байгаа зэргийг хардаг. Мөн ажилд орох залуусаа бид баристад өөрсдөө сургаад авдаг. Залуучууд тул зөвхөн миний ажил бус өөрийнхөө танил талыг ашиглаад цаашдын амьдралд нь дэмжлэг болохыг хичээдэг. Жишээ нь манай залуу бариста ажлынхаа хажуугаар сурталчилгааны модель хийж байгаа гэх мэт...

-Ханийнхаа тухай бидэнд танилцуулаач?

-Би хань, хүү хоёртойгоо амьдардаг. Хүү маань дөрвөн настай. Харин хань маань эмч мэргэжилтэй. Тиймээс маш завгүй, ачаалалтай ажилладаг л даа. Ялангуяа цар тахал, хөл хориогоор илүү ачаалалтай ажиллаж байна. Эхнэр мань эмч тул кофе шопын эрүүл ахуй, хүнсний чанар, аюулгүй байдалд түлхүү анхаарч зөвлөдөг. Харин миний хувьд маркетиндаа илүү анхаардаг. Ер нь л гол ажлыг хань маань амжуулдаг. Хэрэв цар тахал намжвал кофе шопдоо өсвөр үеийн хөвгүүддээ хандаад сургалт явуулъя гэж бодож байгаа. Эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх, биеэ зөв авч явах, зөв хувцаслах, мэргэжил сонголт зэргээр чөлөөт ярилцлага өрнүүлнэ гэж боддог. Ер нь манай кофе шопод заавал үйлчлүүлэхгүйгээр ажлаа, хичээлээ хийгээд сууж болдог. Бид зарим хүмүүст гүцтэй цай зэргийг үнэ төлбөргүй хийж өгдөг. Мөн кофе авбал заавал цэвэр ус өгдөг юм. Цар тахалтай холбоотойгоор үйлчлүүлэгч бүртээ амны хаалтыг бас өгч байгаа.

-ЗАЙСАН ОРЧИМ ШИНЭ САЛБАРАА НЭЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА-

-Та их боловсон юм. Хэр сайн хань, аав бэ?

-Би сайн аав, хань байхыг хичээдэг. Тиймээс өөртөө итгэлтэй байдаг шүү. Чөлөөт цагаа аль болох гэр бүлтэйгээ хамт байж, гэрийн ажилд мөн оролцоотой байдаг.

-Жаахан дэлгэрүүлбэл?

-Эхнэр, нөхрийн харилцаа, эрх мэдэл эрх тэгш байх ёстой гэж боддог. Тиймээс гэрийн ажлаа ч мөн ярилцаж байгаад л хийчихдэг. Түүнээс эрэгтэй хүн суултуур угааж болохгүй, ариун цэврийн өрөө цэвэрлэж болохгүй гэсэн зүйл байхгүй. Ярилцаж байгаад л хамтдаа цэвэрлэгээ хийдэг. Харин хоолны хувьд аль завтай нь хийчихдэг. Тус тусынхаа хувцсыг угаадаг. Уурхайд олон жил болсон учир тус тусынхаа хувцсыг угаагаад сурсан. Нэгийгээ сайн сонсож, ярилцаж байхыг хичээдэг дээ.

-Та бүхний цаашдын зорилго зорилтыг асуумаар байна. Кофе шопдоо шинэ салбар нээх тухай сонссон?

-Тийм ээ. Зайсан орчим шинэ салбараа нээх бодол байгаа. Гэхдээ цар тахал, санхүүгийн байдлаар болоод хугацааг хэлэх боломжгүй болсон. Мөн байнгын үйлчлүүлэгчдэдээ хөнгөлөлтийн карт бэлэглэх зэргээр бодож, төлөвлөсөн ажлууд байгаа. Мөн л номад хэв маягаар тохижуулах бодолтой байгаа. Гол үйлчлүүлэгчээ жуулчид гэж хараад байгаа.

-ЗОРИОД ИРСЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ СЭТГЭЛ ДҮҮРЭН ГАРГАХ УЧИРТАЙ-

Бид цөөнч маш тухтай, сайхан яриаг өрнүүлээ. Ийн тус тусын ажлыг хийхээр гарах болоход касс хажууд шилэн хорготой задгай мөнгөнүүд байгааг харав. Асуувал баристануудад гарын мөнгө буюу тип өгөх боломжтой гэв. "Шилэн хоргонд байгаа мөнгийг хэнийх гэж авах вэ” гэвэл гарсан хоёр ээлж нь буухаасаа өмнө мөнгөө хуваагаад авдаг. Заримдаа цалинтай дүйцэхүйц мөнгө олчихдог шүү гэх нь соньсон. Монголд кофены бизнес, залуусын сэтгэлгээ шинэ түвшинд очсоныг илтгэлээ. Хамгийн сайхан санагдсан нь “Манайх согтуу хүнд ч хүн ёсоор үйлчилдэг. Угаалгын өрөө оруулж, халуун цайгаар дайлаад гаргадаг. Хэн нэгнийг өнөөдрийн үзэмжээр дүгнэж болохгүй. Зориод ирсэн үйлчлүүлэгчээ сэтгэл дүүрэн гаргах учиртай” хэмээн инээмсэглэн хэлэх нь сайхан. Ийнхүү мөдхөн жинхэнэ монгол хэв маяг, ур ухааныг шингээсэн олон салбартай брэнд кофе шопоор эргэн уулзахыг ерөөл дэвшүүлэн бидний сурвалжилга өндөрлөв. Гадаа хэдий хүйтэн жавартай ч, халуун сэтгэл, амтат кофегоор бусдын сэтгэлийг дулаацуулж болдгийг үзлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-03 23:23

хүмүүс маскгүй сууцан энд юу болоод бн завхр�##�

зочин
зочин
2021-02-05 14:32

Ямар ч агааргүй л харагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button