НийгмийнУРЛАГЯрилцлага

С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач Б.Дуулим: Гурван настайдаа тайзан дээр дуулахад хүмүүс их өхөөрддөг байсан

Зууны манлай хос дуучин, Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин, хэд хэдэн уран бүтээлээрээ олонд чамгүй танигдан, хүндлэлийг нь хүлээгээд буй Б.Дуулим өнөөдөр аав Баттулгынхаа хамт онлайн тоглолтоо хийнэ.

Аав, охин хоёрын “Вансэмбэрүү” нэртэй лайв тоглолтыг уншигч та бүхэн Unilive88, DDish 900 сувгаар 20.00 цагаас үзэх боломжтой. Үүнтэй холбогдуулан Б.Дуулимтай хоёрдугаар сард хийсэн ярилцлагаа сэргээн нийтлэв.

-Поп урсгалаар дуулан, БНСУ-ын урлагийн салбарт цахиур хагалахыг мөрөөддөг-

Гуравхан настайдаа тайзан дээр гарч дуулан, өхөөрдүүлж явсан, 18 настай тэрбээр аав В.Баттулгатайгаа хамтран дуулдаг, өвөө, эмээ, аавынхаа үргэлжлэл болж яваа залуу үеийн төлөөлөл юм.

https://www.youtube.com/watch?v=7YVsLM-v-Jc

Жүжигчин мэргэжлээр сурдаг Б.Дуулим алсдаа поп урсгалаар уран бүтээл түлхүү гарган, Монголынхоо төдийгүй БНСУ-ын урлагийн салбарт цахиур хагалах мөрөөдөлтэй гэнэ.

“АНХНЫ ХАЙР”-ЫГ ЗҮГЭЭР Л ӨӨРИЙНХӨӨРӨӨ ДУУЛАХЫГ ХИЧЭЭЛЭЭ

-Саяхан ганцаарчилсан хоёр дахь уран бүтээлээ олны хүртээл болгосон нь “Анхны хайр” байлаа. Энэ хэмжээнд дахин дуулах боломжгүй гэж үнэлэгдтэлээ олны талархал хүлээсэн уран бүтээлийг сэргээн дуулах амаргүй, өндөр босготой байсан нь мэдээж. Тэр хэрээр Б.Дуулимыг хэр ур чадвартай, ирээдүйтэйг нь сорив уу?

-Харин тийм ээ, ёстой тэглээ. “Анхны хайр”-ын зохиогчоос нь (Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров) эрхийг нь аваад дууллаа. Энэ миний ганцаарчилж гаргасан хоёр дахь бүтээл. Анхных нь “Жинжиймаа”.

“Анхны хайр”-ыг өмнө нь дуулсан уран бүтээлч бүхэн үнэхээр мундаг. Тийм мундаг хүмүүс дуулсан, олны талархлыг хүлээсэн дууг сэргээн дуулах амаргүй байлаа. Сайн дуулж чадах болов уу, хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж их догдолсон. Үнэнийг хэлэхэд “Анхны хайр”-ыг дуулахад ёстой амаргүй байсан.

-“Анхны хайр”-ыг дуулсан уран бүтээлчдээс Б.Дуулимынх юугаараа онцгой, шинэлэг вэ?

-Би хэн нэгнийг дуурайх бус зүгээр л өөрийнхөөрөө дуулахыг зорилоо. Б.Дуулим гэж хэн бэ гэдгийг харуулахыг хичээсэн юм. Аав минь “Дууг хүчилж бус чин сэтгэлээсээ, уянгалж дуулбал хүнд илүү хүрнэ” гэж захьдаг. “Анхны хайр”-ыг цацан, олон нийтэд хүргэе гэж яарч, догдолсон. Хоёр, гурван удаа лайваар цацах гээд бүтэлгүйтсэн. Яагаад ч юм бэ, нэг юм болохгүй байсан юм. Тэгж тэгж байгаад цацлаа.

Олонд их хүрэн, хүмүүс сайхан хүлээж авсанд нь баяртай байна. Мэдээж магтаал, шүүмжлэлийн аль аль нь ирж байгаа. Шүүмжлэлд авах гээхийн ухаанаар ханддаг. Намайг алдаагаа засаасай, дахиж битгий алдаасай гэсэндээ хэлсэн байж болно шүү дээ.

-Клипжүүлэх бодол бий юү?

-“TV6” телевизтэй хамтран “Анхны хайр” дууг дүржүүлсэн. Хавраас юм уу зунаас клипжүүлэх бодол бий.

