СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

ДАТА: Дагах уу, үлдэх үү?

АМЬД ҮЛДЭХ ДҮРЭМ

 Амьтдын ертөнцөд амьд үлдэхэд хурд хэрэгтэй. Тэнд үйлчилдэг энгийн ганцхан дүрэм нь идэшээ олж идэхийн тулд түүнийг гүйцдэг байх, идэш болохгүйн тулд түүнд гүйцэгддэггүй байх. Эцэсгүй энэ өрсөлдөөн дундаас “ортой байж магадгүй олонхийн таамаглалаар” /Дарвинизм/ хүн төрөлхтөн бид оюун ухаанаараа, дасан зохицох чадвараараа овойн гарчээ. Хүмүүс хэсэг бүлгээрээ зэрэгцэн, нийлэн амьдрах бидний ертөнцөд ч нэг дүрэм бий. Хүчтэй нь ихэнхдээ дийлэх. Хүчтэйгийн дүрмээр бусад нь амьдрах. Иймд энэ хүчийг олж авахын тулд хүн төрөлхтөн үргэлжид тэмцэж, зүтгэж ирсэн байх. Гэхдээ энэ хүч төдийгөөс өдий хүртэл олон янзаар хувиран өөрчлөгджээ. Анхлан бяртай нь, арай хожуу байлдаанч нь, түүний дараа сайн эцгийн хүү нь, эсвэл уран ярьдаг нь, арай илүү ухаалаг нь, авхаалжтай нь гэх мэтээр. 

Хамгийн тодорхой нь ирэх жилүүдэд хамгийн их мэдээлэл цуглуулж чадсан нь, түүнийг ашиглан мэдэж, анализ хийж, ирээдүйг аль болох тодорхойгоор харж чадсан нь хүчтэй болох цаг айсуй. Хатуу дэд бүтцийн төлөө биш ашиглагдаж болох мэдээллийг эзэмшихийн төлөө хүн төрөлхтөн бүгд уухай хашгиран дайрч байна. Цахилгаанжуулалт, төмөр замын дэд бүтэц барьж саятан болж байсан түүх шарлаж алга болоогүй байхад, интернет, онлайн худалдааг хөгжүүлж тэрбум доллар өвөртөлсөн эрхмүүдийн түүх хуучраагүй байхад дата өгөгдлийг амилуулж чадсан баатрууд эхний их наяд доллартан болох тухай яриа хуучны сэдэв болоод удлаа. 

ОГТЛОЛЦООГҮЙ ОРОН ЗАЙ

Цаас л биш цахим болгож байвал өгөгдлийн төрөл амилах боломжтой дижитал байна уу? биш байна уу? хамаагүй гэж ойлгодог Монголын төр үүнд харин бэлэн үү? Албан тушаалтан бүрийн амнаас дижиталчлал гэж үг гарч, Англи Монгол холин уран цэцнээр технологи, датаны тухай ярьсаар байгаа боловч ахиц дэвшил аанай л бага хэвээр. Түрэн ирж буй нөхцөл байдлыг Ковид 5 илүү жилээр наашлуулчихлаа, түргэхэн чигээ олж дижитал хэв маягийг амьдралынхаа горим болгохгүй бол хоцрох нь гэж дэлхий нийтээрээ дэвхцэж байх. Бид энд тоосон ч зүйлгүй иргэний үнэмлэхээ канондоод эмчийн бичиг дээр гарын үсэг зуруулаад эмийн сангийн үүдэнд дугаарлаж зогсоно. 

Гаалийн бүрдүүлэлт, жижиглэн борлуулалтын мэдээлэл, ашиглалтанд орж буй хийгээд арилжаалагдаж буй эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл гээд эдийн засгийн харилцаа тойрсон амьд тоо мэдээллүүд амьгүй архивын өрөө, серверт хадгалагдаж байна. Гэтэл яг хажууд нь зах зээлийн хөдөлгөөн, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтийг мэдрэх гэсэн бизнесүүд, хаана мөнгө, хэрэглэгч байдгийг мэдэх гэсэн залуус, стартапууд мэдээллээр өлсөж байна. Зэрэгцэж оршиж байгаа ч хэзээ ч бие биенээ олж уулзаж чадахгүй байгаа энэ их эрэлт, нийлүүлэлтийг огтлолцуулах үүрэг төрд буйд түүн рүү анхаарах завгүй аанай л нотариатын тамгатай канондуулсан цаасандаа даруулж сууна. Үйлдэл, үйлчилгээ бүрээс гарсан түмэн мэдээллээс хэн нэгний хувийн шинжийг тодорхойлохуйц өгөгдлүүдийг гээж орхиод дундаж утгуудыг гаргаад,  тоймлоод өгөхөд бизнесийнхний явах зүг чигийг нь хамгийн сайнаар зааж өгч чадна. 

ЭХЛЭЛИЙН ОРОЛДЛОГО

Зэрэгцэн оршиж байгаа ч паралель шулуунууд шиг огтлолцолгүй удсан энэ их нийлүүлэлт, эрэлтийг уулзуулах оролдлогыг хийж, улсын төсөвт орлогын шинэ боломжийг бий болгож, иргэд нь ч, бизнес нь ч, төр нь ч цугтаа хожихын тулд хуулийн жижигхэн өөрчлөлт хэрэгтэй байсныг өргөн барилаа. Асуудлыг нь мэдэж байгаагаас хойш аль болох яаран  шийдлийг нь санал болгосон хуулийн төсөл, иж бүрдлийг хангаснаас хойш шахаад шахаад энгийн горимоороо өргөн баригдтал 2 сарын хугацаа шаарддаг аж. Энэ замыг нь туулуулаад ирэх хаврын чуулганаар хуулийг хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна. 

 Өгөгдөл, дата хэрэгтэй ч иргэний хувийн, байгууллагын, төрийн нууцыг задалж болохгүй нь төрийн үүрэг, үндсэн хуулийн зарчим. Өнөөдөр төсөөллийн шинжтэй ч өдрөөс өдөрт төгөлдөржин сайжирч, хэрэглэгчийн эрэлт, хүсэлт ч нэмэгдэнэ. Энэ шаардлагыг хангуулахын тулд хялбар өөрчлөгдөх журамтай, халдашгүй байх хамгийн чухал нөөцтэй харилцах учраас зохицуулалт өндөртэй мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтэнгүүд оролцож, аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалтыг сайтар бодон үүсгэж, хянах уян хатан схемтэй байх ёстой гэж үзэж процессын нарийныг Засгийн Газар зохицуулахаар тооцов. Эрхийг нь Засгийн газартаа шилжүүлэх ийм нэгэн хуулийг УИХ хэлэлцэн батлаад, иргэд, бизнесүүд үр ашгийг нь хүртэх тэр цаг тун удахгүй биз ээ.

О.Цогтгэрэл

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button