Сурвалжилга, Нийтлэл

ШИНИЙН 1: “Энэ удаад л тэвччихвэл сайхан цаг ирнэ ээ”

ХӨЛ ХОРИОНД ТЭМДЭГЛЭЖ БУЙ ХОЁР ДАХЬ ЦАГААН САР

Өнөөдөр шинийн 1-ний билэгт сайн өдөр.

Энэ шинэ жилийг зурхайчид Цөөвөр хэмээх цагаагчин үхэр хэмээлцэн нэрлэж байна. Хулгана жил бүхэлдээ коронавирусийнх байсан гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр монголчууд хоёр дахь жилдээ Цагаан сарын баяраа коронавирусээс хамааралтайгаар тэмдэглэх болж байна.

БНХАУ-ын Ухань хотод анагаах ухааны түүхэнд тохиолдож байгаагүй уушгины хатгалгааны вирус бүртгэгдэхэд монголчуудыг, тэр бүү хэл бүхэл дэлхийг жил гаруйн хугацаанд “барина” гэж таамагласан хүн ховорхон. Гэсэн ч эдийн засаг, улс төрийн олон үйл ажиллагаа зөвхөн ковид дээр суурилж, олон баяруудыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй тэвчин өнгөрүүлж байна.

Энэ удаагийн Цагаан сарыг тэр дундаа гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буюу хатуу хөл хорио тогтоож өнгөрүүлэх шийдлийг Засгийн газар, Улсын онцгой комисс гаргасан. Учир нь баярыг далимдуулж хөл хорихгүй л бол халдварын тоо геометр прогрессоор өсөж, хоёрдугаар сарын сүүл үе гэхэд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болино, коронавирусийн халдварын тохиолдол 5000-д хүрнэ гэж эрдэмтдийн цаг тооцоолжээ.

Ийм ч учраас өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-23-ны хооронд 12 хоног хатуу хөл хорьж, ингэхдээ Нийслэлийн хөдөлгөөнийг 90 хувь бууруулах зорилтыг тавьж байна. Шуудхандаа ээж, аав, элгэн садандаа очиж золгохыг шууд тэвч, гэртээ бай гэсэн мессежийг өгсөн.

Өмнөх Цагаан сарыг тэмдэглэж болохгүй, гэр гэртээ цахимаар золгоё гэдэг чиглэл өгөгдөж байсан. Харин энэ удаад яг жинхэнээсээ тахлын үеийн, хөл хорионы дор ийн шинэ жилээ угтлаа.

ЭНЭ УДААД Л ӨНГӨРҮҮЛЧИХВЭЛ

Хулгана жилийг нялхаст болон төрийн өндөр албан тушаалтнуудад ээлшүй жил болно хэмээн зурхайчид зурж байсан нь биелсэн мэт. Олон багачууд сэтгэл эмзэглэм хэлбэрээр тэнгэрт хальж, энэ тухай мэдээ нийгэмд ихээхэн хэлэлцэгдсэн. Мөн улс төрийн ертөнцөд ч таамаглашгүй том эргэлтүүд гарч, өнгөрсөн хугацаанд улс төрийн том шийдвэр гаргалцаж асан цөөнгүй эрхмүүд аавын хаалга татсан. Хулгана жилийн сүүл, Үхэр жилийн босгон дээр Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газар ч байгуулагдаад байна.

Одоо сайхан цаг ирнэ гэдэгт монголчууд итгэнэ. Энэ л удаад тахлын үеийн Цагаан сарыг өнгөрүүлчихвэл “Дараа жил ханагар, данагар тэмдэглэнэ ээ. Коронавирусийг ялна, сайхан цаг ирнэ” хэмээн өөр зуураа ярьцгааж байгаа нь нэгэн гэгээн итгэл.

ҮХЭР ЖИЛ: ВАКЦИНЖУУЛАЛТ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ...

Үүний тулд Үхэр жилд болох ёстой хамгийн чухал зүйл нь вакцинжуулалт болж байна. Улаан бурхан, Салхин цэцгийн вакцин хийлгэдэг шиг коронавирусийн вакцин хийлгэдэг л болчихвол үүнээс айх зүйл үгүй. Өөрөөр бол энэ вирус устаж үгүй болохгүй, үүнээс хойш бидэнтэй хамт магад мөнх амьдрах билээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авсан эхний 100 хоногтоо багтаж вакцинжуулалтыг эхлүүлнэ хэмээн ам гарсан. Үүний хүрээнд ч дөрвөн газартай гэрээ хийсэн, гуравдугаар сарын 1-нээс өмнө эхний тунгуудыг хүлээн авна хэмээн мэдэгдээд буй. Жилийн эхний хагастаа вакцинжуулалт хэмээгч айхавтар том зүйлийн эхлэлийг тавих төлөвтэй байна.

Дараагийнх нь Ерөнхийлөгчийн сонгууль. Хууль эрх зүй, улс төрийн хувьд олон маргаан дагуулж буй, нэр бүхий эрхмүүдийн улс төрийн хийгээд хувь амьдралын хувь заяаг шийдэх энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль маш халуун болно.

Түүнчлэн хил нээгдэж, аялал жуулчлал сэргэхийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрээс дуулдах сайн сайхан мэдээгээр тасрахгүй биз ээ. Урлаг, спортын тэмцээнүүд өргөн дэлгэр зохион байгуулагдаж, монголчууд амжилтаараа тэргүүлнэ гэсэн өөдрөг итгэл тээж байна. Ерөнхийдөө сэргэлтийн жил байгаасай, монголчуудад ухаарал хайрласан, нэжгээд насаар ухаажуулсан үхэр жил болоосой гэж олон нийт сэтгэлдээ хүлээж буй.

12 хоногийн хорио цээрийн дэглэмээ сайтар баримталж, энх цагийн өөдөөс алхъя.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-02-12 20:18

Цаашдаа ч ковид үргэлжлэх төлөвтэй. Ингэж ард иргэдээ хуурч болохгүй. Харин өөрийгөө хамга�##�ах, сэргийлэх арга ажиллагаанд иргэдээ сургаж, ажил хөдөлмөрийг нь хийлгэмээр байна. Бид ажиллаж байж ядуурлаас гарна. Иргэд гэртээ хэвтээд х�##�двар тархахгүй гэх бат�##�гаагүй. Бүгд ажил хөдөлмөрөө хийе. Өдөр уртсаж, цаг уяслаа. Ажлаа хийе.

И
И
2021-02-12 23:30

Чи дут.

Зочин
Зочин
2021-02-13 01:50

Вирус нь байгаад байдаг гэтэл хүүхдүүдэд хийхгүй гэхээр яах болж байнаа.

зочин
зочин
2021-02-13 13:36

Хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ Нэг эхэлбэл ангиараа сургуулиараа вирус тархана

Зочин
Зочин
2021-02-13 13:38

Улс орнууд хамгийн ихдээ хэдий хугацаанд хөл хориотой байна вэ Манайх шиг хоёр дахь жилдээ хөл хориотой улс байна уу

Холбоотой мэдээ

Back to top button