ГУРВАН НАСТАЙДАА ТАЙЗАН ДЭЭР ГАРАН ДУУЛАХАД ХҮМҮҮС ИХ ӨХӨӨРДДӨГ БАЙСАН

-Б.Дуулимын өвөө, эмээ нь Зууны манлай хос дуучин С.Вандан Д.Дуламсүрэн, аав нь дуучин В.Баттулга. Гурван настайдаа тайзан дээр дуулж явсан гэхээр багаасаа урлагийн салбарт хөл тавьж. Дуучин болоход өвөө, эмээ, аав нь хэр их нөлөөлсөн бэ?

-Үнэхээр их нөлөөлсөн. Би багын сэргэлэн, цовоо, дуулах дуртай хүүхэд байсан. Гурван настайдаа дуулж эхэлсэн, тайзан дээр гарсан. Өвөө, эмээ, аавынхаа тоглолтод үргэлж оролцоно. Хөөрхөн жаахан хүүхэд гараад дуулахаар хүмүүс их өхөөрддөг байж билээ. Бас болоогүй ээ, “Жалам хар” бүжгийг бүжиглэнэ. Бүжиглэнэ, дуулна, шүлэг уншина. Тоглолтыг нь ёстой “самардаг” байсан байх (инээв).

Өвөө, эмээтэйгээ нэг, аавтайгаа хамт хоёр удаа Монгол орноо тойрон, тоглосон. Тоглолтод нь оролцоод хамт явсан юм. Багадаа гэлтгүй одоо ч гэсэн урлагийн хүн болох гээд хөдөлмөрлөн, зүтгэж яваа бүхий л цаг үе маань дурсамжтай.

АНХ СУРСАН ДУУ МААНЬ “БӨМБӨГ БИТГИЙ ХАЯАРАЙ”-Г АНХ СУРСАН

-Анх ямар дуу сурч байв?

-“Бөмбөг битгий хаяарай”-г сурсан. “Цагаан баавгайн бамбарууш

Тоглон наадаж байна

Цэгээн туулын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай” гэдэг үгтэй (дуулав). Их хөөрхөн дуу. Гурван настай байхад өвөө, эмээ хоёрын нэг тоглолтод оролцох болсон юм. Тэгэхэд ээж надад “Бөмбөг битгий хаяарай”-г бас нэг өвөр монгол дууны хамт зааж өгсөн. Даанч одоо өвөр монгол дууныхаа нэрийг санадаггүй ээ.

Нээрэн намайг бага байхад аав, ээж бид гурав нэг дууг үргэлж дуулдаг байсныг тод санадаг. Нөгөө “Аав аа, нар, сар, одон гурав юу вэ” гэж эхэлдэг дуу байдаг даа.

-Ээж нь дуулдаг уу. Ээжийнх нь талд дуучин хүн бий юү?

-Би хоёр талаасаа дуучны удамтай. Эмээ минь уртын болон ардын дууг их сайхан дуулдаг. Ээж минь Дундговь аймгийнх, дуу, хуурын өлгий нутгийнх. СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо Төв аймгийн Боловсрол, соёлын газарт мэргэжилтнээр ажилладаг. Аав, ээжтэйгээ хамтран уран бүтээл гаргавал гоё байхгүй юу.

Саяхан аавтайгаа хамтран “Энх эсэн болтугай” нэртэй онлайн тоглолтоо хийсэн. Би эхээс гурвуулаа, айлын том нь. Хоёр дүү маань дуулдаг, бүжиглэдэг, хоёулаа авьяастай.

ӨВӨӨ, ЭМЭЭ, ААВЫНХАА ҮРГЭЛЖЛЭЛ БОЛЖ ЯВААГААРАА БАХАРХДАГ

-Урлагийн салбар хэцүү гээд зарим хүн мэргэжлээ хүүхэддээ өвлүүлэх сонирхолгүй байдаг. Өвөө, эмээ, аав нь дуучин болгоё гээд багаас нь бэлдсэн үү эсвэл Б.Дуулимын хүсэл, сонирхлыг дагасан уу?

-Ерөөсөө намайг багаас дэмжиж, бэлдсэн. Түрүүн хэлсэнчлэн гурван настайгаасаа тоглолтод оролцон, урлагийн салбарын хатуу хөтүүг багаасаа мэдэрсэн шүү дээ, би. Аялан тоглолтод оролцож яваад машин эвдэрлээ гэхэд хээр хононо, даарна. Урлагийн салбарын жаргал, зовлонг багаасаа мэдэрсэн, ийм сайхан хүмүүсийн үргэлжлэл болж яваа нь надад том давуу тал. Өвөө, эмээгийнхээ, аавынхаа үргэлжлэл нь болж яваагаараа бахархдаг.

