Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТОЙМ: Л.Оюун-Эрдэнэ ЭРТЧИЛЖ, Д.Сумъябазар ГӨЖСӨН долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлож байна.

“07.00 ЦАГТ БОСОЖ ГҮЙДЭГ АРД ТҮМЭН БОЛЪЁ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эртэч уулзалтууд энэ долоо хоног анхаарлын төвд байлаа. Ажлаа авсан эхний даваа гаргийнхаа өглөө 07.00 цагаас ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцах уулзалт зохион байгуулж, дараа өдрүүдэд барилгын, мэдээллийн технологийн салбарынхантай уулзав.

Энэ үеэрээ Залуус-1,2,3 хотхоныг идэвхийлэн барих талаар дурдаж, “Өглөө бүр 07.00 цагт босож гүйдэг үндэстэн болъё”, “Иргэд төрийн үйлчилгээ авахдаа хүнээр яриулж, дугаарлахаа болино” гэхчлэн ярьсан агуулгууд нь их хэлэлцэгдсэн. Лхагва гарагт Засгийн газрыг ч эрт хуралдуулсан бөгөөд Л.Оюун-Эрдэнэ эртэч, ажил хэрэгч хэлбэрээр Ерөнхий сайдын албыг эхлүүлж байна.

Уулзалтууд салбар салбарын голч төлөөллүүдийн хүрээнд хийгдэж, тэд яг тулгамддаг асуудлуудаа эрээлэлгүй ярьсан нь талархал хүлээж байна. Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт ч эртэч уулзалтуудаа зохион байгуулах нь тодорхой. Харин уулзалт бүрээс санаа өвөртөлж, бодит ажил хэрэг болгоосой гэдэг хүлээлт л олон нийтэд үлдэж буй.

“ГӨЖҮҮД” Д.СУМЪЯАБАЗАР

Энэ хооронд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын бухимдал ил гарч, анхаарал татах сэдэв болов. Тодруулбал, даваа гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар ОБЕГ дээр ажиллаж дуусаад тэндээсээ Нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцахаар очсон. Харин энэ үед хотын дарга Д.Сумъяабазар гарч ирж уулзсангүй.

Харин өнгөрсөн хөл хориотой холбоотой хэвлэлийн хурлуудад бараг л нохойд барьдаг мод шиг гэмээр ил гарч, шүүмжлэл хүртэж буй Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн л Ерөнхий сайд, Шадар сайд хоёроо хүлээн авав.

Энэ үеэр “Хотын дарга өөрөө хаачсан юм”, “Ерөнхий сайд, Шадар сайд хоёр нь ирчхээд байхад ийм хариуцлагагүй байж болохгүй”, “Нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагааг даруй шинэчлэх хэрэгтэй” гэсэн үгс хэлэгдсэн. Ингээд ердөө нэг минут, 40 секунд уг уулзалт үргэлжилсэн.

Үүгээр МАН доторх бас нэг сонин бухимдал ил гарч буй юм. Ерөнхийлөгчтэй ойр гэгддэг Д.Сумъяабазарыг Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ томилогдсон, С.Амарсайхан УОК-ын дарга болсон зэрэгт маш дургүй байгаа гэж хөшигний ард хэлэлцсэн. Харин тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга, түүнчлэн сонгуулиар хувь улс төрчийнхөө хувьд шатаж, харизм үүсгэж ажилладаг тул МАН-ынхан тэвчиж буй гэх. С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны үеэр “Нэгдсэн удирдлагагүй, нэг нэгнээ үгүйсгэсэн байдлаар ажиллацгааж байна” гэхчлэн үг хаяснаар УОК, НОК хоёр удирдлагын хувьд “масслаж” эхэлснийг ч илтгэнэ. Д.Сумъяабазар УОК, ЭМЯ-ны урьдах ажлуудыг ихэд шүүмжлэх бөгөөд Нийслэлд хөл хорио тогтоох асуудалд тас эсрэг байр суурь баримталж, шийдвэр гаргалцаж буй билээ.

-С.ЭРДЭНЭ Ц.ТУВААНЫГ ЧӨЛӨӨЛЖ, Ц.ТУВААН С.ЭРДЭНИЙГ ХӨӨВ-

АН-ын хэрээс хэтэрсэн хуваагдал, үл ойлголцлын толхилцоон ч энэ долоо хоногт ярианы сэдэв байв. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх Ц.Туваан нэгдүгээр сарын 29-нд С.Эрдэнийг АН-аас найман жилээр хассугай гэсэн албан бичиг үйлдсэн. Хариуд нь С.Эрдэнэ, “Нэгдүгээр сарын 31-нд Үндэсний бодлогын хороо хуралдаж, дараагийн намын даргын сунгааны бэлтгэлээ базаалаа. Ц.Тувааныг одоо чөлөөлж, явууллаа” гэсэн утгатайгаар жиргэсэн.

Хоёр тал тус тусдаа хэвлэлийн албатай. Тэд бүгд “АН-ын мэдээ” гэсэн имижээр мэдээгээ бэлтгэж, олон  нийтэд уншуулж буй. Харин нөгөө талд учир ньюанс төдийлөн мэдэхгүй уншигчид бий. Тэдний ард түмнээ үл хүндэтгэсэн, асар ойлгомжгүй толхилцоон энэ долоо хоногт харин инээдэм ханиадам, хошин шогийн шинжтэй хэлэлцэгдсэн нь олон нийт одоо С.Эрдэнээс ч, Ц.Туваанаас ч уйдсаныг илтгэх мэт.