-Монгол түмний бахархал болсон дуучдын удам гээд хүн бүхэн дэмжээд, том амжилт хүлээх нь заримдаа дарамт болох юм уу?

-Бахархмаар санагдахын сацуу ийм мундаг хүмүүсийн үргэлжлэл болж яваа тул алдаа гаргах эрх надад байхгүй. Хэлж буй үг, хийж буй үйлдлээ үргэлж цэгнэн, хазгай гишгэхгүй байхыг хичээдэг. Гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэнгийн ач, Баттулгын охин гээд хүмүүс надад их том итгэл хүлээлгэдэг. Нөгөө талаар хүмүүс намайг шууд мундаг, авьяастай гээд хүлээгээд авчихдаг. Би бусадтай л адилхан хүүхэд шүү дээ, уг нь.

Сүүлд би аавтайгаа хамтран “Энх эсэн болтугай” гэдэг нэртэй дуу гаргасан юм. Тэр дууг олны хүртээл болгосноос хойш хүмүүс намайг бүр ч их мэддэг, таньдаг болсон. Энэ хэрээр надад улам их хариуцлага, үүрэг ноогдож байгаа. Алдаа гаргадаггүй хүн байхгүй. Алдсан ч гэсэн үргэлж ухамсарлаж, засаж явах хэрэгтэй. Өвөө, эмээ, аавынхаа нэр хүндийг сэвтүүлэхгүй явахыг үргэлж хичээдэг.

ААВТАЙГАА ХАМТ ДУУЛАХАД МАШ ИХ ХАЙР МЭДЭРДЭГ

-Өвөө, эмээ, аавынхаа ямар зан, чанараар нь бахархаж, үлгэрлэдэг вэ?

-Өвөө, эмээ, аавынхаа үргэлжлэл нь болж яваагаараа үнэхээр бахархдаг. Урлагийн салбар ямар сайхныг багаас минь мэдрүүлж, үлгэрлэсэн. Өвөө, эмээ минь “Дууны утгыг сайн ойлгож, мэдэрч дуулаарай. Ямар ч үед хүн чанараа битгий гээгээрэй” гэж надад захьдаг.

Аавынхаа шударга, хөдөлмөрч, юунд ч шантардаггүй зангаар нь бахархаж, үлгэрлэдэг. Аав минь их гярхай. Намайг үнэхээр сайн ойлгодог.

Аав, ээж хоёр намайг дуучин болгохын төлөө бүхнээ зориулж, дэмждэг. Юуг нь нуух вэ, миний дууг хийхийн тулд аав нэг удаа хөөргөө ломбарданд тавьж байсан. Ийм их итгэл хүлээлгэн, дэмждэг болохоор би бүр ч илүү хичээн, урмыг нь хугалахгүй байх ёстой.

-Аав, охин хоёр хамтарч дуулдаг уран бүтээлч Монголд хуруу дарам. Аавтайгаа хамт дуулахын юу нь хамгийн сайхан бэ?

-Үнэхээр нөмөр, түшигтэй. Аавтайгаа хамт тайзан дээр гарахад маш их хайр мэдэрдэг. Аав над руу инээн, хайрын харцаар хараад дуулдаг. Би өөдөөс нь инээгээд хэчнээн гоё байдаг гэж санана. Аавтай хамт дуулахаар сэтгэл их хөдөлдөг. Заримдаа уйлчихдаг. Бид хоёр энэ оны эхээр “Аавын хайр” гэдэг нэртэй дуу гаргасан. Тэр дууг дуулахаар аавынхаа хайрыг, аз жаргал мэдэрдэг. Аавтайгаа хамтарч дуулсан дуу бүхэндээ хайртай. Одоогоор ганцаарчлан хоёр, аавтайгаа хамт таван уран бүтээл гаргаад байна.

https://www.youtube.com/watch?v=3BImILeR8G4

-Заримдаа санал зөрөлдсөн ч аавыгаа хүндлээд хэлж чадахгүй үе гарах юм уу. Аав нь охиныхоо санал, бодлыг хэр сайн сонсож, хүлээж авдаг вэ?

-Санал бодол зөрөх үе гаралгүй яах вэ. Тэр бүхэнд аав минь намайг үнэхээр сайн ойлгодог, миний санал бодлыг хүлээж авдаг, зөвлөдөг.

ЦААШИД ПОП УРСГАЛААР ДУУЛНА

-Б.Дуулим одоо 18 настай. Залуу хүн зохиолын дуу дууллаа, хуучинсаг сэтгэлгээтэй гэх шүүмжлэл анзаарагдах юм уу?

-Надад тийм шүүмжлэл ер ирдэггүй, анзаарагддаггүй. “Чи яагаад зохиолын, дээр үеийн дуу дуулаад байгаа юм бэ” гэж нэг ч хүн хэлж байгаагүй. Манай үеийнхэн, эргэн тойрныхон маань харин ч эсрэгээрээ намайг их дэмждэг. “Энэ дуу чинь ёстой гоё болж. Орой унтахдаа сонсохоор нуль эрч хүч авдаг” гэдэг үгийг бусдаас сонсох бүрдээ их урам авдаг.

-Одоо нийтийн дуу түлхүү дуулж байгаа. Цаашид ямар төрлөөр дуулах вэ?

-Хүмүүс надаас ингэж их асуудаг. Манай үеийнхэн, надаас дүү хүүхдүүд хуучны дуунуудыг тийм ч сайн мэдэхгүй. Тиймээс хуучны дуунуудыг сэргээн дуулж, өнөө цагийн залууст мэдүүлэхийг хүсдэг. Одоо дахиад хуучны хэдэн дуу дуулчихаад поп урсгалын уран бүтээл гаргана. Ер нь нийтийн дуугаар явахгүй. Нэг нууцаа хэлэхэд би дууны үг бичиж, ая зохиодог.

БИ ҮГ, АЯЫГ НЬ ЗОХИОСОН ЗУРГААН ДУУТАЙ

-Хөөх, ямар мундаг юм бэ. Үг, аяыг нь зохиосон хэдэн уран бүтээлтэй болоод байгаа вэ?

-Зургаан уран бүтээл бий. Нэгийг нь олны хүртээл болгоогүй. Тэгэхээр хүмүүс намайг дууны үг, ая зохиодгийг мэддэггүй. Хэд хоногоос хоёрыг нь Youtube хуудсандаа нийтлэн, олны хүртээл болгоно.

Би төгөлдөр хууран дээр аяа зохиодог. Цаашдаа дууныхаа үг, аяыг өөрөө зохиогоод дуулах сонирхол их бий.

-Тэгэхээр хүссэн уран бүтээлээ туурьвиад, өөрөө дуулах том давуу тал үүсэх нь.

-Харин тийм ээ. Одоо төгөлдөр хуураа улам сайн тоглож сурахын тулд хичээж байгаа.

ХОТОД АМЬДРАХ, СУУРЬШИХ БОДОЛ ОГТ БАЙХГҮЙ

-Танайх Төв аймагт амьдардаг юм билээ. Хотод амьдрах бодол бий юү?

-Аав бид хоёр уран бүтээлээ Улаанбаатарт очоод хийдэг. Нийслэл хотод амьдрах, суурьших бодол огт байхгүй. Төв аймагтаа л амьдарч байвал сайхан. Их ээлтэй, сайхан нутаг. Улаанбаатарт амьдрахад стресс ихтэй, хэцүү шүү дээ.

Энэ жил оюутан болж, хотод хэсэг байгаад жаахан дассан. Би жүжигчин мэргэжлээр сурдаг. Одоо нэгдүгээр дамжааны оюутан.

-Аль сургуульд сурдаг вэ?

https://www.youtube.com/watch?v=jF0H68CDQk0

-Сургуулиа хэлэхгүй ээ (инээв).

-Олонх дуучин мэргэжлээрээ СУИС-д сурдаг. Дуучнаар бус жүжигчнээр сурч байгаа тань сонирхол татаж байна. Яагаад жүжигчнээр сурахаар шийдэв?

-Жүжигчин мэргэжил хүнээс олон талын авьяас, ур чадвар шаарддаг. Жүжиглэх, дуулах, бүжиглэх гээд олон талаар хөгжих боломжтой. Би жүжигчин болох мөрөөдөлтэй. Тиймээс жүжигчин мэргэжлээр сурч байгаа юм.

ОЙРЫН ХЭДЭН ЖИЛЭЭС БНСУ-Д СУРАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ

-Ер нь алсдаа дуучин, жүжигчний альнаар нь тууштай явах вэ?

-БНСУ-ын idol (шүтээн) шиг алдартай уран бүтээлч болохыг мөрөөддөг. Ойрын хэдэн жилээс БНСУ руу явж, сурах төлөвлөгөөтэй байгаа.

-Тэгэхээр урлагийн карьераа зөвхөн Монголын бус БНСУ-ын салбараар харж байгаа юм байна, тийм үү?