Процессын хувьд тамга нь С.Эрдэнэд, бүртгэл нь Ц.Туваанд байгаа. Дээд шүүх уг асуудлыг хэлэлцсэн ч С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг хэвээр нь үлдээж, “Дотроо ойлголц” гэдэг мессэжтэй орхисон. АН-ын залуус ч бухимдаж, хэвлэлийн хурал хийх болоод байна.

-Х.НЯМБААТАР РИО ТИНТОТОЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙГ АХЛАВ-

Рио Тинтотой Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, эсвэл Дубайн гэрээг цуцлах асуудлаар хэлэлцээр хийх Засгийн газрын ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахлахаар боллоо. Тэр энэ тухайгаа лхагва гарагт өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд, эл өдрөө Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нартай цахим уулзалт хийсэн.

Б.Болд өмнө нь тус компанийн Эрчим хүч, эрдсийн группийн Гүйцэтгэх захирал байсан бол ол солигдож, Якоб Стаусхолм ажлаа авснаар Зэсийн групп руу шилжин томилогдсон. Тэр урьд нь Рио Тинтогийн Гүйцэтгэх захиралд ч яригдаж байсан удаатай монгол эрхэм. Албан ажлаа аваад “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний олон нийтийн ойлголтыг сайжруулна” гэж мэдэгдсэн. Энэ нь гэрээний зүйл заалтыг өөрчлөх биш, ойлголт залруулна гэснээрээ анхаарал татсан юм.

Харин Х.Нямбаатар, “Бид нэг завин дээр суусан гэдгийг талууд ойлгож байна” гэх утгаар жиргэсэн. Үүгээр хэлэлцээр хийх асуудлыг Рио Тинто ойлгож, хүлээж авч байгаа ч тулгамдах асуудал цөөнгүй байна гэсэн мессежийг илэрхийлсэн мэт.

Ямартай ч Х.Нямбаатарын зоригтой, өөрийн үзэл баримтлалдаа бат зогсож, гүрийж, хамгаалж, хөдөлмөрлөж чаддаг зан чанараар энэ ажлын хэсэг базуулж, харьцангуй нээлттэй, тэнцвэртэй үйл ажиллагаа явуулах болов уу гэсэн хүлээлт үүсээд буй.


Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн нээлттэй, хурдтай ажиллаж буй байдал ч олон нийтэд харагдлаа. Тэр яамныханд “Би улс төрөөр манлайлъя, та нар мэргэжлээрээ манлайл” гэж хэлсэн гэх. Ингээд ажлуудтай танилцах шуурхай хурлуудыг өдөр алгасахгүй зохион байгуулж, Л.Цэдэвсүрэнгийн үед өргөн баригдахаар бэлдээд байсан Боловсролын тухай багц хуулийг ихээхэн голж буй сураг байна. Шинэ танхимын сайд нараас гараа сайтай эхэлж буй эрхмүүдийн нэг гэж харж болно.

Дараагийн долоо хоногуудад Сар шинийн баяр тохиож, улс төрийн амьдрал нам гүм үргэлжлэх төлөвтэй байгаа ч Ерөнхий сайдын эртэч уулзалт, шинэ сайд нарын ажил, Рио Тинтотой холбоотой мэдээллүүд цаг үе харгалзахгүй хэлэлцэгдэж мэдэхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбаа
Ганбаа
2 сар 6, 2021 11:05

30 жилийн дараа бугуйн цаг маань хэрэг болох нуу.Гаргаж зүүе байз.Еврп шиг ажил 04 цагаас орж 13 цагт тарж,худ�##�дааны
төвүүд 12 цагт нээдэг.
Дулаан тухлаг доороо ОО- той автобусны уха�##�аг бууд�##�тай байв�##� ч....

Зочин
Зочин
2 сар 6, 2021 15:02

Энэ сумъяаг хурдан �######�уулахгүй бол монголыг самарлаа. Трамп ингэж эргүүтээд юунд хүргэлээ?

Зочин
Зочин
2 сар 6, 2021 15:30

Аатай гаатай байгаа юм байна даа Улстөрчид маань
Амжилт!

Зочин
Зочин
2 сар 6, 2021 20:54

БШУ-ны сайд ЭнхАмг�##�ангийн ажил харин ч барцадтай эхэлж байгаа юм бишүү.Сайд бооод удаагүй байхад 3 багш согтуурч сурагч охидоо хүчэрхийлсэн хэрэг гарч нийгмийг цочирдууллаа.

иргэн
иргэн
2 сар 6, 2021 21:52

Цагаачийг цагаа хатгав, цагаан морийг ногоо хатгав гэдгийн үлгэр болоод байна даа.

Зочин
Зочин
2 сар 7, 2021 08:31

Энхамг�##�ан зөв хүн дээ сайхан байна монгол төрийн сүлд монгол оюуныг өршөө

Unshigch
Unshigch
2 сар 7, 2021 16:13

Sumyabazar sain hun ch bish sain nuhur ch bish

Холбоотой мэдээ

Back to top button