-Тийм ээ. Зорилгоо зөв тодорхойлоод, түүндээ хүрэхийн төлөө тууштай зүтгэж, хөдөлмөрлөвөл хүр чаддаг юм шиг санагддаг. “Болохгүй, чадахгүй” гэж бодвол хол явахгүй, зорилгодоо хүрэхгүй. Тиймээс мөрөөдөөд, хичээж явна.

-Хөл тавих үнэхээр өндөр босготой БНСУ-ын урлагийн салбарыг яагаад онцлов?

-БНСУ урлагийн салбар үнэхээр өндөр хөгжсөн. Дэлхий даяар К драм үзэн, К поп урсгал шуугиулсаар ирсэн. БНСУ урлагийн орон. Тиймээс тус урлагийн салбарыг онцолсон юм. Тэнд дуучин, жүжигчин мэргэжлээр цахиур хагалах мөрөөдөлтэй.

https://www.youtube.com/watch?v=e_66l3tt9ZQ

Миний ард бат зогсож, үргэлж дэмждэг өвөө, эмээ, аав, ээждээ маш их хайртай. Хоёр дүүдээ хандаж “Эгч нь та хоёрт үргэлж зөв үлгэрлэн, сайн эгч байхын төлөө хичээдэг. Цаашид ч хичээнэ ээ” гэж хэлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Би
Би
2021-02-08 10:31

ГОЁ ДУУЛСАН АМЖИЛТ ХҮСЬЕ ИХ ИРЭЭДҮЙРҮҮ ЗОРИГТОЙ УРАГШАА

Үзэгч
Үзэгч
2021-02-08 12:48

Гайхамшигтай...браво...өөр хэлэх ч үг �##�га. Аав,ээж,эмээ,өвөө нарынх нь авъяас, хайр шингэсэн, урлагиин ертөнцөд дэлбээгээ зад татан дэлбээлж яваа гайхамшигтай авъяаслаг охинд чин сэтгэлиин баяр хүргэе. Чамайг гайхамшигтай ирээдүй хүлээж бна. Амжилт..Бүх дууг нь сэтгэл уяран сонслоо...

Зочин
Зочин
2021-02-08 14:08

Нийтийн дуучидын ач гэхээрээ ийм гаж нэртэй байдаг юм байна

Хотын залуу
Хотын залуу
2021-02-08 22:01

Уг дуулмаар хоолой байна. Даанч нийтийн дуу маягийн хөдөөлөг дуулж. Pop R and M сайн сонс хөгж.

Дуу сонирхох биш
Дуу сонирхох биш
2021-02-09 00:31

Хөөрхөн юм. Өвөөтэйгээ адил харагдаж байна. Эхлээд анх харахад.

Mongol
Mongol
2021-02-09 01:00

ЁСТОЙ ХӨӨРХӨН МИНИЙ ДҮҮ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ ААВЫНХАА ҮГЭНД САЙН ОРООРОЙ УРЛАГЫН ЕРТӨНЦ ХАТУУШҮҮ ХАЙР НЬ ГАДНАА ХАЛ НЬ ДОТРОО .АВЯАС БОЛ БН ЮМНЫ УЧИР ОЛТЛОО ААВААСАА БҮҮ ЗӨРӨӨРЭЙ

ҮНЭН
ҮНЭН
2021-02-10 18:30

ЁСТОЙ ТӨВӨГГҮЙ ДУУЛАХ ЮМ БИЛЭЭ

Haha
Haha
2021-02-11 20:40

Haha un g####i vee bas heden tsaad oldog boloh geed uzeed bgaan bh daa

Зочин
Зочин
2021-10-09 13:59

Нийтийн дуу дуулахаар өөр урсг�##�ын дуу дуул�##�даа

Өвөөтэйгөө төстэй юм байна
Өвөөтэйгөө төстэй юм байна
2021-10-09 17:09

Яг хүүхэд нь юм уу гэмээр эмээ өвөө 2-оосоо тэнцүү хуваагаад авсан мэт харагдаж байна. Эхлээд харахад өвөө нь гэж харагдаж байна.

irgen
irgen
2021-10-13 00:02

aavtaigaa duulj blhgui gesen yum bhgui l dee. Gehdee amrag hos ch yum shig arai snn stilitei , arai nyaluun duulj humuusiin durgui hurgeed bhiin Alivaa zuild hem hemjee gej bh yostoi . Humuusiin heleed bgaag anhaarah heregtei. Goyo duugaa snn baidlaar duulahaar muuhai haragdaad bgamshd. Medremjtei bai. Marzan l haragdaad bdag

Back to top button